| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 325 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч З.Энхжаргал,
Шүүгдэгч Э.Чойжилсүрэн /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрхэмбаярын Чойжилсүрэн холбогдох эрүүгийн 1809016210314 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баянбулаг Баянзүрх” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 8-333 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрхэмбаярын Чойжилсүрэн /РД: ВА99042410/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Чойжилсүрэн нь 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 71 дүгээр сургуулийн урд талд хохирогч М.Энхболдыг машинаа холдуулсангүй гэх асуудлаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Чойжилсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Эрүүгийн 1809016210314 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Чойжилсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчим би ажлаа хийгээд бохир соруулчихаад буцаад явж байгаад дэлгүүрийн гадна нэг машин хөндлөн зогсчихсон. Жолоочийг нь би “та машинаа холдуулчих” гэтэл “албатай юм уу давраад бай” гэж хэлсэн. “Та яасан муухай юм бэ сонин юм бэ машиныг чинь дайрчихвал яах юм, миний буруу биш шүү машинаа холдуулчих л даа” гээд бид 2 маргалдсан. Би машинаасаа буугаад хэрэлдэж байсан. Тэгтэл тэр ах намайг заамдаад өөрийнхөө машины тийшээ чирсэн. Над руу том чулуу шидэх гэж байхад нь манай жолооч ах ирээд гарыг нь цохиод чулууг нь унагаасан. Тэр ах над руу дайрах гээд байхаар нь би жолооч ахын хамтаар холдуулсан. Тэгээд тэр ах над руу уурлаад дайраад зууралдаад миний нүүрэн тус газар толгойгоороо мөргөхөөр нь би тэр ахыг нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Энэ үед хажуугаар явж байсан үл таних эгч “болиоч” гэж хэлээд биднийг салгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг өнгөрч байхад машинаа зогсоол руу хашаанд шахаад тавьсан. Тэгтэл бохирын машины жолооч хамт явсан залуу 2 “машин багтахгүй байна, машинаа холдуул” гэсэн, би “хангалттай багтахаар зай байна” гэсэн. “Машинаа холдуулахгүй бол дайраад гарвал хохь шүү” гэж залуу нь хэлсэн, маргалдсан. Тэгтэл уг залуу машинаасаа бууж ирээд заамдаж авахаар нь би мөн адил заамдсан, уг залуу нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл жолооч нь машинаасаа бууж ирээд намайг ар талаас хоолойноос арагш татаад нэг удаа нүүрний баруун хэсэгт цохисон, мөн нөгөө залуу нь нүүрэн тус газар толгойгоороо мөргөөд шүд эмтэлсэн. Энэ үед хажууд нэг үл таних эмэгтэй ирээд болиулах гээд татахад жолооч нь цаашаа бай гээд түлхсэн, би цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн…" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчим би туслах Чойжилсүрэнгийн хамтаар 71 дүгээр сургуулийн бохирыг соруулаад машинтай гарч явах гэтэл замд машинууд хаагаад тавьсан байсан. Тэдгээр 2 машины хажууг арай гэж гараад явах гэхэд дахиад нэг “Приус-20” маркийн машинтай залуу ирээд машинаа тавьсан. Тэгээд манай туслах бууж очоод уг машины жолооч залууг “агаа машинаа холдуулчих бид нар ажилтай гарах гэж байна” гэж хэлж байсан. Тэгтэл тэр залуу Чойжилсүрэнг заамдаж аваад чирээд машины араар орсон. Тэгэхээр нь машинаасаа буугаад очтол хоёулаа бие биенийгээ барилцаад зогсож байсан. Залуу Чойжоог нүүрээрээ мөргөснийг харсан. Тэгээд тэр залуу нь Чойжилсүрэнг чулуугаар цохих гээд далайгаад зогсож байхаар нь би “боль чи чулуугаа хая” гээд гарнаас нь барьтал чулуугаа хаясан. Тэгээд тэр 2 маргалдаад “би танаас зөндөө машинаа холдуул гэсэн ш дээ” гэхэд тэр залуу “та нартай ярих юм байхгүй та нар шиг юмтай ярихгүй” гээд байсан. Тэгээд би Чойжоо “хоёулаа явья одоо боль” гээд явах гэтэл уг залуу машинаараа миний машиныг хаагаад зогссон. Тэгээд Чойжоо машинаасаа буугаад машины урд талаар явахад уг машин зогсож байгаад гэнэт Чойжоогийн хөлний орчим мөргөсөн. Тэгээд би тэр залуугаас “яаж байгаа юм бэ” гэхэд “яадгийн” гэсэн. Чойжоо жаахан сууж байгаад босоод ирсэн. “Яасан зүгээр үү” гэхэд гайгүй гээд босоод ирсэн. Ингээд бид 2 машиндаа орж ирээд суугаад цагдаа ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4294 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Э.Чойжилсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Чойжилсүрэн нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 71 дүгээр сургуулийн урд талд хохирогч М.Энхболдыг “машинаа холдуулсангүй” гэх асуудлаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Чойжилсүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхболдын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №4294 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч М.Энхболдыг зодож гараараа нүүрэн тус газар руу нь цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, тэрээр шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон баримтууд цугларчээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Чойжилсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Чойжилсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зан харьцааны түвшин дутагдаж хохирогчид зүй ёсны шаардлагыг зохистой байдлаар илэрхийлээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Чойжилсүрэнд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч М.Энхболдоос “...Чойжилсүрэнд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх 32/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Чойжилсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна