| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2025/0011/3 |
| Дугаар | 127/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 127/ШШ2025/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2025/0011/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Ц, С.А,
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: С.Б нарын хоорондын
“Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот өмчлөлийн газрыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, Л.Ц, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , гуравдагч этгээд С.Б , түүний өмгөөлөгч Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот өмчлөлийн газрыг хүчингүй болгуулах,
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Хэнтий аймгийн Засаг дарга 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр А/164 дугаартай захирамж гаргаж[1], уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар нэр бүхий иргэдэд газар өмчлүүлэхээр баталсан байна.
2.2 Хэнтий аймгийн Засаг даргын дээрх захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрөнд Боржигон овгийн Б.Б-д, 1 дүгээр баг Хийдийн 26-13 тоот хаягт байршилтай газрыг өмчлүүлэх шийдвэр гаргажээ[2].
2.3 Улмаар иргэн Б.Б-ын нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийд 26-13 тоот хаягт байршилтай, 221606053 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 мкв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1817002385 дугаарт бүртгэж, гэрчилгээг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон[3] байна.
2.4 Иргэн Б.Б-а нь 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, уг газраа иргэн С.Б-д худалдаж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[4] байгуулсан байна. Тухайн газрыг өмчлөх эрх иргэн С.Б д шилжиж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан[5] байна.
2.5 Нэхэмжлэгч С.А “...Миний бие Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 34-03 тоотод амьдраад 20 гаруй жил болж байна. Энэ хооронд ямар нэг газрын маргаан гарч байгаагүй. Гэтэл 2024 оны намар хашааны маань ард нэгэн айл бууна гэж ирснээс болж энэхүү маргаан эхэлсэн. Энэ маргаанаа шийдүүлэхийн тулд аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг холбогдох байгууллагуудад хандаж шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх боломжийг ашигласан. Тухайн газрыг өмчилж авсан гэх Б.Б-а нь 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын дээрээсээ 2 дахь мөрөнд нэрээ оруулсан байна.
Нэрээ оруулсан гэхийн учир нь: ...энэ хүний өмчилж авсан гэх газар нь тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, холбооны шугам доогуур нь явсан газар юм. Мэргэжлийн хүмүүс тухайн газрыг өмнө нь огт өмчлөлд шилжүүлдэггүй байсан. Гэтэл ямар нэг аргаар аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад нэрээ оруулжээ. Үүний улмаас тухайн газар амьдарч буй бидний амгалан тайван байдал алдагдаж, амьдрах орчин өөрчлөгдөж байна гэж үзээд Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг[6] гаргасан.
2.6 Улмаар Хэнтий аймгийн Засаг дарга гомдлыг хүлээж авч, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 9/1615 тоот албан бичгээр “... газар өмчлөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй”[7] гэсэн хариу өгсөн гэжээ.
2.7. Нэхэмжлэгч С.А, Л.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[8]: ...“...Бид нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн гудамжинд хамгийн арын эгнээ буюу зам дагуу 34-04, 34-03 тоотод амьдардаг хөршүүд бөгөөд 25-30 жил амьдарч байгаа. Гэтэл 2024 оны намраас эхлэн манай 2 айлын хашааны ард залгуулж, дээврийн төмрөөр хашаа босгосон. Хашаа барьж байсан хүнээс учрыг нь асуутал, эзэн нь өмчилсөн газартаа хашаа барьж байна гэсэн. Хашаа барьж байсан Б.Б-ад "...энэ газар чинь доогуураа холбооны шугамтай болохоор айлд өмчлүүлдэггүй газар юмаа. Өмнө нь бид нар удаа дараа энэ газрыг өмчилж авъя гэж хүсэлтээ өгөхөд газрын албанаас өмчид шилжүүлэх боломжгүй гээд хүсэлтийг минь хүлээн авдаггүй байсан" гэж хэлсэн. Мөн аймгийн Холбооны газрын дарга О.О-д тухайн газар доор холбооны шугам байгаа эсэхийг тодруулахаар хандахад: 2024.09.26 оны өдрийн 28/67 тоот албан бичгээр "...Танай хашааны арын зам дагуу манай холбооны бүхэл бүтэн худаг сувагчлал, байгууламж байгаа тул хашаа барих, айл буух боломжгүй" гэсэн хариу өгсөн. Ийм учиртай гэдгийг хэлээд хашаагаа буулгаж ав гэж Б.Б-ад хэлээд байхад үл тоон хашаагаа татаж авахгүй одоог хүрсэн. Арга буюу 2025.07.04-нд аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад, 2025.08.01-ний өдөр 9/1615 тоот албан бичгээр “...шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн хариу өгсөн. Мөн энэ маргаан бүхий газрын зүүн талын Хийдийн 26-12 тоот газрыг худалдаж авсан гэх иргэн Билгүүн нь 2022 оноос хойш тус газар дээр маш их хэмжээний хогтой шороо асгаж, чулуу, тоосго, төмөр зэрэг барилгын материал буулгаж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, баруун тийш нь хашаагаа сунгаж байшин барилга барьж, бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг алдагдуулж байна. Тэр газарт холбооны худаг, сувагчлал байгаа бөгөөд манай хоёр хашааны хаалгыг дарж хашаа хатгасан, шөнийн цагаар ирж их хэмжээний дуу чимээ гаргаж, хогтой шороо буулгасан.
...Бид нар өөрсдийн хашааныхаа ар талын газрыг удаа дараа өмчилж авъя гэж хүсэлт гаргаж байсан. Тэгэхэд газрын алба хүсэлтийг хүлээж авахгүй, тухайн газар холбооны шугам байгаа юм. Тиймээс иргэдэд өмчлүүлэх боломжгүй гэсэн хариуг үе үеийн газрын албаны даамал болон Хэрлэн сумын Засаг дарга нар өгдөг байсан. Бидний тухайн газрыг өмчилж авъя гэсэн хүсэлтийг хүлээж авахгүй байсан атлаа өөр иргэнд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар, бусдад өмчлүүлж давуу байдал бий болгож, ялгавартай хандсанд гомдолтой байна. Б.Б-а нь хууль бусаар авсан энэ газраа бусдад дамжуулан худалдсан байна. Мөн нийтийн эзэмшлийн газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчиж, хууль бусаар өөр иргэнд газар өмчлүүлсэн байх тул Хэнтий аймгийн Засаг даргын 2011.05.24-ны өдрийн А/164 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөр буюу Биндэряагийн Баттулгад холбогдох хэсэг /Хийд 26-13 тоот/-ийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
3. Нэхэмжлэгч С.А, Л.Ц нараас: “....Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот өмчлөлийн газрыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа[9]: “...Нэхэмжлэгч нар Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар, 2011 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар буюу Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоотод, иргэнд өмчлөлийн газар олгосон байгаад гомдолтой байна. Иймээс уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 2011 оны Хэнтий аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хэрлэн сумын хэмжээнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил нь 6 дугаар баг, 7 дугаар багт төлөвлөгдөж, бусад багт шинээр газар өмчлүүлэх талаар тухайн төлөвлөгөөнд тусгагдаагүй. Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь зүйлтэй нийцээгүй тул уг газрыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна” гэжээ.
5. Гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа[10]: “...Хэнтий аймгийн Зарын сайт дээр 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот газрыг зарна гэсэн зар тавьсныг анх харсан. Тус газрыг иргэн Б.Б-аас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдан авсан. Худалдан авахад газрын гэрчилгээ, кадастрын зураг хууль ёсны дагуу байсан. Тиймээс худалдан авч өөрийн нэр дээр газрын гэрчилгээ, кадастрыг шилжүүлэн авсан. Нэхэмжлэл гаргагч тухай газарт холбооны шугам сүлжээ байгааг тусгасан байна. Миний авсан газраас зүүн тийшээ эгнээ айлууд байсан тул авсан нь үнэн. Бид барилга байгууламж барихаар болвол аймгийн Холбооны газраас зохих журмын дагуу зөвшөөрөл авахаа үүгээр мэдэгдэж байна. Иймээс нэхэмжлэгч нарын газрын гэрчилгээ цуцлахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
6. Нэхэмжлэгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний бие гэр бүлийн хамт 1995 оны 7 сард шинээр газар авч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн гудамжны хамгийн арын зам дагуу эгнээ 34-04 тоот хаягт гучаад жил амьдарч байна. Тус газар маань онгоцны буудлаас аймгийн төв рүү ордог, нисэхийн зам дагуу юм. Хойд талаараа өвөл цас их авдаг, хавар болохоор маш их хамхуул хийсэж, шороо их шуурдаг хотгор гүдгэр газар байдаг. Тийм газарт бид өдийг хүртэл байгалийн гамшигтай тэмцэж амьдарч ирсэн. Бид ар талынхаа хоосон газрыг өмчилж авъя гэж удаа дараа холбогдох газарт нь хүсэлт гаргахад үе үеийн газрын даамал, Хэрлэн сумын Засаг дарга нар холбооны шугам байгаа учир тухайн газрыг өмчлүүлэх боломжгүй гээд хүсэлтийг минь хүлээж авдаггүй байсан. Гэтэл манай хашааны хойно 2024 оны намраас хашаа бариад эхэлсэн. Энэ газрыг бид нарт өгдөггүй байж яагаад энэ хүмүүст өгөөд байгаа юм бэ? гээд бид Хэнтий аймгийн Засаг даргад хандсан. Энэ газрыг бусдад өгсөн асуудлаас болж бидний хууль ёсны эрх ашиг хохирч байна. Хийдийн 26-12 тоотыг худалдаж авсан иргэн Билгүүн нь тус газарт 2022 оноос хойш байнга чулуу, тоосго, маш их хэмжээний хогтой шороо,төмөр зэрэг аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой зүйлүүдийг буулгаж эхэлсэн. Гэтэл тухайн газарт холбооны бүхэл бүтэн худаг сувагчлал байгаа. Мөн манай хоёр хашааны хаалгыг дарж хашаа хатгасан зэрэг байдал нь бидний эрүүл аюулгүй, орчинд амьдрах хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Тэр айл баруун тийш нь хашаагаа сунгаж байшин барилга барьж байна. Үргэлжлээд баруун талд нь энэ Баттулга гэгч газар авсан. Тухайн газарт холбооны бүхэл бүтэн худаг, сувагчлал байгаа гэдгийг бид нүүж ирсэн даруйд нь л хэлж байсан. Гэвч бидний хэлснийг огт хүлээж авдаггүй. Би 2023 онд эдгээр айл аж ахуйн үйл ажиллагаа явуулаад байна. Мөн биднийг амьдрах аргагүй болтол тухайн орчинд дуу чимээ гаргаж, хүнд даацын машинаар шороо зөөж асгаж байгаа талаар удаа дараа шаардлага тавьж, багийн Засаг даргад хэлж байсан. Гуравдагч этгээд би энэ талаар мэдэхгүй гэж хэлж байгаа боловч Билгүүн гэдэг хүн цаана нь байгаа гэдгийг нэмж хэлье. Тэр битгий хэл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа өөрсдийн хүнээ явуулаад танай хашаан дотор чинь гэрээ бариад өвөлжье гэж хүртэл хэлүүлж байсан. Бидний хувьд тухайн газартаа байнгын оршин сууж байгаа тул амьдарч буй орчин нөхцөлөө аятай тухтай байлгамаар байна. Тухайн газарт инженерийн шугам сүлжээ байгаа гэж аймгийн Холбооны газраас ирүүлсэн албан бичгийг би үндэслэлтэй гэж үзэж байна. Дугуй цементэн худаг нь тэр газар дээр байгаа. Б.Б- гэдэг хүн ийм маргаантай газар гэдгийг нь мэдсээр байж бусдад худалдчихсан. Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг дэмжиж байгаа. Иргэнд газар өмчлүүлэхдээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлнэ гэсэн хуулийн заалттай. Тийм учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг Б.Б-ад олгосон байна гэж үзэж байна. Засаг даргын захирамжид гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Эвлэрэх боломжгүй.
Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөр буюу Б.Б-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэжээ.
7.Нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2024 оны намар Билгүүн нь манай хашааны хойно худаг ухаад маш их хэмжээний баас, шээстэй нойтон шороо гаргаж асгасан учраас бид Байгаль орчны газарт гомдол гаргаж, шаардлага тавьж байж авхуулсан байгаа. Манай нөхөр том оврын машин барьдаг. Нэг өдөр намайг ээлжээсээ буугаад ирэхэд машиныг маань хөдөлгөөд доод талын гагнаасыг нь салгаад бүр холдуулаад тавьсан байсан. Манайх хашааныхаа хойно их хэмжээний хайрга асгасан байсан. Гэтэл тэр хайрганаас маань аваад хашаандаа байгаа айлуудынхаа хаяаг маначихдаг. Хашааны хаалга дараад бохиртой шороо асгадаг. Том оврын машин байнга явж, мөнхийн дуу чимээтэй байдаг. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн сүүлд гаргаж өгсөн нотлох баримт дээр 1 дүгээр багт газар олгогдсон гэх 48 айлын зургийг тод хараар тэмдэглэсэн байна. Тэр нь төслийн байшин барьсан айлуудын газар юм болов уу? гэж ойлголоо. Энэ нь хамгийн урд талын гудамд /сүүлд/ төслөөр байшин барих айлуудад газар олгосон зураг байх. Харин Хийдийн 34-03, 34-04-ийн ард эгнээд газар олгогдсон зүйл байхгүй, харагдахгүй байна. Иргэн Б.Б-а аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай захирамжаар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг яаж өөрийн нэр дээр гаргуулж, өмчилж авсан юм бэ? гэдэг нь асуудал, анхаарал татаад байгаа. Хэрэв аймгийн Засаг дарга өөрөө энэ хүний нэрийг захирамжийнхаа хавсралтад оруулсан бол өөрөө хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм биш бол тухайн үеийн газар зохион байгуулалтын даамлаар ажиллаж байсан Золбоожаргал, энэ Б.Б-ын нэрийг албан тушаалаа ашиглаж захирамжийн хавсралтад оруулсан. Надад үүнтэй эвлэрэх боломж байхгүй. Олон жил айл буулгаагүй байсан газарт одоо айл буулгахгүй ” гэжээ.
8. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Энэ нэхэмжлэлд холбогдох захиргааны хэрэг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасан аймгийн төв, сумын Засаг дарга болон нийслэл дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн. 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хэрлэн сумын 7 дугаар багт Малчдын хорооны урдуур, 6 дугаар багт Өлзийт тосгонд тус тус шинээр газар өмчлүүлнэ гэж тусгагдсан. Одоо маргаад байгаа Баттулга гэдэг хүний газрын байршил, хэмжээ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас тухайн газар нь хууль бус үндэслэлгүй олгогдсон гэж үзэж байна. Сая шүүх хурал дээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримт буюу захирамжийн хавсралт нь тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу батлагдсан захирамжид холбогдолгүй хавсралт байна. Архивт хадгалагдсан материал нь зөрүүтэй байна гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн аймгийн Засаг дарга хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан ч гэсэн, хариуцагч талын зүгээс нэг санал байна. Энэ нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хоорондоо зохицож ойлголцоод ярилцах боломжтой байдаг уу? гэж. Засаг дарга хуулийг яг төгс хэрэгжүүлж байгаа юу? гэдэг дээр өрөөсгөл байгаа. Газрын харилцаатай холбоотой асуудлыг маш сайн анхаарах ёстой, алдаа дутагдалтай зүйл байгаа. Монгол улсад шинээр нэвтэрч байгаа болохоор. Хууль, журам нь ард иргэдийнхээ ая тухтай байдлыг хангахын тулд байх ёстой. Тийм учраас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хоорондоо ярилцаад, ойлголцох юм бол хариуцагч талаас болохгүй зүйл байхгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Нэгэнт нэхэмжлэгч нар эвлэрэхгүй гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гуравдагч этгээд С.Б нь тухайн газрыг худалдаж авахдаа Б.Б-ын нэр дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээг нь шалгаж авсан. Тэгээд өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн байгаа. Ингээд тухайн газар дээр хашааны шон хатгах үед маргаан гарсан. Хөрш айлуудынх нь зүгээс энд холбооны шугам явж байгаа учраас уг газар дээр хашаа хатгаж болохгүй талаар мэдэгдсэн гэдэг. Нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагаа: “...1.т ...энэ газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, 2-т ... хойд талын хашаанд залгаа буусан Билгүүн гэдэг хүн нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчөөд байгаа, 3-т ...тухайн маргаан бүхий газар нь аймгийн Холбооны шугам дээр байгаа учраас хууль зөрчсөн, хууль бус байна” гэсэн 3 үндэслэлээр тодорхойлж байна гэж манай зүгээс ойлгож байна.
...Тухайн маргаан бүхий газрыг, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хавтаст хэргийн 61 дүгээр хуудаст Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай тогтоол байгаа. Уг тогтоолын 4 дүгээр хавсралт буюу хавтаст хэргийн 65 дугаар хуудаст Хэрлэн сумын Хийдийн 48 өрхөд газар төлөвлөгдсөн нь харагдаж байгаа. Мөн шүүх хуралдаанд сая шинээр гаргаж өгсөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаартай тогтоол, түүний хавсралт нь аймгийн Засаг даргын А/164 дугаартай захирамж гарах үндэслэл нь болсон. Энэ тогтоолын тэмдэглэл дээр хүмүүсийн хэлсэн үг тэмдэглээстэй байгаа. Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Гантуул тухайн хурал дээр аймгийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулж хурлыг зохион байгуулсан нь харагдаж байна. Өнөөдөр би газрын албаны ахлах мэргэжилтнээс Хийдийн 48 өрхөд олгогдсон газар гэдгийг яаж харах юм, ямар учиртай юм бэ? гэж асууж тодруулахад, хурлын тогтоолд нийтдээ 1 дүгээр багийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ингэж базаж гаргасан. Тухайн 48 айл яаж задардаг вэ? гэхээр өмчлөх эрхийн захирамжаараа тус тусдаа задардаг гэж хэлсэн. Сая шүүхэд өгсөн зургууд дарааллаараа байгаа. Хуудасных нь дугаарыг харвал хамгийн сүүлчийн зураг өөр зураг байгаа юм. Хуудасных дугаар нь ч өөр. Үүнийг бидний хэн нь ч ойлгох боломжгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дарга нь танилцуулсан, дарга нь баталсан. Тэр захирамжийн хавсралтад зааснаар Б.Б-ад өмчлөх эрх үүссэн байх үндэслэлтэй. Тэгэхээр яг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдэг нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна.
...Билгүүн гэдэг хүн бид нарт ямар ч хамаарал байхгүй, танихгүй. Билгүүнийг Батцэрэнгийн зүүн талын хөрш айлын хүн гэж ойлгож байгаа. Тийм учраас Билгүүний гаргасан үйлдэл гуравдагч этгээд Батцэрэнтэй ямар ч хамаагүй.
...Нэхэмжлэгч нар холбооны шугам дээр тухайн газар олгогдсон гээд байгаа. Гэтэл хавтаст хэрэгт холбооны шугам байгаа гэснийг нотлосон нотлох баримт ямар нэгэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан аймгийн холбооны газрын нэг албан бичиг байгаа. Уг албан бичигт холбооны шугам явж байгаа гэсэн тодорхойлолт л байдаг. Холбооны шугам, зурвас нь тухайн газраасаа 5,5 м-ын зайтай байгаа гэж би ойлгосон. Тэр тайлал нь Батцэрэнгийн газрын яг хаагуур нь яваад, хэдэн метр явсан талаар дүгнэлт хийсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй байгаа. Зөвхөн талуудын тайлбар л байгаа. Талууд тайлбараа өөр өөрийнхөө өнцгөөр хэлсэн. Гуравдагч этгээд Батцэрэн болохоор газар доогуур явж байгаа шугам гэж ойлгосон гэдэг. Үнэхээр холбооны шугам байгаа юм бол түүнийг /шугам/ яг хаана байгаа гэдгийг, нэхэмжлэгч нар яаж нотолж байгаа юм бэ? Гуравдагч этгээдийн өмчлөлийн 0,7 га газар гэдэг чинь том газар. Тэр том газарт нийтдээ холбооны шугам явчхаад байгаа юм уу? энэ нь тодорхойгүй байгаад байна. Миний хувьд бол үгүй байх гэж ойлгож байгаа. Яг нэг л шугам байгаа байх гэж бодож байна. Тэр шугам нь Батцэрэнгийн газарт байгаа юм уу? үгүй юм уу? яг хаана байгаа гэдэг нь мэдэгдэхгүй байна. Тийм учраас энэ 3 үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн гомдол гаргах хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа, гомдол гаргах хугацаа 2 өөр ойлголт учраас гомдол гаргах хугацааг дууссан гэж тооцож байна. Энэ нь ямар үндэслэлтэй вэ? гэхээр 2024 оны дараа маргаан эхэлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дотор Хэрлэн сумын Засаг дарга Шүрэнцэцэгийн хариу албан тоот, нэхэмжлэгч нарын тайлбар, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Мэдээлэл холбоо сүлжээний газраас өгсөн хариу албан бичиг зэрэг байгаа.
Хэрлэн сумын Засаг дарга Шүрэнцэцэгийн хариу өгсөн албан тоотоос харахад, нэхэмжлэгч нар аймгийн өмнөх Засаг дарга Чогсомжавт өргөдлөө өгч байсан талаар тусгагдсан. Тэгэхээр 2024 оны 10 сард нэхэмжлэгч нар Засаг даргын энэ захирамжийг мэдсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Захиргааны байгууллагад өргөдөл гомдол гаргана гэсэн заалт байдаг. Нэхэмжлэгч тал захирамжийг мэдсэн даруйдаа 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх ёстой байтал 2025 онд шийдвэрлүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг зөрчжээ гэсэн байр суурьтай байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Хуульд зааснаар аймгийн Засаг даргатай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайдад хандана гэсэн байдаг. Нэхэмжлэгч талын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан зүйл байхгүй.
Мөн нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн үү? биш үү? гэдэг дээр хууль зүйн дүгнэлтээ хэлье.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “...“нэхэмжлэл” гэж ....захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4 дэх хэсэгт “...захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” болохыг заасан байдаг.
Нэхэмжлэгч нар бидний өмчлөх эрх зөрчигдөөд байна гээд аймгийн Засаг даргын захирамжид холбогдуулан маргаан үүсгэсэн. Тэгэхээр маргаад байгаа зүйлийн үйл баримтыг яг дүгнээд үзэхээр аймгийн Засаг даргын захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага мөн үү? гэдэг асуудал яригдана. Гуравдагч этгээд буюу С.Бгэдэг хүн, энэ 2 хөрш айлын яг ямар хууль ёсны эрх ашгийг нь зөрчөөд байгаа талаар тодорхойлсон зүйл байхгүй байна. Холбооны шугам байгаа газар болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт хашаа барьсан, өмчилсөн гэдэг үндэслэлээр нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргаж байна гэж үзвэл нэхэмжлэгч нар нь нийтийн эрх ашгийг, нийтийн эрх зүйг хамгаалах субъектүүд биш байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “...нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байдаг. Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч, прокурор ч юм уу! хуулиар тусгайлан эрх олгосон субъектыг нийтийн эрх ашгийг хамгаалах субъект гэж ойлгоод байгаа. Тэгэхээр холбооны шугам буюу нийтийн өмчийг хамгаалж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар иргэдийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаж байгаа бол энэ хэргийн нэхэмжлэгч нар нийтийн эрх ашгийг хамгаалах субъект биш байна.
Харин хувийн эрхээ хамгаалуулах гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол энэ нь Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэх асуудал биш гэсэн байр суурьтай байна. Үүнээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна.
Гуравдагч этгээдийн талаас аймгийн Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны акт гэж тодорхойлж байгаа. Хууль бус захиргааны актын хувьд тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт “...бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол хүчингүй болгоно гэж заасан.
Жишээ нь: Хэнтий аймгийн холбооны шугам, газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь нийтийн эрх ашгийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт хамаарч байна гэж үзвэл, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “...захиргааны байгууллага энэ хуулийн ...48.2.2-т заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасантай нийцнэ. 2011 онд “Газар өмчлүүлэх тухай” аймгийн Засаг даргын захирамж гараад, Б.Б-а гэдэг хүн 10-н хэдэн жил тухайн газраа өмчилж байгаа. Энэ хугацаанд тухайн газартай холбоотой ямар ч маргаан гараагүй байсан. Б.Б-а нь өөрийн өмчлөлийн газраа 25 сая төгрөгөөр С.Б гэдэг хүнд худалдсан. С.Б тухай газрыг худалдаж авахад улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бүх материал нь бүрэн, ямар нэгэн асуудалгүй байсан. Гэтэл энэ олон жилийн дараа гэнэт ийм үндэслэл гаргаж нэхэмжлэгч нар маргах болсон нь өөрөө хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн учраас хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Эцэст нь хэлэхэд аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох урьдчилан шийдвэрлэх журмаа зөрчиж, гомдлыг хугацаанд нь гаргаагүй. Нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд байгааг нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нар нь нийтийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээд биш учир нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн тухайн газрыг яг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдгийг нотолсон зүйл байхгүй. Холбооны суваг, шугам байгаа эсэхийг нотлоогүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А, Л.Ц нар Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох, 1 дүгээр баг Хийдийн 26-13 тоот өмчлөлийн газрыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Хэнтий аймгийн Засаг дарга 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр А/164 дугаартай захирамж гаргаж[11], уг захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрөнд Боржигон овгийн Б.Б-д, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот хаягт байршилтай газрыг өмчлүүлэхээр баталжээ[12].
2. Улмаар Б.Б-ын нэр дээр “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гарч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийд 26-13 тоот хаягт байршилтай, 221606053 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м2 /0.07га/ газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1817002385 дугаарт бүртгэж, гэрчилгээг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон[13] байна.
3. 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Б-а тухайн газраа иргэн С.Б-д худалдаж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан[14], тухайн газрын өмчлөх эрх С.Б д шилжсэн. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр С.Б нь өөрийн нэр дээр бүртгүүлж авсан[15] байна.
4. Нэхэмжлэгч С.А: “....гуравдагч этгээд С.Б гийн өмчилж авсан гэх газар нь тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, аймгийн холбооны бүхэл бүтэн худаг, шугам, сувагчлал газар доор нь байгаа. Мэргэжлийн хүмүүс тухайн газрыг өмнө нь огт бусдын өмчлөлд шилжүүлдэггүй байсан газар юм. Гэтэл Б.Б-а нь ямар нэгэн аргаар аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад нэрээ оруулжээ. Үүний улмаас тухайн газар амьдарч буй бидний амгалан тайван байдал алдагдаж, амьдрах орчин өөрчлөгдөж байна гээд Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг[16] аймгийн Засаг даргад гаргажээ.
5. Хэнтий аймгийн Засаг дарга гомдлыг хүлээж авч, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 9/1615 тоот албан бичгээр “... газар өмчлөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу[17] өгчээ.
6. Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.А-гийн “...тус аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлын хариуг түүнд өгсөн байна. Уг гомдлын хариуг иргэн С.А хүлээн авч, гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг биелүүлсэн гэж үзээд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн.
Гуравдагч этгээдийн талаас “...олон жилийн дараа гэнэт ийм үндэслэл гаргаж нэхэмжлэгч нар маргах болсон нь өөрөө хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн учраас хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж маргадаг хэдий ч дээрх нөхцөл байдлаар няцаагдаж буйг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч С.А, Л.Ц нар, “...бид нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн гудамжны хамгийн арын эгнээ буюу зам дагуу 34-03, 34-04 тоотод амьдардаг хөршүүд бөгөөд 25-30 жил тэндээ амьдарч байна. Гэтэл 2024 оны намраас эхлэн манай 2 айлын хашааны ард залгуулж, дээврийн төмрөөр хашаа босгосон. Хашаа барьж байсан хүнээс учрыг нь асуутал, эзэн нь өмчилсөн газартаа хашаа барьж байна гэсэн. Хашаа барьж байсан Б.Б-ад "... энэ газрын чинь доор аймгийн Холбооны бүхэл бүтэн худаг, сувагчлал, шугам, байгууламж байгаа тул хашаа барих, айл буух боломжгүй газар юмаа, ....газар доороо шугамтай болохоор айлд өмчлүүлдэггүй газар, ...өмнө нь бид нар удаа дараа энэ газрыг өмчилж авъя гэж хүсэлтээ өгөхөд газрын албанаас өмчид шилжүүлэх боломжгүй гээд хүсэлтийг минь хүлээж авдаггүй байсан, ...тухайн газрыг өмчилж авъя гэсэн бидний хүсэлтийг хүлээж авахгүй байсан атлаа өөр иргэнд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар, бусдад өмчлүүлж давуу байдал бий болгож, ялгавартай хандсанд гомдолтой байна. 2022 оноос хойш тус газар дээр маш их хэмжээний хогтой шороо асгаж, чулуу, тоосго, төмөр зэрэг барилгын материал буулгаж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, баруун тийш нь хашаагаа сунгаж байшин барилга барьж, ...манай хоёр хашааны хаалгыг дарж хашаа хатгасан, шөнийн цагаар ирж их хэмжээний дуу чимээ гаргаж, хогтой шороо буулгаж, бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах, хууль ёсны эрх ашгийг зөрчиж ая тухтай амьдрах боломжийг алдагдуулж байна. Б.Б-а нь хууль бусаар авсан энэ газраа бусдад дамжуулан худалдсан байна.
Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчиж, хууль бусаар иргэнд газар өмчлүүлсэн байх тул Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн А/164 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөр буюу Биндэряагийн Баттулгад холбогдох хэсэг /Хийд 26-13 тоот/-ийг хүчингүй болгож өгнө үү...” гэж,...
Гуравдагч этгээд С.Б болон түүний өмгөөлөгч Б.Ж нар “...тус газрыг иргэн Б.Б-аас 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр худалдан авсан, ...өөрийн нэр дээр газрын гэрчилгээ, кадастрыг шилжүүлэн бүртгүүлж авсан. Нэхэмжлэгч нар тухай газарт холбооны шугам сүлжээ байгаа талаар мэдэгдэж байсан.
Тухайн газарт холбооны шугам байгаа гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Тэр шугам нь С.Б гийн газар дээр байгаа юм уу? үгүй юм уу? гэдэг нь тодорхойгүй. Манай авсан газраас зүүн тийшээ эгнээ айлууд байгаа, тэгэхээр яг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдэг нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй. Билгүүн гэдэг хүн бид нарт ямар ч хамаарал байхгүй, танихгүй, хөрш айлын хүн. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тооцож байна. Нэхэмжлэгч тал захирамжийг мэдсэн даруйдаа 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх ёстой байтал 2024 онд мэдээд энэ талаар гомдол гаргаж 2025 онд шийдвэрлүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг зөрчсөн. Хэрвээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт хамаарч байна гэж үзвэл, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “...захиргааны байгууллага энэ хуулийн ...48.2.2-т заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасантай нийцнэ. С.Б тухай газрыг худалдаж авахад улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бүх материал нь бүрэн, ямар нэгэн асуудалгүй байсан. Гэтэл энэ олон жилийн дараа гэнэт ийм үндэслэл гаргаж нэхэмжлэгч нар маргах болсон нь өөрөө хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн учраас хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус нэхэмжлэл, тайлбар гарган маргаж байна.
8. Харин хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э “.... 2011 оны Хэнтий аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хэрлэн сумын хэмжээнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэх газрын байршил нь 6 дугаар баг, 7 дугаар багт төлөвлөгдөж, бусад багт шинээр өмчлүүлэх газар тус төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөр буюу Биндэряагийн Баттулгад холбогдох Хийдийн 26-13 тоот газар нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь зүйлтэй нийцээгүй тул уг газрыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь: “...хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх” уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай.
10. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 13 дугаар зүйлд Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хуульчилсан. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт “...тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг сум, дүүрэг тус бүрээр хэлэлцэх” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт “...сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтуудаар тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж гаргахаар зохицуулжээ.
11. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, 2011 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, 07 дугаар тогтоол[18] гаргасан байна. Уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Иргэнд ахуйн зориулалтаар шинээр үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталжээ. Хэрлэн сумын хэмжээнд, тухайн тогтоолын хавсралтад, “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г зөвхөн 6, 7 дугаар баг буюу Өлзийт тосгон, Малчдын хорооллын урд талд гэж тусгасан байна. Дээрх тогтоол, хавсралтын дагуу 2011 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын хэмжээнд, Малчдын хорооллын урд талд 300 өрхөд, мөн Өлзийт тосгонд 15 өрхөд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлжээ. Хэрлэн сумын хэмжээнд тухайн онд өөр бусад баг, байршилд, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлж, газрын байршил, хэмжээг тусгаж батлаагүй, олгоогүй байна.
12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ...Тухайн маргаан бүхий газар аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай тогтоол хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд байгаа. Уг тогтоолын 4 дүгээр хавсралт буюу хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд Хэрлэн сумын Хийдийн 48 өрхөд үнэгүй газар өмчлүүлсэн нь харагдаж байна, үүнд маргаан бүхий газар хамрагдсан гэж үзэж байна гэдэг.
Шүүхээс нотлох баримтыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд байгаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тавдугаар тогтоолын 4 дүгээр хавсралт нь “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г тогтоосон Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол байна. Уг тогтоол, хавсралтад зааснаар Хийдийн 48 өрх одоо эзэмшиж, амьдарч байгаа хашааны газраа үнэгүй өмчлөн авах талаар тусгажээ. Энэ тогтоол, хавсралт нь маргаан бүхий Хэрлэн сумын Хийдийн 26-13 тоот газартай ямар ч хамааралгүй болох нь тогтоогдож байна. Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн маргаан бүхий газар нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нь үндэслэлгүй гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1/584 тоот албан бичгээр[19] “...иргэн С.А, Л.Ц нарын гаргасан өргөдөл болон танай ирүүлсэн албан тоот, холбогдох материалтай танилцлаа. Тус өргөдөлтэй холбоотой нэгж талбар нь тухайн үеийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна” гэсэн хариуг аймгийн Хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлж байжээ.
13. Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоол[20]-оор сумын 2010 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталжээ. Уг тогтоол нь 11 хавсралттай байна. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 05 тоот тогтоол[21] гаргаж, сумын 2011 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд уг тогтоол нь 10 хавсралттай байна. Хэрлэн сумын 2010, 2011 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнүүдэд “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г тусгаж баталсан боловч маргаан бүхий газар нь дээрх төлөвлөгөөнүүдэд тусгагдаагүй, батлагдаагүйг дурдах нь зүйтэй.
14. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2 дахь хэсэгт “...сумын Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг ...энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх”, 12.1.3 дахь хэсэгт “...аймгийн төвийн ...Засаг даргын …өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт “...энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сумын Засаг даргад гаргах” гэж тус тус заасан.
Гэтэл Хэнтий аймгийн Засаг дарга аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, батлагдаагүй, мөн Хэрлэн сумын хэмжээнд иргэнд ахуйн зориулалтаар шинээр үнэгүй өмчлүүлэхээр баталсан газрын байршлаас өөр газар, холбогдох материалын бүрдлийг хангуулаагүйгээр, бусдад давуу эрх олгож, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот хаягт, иргэн Б.Б-ад газар өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Үүнийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан төрөөс газрын талаар баримтлах “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн зарчимтай нийцээгүй, хууль бус байна гэж үзсэн. Хэнтий аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “...газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”, 5.1.2 дахь хэсэгт “... иргэнд газар тариалангийнхнаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ...сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, 5.1.5.1 дэх хэсэгт “...Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэснийг тус тус зөрчсөн байна.
15. Мөн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Хэнтий аймгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 28/70 тоот албан бичиг[22]-ийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: “Монгол улсын Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлд харилцаа холбооны хамгаалалтын зурвас газрыг, хуулийн 28.1 дэх хэсэгт “...Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлд харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтууд байгаа ба 29.3.1 дэх хэсэгт “...зурвас газарт барилга, гэр, хашаа барих, мод тарих”-ыг хориглосон. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот хаягтай газарт холбооны худаг, сувагчлал байдаг нь үнэн болно. Жич: Хуулийн холбогдох зүйл, заалт бүхий хэсгийг, тухайн инженерийн байгууламжийн фото зургийн хамт хавсаргав” гэсэн.
Үүгээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...тухайн газарт холбооны шугам байгаа гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, тэр шугам нь С.Б гийн газар дээр байгаа юм уу? үгүй юм уу? гэдэг нь тодорхойгүй, тэр тайлал нь Батцэрэнгийн газрын яг хаагуур нь яваад, хэдэн метр явсан талаар дүгнэлт хийсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй “ гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
16. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “...хуульд үндэслэх” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг тодорхой заасан. Хэнтий аймгийн Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж, газар өмчлүүлэх шийдвэр гаргах ёстой байтал, өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж, маргаан бүхий захиргааны актын хавсралтаар Б.Б-ад газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь тодорхой байна.
17. Маргаан бүхий захиргааны актын хавсралтын холбогдох хэсэг нь хуульд заасан зарчим болон бодит нөхцөлд тохироогүй байх тул хариуцагчийн шийдвэр нь хууль бус бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн /зөрчигдсөн/ гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
18. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд аймгийн Засаг даргын бүрэн эрхийн талаар хуульчилсан. Хэнтий аймгийн Засаг дарга газар өмчлүүлэх шийдвэр гаргах, эрх бүхий албан тушаалтан мөн хэдий ч, 2011 онд Хэнтий аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, батлагдаагүй байршилд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох, Хэрлэн сум 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот өмчлөлийн газар нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч С.А, Л.Ц нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн гэж шүүхээс үзсэн тул маргаан бүхий захиргааны актын хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч С.А, Л.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б-д холбогдох, Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-13 тоот өмчлөлийн газрыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга /түүний ажлын алба/-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.А, Л.Ц нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас,
[2] Хавтаст хэргийн 124 дүгээр хуудас,
[3] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас,
[4] Хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас,
[5] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас,
[6] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас,
[7] Хавтаст хэргийн 3 дугаар хуудас,
[8] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас,,
[9] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас,
[10] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас,
[11] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас,
[12] Хавтаст хэргийн 124 дүгээр хуудас,
[13] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас,
[14] Хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас,
[15] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас,
[16] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас,
[17] Хавтаст хэргийн 3 дугаар хуудас,
[18] Хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас,
[19] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас,
[20] Хавтаст хэргийн 49-60 дугаар хуудас,
[21] Хавтаст хэргийн 61-71 дүгээр хуудас,
[22] Хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас,