Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 60

 

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2021/00060

 

 

П.*******гийн нэхэмжлэлтэй

хариуцагч Б.*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.******* нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2021/00310 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй Хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, хүү Д.Эрдэнэ-Очирыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 38.046.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.*******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.******* миний бие нь 2013 онд эхнэр Б.*******тэй танилцаж, 2013-2014 онд үерхэж байсан бөгөөд Б.******* өөр найз залуутай болсон гэсэн тул харилцаагаа тасалсан, сүүлд нь сонсоход хүнтэй сууж хүүхэдтэй болсон гэж байсан. Гэтэл 2017 онд Б.*******тэй ажлын газраа тааралдаж, мэндтэй явдаг болсон. 2017 оны 3 дугаар сараас над руу хэд хэдэн удаа утсаар ярьж, манай гэрт ирдэг болсон, суусан хүнээсээ салсан гэж байсан бөгөөд амьдрал ахуйгаа ярьдаг болсон. 2017 оны 6 дугаар сард гэрт маань очоод надтай сууж амьдарна гэсэн ба би суухгүй гэтэл хутга авч өөрийгөө ална гэсэн, ингэхэд нь би айж хутганаас нь барьж автал миний гар зүсэгдэж байсан. Ингээд би надад хайртай хэвээрээ байсан юм байна гэж ойлгож өрөвдөж, мөн урд нь сэтгэлтэй байсан тул хамт гэр бүл болж амьдрахаар шийдээд, манай гэрт хамт амьдарч байгаад 2018 оны 8 дугаар сард бэр гуйж, хадаг тавьсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 03-нд хуримаа хийж гэрлэсэн. 2019 оны 10 дугаар сарын 05-нд хүү Д.Очир-Эрдэнэ маань төрсөн. Одоо энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь би Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-т гагнуурчин хийдэг бөгөөд маш их ядарч гэртээ ирдэг ингээд гэртээ ирээд амрах гэхээр элдэв үг хэлж хэрүүл маргаан өдөж уурладаг би чиний боол биш хоол ундыг чинь хийж чадахгүй, би чамаас инээж байгаад сална, би чөлөөтэй ганцаараа амьдармаар байна гэх мэтээр хэрүүл маргаан байнга үүсгэдэг, эсвэл намайг ажлаас ирэнгүүт зөрөөд гарч яваад шөнө ирдэг. Элдэв янзын хувцас хунар надаас нууж аваад гэрт нуусан байдаг. Уг нь би юм авна гэвэл огт татгалзаж байгаагүй. Ээж, аавыг минь орж ирэхээр таагүй харьцдаг атлаа өөрийнхөө эцэг, эхийг орж ирэхээр шал өөр харьцаж цай, хоол хийж өгөөд сайхан харьдаг, миний эцэг, эхийг огт хүндэлж харилцдаггүй, миний ээж, аав тийм болохоор манайд нэг их ирдэггүй, ирээд галын өрөөнд сууж байгаад гардаг. Мөн хадам ээж, аав 2 маань бидний амьдралд маш их оролцдог. 2020 оны 8 дугаар сард хүүгийн маань боов улайгаад, түлэгдсэн байхаар нь тос аваад өгөөч хүүгийн боов улайсан байна гэснээс болж маргаан үүссэн, ингээд хэрэлдэж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилж, орилж хашгираад байхаар би түлхсэн. Миний энэ түлхсэн нь буруу үйлдэл байснаа би зөвшөөрнө, ийм ч учраас би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Ингээд дахиад хамт эвтэй амьдрах гэж хичээсэн, 2020 оны 10 дугаар сарын 06-нд дахиад хэрүүл маргаан болоод эхнэр чамтай хамт амьдрахгүй гээд аавынхаа гэр рүү явсан үүнээс хойш хамт амьдраагүй тусдаа амьдраад 3 сар гаран болж байна. Эхнэрийнхээ араас эвлэрэх гэж очтол аав нь манайх босгоо өндөрлөсөн, чи яв хэмээн намайг хөөсөн. Эхнэр надаас байнга хэрүүл өдөж ингэж амьдармааргүй байна, ингэж ядуу амьдармааргүй байна, хүссэн юмаа дураараа авч баймаар байна, чиний эцэг, эх ядуу юм байна гэм мэтээр хэрүүл өддөг. Би чадлаараа ажиллаж бүх цалингаа эхнэртээ өгдөг, миний цалингийн карт эхнэрт байдаг, дураараа зарцуулдаг байсан. Би цалингаасаа өөрөөр мөнгө олох боломж байдаггүй сард би 1,800,000 төгрөгний цалин авдаг. Иймд би энэ хүний хүслийг хангаж чадахгүй юм байна гэдгээ ойлгож байна Иймээс энэ хэрүүл маргаан хэзээ ч тасрахгүй юм байна гэж бодож байна. Тэгээд ч би үүнд нь уурлаж магадгүй цохиж зодох асуудал гарвал хэн хэндээ төдийгүй хүүд маань ч муугаар нөлөөлөх юм байна гэдгийг ойлгосон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаан байхгүй, орон сууц маань миний хуваарьт хөрөнгө гэрлэхээс өмнө буюу 2016 онд ипотекийн зээлээр авсан, зээлээ өөрөө төлдөг. Гэрлэхдээ авч ирсэн тавилгануудаа эхнэр аваад явсан, гал тогооны текээ авна гэж байсан тэрийг нь өгнөө. Хүүг минь эхнэр өөрийн асрамжиндаа авна гэвэл татгалзахгүй, хүүдээ тэтгэмж төлнө. Хэрэв хүүг минь миний асрамжинд өгнө гэвэл хүүгээ асрамжиндаа авна. Хүүгийн асрамжийн асуудал дээр эхнэрийн саналаар шийднэ. Иймд эхнэр Б.******* бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.*******гийн нэхэмжлэлтэй Б. *******т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Надаас түрүүлж хүнтэй сууж үр хүүхэдтэй болсон. Манай хадам ээж болон нөхөр өмнөх салсан бэр, эхнэрээ үргэлж буруутгаж ярьдаг байсан. Ээж хүү хоёрын муу чанар хов ярих. Ер нь энэ хүмүүс өөрсдийнхөө алдааг мэддэггүй хүнээс өө хайж хүний алдааг маш томруулж ярьдаг улсууд. Бид хоёр 2017 онд үерхсэн. Надтай үерхэж байхдаа том хүүг минь ад үзэхгүй өөрийн хүүхэд шиг хайрлана гэж хэлж байсан. Энэ хүн тэмбүү өвчтэй байсан, би өвчнийг нь эмчлүүлсэн. Ээж аав нь өвчтэй гэдгийг нь мэддэггүй өмгөөлж хаацайлаад байдаг. 2019 оны 7 сарын 19-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2019 оны 8 сарын З-нд хурим хийхэд аав ээж нь манай аав ээжээр архи, чихэр, торт авхуулж байсан. Аав ээж нь байрандаа засвар хийхдээ мөнгө нэхэж байсан. Байрны НӨАТ-ын мөнгө ээжийнх нь дансанд орсон тэр мөнгөнөөсөө хүүдээ өгөөгүй цагаан сар хийх гэж байгаа гээд 800000, дүү нь сая төгрөгийн компьютер авна гээд мөнгө нэхэж байсан. Ээж аав хоёр нь мөнгө төгрөг үргэлж нэхдэг байсан. Дүү нь хувцас хунар авах гээд байна хот явах гээд байна гээд дандаа манай нөхрөөс мөнгө нэхдэг байсан. Тэрэнд нь манай нөхөр ээж аавдаа хэлж чадахгүй үргэлж гэртээ ундууцдаг байсан. Нөхөр аав ээж хоёрыг мөнгө авсан зээлснийг аав ээждээ битгий хэлээрэй гэдэг байсан. Манай аав ээж хоёр харин ч мөнгө нэхдэггүй мах авахдаа манайд талыг нь өгдөг байсан. Миний эцэг эх хоёр хэзээ ч бидний амьдралд оролцож байгаагүй тийм ухамсар дорой хүмүүс биш харин ч бидний амьдралд үргэлж тусалж зөвлөгөө өгч байдаг. Манай нөхөр намайг удаа дараа гэрээсээ хөөчхөөд дандаа аав ээжээс минь уучлалт гуйж утсаар ярьдаг байсан. Харин ч тэр болгонд минь аав ээж минь энэрэнгүй хандаж уучилдаг байсан. Би харин ч аав ээжийг нь хүндлээд юм хэлэхэд нь дуугүй хүлцэнгүй байдаг байсан. Ээж аав нь миний буруу ч бай зөв ч бай үргэлж хүүхдийнхээ талд орж намайг доромжилж хүүхдийнхээ муухай аашийг улам өөхшүүлдэг байсан. Ээж нь цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш хүн байж урьдны улирсан баларсан юмаа дандаа сөхөж ярьдаг хүний яриаг сонсохгүй дундуур тас хийж орж ямар ч хамааралгүй гадны хүмүүсийг хэрүүлдээ оролцуулж даарин дээр тос нэмдэг. Намайг хүүхдийг нь цагдаа дуудаагүй байхад надаас чи цагдаа дуудсан уу юу болов гээд надтай ярилцахын оронд ээж нь чи миний хүүгийн байранд болж суусан хулгайч гуйлгачин миний хүүгээс сайн нөхөр аваад суухыг чинь харна аа гэж намайг занаж байсан. Манай аав ээж манай нөхрийг миний хүү гэж дууддаг харин ээж нь намайг ганц удаа ч миний охин гэж дуудаж байгаагүй албан ёсоор гуйж авч бэрээ болгочхоод бэрээ гэж боддоггүй, дандаа надаас өө хайж өмнөх урднах юмаа сөхөж ярьж хүүхдээ хаацайлдаг байсан. Манай нөхөрт би бэрийн заяагүй юм дахиж танай хаалгаар орохгүй гэж хэлчхээд намайг явлаа гэхэд орой нь ороод ирсэн, хэлж ярьсандаа байдаггүй үг үйлдэл нь дандаа зөрдөг. Хүү Д.Очир-Эрдэнэ 2019 оны 10 сарын 5-нд төрсөн. Одоо 1 нас 3 сартай гэрээр хүмүүжиж байгаа болно. Би энэ хүнтэй сайн сайхан амьдрах гэж л нэг гэрт амьдрахыг хичээсэн боловч намайг ойлгодоггүй, хайрладаггүй, хүндэлдэггүй. Би энэ хүнтэй амьдарснаас хойш өдийг хүртэл нөхрийнхөө муухай зан авир аашийг тэвчиж ирсэн. Манай нөхөр ажилдаа нэр хүндгүй,Баярхүү, биеэ тоосон маш уур уцаартай уурлахаараа өөрийгөө хянах чадваргүй болчихдог, би ядарч байна, би хүнд ажил хийдэг гээд гэртээ юу ч хийдэггүй. Хагас бүтэн сайнд гэрээ цэвэрлэх гэж уурлаж гэрээ цэвэрлэдэг, гэрээ цэвэрлэхдээ ингэж уурлаж цэвэрлэж байгаа хүн амьдралдаа би хараагүй. Хүүхэд гэр бүлдээ элгэмсэг бус ханддаг, хүүхдийн хоолой боочихлоо хүүхдээ цонхоор авч цонхоор үсэрнэ гээд дандаа муу амладаг, намайг хүн чинээ тоодоггүй, надад гар хүрдэг,түлхдэг,доромжилдог. Том хүүг минь дандаа ад үздэг. Тийм болохоор том хүү минь аав, ээж дээр минь тусдаа амьдардаг. Гэртээ ганцаараа болон хүүгээ харж байхдаа архи, пиво уугаад суудаг, хүүхдээ харж байхдаа ийм увайгүй зан гаргадаг. Хүүхдээ хараад сайн сууж байхын оронд хажууд нь пиво уугаад надад хаалга үүдээ тайлж өгдөггүй намайг зайл гэж хөөдөг. Намайг найзуудтайгаа 3 цаг суугаад ирэхэд араас байнга утасдаж ирэх болж байна уу өөр хүнтэй болсон юм уу гээд хүнтэй тайван үг солиулдаггүй, гарсан ч орсон ч байнга хардаастай, хүүхдээ харахдаа тээр шаадаг, хүүхдээ харж чадахгүй, миний утсыг байнга шалгаж надад хувийн орон зай өгдөггүй байсан, миний юмыг дандаа эвдэлж хэмхэлж хүний юманд зөвшөөрөлгүй гар хүрдэг. Миний найз нөхөдтэй ганц удаа уулзчихаад миний найз нөхдийг миний араас хутга шаадаг харин манай найзууд тийм биш гэж хэлж байсан. Надаас болж найз нөхөдгүй боллоо миний найзуудын эхнэрүүд ийм тийм гэж найзынхаа эхнэрүүдийг надтай зүйрлүүлж харьцуулж ярьдаг байсан. Хүнийг хүнтэй зүйрлүүлж харьцуулж ярина гэдэг боломгүй асуудал юм. Намайг элдвээр хэлж доромжилдог бөгөөд хэлж байгаа үг нь чи зайлаад өгвөл би жаргах гээд байна,чамаас залхаж байна салаад өг,пизда,лалар, новш, яв, өмнөх нөхрийн болон том хүүгийн минь нэрийг хэлээд тэрэн лүүгээ яв гээд орилоод гэрээсээ намайг удаа дараа хөөсөн. Хүүгээ төрөхөөс өмнө би үйлдвэрт ажилладаг байсан болохоор цалин мөнгөө тусдаа хэрэглэдэг байсан.Энэ хүн өөрөө хүүгээ төрөхөөр миний цалинг аваад түүгээрээ хоол хүнс хүүдээ зориулаарай гээд өгч байсан. Цалингаасаа байрны зээлийн-670000, юнивишн-55000, дугааруудын төлбөр-35000,байр,тог,ус цахилгааны мөнгө-60000-120000, фонд-20000 цаана нь үлдсэн 900000-950000 төгрөгөөр хоол унд, хүүхдийн хувцас, памперс, каш, нухаш, нэмэлт хоол тэжээл гэр ахуйн хэрэглээ саван шампунь тос зэрэгт зарцуулаад дуусдаг, заримдаа хүрдэггүй байсан. Одоо зах зээлд юмны үнэ ханш гэж ямар үнэтэй байгаа билээ дээ. Манай нөхөр үргэлж мөнгө хоол ундны хэрүүл хийдэг байсан. Энэ хүнтэй суухад аав ээж минь надад 10 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр өгсөн. Би тэр мөнгөнөөсөө авч хэрэглэсээр байгаад дуусгасан. Би нөхөртөө цалингийн зээл авч 11,5 сая төгрөгөөр машин авч өгсөн. 4 сарын дараа хүний машин мөргөж тэр хүний болон өөрийн машинаа засварлахад 1 сая орчим төгрөгөөр янзлуулж өгсөн. 2 сая төгрөгөөр алтан гинж авч өгсөн боловч сургалтын төлбөрөө төлж чадахгүй гээд алтан гинжээ ломбардад тавьсан. 2019 оны 7 сард нөхөр маань могой алсан гээд лусын засал хийлгэж байсан. Би хот орж хуримын плаж нөхөртөө костюм пиджак 500.000 төгрөгөөр, арьсан цүнх 150.000 төгрөгөөр авч өгсөн. Би нөхөртөө подволк, өмд, цамц, савхи гээд зөндөө хувцас авч өгч байсан. Энэ бүх авч өгсөн зүйлс нийлээд 5 сая төгрөг. Жирэмсэн 3 сартай байхад гэрээсээ хөөж байсан. Манай аав ээжээс дахиж хөөхгүй гэж уучлалт гуйгаад буцаад эвлэрсэн. Намайг хүүгээ төрүүлээд сар ч хүрээгүй байхад муудалцаад нялх биетэй намайг хөлөөс минь чирээд гэрийн хувцастай гэрээсээ гаргаж байсан. 2020 оны 5 сарын 10-нд бас муудалцаад гэрийн тавилга сүйтгэж жаазтай хуримын зургаа шидсэн намайг элдэв бусаар доромжилсон болканы цонх хагалж гараа зүссэн. Би аав ээжид битгий хэлээрэй санаа нь зовчино гээд байхаар нь хэлээгүй нуун дарагдуулж 7 хоног акттай гэргээ байхад нь юу ч хийлгэхгүй хоол ундыг нь хийж асарч тойглож, бүр эмнэлэгт хэвтүүлсэн. 2020 оны 7 сарын10-нд хүүхдээ харж байж архи уугаад хаалга үүдээ тайлж өгөхгүй чемадонтой хувцсыг минь гаргасан. Аргаа ядаад чемадонтой хувцсаа байрны дэлгүүрт оруулж тавьчхаад Дэнжид аавынд нь очоод байж байтал манай ээж Дашка хүү минь хоолой нь боочих гээд байна эмнэлэг орлоо гээд ярихаар нь байр байдлаа хэлж ээжийг нь дагуулаад гэртээ орсон. Нөхөр хүүгийн бөгсөн дээр тарьсан тайвширчихлаа гэхээр нь би ямар зүүгээр тарьсан гэсэн чинь тарианы зүүгээр тарьсан гэхээр нь хүүхдийг хэзээ ч тарианы том зүүгээр тарьдаггүй юм уян зүүгээр тарьдаг юм яагаад худлаа яриад байгаач хүн чинь үр хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг байтал чам шиг муу амлаж өвчин хүсдэг ийм эцэг хүн амьдралдаа үзээгүй гэж хэлсэн. 2020 оны 8 сарын 8-нд гэртээ ганцаараа үлдчихээд пиво ууж надад агсам тавьж миний хувцас хунарыг газар шидэж хүүгийн минь зургийг газар шидэж ураад хогийн сав руу хийгээд хүүд чинь дургүй, миний мах цусны тасархай биш гэж хэлсэн.Бас хуримын зургаа цонхоор шидсэн. Намайг гэрээс зайл яв гэж хөөсөн, салмаар байна салаад өг гэсэн. Хадмуудад хэлэхээр хүүхдээ өмөөрөөд унана гээд хэлээгүй. Аав ээж минь хөдөө явсан болохоор би хүүтэйгээ айлд очиж хоночхоод маргааш нь хамаатны эгчийндээ очиж учир байдлаа хэлсэн. Нөхөр орой нь ирээд миний буруу уучлаарай дахиж ингэхгүй, манай эгчээс бас уучлалт гуйгаад байхаар нь уучлаад итгээд гэртээ харьсан.Ээж минь хамаатны эгчээс бид 2н муудалцсаныг мэдээд хадам ээжтэй уулзаад хоёр хүүхдээсээ уучлалт гуйгаад 2 хүүхдийнхээ сайн сайхны төлөө уучлалт гуйя гэж хэлсэн боловч хадам ээж хойшлуулсан. 2020 оны 8 сарын 24-нд муудалцаж тек рүү ор луу түлхэж миний бие хааг хөхрүүлсэн. Чанга чарлаад хүүхэд айлгасан. Би энэ 8 сард болсон үйл явдлаа аав ээждээ хэлээгүй нуун дарагдуулсан. 2 ээжийг дуудаад дөрвүүлээ ярилцсан. Болсон процессоо ярьж байсан чинь ээж нь ямар ч хамааралгүй хүмүүсийг хэрүүлдээ оролцуулсан. Ээж бид 2г үг хэлүүлэхгүй өөрөө ганцаараа яриад байсан. Цэцэрлэгийн багш хүн байж ямар ч ёс суртахуунгүй хүний үгийг гүйцэд сонсохгүй би хүүд нь хөөгдчихөөд байхад надаас өө хайгаад намайг буруутгаад байсан.Нөхөр хүүгээ авч үлдэнэ гээд намайг хойгуур урдуур зөрөх тоолондоо чи ээжийгээ ирэхээр зайл гээд байсан одоо зайл гээд байхаар нь ээжийгээ дагуулаад гарсан. Ээжтэйгээ хоёулаа ямар ч буруугүй миний ээжийг охиноо авч гарсан гэж буруутгаад байсан. Тэр орой нь аавындаа очиж хоночхоод маргааш нь хадам ээж, ээж рүү яриад нойргүй хоносон гээд бөөн уур ярьсан,ганц өдрийн нойр дааж чадахгүй, ганц ач хүүгээ харж чадахгүй, ганц хүүгээ хүмүүжүүлж чадахгүй ганц сайн хийдэг зүйл нь хов ярих, хүнээс өө хайх ийм эх хүн байдаг юм уу гэж би бодсон тэгээд хоёр ээж хоорондоо яриад намайг гэр лүү буцаахаар болов, би нялх үрээ бодож гэртээ очсон нөхрийнхөө хоол ундыг хийчхээд миний бие ингэж хөхөрсөн байна гэж хөхөрсөн бие хаагаа харуулахад юу ч хэлээгүй надаас уучлалт ч гуйгаагүй би бариач дээр очтол намайг чиний сав гэмтсэн байна гэсэн тэгээд бариулчхаад сэтгэл санаа тогтворгүй байхаар нь дэлгүүр хэсээд хумсаа будуулчхаад (нөхөртөө таалагдах гээд гоё болж байхад) гэртээ орох гэтэл гэрийн хаалгаа дотроо түгжээд намайг оруулахгүй чи зайл гээд цаана нь миний хүүг уйлуулаад байсан. Нялх хүүхэдтэй эхнэрээ гэртээ оруулахгүй хөхийг нь чинэрүүлээд үр хүүхдээ бодохгүй хүүхэд чарлуулаад байхад нь миний зүрх маш их эмтэрсэн. Тэгээд над руу залгахаар нь би хэрүүл өдөх гэж залгаж байгаа биз гээд утсаа аваагүй би номин ороод хэрэглэл авах гээд зогсож байсан чинь аав залгаад Дашка хүүгээ авч цонхоор үсэрнэ та муу сайнууд цагдаагаа дуудаарай гэж хэлсэн гээд утсаа тасалсан. Аав ээж хоёр надад хаалгаа тайлж өгдөггүй юм чинь бид хоёрт тайлж өгөхгүй гэж бодоод сандарсандаа цагдаа дуудсан гэж хэлсэн. Би ум хумгүй гэр лүүгээ яваад цагдааг хүлээж байгаад цагдаатай цуг гэртээ ортол цагдаа эхнэртээ хүүхдээ өг гэж хэлэхэд намайг энэ миний эхнэр биш гэж хэлсэн. Тэр үгийг нь сонсоод надад би энэ хүний зүгээр л хэрэглээний хүн, намайг эхнэрээ гэж хүндэлж хайрладаггүй болоод элдэв бусаар доромжилж эцэс сүүлд нь миний эхнэр биш гэж хэллээ дээ гэж бодсон. Хүүгээ хувцаслаад байж байтал ээж, аав нь орж ирээд намайг хүүхдийг нь цагдаа дуудаагүй байхад надаас чи цагдаа дуудсан уу юу болов гээд надтай ярилцахын оронд ээж нь чи миний хүүгийн байранд болж суусан хулгайч гуйлгачин миний хүүгээс сайн нөхөр аваад суухыг чинь харна аа гэж намайг занаж байсан. Аав нь бид нарыг хорлоод байдаг юм уу гэсэн. Би маш их сэтгэл санааны гүн дарамтад орж хамаг бие минь чичирч зүрх минь өвдөж ядаргаанд орж эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гарахын өмнөх өдөр хүүг минь халуураад байна гэхээр нь орой нь дуслаа хийлгэчхээд гэрээрээ орж хүүхдээ авахад хадам аав за ашгүй дээ өнөөдөр бүтэн нойртой хонох нь дээ гэсэн хүмүүс чинь ач зээгээ хараад гоё байна гэж ярьдаг тэгэхэд манай хадам аав ач хүүгээ харж байж ингэж хэлж л байдаг миний хүүг хүн чинээ бодохгүй яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ гэж надад бодогдсон. Сүүлд нь цагдаад өргөдөл бичиж өгөөд нөхөр 7 хоног баривчилгаанд явсан. 9 сарын 1 Онд аавын гэрт ирж надаас уучлалт гуйсан. 9 сарын 20-нд нөхөртэйгөө эвлэрэхээр уулзахад чи ганцаараа цагдаад өгнө гэх шийдвэр гаргаагүй аав ээж чинь чамд хэлсэн гээд ямар ч гэм зэмгүй аав ээжийг минь буруутгаад байсан. 9 сарын 23-нд хүү бид 2г гэртээ буцааж авчирчхаад байраа зарна гээд байсан надад энэ талаар хэлээгүй надтай ярилцаагүй байж ганцаараа шийдсэн байсан. 7 хоногийн дараа муудалцаад намайг гоо сайхны ширээ рүү түлхэж мөр лүү кулкацдаж миний утсыг булааж авсан чанга орилж хүүхэд айлгасан. Тэр орой нь уучлалт гуйгаад байхаар нь буцаад эвлэрсэн.10 сарын 4-нд найзтайгаа уулзах гээд гартал араас залгаад ирэх болж байна уу надаас өөр хүнтэй болсон юм уу гэж хардаж сэрдээд муудалцаад зайл бүгдийг нь ална гэж хутга аваад над руу дайраад байсан,хутгаа кармандаа хийгээд байсан бас цагдаа сэргийлэх яриагүй байхад чи цагдаагаа дууд чи цагдаа дууддаг л юм байна лээ гээд байсан. Миний хүүгийн төрсөн өдрөөр манай аав ээж хүүдээ хоол хийж өгөөрэй гээд хонины мах өгсөн , харин тэдний ээж нь хүүгээсээ багш нарын баяр гээд 100.000 төгрөг, винотой авсан юм байж хүүд минь төрсөн өдрийн бэлэг өгөөгүй төрийн байгууллагын цалин бага гэдгийг би ойлгодог ч хүүгээсээ мөнгө авчхаад миний хүүд бэлэг аваад өгчих сэтгэлгүй юм болов уу гэж бодсон, миний хүүг харчхаад хөөрхөн шүү гээд хошуу дэвсдэг мөртлөө ганц ач хүүгийнхээ төрсөн өдрөөр нь бэлэг өгөөгүй, миний хүүг хүн чинээ тоогоогүйд нь маш их гомдсон. 10 сарын 6-нд хүүгийнх нь байгаа байдлыг нь ээжид нь хэлээд нөхрөө ажлаасаа ирэхэд нь зөрж гарах гэтэл явуулахгүй гэж чаргууцалдаад би явна гэж зүтгэсээр байгаад гараад ирсэн. Ээж нь тэр орой нь ирээд яасан ийсэн гээд ярилцах гээд байхаар нь жоохон яриаг нь сонсож байгаад гараад ирсэн ээж нь би ёстой Очкогоо боддог гээд байсан боддог байсан хүн бид 2г эмнэлэгт хэвтэж байхад ээжид минь Хишигээ рүү залгасан утсаа аваагүй гээд байсан тэгээд ч над руу ганц залгаж яриагүй,Хишигээг эргэхээр гарж ирэхгүй байх л даа гээд байсан ийм сэтгэлгүй байж миний хүүг худлаа боддог гээд яахав дээ. Үүнээс хойш одоог хүртэл хүүхэд дээрээ ирж уулзаагүй. 11 сард хүүхдийн минь хоолой боочих гээд сандаргаад эмнэлэгт хэвтсэн. Манай ээж ээжид нь хүүг эмнэлэгт хэвтсэн гээд хэлсэн. Тэрнээс хойш эмнэлэг дээр хэн нь ч сэтгэл гаргаж ирээгүй. Хүүхдээ болон ачаа хог новш шиг хаядаг хүмүүс байна гэж би бодсон. Хүүхэд нь үхэл амьдралын зааг дээр байхад тоож ирээгүй улсуудад миний хүүхэд үхнэ үү байна уу тэд нарт хамаагүйг ойлгосон болохоор дахиж хүүгээ эмнэлэгт хэвтсэн гэж хэлээгүй. Намайг хурдан юмаа ав гээд байхаар нь юмаа авахад хоёр зурагтаа авсан байсан, сүүлд нь үлдсэн юмаа авах гэтэл гэрийнхээ хаалганы голыг сольж намайг гэртээ оруулахгүй гээд хүнлэг бус харьцсан. Тэгээд гэртээ орсон хойно нь сэмээрхэн чагнасан чинь эмэгтэй хүн миний хайраа гээд дугараад байсан. Миний амьдрал залуу насаар минь тоглосон.Нэг биеийг минь 2 болгож хорвоо дээр 2 хүүхэдтэйгээ сайхан амьдаръя гэж явчхаад 2 жил ч болоогүй би ийм эр хүн ,зээгүй. Би асар их гомдолтой байна. Гэр бүлийн хуулийн дагуу шийдээд өгөөрэй. Ямар сахилга шийтгэл оногдуулдгийг нь үзмээр байна. Надад гомдсон ч хүүхдээ гэх сэтгэлгүй ухамсар дорой хүнтэй цаашид амьдрах шаардлагагүй гэр бүлийн хуулийн дагуу шийдэж өгөөрэй гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Б.******* нь өөрийн хүү Д.Очир-Эрдэнийг өөрийн асрамжинд авах, нөхөр болох П.*******гоос 2019 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн хүү Очир-Эрдэнэд хүүхдээ тэжээн тэтгэх тэтгэврийг хуулийн дагуу тогтоолгон гаргуулах шаардлагыг сөргүүлж гаргаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Б.******* нь П.*******той 2014 онд үерхэж байгаад ******* өмнө нь гэр бүлтэй хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй нууж бид салсан, би өөр хүнтэй үерхсэн. 2017 онд бид дахин уулзалдаж, улмаар хамт амьдрах болж 2019.8.3-нд хурим хийж, гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас хүү Д.Очир-эрдэнэ 2019.10.5- нд төрж, эцэг эх нь болцгоосон. Одоо 1 нас 4 сартай хүүгээ асрах чөлөөтэй байгаа. Хамтдаа амьдрах хугацаанд бид үе үе бие биетэйгээ үл ойлголцож, үзэл бодол байнга зөрчилдөх болж, хэрүүл маргаантай байж, улмаар ******* уурласан үедээ бухимдлаа барьж хянаж чадахгүй надад хүч хэрэглэсэн асуудлууд гарч байсан. Ингээд 2020.10-р сард би төрсөн гэртээ хүүтэйгээ ирсэн байгаа.

Миний хүү бидний хууль ёсны гэр бүлээс төрсөн. Хүүг төрсний дараа хүүгээ байрны хамтран өмчлөгчөөр нэрийг нь бүртгүүлнэ гэж ярьж байсан. МУ-ын үндсэн хуулийн 16.3-д заасны дагуу хөдлөх болон ҮХЭХ олж авах, өмчлөх эрхтэй гэсэн заалт, мөн хүүхдийн эрхийн тухай хуулийн 8.1.3-д заасны дагуу хүүхдэд өөрт оногдох эд хөрөнгийг өмчлөх эрхтэй... гэсэн заалт ГБХ-ийн зохих зүйл заалтад заасны дагуу хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг тус тус заажээ. Хүүхдийн эрхийн тухай конвенц гэдэг бичиг баримтанд зааснаар хүүхдийн жам ёсны эрхэд багтах амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлж хангах гэж заасан байна. Хүү минь амьд явж, амьдрахын тулд орон байр, өмсөх хувцас, хоол хүнстэй байх зайлшгүй шаардлагатай. П.*******гийн Гок гарден 5а-91 тоот байр нь гэр бүл болж амьдрахад зориулагдсан ҮХЭХ бөгөөд түүний хүү нь энэ гэрт төрсөн. Гэр бүлийн гишүүн хүү Д.Очир-Эрдэнэд энэ орон гэрт төрж өссөн, мөн тэрээр хүүгээ өмчлөгч болгоно гэж байсныг харгалзан Д. Очир-Эрдэнийг 5а-91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие Б.******* нь П.*******той 2014 онд үерхэж байгаад П.******* өмнө нь гэр бүлтэй хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй нууж бид салсан, би өөр хүнтэй үерхсэн. 2017 онд бид дахин уулзалдаж, улмаар хамт амьдрах болж 2019 оны 8 дугаар сарын 03-нд хурим хийж, гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас хүү Д.Очир-Эрдэнэ 2019 оны 10 дугаар сарын 05-нд төрж, эцэг, эх нь болцгоосон. Одоо 1 нас 4 сартай хүүгээ асрах чөлөөтэй байгаа. Хамтдаа амьдрах хугацаанд бид үе үе бие биетэйгээ үл ойлголцож, үзэл бодол байнга зөрчилдөх болж, хэрүүл маргаантай байж, улмаар П.******* уурласан үедээ бухимдлаа барьж хянаж чадахгүй надад хүч хэрэглэсэн асуудлууд гарч байсан. Ингээд 2020 оны 10-р сард би төрсөн гэртээ хүүтэйгээ ирсэн байгаа. Миний хүү бидний хууль ёсны гэр бүлээс төрсөн. Хүүг төрсний дараа хүүгээ байрны хамтран өмчлөгчөөр нэрийг нь бүртгүүлнэ гэж ярьж байсан. МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасны дагуу хөдлөх болон ҮХЭХ олж авах, өмчлөх эрхтэй гэсэн заалт, мөн хүүхдийн эрхийн тухай хуулийн 8.1.3-д заасны дагуу хүүхдэд өөрт оногдох эд хөрөнгийг өмчлөх эрхтэй... гэсэн заалт ГБХ-ийн зохих зүйл заалтад заасны дагуу хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг тус тус заажээ. Хүүхдийн эрхийн тухай конвенц гэдэг бичиг баримтанд зааснаар хүүхдийн жам ёсны эрхэд багтах амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлж хангах гэж заасан байна. Хүү минь амьд явж, амьдрахын тулд орон байр, өмсөх хувцас, хоол хүнстэй байх зайлшгүй шаардлагатай. П.*******гийн Гок гарден 5а-91 тоот байр нь гэр бүл болж амьдрахад зориулагдсан ҮХЭХ бөгөөд түүний хүү нь энэ гэрт төрсөн. Гэр бүлийн гишүүн хүү Д.Очир-Эрдэнэд энэ орон гэрт төрж өссөн, мөн тэрээр хүүгээ өмчлөгч болгоно гэж байсныг харгалзан Д. Очир-Эрдэнийг 5а-91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Миний бие хүүгээ төрүүлэхдээ 2019 оны 08 дугаар сараас төрөхийн өмнөх жирэмсний амралт, төрсний дараах хүүхэд харах чөлөөтэй цалин хөлсгүй байна. Хүүхэд харах хугацааны чөлөөний мөнгө 450.000 төгрөг, хүүхдийн хоол тэжээл асаргааны зардалд зарцуулагддаг. Хамт амьдрах хугацаанд нөхөр П.*******гийн үл хайхрах, үл хүндэтгэл, хамтран дэмжих туслах эс үйлдэл, хүч хэрэглэсэн айдас түгшүүр, сэтгэл зүйн дайралт зэргээс сэтгэл сэтгэл гутрал үүссэн. Үүнийгээ төрсөн гэртээ очсоны дараа эмчид үзүүлж, сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэж ойлгосон. Нэгэнт хамт амьдрахгүй гээд салъя гээд юм аа авч, явахыг шаардсан тул хүүгээ авч, төрсөн эцгийнхээ гэрт очлоо. Хүү минь 1 нас 4 сартай. Одоо цар тахал гарсан тул цэцэрлэг ажиллахгүй, бага насны хүүхдийг 3 нас хүргэж цэцэрлэг авч байгаа, мөн хэрэв энэ хүнтэй амьдарна гэж түүний үр хүүхдийг гаргаагүй бол би ажлаа хийгээд явах ёстой, цалин орлогоо аваад явах байсан. Иймд гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу нөхөр П.*******гоос тэжээн тэтгүүлэх эрхтэй гэж үзэж байна. Хуулийн дагуу 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу миний тогтмол олдог орлого, цалин хөлс минь 1.972.300 төгрөг ба, одоо хүүхэд харсны 450.000 төгрөг авдаг, би зөрүү 1.522.300 төгрөгийг хүүхэд 3 нас хүртэлх хугацаагаар буюу 1 жил 8 сарын хугацаагаар тэтгүүлэхээр гаргаж өгнө үү. Хэрвээ би ажлаа хийж байсан бол 2 жилийн 13 дахь цалин 4 сая төгрөг авах байсан. Энэ нь надад хохирол болж үлдэж байна. Хуулинд 0-3 настай хүүхэдтэй эхнэрээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм байна. Амьжиргааны түвшингийн хэмжээгээр 200*18 сар 3 сая 600 төгрөг, сэтгэл заслын эмчилгээнд 240.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2021/00310 дугаар шийдвэрээр:

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Боржигон овогт Пүрэвсүрэнгийн ******* /Регистрийн дугаар: ФА92111053/-ийн Саарал овогт Балдангийн ******* /Регистрийн дугаар: ФА95031680/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.Очир-Эрдэнийг эх Б.*******ийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Д.Очир-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогт Пүрэвсүрэнгийн ******* /Регистрийн дугаар: ФА92111053/-оор сар бүр тэжээн тэтгүүлж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******гоос 3.840.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.*******т олгож, цалин орлогын зөрүү 30.446.000 төгрөг, 2 жилийн 13 дахь сарын цалин 4 сая төгрөгийг гаргуулах, хүү Д.Очир-Эрдэнийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, Гок гарден хотхоны 5а-91 тоотод байрлах орон сууцны хамран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1,63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 212.950 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 146.590 төгрөг гаргуулан хариуцагч Б.*******т олгож, 34.214 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж, хариуцагч Б.*******ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, 330.180 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.******* давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн дунд шатны шүүхийн 2021 оны 3 сарын 19-ны өдрийн 00310 тоот шүүхийн шийдвэрийн зарим заалтыг эс зөвшөөрч байна. Уг шийдвэрээр *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулахыг би хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцалсан, харин хүүг ҮХЭХ хамтран өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хүү минь бидний амьдарч байсан ҮХЭХ-нд төрсөн үеэсээ өсөж торниж байсан. Хүүхдийн эрхийн тухайн конвенц гэдэг бичиг баримтанд хүүхдийн жам ёсны эрхэд багтах, амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих, бололцоог дээд зэргээр бүрдүүлж хангах гэж заасан байна. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8.13-д заасны дагуу... хүүхэд өөрт ноогдох эд хөрөнгийг өмчлөх эрхтэй зэргээр хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг тусгажээ. Гок Гарден 5а-91 тоот байр нь ******* бид 2-н хамт амьдрахад зориулагдсан байр бөгөөд хүүг төрсний дараа бид 2 хүүгээ уг байраа нэр дээр нь шилжүүлнэ гэж ярьж байсан.Намайг *******гийн ээж байр эд хөрөнгөнд болж суусан гэх зэргээр ярьдаг байсан. Би байр гэж энэ хүнтэй амьдралаа нэгтгээгүй. Тиймээс би хамтран өмчлөх ёстой гэж заавал маргах шаардлага байхгүй. Харин бид үр хүүхдээ үл хайхарч гудамжинд хөөж гаргаж болохгүй. Шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байж чадсангүй. ИХ-н 126-р зүйлийн 126.3-т зааснаар гэр бүл болоход нь зориулагдсан буюу ГБТ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсонтой холбоотойгоор гэр бүлийн хамтын амьдрал, ахуй хэрэгцээг хангах зорилгоор өмчлөгдсөн, гэрлэгчдийн хэн нэгний, эсвэл тэдгээрийн төрөл садангийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож болно гэж хуулийн зүйл заалтыг тусгасан байдаг гэж байна. Шүүгч гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцаа нь гэрлэлттэй шууд холбоотой, гэрлэлтээс үүссэн байдаг гэсэн аливаа дундын өмгөөлөгчийн эд хөрөнгийн эрх зүйн үндэслэл 108.1-д хуульд зааснаар, гэснийг гэрлэлтийн үндсэн дээр үүссэн гэр бүлийн дундын өмчлөлийн эрхэд хамаарна гэж 2 өөр ойлголт нэгтгэн тайлбарласан нь буруу гэж үзэж байна.Үүнийг би дээр бичсэнээр 126.3-т заасныг тайлбарласнаар няцааж байна. Хүү Очир- Эрдэнэ тус орон сууцанд төрж өссөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй, учир нь гээд .... хуваарьт хөрөнгийг дундаа хамтран өмчлөхийг шаардаж болохгүй гэж хүүхдийн эрхийн конвенц, үндсэн хууль болон бусад эх сурвалжийг харгалзахгүй явцуухан хүрээнд хүү Очир-Эрдэнийг үл хайхран хүчирхийллийн хэлбэр болгосон *******гийн талд үйлчилсэн хууль бус дүгнэлтийг хийлээ. Би *******той ханилан сууж.хүмүүсийн адил сайхан амьдрах гэж гэр бүл болж хүүхдээ төрүүлсэн.Үр хүүхдээ үл хайхарч, амар тайван амьдрах боломжгүй болгон орон гэрээсээ хөөж явуулсан, цэцэрлэгт орох насанд хүрээгүй хүүгээ аваад төрсөн гэртээ ирж аав, ээжийнхээ тус дэмээр байж байна. Энэ хугацаанд хагас жил өнгөрөхөд хүүхдээ гэж сайн дураараа тэтгэн асраагүй, хүүгээ эрүүл саруул өсгөхөд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа тул 37.1-р тэжээн тэтгэх үүргийг олох ёстой байсан орлогынхоо хэмжээгээр нэхсэн.Учир нь сар бүр 450000 төгрөг үүнээс хүүд: памперс л гэхэд 17900х5хоног (сард-107400), каш л гэхэд 16000х5хоног (сард-96000), биеийн тос, саван, шампунь, нэмэлт хоол тэжээл, амин дэм, мах, сүү гэх мэт Энэ дээрх зүйлд миний 450000 хүрэлцэхгүй дээр нь мобифинанс лендмнээс зээл авч урд хойдхоо нөхөж буй нь миний хуулгаас харагдана. Тэгэхээр надад сэтгэл санааны хор хөнөөл болон эд материалын хохирол учруулсан гэж үзэж цалингийн зөрүүг авах ёстой хэмжээгээр нэхсэн. Шийдвэрийн энэ заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-03-19-ний өдрийн 310 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Б.*******ийн гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болоод үндэслэл бүхий гарсан, Иргэний хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Б.*******тэй 2019 оны 8 дугаар сарын 03-нд хуримаа хийж гэрлэсэн. Харин би 2016 онд Гок Гарден 5а тоотод орших орон сууцыг ипотекийн зээлээр /миний төрсөн эцэг Пүрэвсүрэн хамтран зээлдэгчээр/ 'худалдан авсан, миний хуваарьт хөрөнгө юм. Энэхүү орон сууцыг би гэрлэхээсээ өмнө өөртөө худалдаж авсан болохоос биш Б.*******тэй гэрлэж, гэр бүл бодоход зориулж авсан үл хөдлөх хөрөнгө биш юм. Тиймээс хүү Д.Очир-Эрдэнийг хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэл байхгүй юм. Хүү маань одоо дөнгөж ой гарантай байна, том болж насанд хүрэхээр нь хүүтэйгээ өөртэй нь ярьж байж эд хөрөнгийн асуудлыг шийднэ гэж бодож байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож мөнгө гаргуулах тухай гомдолд бичжээ. Миний бив амьжиргааны түшингээр тооцож нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 3.600.000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд мөн сэтгэл заслын эмчилгээ хийлгэнэ гэж нэхэмжилсэн 240,000 төгрөгийг мөн бүрэн төлсөн байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож мөнгө өгөх үндэслэлгүй байна. Мөн эд хөрөнгийн ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.******* анхан шатны шүүхэд гаргасан байгаа энэ нь шүүхээр шийдвэрлүүлэх байх. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-03-19-ний өдрийн 310 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* Хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, хүү Д.Очир-Эрдэнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, амьжиргааны түшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх 3.600.000 төгрөг, цалингийн орлогын зөрүү 30.446.000, 2 жилийн 13 дахь сарын цалин 4.000.000 төгрөг нийт 38.046.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч П.******* хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж гэрлэгсдийн гэрлэлтийг цуцалж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх 3.600.000 төгрөг, сэтгэл заслын эмчилгээний төлбөр 240.000 төгрөгийг гаргуулж Б.*******т олгож, Гок гарден 5а-91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, цалингийн зөрүү 30.446.000 төгрөг, 2 жилийн 13 дахь сарын цалин 4.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрлэгсэд хамтран амьдрах хугацаандаа таарамжгүй харилцааны улмаас байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан, хариуцагч Б.******* гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан болох нь тогтоогдсон ба шүүх гэрлэгсдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагч Б.*******ийн тус шүүхэд гаргасан цалин орлогын зөрүү 30.446.000 төгрөгийг хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр хүүхдийг 3 нас хүртэл хугацаанд тооцох, Гок гарден 5а-91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай давж заалдах гомдлын тухайд:

1.Гэрлэгсдийн амьдарч буй Гок гарден 5а-91 тоотод байрлалтай орон сууц Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх гэж заасны дагуу нэхэмжлэгч П.*******гийн өөрийнх нь хуваарьт хөрөнгө байх ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн хариуцагч Б.******* ...хүүхэд өөрт ноогдох эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, тус сумын Гок Гарден 5а-91 тоот байр нь ******* бид 2-ын хамт амьдрахад зориулагдсан байр бөгөөд хүүг төрсний дараа бид 2 уг байраа хүүгийнхээ нэр дээр нь шилжүүлнэ гэж ярьж байсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

2.Нэхэмжлэгч П.******* нь хүү Д.Очир-Эрдэнийг Гок гарден 5а-91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу хүү Д.Очир-Эрдэнийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэхээргүй байна.

3.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хариуцагч Б.******* нь нэмэлт тэтгэлэг эсхүл гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй хэдий ч түүний нэхэмжилж буй хүүхэд асрах хугацааны цалингийн зөрүү төлбөр 30.446.000 төгрөг, 2 жилийн 13 сарын цалин 4.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон нэмэлт тэтгэлэг, зардалд хамаарахгүй ба шүүх уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй юм.

Учир нь Гэр бүлийн тухай хуульд хүүхдээ 3 нас хүртэлх хугацаанд асарч байх хугацааны цалингийн зөрүү төлбөрийг тэтгэвэр авагчид хэрхэн төлүүлэх талаар тусгайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломгүй юм.

Харин шүүх нэхэмжлэгч П.******* нь хуульд заасны дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх 3.600.000 төгрөг, хариуцагчийн сэтгэл заслын эмчилгээний төлбөр 240.000 төгрөг бүгд 3.840.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.*******ийн шүүхэд гаргасан цалин орлогын зөрүү 30.446.000 төгрөгийг хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр хүүхдийг 3 нас хүртэлх хугацаанд тооцох, Гок гарден 5а-91 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай тухай давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2021/00310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380.380 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ