Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2026/0063

 

 

 

 

 

 

 

   2026         01           12                                     128/ШШ2026/0063

                        

                          

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Л.Хэрлэнчимэг нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сенчүри оф хийт” ХХК /РД:5296986/;

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Т.Эрдэнэбилэг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, Д.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одонтунгалаг, Э.Оюун-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Т.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, ихэсгэсэн, багасгасан зүйлгүй, дээрх нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч нь анх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байрлалтай газарт мод үржүүлгийн зориулалтаар 30,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн 2015 оны А/377 дугаар захирамжаар олгосон байна.

2.2.Үүний дараа нэхэмжлэгчийн тус дүүргийн Засаг даргад 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/0920 дугаар албан бичгээр “газрын байршил, газар эзэмших эрхийн зориулалт”-ыг өөрчилж, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрх олгох хүсэлт гаргажээ.

2.3.Нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК-ийн дээрх хүсэлтийг үндэслэн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/166 дугаар захирамж гарган, нэхэмжлэгчийн газрын байршил, газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 00016758 дугаартай гэрчилгээ олгосноор, нэхэмжлэгч “Аялал жуулчлалын бааз”-ын зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон байна.

2.4.Улмаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 24-ий өдрийн А/667 дугаар захирамжийг гарган, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. 

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сенчүри оф хийт" ХХК нь 2009 онд байгуулагдсан ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 дугаар захирамжаар тус дүүргийн 24-р хороо, Баруун салаанд 3 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшихээр болж газрыг зориулалтын дагуу ашиглаж эзэмшиж байгаад дүүргийн газрын албанд хүсэлт гаргасныг хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/166 дугаар захирамжаар аялал зуучлалын зориулалтаар 29952 м2 газрыг эзэмшихээр шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэл гаргасан байх ба мэдэгдэл: "... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/667 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг мэдэгдье..." гэсэн байна.

Уг захиргааны шийдвэр гарахдаа хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс буюу нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байтал 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн ерөнхий үзэл санааг гүйцэлдүүлэхгүй хуулийг буруу хэрэглэж гаргасан шийдвэр тул үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү маргаан бүхий 2 захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй захирамжид дурдсан хуулийн заалтыг үзэхэд Газрын тухай хуулийн 40.1.5. "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" 40.1.6. "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" үндэслэлийг дурдсан байна.

Манай компани 2019 оноос эхлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид өргөдөл гаргаж 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15/03386/19 дугаар "Техникийн нөхцөл" авч, “Бэст прожект" ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд 10/0,4 250 кВА чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлын зургийг хийлгэх гэрээ байгуулан зураг төслийг хийлгэж, "Би Пи Икс" ХХК-тай "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан 10/0,4 250 кВА чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлыг хийж гүйцэтгүүлсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга бөгөөд Улсын ерөнхий шинжээчээр “Газрын төлөв, байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийлгэсэн.

Ингээд дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотойгоор 2022 оны дуустал ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж чадаагүй ба 2023 оны 12-р сарын 05-ны өдөр "Рич мон консалтинг" ХХК-тай "Ажлын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан ажлаа эхлүүлсэн. Нийт 342,288,480 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Ингээд газар дээрээ үйл ажиллагаа явуулах болоход манай газар руу орох, гарах замын хэсэгт дүүргийн газрын албанаас иргэдэд газар олгосны улмаас машин техник хэрэгсэл орох боломжгүй болсон ба газрын албанд хандан орц гарч нээж өгөхийг удаа дараа хүссэн боловч удахгүй газар дээр нь очиж үзээд холбогдох газар эзэмшигч нартай уулзаж талбайн хэмжээ, байршлыг нь өөрчилж өгөх талаар судалж үзээд арга хэмжээ авна гэсээр өдийг хүрсэн.

Компанийн зүгээс өөр газраар зам гаргахаар үзсэн боловч хөрсний нуралттай, гуу жалга тул ямар боломжгүй болсон. Газрын алба нь өөрсдөө орц гарч хааж бусдад газар олгож манай компанийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгочхоод газрыг цуцалж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл гэж үзэж байна.

2019 оны 12 сарын эхээр дэлхий даяар тэр дундаа хөрш улс болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хубэй мужийн Ухань хотод коронавируст халдвар (Ковид-19) бүртгэгдэж эхэлснээр Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улстай агаарын болон газрын хилийн боомтыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хаах шийдвэр гаргаж, хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарласан байдаг. Монголд коронавируст халдвар (Ковид-19) тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анхны тохиолдолд бүртгэгдэж эхэлснээр халдвар тархсанаар яаралтай горимоор коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталснаар тус хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарч, Монгол Улсад цар тахлын онцгой дэглэм үйлчилж ажил зогссон болно. Дээрх хуулийн үйлчлэлийн үед тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар “нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д "цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх" гэсэн онцгой дэглэм үйлчилж байсан юм.

Гэвч манай компани нь цар тахлын үеийн дэглэм буюу коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ" гэсний дараа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эзэмшиж байгаа газраа ашиглах санхүүгийн нөөцөө бүрдүүлэн ажилдаа орсон.

Манай компани нь эзэмшиж байгаа газраа Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн хямралд орсон, Монгол Улс төдийгүй дэлхийн бүхий л улсад онцгой дэглэм үйлчилж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.... тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй учраас манай компанийн газар эзэмших эрхийг цуцлах нь цар тахлын үед тогтоосон онцгой дэглэм, цар тахлын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийн хугацааг үл харгалзан гаргасан шийдвэр гэж үзэхээр байна. Манай компаний эзэмшиж байсан газрын эрхийг үндэслэлгүйгээр цуцалж хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож, санхүүгийн алдагдал оруулж байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д нийцэхгүй шийдвэр байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/667 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

... Уг газар дээр том машин явах зам татах гэтэл манай газрын доор байгаа газрыг бүгдийг нь газар олголт хийсэн учраас зам татах боломжгүй байна, газар чөлөөлөх асуудлыг Газрын албанд хандаж байж зам татах боломжтой болно гэж зам татах компани хэлсэн. Үүний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Газрын албанд хүсэлт өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагч бид гадуур ажилтай байдаг учраас 3 хоногийн дараа хүрээд ирээрэй, тэр үед газар дээр очиж ажиллаж үзье гэсэн. Улмаар н.Сарантуяа газар зохион байгуулагч бид 2 газар дээр очиж үзсэн. Кадастрын цэг хийдэг компьютерыг авч очсон бөгөөд танай баруун болон зүүн талаар газар олголт хийсэн учраас зам татах боломжгүй байна. Гэхдээ уг айлуудын газрыг хажуу тал руу татах талбай байна. Зам татах гэж байгаа учраас эдгээр айлууд газраа татах боломжтой байх байх гэж бодож байна. Тийм учраас уг айлуудтай холбогдоод зам татах талаар танилцуулаад хариу өгье гэсэн. Гэтэл надад хариу өгөөгүй бөгөөд би 2-3 удаа хариу шаардсан. Гэтэл уг айлуудтай холбогдох утас олдсонгүй, та өөрөө тухайн айлуудтай холбогд гэсэн. Гэтэл надад холбогдох мэдээлэл байхгүй байсан учраас тухайн айлуудтай холбогдож чадаагүй.

... Татварын тухайд, 2019 онд 15 сая 600 мянган төгрөг, 2020 онд 14 сая 388 мянган 480 төгрөг төлсөн. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас дээрх 2 төлбөр төлсөн баримт гарч ирсэн. Тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан учраас үйл ажиллагаа жигдрээгүй байсан. Татвар төлөгдөөгүй асуудлын тухайд гарц, орц нээх асуудал нөлөөлөөд байсан. Би Татварын албаны дарга болон манайхыг хариуцдаг газар зохион байгуулагчтай уулзаж, манайд төлбөрийн үлдэгдэл байгаа. Уг төлбөрийг хувааж төлөх нөхцөлтэйгөөр төлж болох уу гэхэд н.Энхтогтох дарга болон байцаагч нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу 1-2 жилийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Тийм учраас танайхыг хувааж төлөх нөхцөлөөр хангаж байна. Гэхдээ танай газар хүчингүй болсон байгаа учраас Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр очвол газар хүчингүй болсон байна гэж хэлнээ. Харин хувааж төлөх нөхцөл байгаа гэх хариуг өгсөн” гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас “Сенчүри оф хийт” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2-3 үндэслэлээр хүчингүй болгосны нэг нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байна гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК нь 2019 онд 15 сая 600 мянган төгрөг, 2020 онд 14 сая 388 мянга 480 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд төлсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаануудыг дурдлаа. Үүнд, 1 дүгээрт орц, гарцыг хаасан асуудал байсан. 2 дугаарт, тус компани дээр газрын төлбөртэй холбоотой нэхэмжлэл ирээгүй байсан. Мөн Ковид-19 цар тахлын улмаас уг компанийн үйл ажиллагаа жигдрээгүй байсан зэрэг нөхцөл байсан талаар тайлбарлалаа. Газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон дараагийн үндэслэлийн тухайд, газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг зааж байна. Улсын Дээд Шүүх 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор ямар нөхцөл байдал байсан бол тухайн газрыг ашигласан гэж үзэх талаар тодорхой заасан. Барилгын тухай хууль, Газрын тухай хуульд заасны дагуу газрыг ашиглаж байсан, газрын төлбөрийг төлж байсан, мөн техникийн нөхцөлүүдийг авч байсан. Тийм учраас газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өнөөдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирсэн 2016 оны мэдээллийн сан дахь зураг дээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орц гарцыг хаасан зүйл байхгүй, зөвхөн “Сенчүри оф хийт” ХХК мэдээллийн санд суугдсан зураг харагдана. Харин дараагийн зургууд дээр орц гарцыг битүү хаагаад маш олон аж ахуйн нэгж, байгууллагуудад газар олголт хийгдсэн нь харагдаж байна. Эдгээр газрууд нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад олгогдсон газрууд. Энэ газрууд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхэд саад болсон. Нэхэмжлэгч 400 гаруй сая төгрөгийн гэрээнүүд, газрын төлбөр төлсөн баримтууд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар маргаан бүхий газрыг өөр аж, ахуйн нэгжид олгоогүй байгаа. Тийм учраас “Сенчүри оф хийт” ХХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломж байна гэж харж байна. Х.Отгонбаяр нь өөрөө Татварын алба дээр очиж биечлэн очиж уулзсан бөгөөд Татварын албаны хүмүүс график байгуулаад үлдсэн. Татварын тухай хуульд заасны дагуу газрын төлбөр болох 113 сая төгрөгийг хуваагаад төлөх боломжтой гэсэн. Иймд нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль зөрчиж гарсан гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар тодорхой, нэг бүрчлэн хуульчилсан. Захиргааны акт гаргах ажиллагааг явуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, оролцогч нь ямар эрх эдлэх талаар тодорхой заасан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг захиргааны байгууллага явуулаагүй. Хуульд заасны дагуу сонсох ажиллагааг дэс, дараалалтайгаар, хуульд заасан үндэс журмын дагуу явуулсан бол маргаан бүхий шийдвэр гарах үндэслэл бүрдэх байсан эсэх асуудал тодорхой болох байсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, мөн 2024 оны 10 дугаар сард мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч “Сенчүри оф хийт” ХХК-д албан ёсоор мэдэгдээгүй. Тухайн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Отгонбаяр нь тухайн газартай холбоотой асуудлаар Газар зохион байгуулагчтай уулзаж байсан. Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тогтоолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан “мэдэгдэнэ” гэдгийг тодорхой тайлбарлаж, журамласан. Үүнд, шуудангаар хүргүүлэх, утас, факс, и-мэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсан буюу тэмдэглэл үйлдэхийг хэлнэ гэж байгаа. Газар цуцлахтай холбоотой мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас энэ талаарх ажиллагаа хийгдээгүй байна гэх дүгнэлтэд хүрч байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гарсан. Гэтэл 2015 онд уг газрыг нэхэмжлэгч компанид олгохдоо Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үндэслэлээр олгосон. Газрын албанаас шүүхэд гаргаж өгсөн баримтуудтай танилцахад 2024 оны 10, 11 дүгээр сард өгсөн мэдэгдэлдээ газрын суурь үнийг төлөөгүй, газрын төлбөрийг төлөөгүй гэх 2 үндэслэлийг дурдсан байдаг. Гэтэл тухайн үед уг газар нь газрын суурь үнэ төлөхөөр газрын дуудлага худалдаанд орсон газар биш. Тухайн газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу газрын гуу, жалгыг тэгшлэх, бохир болон бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийсний үндсэн дээр 2015 онд Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 27.5-г үндэслэж нэхэмжлэгч компанид эзэмшүүлэхээр гарсан. Тийм учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одонтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжаар "Сенчүри оф хийт" ХХК-д тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салаанд 3 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

 

"Сенчури оф хийт" ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус албанд дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт, байршил өөрчлөх тухай хүсэлт ирүүлсний дагуу дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн А/166 дугаар захирамжаар 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салаанд аялал жуулчлалын зориулалтаар нэгж талбарын 1801207712 дугаартай 29952 м2 газрыг эзэмшүүлсэн.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/343 дугаар захирамж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар албан даалгаврын дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан "дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчим"-ыг баримтлалгүйгээр олгогдсон "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийн төлбөр төлөөгүй газар эзэмшигч, ашиглагч нараас төлбөрийг нөхөж төлүүлэн зөрчлийг арилгах, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээг авсан байна.

Дээрх нэгж талбарын "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийн төлбөр болох 118,800,000 (Нэг зуун арван найман сая найман зуун мянган) төгрөгийг төлөх талаар тус албаны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19/466 дугаартай албан бичиг хүргүүлсэн боловч шуудангаас дээрх хаягт ийм компани байхгүй магадлагааг ирүүлсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар албан даалгавраар ирүүлсэн газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй иргэн, хуулийн этгээдийн төлбөрийг нөхөн төлүүлэн төсөвт төвлөрүүлэх, төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах тухай чиглэлийн дагуу сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2 дахь (хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх) заалтын дагуу Өглөөний сонины 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №109 дугаарт нийтэлсэн. Мөн тус албанаас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19/1224, 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 19/1624 дугаартай албан бичгүүдийг компанийн баталгаат шуудангийн хаягаар хүргүүлсэн боловч тухайн хаягт ийм компани, хүн байхгүй магадалгааг тус албанд ирүүлсэн.

Дээрх нэгж талбарын газрын төлбөр 2015-2024 онуудад 143,584,128 төгрөгөөс 2019 онд 15,600,000 төгрөг, 2020 онд 14,388,480 төгрөгийг газрын төлбөрт төлсөн бөгөөд 2020-2024 оны байдлаар газрын төлбөрийн 113,595,648 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийн төлбөр болох 118,800,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болно.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалтад заасан үүргээ зөрчиж газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2024 оны А/667 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албанаас 2024 оны 11 сарын 20-ны өдрийн мэдэгдэлд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаартай захирамж гарсан тухай мэдэгдсэнийг дурдсан байна.

Тухайн захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж заасан хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байна.

Хариу тайлбар явуулах тухай албан мэдэгдлийг манай байгууллагаас 08 дугаар сар болон 04 дүгээр сард 2 удаа явуулсан. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн газар дээрх хээрийн үзлэг хийсэн он, сар, өдөр, байршилтай нь зургийг авч хувийн хэрэгт хавсаргасан. Манай албанд бүртгэлтэй байгаа хаягаар мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн дэвтэр хэрэгт авагдсан байгаа.

... Шуудангаар илгээсэн боловч тухайн хаягтаа байхгүй байна гэж буцаж ирсэн. Газрын төлбөрийн тухайд, 2015 онд газар олгосноос хойш 2024 оныг хүртэл нийт 2 удаагийн төлөлт хийгдсэн байдаг. Мөн дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, нийт 116 сая төгрөг төлөөгүй байна гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т заасны дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “газар эзэмших эрхийг цуцалсан” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжаар “Сенчүри оф хийт” ХХК-ийг хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзээд, тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салаанд мод үржүүлгийн зориулалтаар 30.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарч гэрээ, байгуулж, гэрчилгээ олгосон байгаа ба уг газрын нэгж талбарын 1801205047 дугаар олгож, газрын хилийн заагийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байжээ. /ХХ-1-ийн 77-82, 94-95 дахь тал/

            2.2.Нэхэмжлэгч нь уг газраа зориулалтын дагуу эзэмшиж, уг газарт мод үржүүлгийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан фото зурагт байгаа хашаанд тарьсан модыг “мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт”-ыг нотолсон гэж шүүх бүрэлдэхүүн үзээгүй.

   2.3.Үүний дараа “Сенчүри оф хийт” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эзэмшиж буй газрынхаа байршил болон зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/166 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршил, зориулалтыг өөрчлөн тус дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд 30.000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2201013231 дугаарт бүртгэн гэрчилгээ олгож, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 01116-2020/04443 дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан ба уг газарт нэгж талбарын 1801207712 дугаар олгож, газрын хилийн заагийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна. /ХХ-1-ийн 6-15,57, 96-97 дахь тал/

2.4.Нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан 1801205047 дугаартай газар болон  1801207712 дугаартай газрын байрлалыг харуулсан газрын кадастрын зургаар “Сенчүри оф хийт” ХХК шилжүүлсэн байрлал нь бага хэмжээгээр өөрчлөгдсөн болох нь тогтоогдсон. /ХХ-1-ийн 91 дэх тал/

2.5.Нэхэмжлэгчийн гаргасан Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт /ХХ-2-ын 69-70 дахь тал/,“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15/03386/19 дугаартай техникийн нөхцөл, “Бест прожект” ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 71/19 дугаартай Зураг төслийн ажлын гэрээ /ХХ-1-ийн 20-21 дэх тал/, “Би пи икс” ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 10/0,4 кВа чадалтай /КТПН/ шугам, дэд өртөөний ажлын зураг төслөөр ажил гүйцэтгэх гэрээ /ХХ-1-ийн 26-27 дахь тал/, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.Отгонбаярын хаан банкны 5007370070 дугаартай диспозит дансны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 5062024740 дугаартай диспозит дансны 2020 оны 04 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт /ХХ-2-ын 86-87 дахь тал/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЦАХ-103/2020 дугаартай дүгнэлт /ХХ-2-ын 84-85 дахь тал/, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /ХХ-1-ийн 32-34 дэх тал/, цахилгаан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /ХХ-2-ын 93-96 дахь тал зэрэг нотлох баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр уг газарт цахилгааны шугам татсан хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь тогтоогдсон.

2.6.Дээрх баримт бичгээр цахилгааны шугам, дэд өртөөний сүлжээ татах ажиллагаа нь 2019 оноос эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн газрын байршил өөрчилж эзэмшиж эхэлсэн, нэгж талбарын 1801207712 дугаартай газар дээрээ хийсэн ажлын гэрээ, баримт бичгүүд гэж үзэх үндэслэл байхгүй байна.

2.7.Харин нэхэмжлэгчийн барьж ашиглалтад оруулсан цахилгаан хангамжийн 10кВ-ын ЦДАШ 10/0.4кВ-ын 250кВА чадалтай дэд өртөөг түүний Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/166 дугаар захирамжаар эзэмшил газрын байршлыг өөрчлөн тус дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд 30.000 м.кв-аар олгосон газартаа ашиглах боломжтой, түүнчлэн шинээр үүссэн эзэмшил газрын нүүрэн хэсэгт 3-4 давхар бүхий блокон хашаа барьсан, харин өөр бусад барилга байгууламж байхгүй, үйл ажиллагааг явуулаагүй болох нь дээрх бичгийн баримтууд, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдлоо. /ХХ-1-ийн 28-32 дахь тал/.

2.8.Нэхэмжлэгч байршил шилжүүлж, шинээр эзэмшсэн газартаа Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргахад дэмжин туслах ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гэрээг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Мон газар экологи” ХХК-тай байгуулж, “000016758 тоот газар эзэмших гэрчилгээтэй газар”-ын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан гүйцэтгэсэн, улмаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраар 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулжээ.

Гэвч Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтийг Нийслэлийн байгаль орчны газраар гаргуулаагүй болох нь тус байгууллагын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07/2196 дугаар албан бичгээр нотлогдсон. /ХХ-1-ийн 14-15, ХХ-3-ын 52 дахь тал/

2.9.Улсын Их Хурлаас  2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, уг хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилсэн байгаа тул дэлхий нийтийг хамарч үргэлжилсэн цар тахалыг нөхцөл байдал нь мөн газрыг зориулалтаар нь ашиглах, газрын төлбөр төлөхөд харгалзан үзэх давагдашгүй хүчин зүйл нөхцөл байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул нотлох шаардлагагүй болно.

2.10.Нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2015-2024 онд хамаарах нийт 113,595,648 төгрөгийн өртэй гэж Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2/2742 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн өрийн тооцооллоор 2022 оны 1 дүгээр улиралд 49,569,972 төгрөгийн, 2022 оны 2 дугаар улирлаас 2024 оны 4 дүгээр улирал хүртэл улирал бүр 5,820,516 төгрөгийн, нийт 113,595,648 төгрөгийн газрын төлбөрийн өртэй гэж тус тус тодорхойлж, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1230304546924, 1230304547336, 1230304543129, 1230304542659, 1230304546569, 1230304543277, 1230304542923 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1240207082984, 1240207082901, 1240207082828 дугаартай газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэж иржээ. /ХХ-1-ийн 11, 53, 133-145 дэх тал/ 

2.11.Нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15.600.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14,388,480 төгрөг, нийт 29,988,480 төгрөгийг  төлсөн нь газрын байршилд өөрчлөлт оруулах 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтээс өмнөх төлөлт байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 дугаар захирамжаар мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлсэн, нэгж талбарын 1801205047  дугаар бүхий, 29976 м.кв газрын төлбөр /нэхэмжлэгчийн 2019 оны газар эзэмших гэрээгээр тус компанийн жилд төлбөр зохих төлбөр нь 28,776,960 төгрөг байна/ байсан гэж үзлээ.

2.12.Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь өмнө мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байсан дээрх газрын 2019, 2020 оны газрын төлбөрт нийт 29,988,480 төгрөгийн төлсөн бөгөөд 2015-2018 оны болон 2020-2025 оны газрын төлбөрийг төлөөгүй байжээ.

2.13.Нэхэмжлэгч дүүргийн Татварын хэлтсээс газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгээгүй, сонсох ажиллагааг явуулсан бол газрын төлбөрийн төлөх боломжтой байсан, газрын маань орц гарцыг нээгээд өгчихсөн байсан бол газрын төлбөрөө надад төлөх боломж байсан” газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх ёсгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан.

2.14.Ингээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/677 дугаар захирамжаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр “Сенчүри оф хийт” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ. /ХХ-1-ийн 51 дэх тал/

2.15.Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас маргаан бүхий актыг гаргах өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19/466 дугаар албан бичгээр “29952 м.кв аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрт 118,800,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх”, газрын төлбөр төлөх мэдэгдлийг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 19/1224 дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тус тус “Сенчүри оф хийт” ХХК-нд хандаж мэдэгдэхээр шуудангаар хүргүүлсэн боловч, “хаяганд ийм хүн байхгүй” гэж шуудангийн тэмдэглэгээгээр буцсан, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Өглөөний сонинд сонсох ажиллагааны мэдэгдлийг гаргасан зэргээр сонсох ажиллагаа явуулах ажиллагааг явуулсан байна.

2.16.Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн б/29 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасныг хянаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05-02/672 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан.

3.2.Маргаан бүхий актад дурдсан нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК-ийг газраа зориулалтаар нь ашиглаагүй гэх хугацааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 онд анх газар олгосон хугацаанаас тоолсон гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

3.3.Учир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжаараа “Сенчүри оф хийт” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын 1801205047 дугаар бүхий газрыг харилцааг дуусгавар болгож, тус компанид 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/166 дугаар захирамжаараа газрын байршил шилжүүлж эзэмшүүлэхдээ тус компанийг газар эзэмших эрх бүхий этгээд гэж үзэн байршлыг шилжүүлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өөр байршилд газар эзэмшиж байсан хугацааг хамааруулан одоогийн газраа зориулалтаар нь ашиглаагүй, төлбөрийг төлөөгүй гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.           

3.4.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.

3.5.Нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан хугацаанаас газрыг эзэмших эрх үүсэх бөгөөд өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ цахилгааны дэд станц байгуулж, хөрөнгө оруулсан нь газрыг зориулалтын дагуу эзэмшиж эхэлсэн гэж үзэх нь зүйтэй байна.

3.6.Иймд хариуцагч нь “Сенчүри оф хийт” ХХК-ийг газрыг зориулалтаар нь ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.7.Нөгөө талаас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар тогтоосноор Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлыг уг хуулийн үйлчлэл дуусах хүртэл хугацаанд байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

3.8.Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзсэн.

3.9.Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал дуусгавар болсон гэж үзэх 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, тус компанийг газраа зориулалтаар ашиглаагүй гэж тооцох 2 жилийн хугацаа нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох ёстой байхад уг хугацааг болоогүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй.

3.10.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж,  35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ” гээд мөн зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор тус тус хуульчилжээ.

3.11.Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3 , 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заажээ.

3.12.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын эзэмшлийн тухайн жилд ногдох газрын төлбөрийг ногдуулж, Татварын албанд хүргүүлэх бөгөөд Татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусад арга хэрэгслээр мэдэгдэх, төлбөр төлөгч хуульд заасан хугацаанд төлбөрөө төлөх тус тусын үүрэгтэй байна.

3.13.”Сенчури оф хийт” ХХК-ийн газрын албатай  2020 онд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т заасны дагуу  1 улиралд 5,759,828 /Таван сая долоон зуун мянга найман зуун хорин найм/ төгрөг, жилд 23,039,312 /Хорин гурван сая гучин есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөг төлөхөөр тогтоосон тул уг гэрээнд заасан хугацаа болон хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

3.14.Түүнчлэн дээр тогтоогдсоноор, Татварын албанаас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2022 оны 2, 3, 4 дүгээр улирал, 2023 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2024 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын газрын төлбөрт тус бүр 5,820,516 төгрөгийн газрын төлбөр төлөх нэхэмжлэх үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байсан 29952 м.кв газрын төлбөрийг огт төлөөгүй бөгөөд газрын төлбөрийн асуудлаар хариуцагч захиргааны байгууллагад хандан өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/677 дугаар захирамжаар “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж дүгнэв.

3.15.Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсч, нэхэмжлэгчийн газрын төлбөрөө төлөх боломжгүй гэж тооцож болох боловч, уг хугацаанаас хойш 1 жил 11 сар, 14 хоногийн хугацаанд /энэ нь цар тахлын хугацаа дуусч, маргаан бүхий акт гаргах хүртэлх хугацаагаар тооцож/ газрын төлбөрөө төлөөгүй нь нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчжээ.

3.16.Нэхэмжлэгч нь газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгээгүй тул төлбөрийг төлөх боломжгүй байсан гэх тайлбар нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2025 оны оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, үүнд хавсарган ирүүлсэн 1230304546924, 1230304542659, 1230304543129, 1230304543277, 1230304547336, 1230304546569, 1230304542923, 1240207083032, 1240207082984, 1240207082901, 1240207082828, 1230304546429 дугаартай төлбөрийн нэхэмжлэхүүдээр няцаагдаж байна. /ХХ-3-ын 72-84 дэх тал/

3.17.Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дээрх төлбөрийн нэхэмжлэхүүд нь 2023 оны 2023 оны 03 дугаар сарын 24, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд үүссэн байгаа тул нэхэмжлэгчийн төлбөрийн нэхэмжлэл үүсгээгүй тул төлөх боломжгүй байсан гэх тайлбар нотлогдоогүй болно.

3.18.Маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны А/677 дугаар захирамжийн хэрэглэсэн хууль тогтоомжийг тодорхойлох хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заалтыг баримталсан байгаа боловч Захирамжлах хэсэгт акт гарах үндэслэлээ болгож “дуудлага худалдааны үнэ төлөөгүй” учраас цуцлах гэж заагаагүй учраас шүүх зөвхөн маргаан бүхий актын хүрээнд үйл баримтыг хянах үүрэгтэй гэж үзээд энэ талаар дүгнэлт өгөхгүй.

3.19.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч сонсох ажиллагаа явуулаагүй, явуулсан бол захиргааны акт өөрөөр гаргах боломжтой байсан гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.20.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэжээ.

3.21.Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд мөн зүйлийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж, мөн зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэжээ.

3.22.Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын Хоёрдугаар албанаас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19/1224 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг, холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хаягт байхгүй үндэслэлээр шуудангаас буцаагдсан байна.

3.23.Мөн хариуцагчаас Өглөөний сонины 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаарт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эзэмшигч нарын нэрсийг нийтэлжээ.

3.24.Ийнхүү хариуцагч хуульд заасан арга хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, газар эзэмшигчээс захиргааны байгууллагад мэдүүлсэн хаягтаа байхгүй, хаягаа өөрчилсөн бол энэ талаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан ажиллагаа тул хариуцагчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзэхгүй.

3.25.Нөгөө талаас хариуцагч сонсох ажиллагаа явуулснаар газрын төлбөр төлсөн эсэх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй болох нь шүүхийн цуглуулсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хариуцагч сонсох ажиллагаа явуулсан бол газрын төлбөрийг төлөх боломжтой байсан” гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй.

3.26.Энэхүү хууль зүйн үндэслэлээр хариуцагчийн сонсох ажиллагааг бүрэн явуулаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

3.27.Дээрх хууль зүйн үндэслэл болон шүүхэд тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн хянаад, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхдөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг зөрчөөгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав. Иргэдийн төлөөлөгч Т.Эрдэнэбилэгийн дүгнэлтийн талаар:

5.1.Иргэдийн төлөөлөгч:

-нэхэмжлэгч тал нэгэнт газрын гэрээг өөрөө хийсэн тул гэрээний дагуу төлбөрөө төлж явах ёстой, зориулалтын талаар ашиглаагүй бол хийсэн ажлаа дор бүрд нь гэрээний дагуу тайлагнах ёстой байна гэж;

-хариуцагч тал тухайн үед явуулсан бичгээ хариулт авч байх ёстой, эргэх холбоо хариуг заавал авах ёстой, ажлаа дүгнэх үүрэгтэй байсан гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд амаар болон бичгээр гаргасан.

5.2.Шүүх бүрэлдэхүүн энэхүү шийдвэрийг гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн “гэрээний дагуу төлбөрөө төлж явах ёстой” гэсэн  дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сенчүри оф хийт” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Сенчүри оф хийт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                   А.МӨНХ-ӨЛЗИЙ

                                  ШҮҮГЧ                                   Л.ХЭРЛЭНЧИМЭГ