| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0216/э |
| Дугаар | 251 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.ЭНХ-ОРГИЛ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Ц.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Цэцэгбадамын Баяржаргалд холбогдох эрүүгийн “1811006300211” дугаартай, 186/2018/0216/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөн-Морьт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, худалдааны ажилчдын 05 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Цэцэгбадамын Баяржаргал /РД:ШУ90100153/
Холбогдсон хэргийн талаар;
Ц.Баяржаргал нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юмт бөмбөгөр” худалдааны төвийн Б-9 тоот лангууны хажууд байсан. Г.Эрдэнэбаатарын тэрэгтэй барааг хулгайлан авч 349.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Ц.Баяржаргал нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, надад нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр. Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Эрдэнэбаатарын:... 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би бараагаа татаад 17 цагийн үед гаднаас бараагаа зааж оруулж ирээд тэргэн дээр тавиад өөрийн Б-9 тоот лангууныхнаа урд тэрэгтэй нь орхичихоод өөр хүний бараа зааж өгөх гээд гарчихаад 10 орчим минут болоод буцаад ороод ирсэн чинь миний бараа тэрэгтэй цуг алга болчихсон байсан. Тэгээд байж байтал нэг танихгүй залуу чи бараагаа алдсан уу гэж асуугаад миний тэрэгтэй барааг түрээд оруулаад ирсэн тэгээд камерийн бичлэг шүүсэн чинь уг худалдааны төвөөр байнгын эргэлдээд байдаг нэг залуу хулгайлсан байна лээ, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 6-7/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Төгөлдөр гэрчээр мэдүүлэхдээ:..Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэг найз Батбаяртай цуг нэг шил архи хувааж уучихаад бөмбөгөр орж үнэртэй ус авах гээд явж байсан чинь зүс таних бөмбөгөрөөр юм зараад яваад байдаг Улаанаатай тааралдсан юм. Улаанаа бас согтуу явж байсан тааралдаад мэнд мэдээд цугтаа үнэртэй усаа авах гээд явж байтал нэг үл таних залуу бид хоёрыг бариад авсан ба Улаанааг аваад явах гэсэн ба намайг яв гээд хөөсөн. Би нарийн учрыг нь мэдэлгүй согтуу нэгнийгээ авдаг баатар болоод араас нь дагаж яваад найзыгаа авъя энэ тэр гээд явж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг хоёуланг нь эрүүлжүүлхэд хийсэн. Өглөө эрүүлжүүлэхэд сэрээд Улаанаа буюу Баяржаргалыг хулгай хийсэн байсан тухай сонссон гэх мэдүүлэг. /хх-10/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Номин-Эрдэнэ гэрчээр мэдүүлэхдээ:..Манай нөхөр Цэцэгбадамын Баяржаргал нь 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн. 10 настайгаасаа хойш Улаанбаатар хотод байсан гэсэн Би нөхөр Ц.Баяржаргалтай найз нөхдөөрөө дамжуулан 2011 оны орчимд танилцаж байсан. 2013 онд нэг гэрт орж 2014 онд том хүү Мөнхтулга төрсөн, 2016 онд бага Энхтулга төрсөн. 2013 оноос хойш бид хоёр байр, хажуу өрөө, нийтийн байр түрээслэж амьдарч байгаа одоогоор цайзаас дээшээ алтан-өлгий рүү нийтийн байр түрээслэж амьдардаг. Тогтсон гэр орон байхгүй байгаа. Нөхөр Баяржаргал эцэг эхээс гурвуулаа аав, ээж хоёр нь хоёулаа нас барчихсан, дээрээ нэг ахтай, доороо нэг дүүтэй, ахыг нь Баярмагнай гэдэг. 2014 онд хүн алаад шоронд орчихсон байгаа. дүүг нь Сайнжаргал гэдэг бөгөөд 2 хүүхэдтэй тусдаа амьдардаг нэг их холбоо сүлбээ байдаггүй. Манай нөхөр их дээд сургууль соёлд суралцаагүй 4-5 дугаар анги хүртлээ л суралцсан бөгөөд эзэмшсэн мэргэжил гээд байх юм байхгүй. Одоогоор эрхэлсэн ажил төрөл гээд байх юм байхгүй гэртээ хоёр хүүхдээ хардаг уг нь гэрээс гардаггүй бөгөөд хааяа нэг гарахаараа архи уугаад янз бүрийн асуудалд орооцолдчихоод байдаг юм. Би нөхөртөө хүүхдээ харуулаад шөнийн цагаар баарнуудын үүдээр ширхэгээр тамхи зардаг ажил хийдэг. Манай нөхөр зан аашийн хувьд их дажгүй зантай, архи дарс нэг их уугаад байдаггүй бөгөөд хүний нөлөөнд жаахан автамтгай хүн дагаж гарч тэнэчих гээд байдаг. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад надтай жаахан муудалцаад гараад явсан. Тэгээд ийм асуудалд холбогдчихлоо. Авъяас сонирхолын хувьд гэвэл хоол хийх авъяастай хүүхдээ сайн хардаг халамжтай аав байгаа, даанч гарахаараа л жаахан архи уучихаад байдаг. Өөр авъяас сонирхол гавъяа шагнал гээд байх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 11-12/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Баяржаргал гэрчээр мэдүүлэхдээ:..Би 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдөр жаахан архи уучихсан бөмбөгөр дээр хулхи бөгж зарах санаатай явж байгаад 17 цагийн үед бөмбөгөрийн гадуур тойроод авахгүй байхаар нь юмт бөмбөгөрлүү дулаацах гээд ороод зогсож байтал чихэр печенийн лангууны гадаа түрдэг тэрэгтэй цаасан хайрцагтай бараанууд эзэнгүй бололтой ойр хавьд нь хүн байхгүй байхаар шууд очоод тэргийг нь хайрцагтай бараануудтай нь түрээд Б заалны голоор шатруу алхаж явж байгаад хойд талын үүдэн дээр нэг үл таних хүн хойноос гүйцэж ирээд намайг барьж аваад тэрэгтэй бараагаа буцаагаад авсан ба би яваад өгсөн. Тэгээд би бөмбөгөрөөс гараад алхаж байтал зүс таних Төгөлдөр гэж найзтайгаа тааралдаад мэнд мэдээд зогсож байтал Бөмбөгөрийн нэг хамгаалагчтай тааралдаад намайг аваад явсан ба Төгөлдөр миний араас дагаад цугтаа явсан. Тэгээд хамгаалагчийн өрөөнд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хоносон гэх мэдүүлэг. /хх-13/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл /хх-2/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-3/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-4/, хохирогч болон гэрч нарын мэдүүлэг /хх 6-13/, эд зүйлийн үнэлгээ /хх-14/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 40-45/, хохирогч Г.Эрдэнэбаатарын нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр үйлдсэн хүсэлт /хх 5-6,/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Баяржаргал нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юмт бөмбөгөр” худалдааны төвийн Б-9 тоот лангууны хажууд байсан иргэн Г.Эрдэнэбаатарын тэрэгтэй барааг хулгайлан авч 349.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Баяржаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Эрдэнэбаатар нь шүүгдэгч Ц.Баяржаргалаас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгбадамын Баяржаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Баяржаргалыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Баяржаргал нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баяржаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ