| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04113/И |
| Дугаар | 191/ШШ2025/04326 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04326
| 2025 05 15 | 191/ШШ2025/04326 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ВЭТПС ХХК нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК/рд:6462928/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 1 408 344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197/Ш32025/12732 дугаар захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч ******* ХХК-ийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжлуулж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд нэх гаргасан. Шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг захирамжид хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар дурдсан тул энэ нэхэмжлэлийг гаргасан гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ8/, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар /ХХ9/, хэлцэл /ХХ10/, түрээсийн гэрээ /ХХ11-14/, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 24/117 дугаар албан тоот /ХХ17/, нэхэмжлэх 4 ширхэг /ХХ18-20, 40/, төлбөрийн цахим баримт 3 ширхэг /ХХ21-23/, бэлэн мөнгөний зарлагын баримт 3 ширхэг /ХХ41-43/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12732 дугаар захирамж /ХХ44-46/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Чингэлтэй дүүрэг,*******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ7/
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан зохицуулалт нь тухайн этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байхаас гадна түүний оршин байгаа хаяг тодорхойгүй байхыг ойлгоно.
6. Нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан талуудын эрх, үүргийг тодорхойлсон хэлцлээр тогтоогдож байна. /ХХ10/
Түүнчлэн “*******” ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “СЭБЭС” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж байсан байна. /ХХ11-14/
Тодруулбал, дээрх хэлцлийг түрээсийн гэрээний зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр байгуулжээ.
7. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээд заасан *******,*******,******* хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тус хаягт оршин байдаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12732 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Улмаар дээрх захирамжаас үзэхэд шүүх хуульд заасан ажиллагаа явуулахад “*******” ХХК нь *******,*******,, хаягт оршин байрлах бүртгэлтэй болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ******* дэх хаягаар мэдэгдэх хуудас явуулсан боловч оршин байдаггүй нь тогтоогдсон баримт байдаг гэх боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
Энэ талаар шүүх хуралдаанд ямар нэг хүсэлт гаргахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэх боломжгүй.
8. Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон хаягт “*******” ХХК нь оршин байдаггүй гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн хувьд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэлгүй тул “*******” ХХК-г эрэн сурвалжлах тухай “*******” ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД