Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Ө.Цоодол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пэл овогт         Өлзий-Оршихийн Цоодолд холбогдох эрүүгийн “1811004850227” дугаартай, 186/2018/0229/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг, хужирт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг,эх, дүү нарын хамт Өвөрхангай аймаг Хужирт сум Шивээт 4 дүгээр баг 8-153 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүрэг Монгол нэхмэл ажилчдын байрны 09 тоотод түр оршин суух бүртгэлтэй, Пэл овогт Өлзий-Оршихийн Цоодол /РД:ЙС92010116/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Ө.Цоодол нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвд Л.Пүрэвхуягаас “20 ширхэг ямааны гулууз мах худалдан авья” гэж хуурч улмаар 6 ширхэг ямааны гулууз махыг залилан авч 356.400 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Ө.Цоодол нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Пүрэвхуягийн:..Би хувиараа мах зардаг 2018 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн үед Хүчит шонхор зах дээр ямааны гулуузууд зарах гээд очсон. Тэгээд байж байхад үл таних 2 залуу ирээд надаас 20 ширхэг ямааны гулууз мах авъя гэсэн. Тухайн үед мах авъя гэсэн залуутай үнэ ханшаа тохиролцсон. Тэгээд 1 ямааны гулууз махаа 1 кг махыг  3800 төгрөгөөр өгөх болсон. Намайг залилсан залуу эхлээд 6 ширхэг гулууз махыг килограммыг нь хэмжээд тэргэн дээр тавиад машин дээр аваачсан. Тухайн үед тэр залуутай хамт явж байсан танихгүй залуу үлдсэн махнуудыг килограммыг нь бичээд миний машины дэргэд зогсоод үлдсэн. Тэгээд намайг залилсан залуутай би хамт яваад түүний машинд 6 ширхэг гулууз махаа аччихаад үлдсэн 16 ширхэг гулууз махаа авна гээд байхаар нь өөрийнхөө машин дээр ирсэн. Тухайн үед тэр залуутай хамт байсан махны жин бичээд зогсож байсан залуу миний машин дээр байж байсан. Тэгээд намайг залилсан залуу бид 2 эргэж ирээд 14 ширхэг гулууз махны жинг үзээд байж байхад намайг залилсан залуу хамт явж байсан залуугаа Манай энэ хүн таньруу мөнгөө мобайлаар хийнэ гэж хэлсэн. Тэр үед махны жин бичиж байсан залуу нь би хийнэ гэж надад хэлсэн. Тэгээд махаа жинэлж байхад намайг залилсан залуу гэнэт мах ачих тэрэг олоод ирье гээд тэр залуу явсан. Тухайн үед тэр залууд хандан хажууд хоосон тэрэг байна шүү дээ гэж хэлсэн чинь тэр залуу зугтаасан. Тэгээд би тухайн үед залуугийн хойноос машин дээр нь очсон чинь байхгүй яваад өгсөн байсан. Тэгээд буцаж ирээд надаас зугтсан залуутай хамт явж байсан залууг нь барьж аваад мөнгөө авъя гэсэн чинь тэр залуу надад хандан би бас залилуулчихсан, тэр хүн надад хонины мах хямдхан олж өгнө гэж хэлсэн гэж тэр залуу надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр хамт явж байсан залууг нь дагуулж ирээд гомдол гаргасан гэх мэдүүлэг. /хх 12-13/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Пүрэвхуяг гэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Дэнжийн мянга зах дээр мах зарж байхад үл таних 2 залуу ирээд ямааны 20 ширхэг мах авъя гэж ирсэн бөгөөд нэг залуу нь клогграмм бичээд зогсож байсан ба 6 ширхэг ямааны мах хиллэж нийт 131 кг болсон. Тэгээд махаа машинд аччихаад үлдэгдэл 14 ширхэг махыг машинд ачих зорилгоор тэрэг олж ирнэ, харин манай найз одоо таны гар утас руу 6 ширхэг ямааны махны үнийг мобайлаар шилжүүлнэ гэж хэлээд 14 ширхэг махаа тэрэг авч ирээд авья гэж хэлээд уг залуу алга болсон. Тэгээд тэр залуугаас мөнгөө авья гэсэн чин тэр залуу би ч гэсэн таньтай адил хулхидуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд уг залуу анхны авсан 6 ширхэг махаа 54-51 УБЦ улсын дугаартай саарал өнгийн приус автомашинд ачсан. Харин хамт явсан залуу тухайн хүнийг танихгүй, гэж хэлээд байгаа, эхэндээ хамт ирээд надтай ярьж тохиролцоод авахаар болсон гэх мэдүүлэг. /хх-15/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Эрдэнэбаяр гэрчээр мэдүүлэхдээ:...би 2018 оны 02 дугаар сарын 04-ны өглөө 05 цаг 40 минутын үед ахтайгаа Хүчит Шонхор зах дээр хонины мах авах гээд ирсэн. Тэгээд захын хашаан дотор махтай ачааны машин зогсдог зогсоолын арын байшингын шатан дээр зогсож байгаад хажуу талд зогсож байсан залуугаас хонины мах ямар үнэтэй байгаа бол мах нь хэзээ задрах юм бол гэж асуусан чинь тэр залуу чи хэдэн хонины мах авах гэж байгаа юм бэ гэхээр нь би нэг хонь авна гэсэн. Тэгсэн тэр залуу би тэгвэл чамд хонины махаа 3000 төгрөгөөр олж өгье чи надад туслаад ямааны мах цуглуулаад өг би 100 ямааны мах авах гэж байгаа юм гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд би тэр залууг дагаад явж байхад тэр залуу намайг чи машинтай явж байгаа бол машиндаа байж бай би чамруу залгая гээд надад дугаар өгөөд миний дугаарлуу залгаад орхичих гэхээр нь би тэр залуугийн 88260637 гэсэн дугаарлуу нь залгасан дугаар нь дуудаж байсан. Тэгээд би ахын машинд очоод сууж байсан чинь нөгөө залуу машин дээр ирээд чи надад мах ачилцаад өгвөл би чамд нэг мах өгье гэхдээ зүгээр өгөхгүй шүү гэсэн. Энд манай ачааны машин орж ирнэ гээд нэг хоосон зогсоол зааж өгсөн. Би 2 хүнтэй яриад тохирчихлоо авахаар болчихлоо би чамайг Өвөр монгол гээд хэлсэн байгаа чи битгий олон юм яриарай гэсэн мэдэж байгаа гээд байгаарай. Чи мах авахаар жингийг нь бичээд байгаарай одоо очоод махыг нь харуулна чи жоохон муу мах байна гэж хэлээрэй хоёулаа үнийг жоохон буулгаж авъя гэсэн. Чи очоод муу мах байна гэж хэлчихээд машиндаа ирээд суугаарай гэж хэлсэн. Тэгээд нэг ах дээр очоод махыг харуулсан тэгэхээр нь би очоод муу мах байна гэж хэлээд машиндаа очиж суусан. Тэгээд буцаад нөгөө махыг үзсэн ах дээр очсон тэр залуу надад бас цаас өгөөд жингийг нь бичээд байгаарай гэхээр нь би хэлснээр нь махны жингийг нь цаасан дээр бичсэн. Эхлээд 6 ямааны мах аваад мах түрдэг хүмүүсийн тэргэн дээр ачаад нөгөө мах зарсан ахтай хамт авч явсан. Тэгээд 6 ямаагаа аваачиж тавьчихаад ирээд одоо 14 мах авна жинлэж байгаарай гээд явсан тэгээд эргэж ирээгүй. Тэгээд ирэхгүй байхаар нь нөгөө мах зарсан ах араас нь яваад машин дээр нь очсон чинь алга болсон байна явчихсан байна гээд хүрээд ирсэн. Ирээд нөгөө залуу чинь алга болсон байна махаа буцаагаад ач гэсэн. Наад залуугаа барьж байгаарай гээд цагдаа дуудсан. Нөгөө надтай танилцсан залуу махны мөнгөө намайг өгнө гэж хэлсэн гээд зарсан 6 ямааны махны мөнгөө надаас авна гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх16-17/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Төрмөнх гэрчээр мэдүүлэхдээ:..би тэр шөнө халтуур хийж яваад өглөө 06 цагт Хүчит шонхор захын автобусны буудал дээр зогсож байсан чинь нэг залуу ирээд надад хандан "таксинд явах уу" гэхээр нь би явна гэсэн чинь тэр "эндээс малын мах ачаад Сансар явна" гэж хэлсэн. Тэгээд тэр залуу тухайн үед "машинаа унаад миний араас дагаад яв гээд" би машинаа унаад Хүчит шонхорын хаалганы зүүн талд байдаг машины зогсоол дээр ороод зогссон. Тэгсэн чинь тэр залуу наанаа байж бай, Би махаа аваад ирье" гэж надад хэлээд явсан. Тэгээд нэлээн удаж байгаад тэрэгтэй 6 ширхэг гулууз мах авчираад миний машины ар талд хийсэн, тухайн үед тэр залуу мах зарсан эзэнтэйгээ хамт  хоёулаа ирсэн. Тэгээд авчирсан махаа машины багаажинд хийчихээд "та байж байгаарай" гэж хэлээд буцаад махны эзэнтэй цуг яваад өгсөн. Тэгээд бас хэсэг хугацааны дараа нөгөө залуу гүйж ирээд надад хандан "ахаа машинтай махаа аваад одоо баянбүрдийн урд талын буудал дээр зогсож байгаарай араас чинь машинтай явна" гэхээр би "чи яаж намайг олох юм бэ, ядаж утсаа өг гэсэн чинь тэр залуу "миний утасны цэнэг дуусчихсан, таны машины дугаарыг чинь харчихсан" гэхээр нь би машинаа хөдөлгөөд Баянбүрдийн урд талын буюу 100-н айлруу чигтээ явдаг буудал дээр тэр залуутай уулзсан. Тэр залуу нилээн удаж байгаад ирсэн. Тэгээд тэр залуу ирээд "намайг араас дагаад яв" гэхээр би дагаад явсан. Тэгээд би тэр залуугийн сууж явсан машиныг дагаад явсан чинь 100 айлын урд талын автобусны буудал өнгөрөөд урагшаагаа зам дөнгөж эргээд зогссон. Тэгээд тэр залуу миний машинд ачсан махаа унаж ирсэн приус маркийн машиндаа ачаад аваад явсан  гэх мэдүүлэг. /хх 21-22/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Цоодол гэрчээр мэдүүлэхдээ:...би 2018 оны 02 сарын 04-ний өглөө Хүчит шонхор зах дээр ямааны гулууз мах авах гэж 05 цаг өнгөрөөгөөд очсон. Тэгээд зах дотор 1  танихгүй залуутай танилцсан.  Тэр залуу намайг зах дотор явж байхад надад хандан 20 ширхэг ямааны гулууз мах авья гэж хэлээд надтай хамт явж байсан танихгүй залуутай хамт очоод тэр залуугаар ямааны гулууз махнуудын килограммыг нь бичүүлээд зогсож байсан. Тэр хооронд би захаас гараад таксинд явж байсан 1 машиныг Хүчит шонхор захын төв хаалганы хойд талд байрладаг машины зогсоол руу оруулж жолоочтой нь мах ачиж явахаар тохироод тэнд үлдээсэн. Тэгээд нөгөө мах авах гэж байсан залуу дээр очоод 6 ширхэг махыг нь тэргэн дээр ачаад мах зарж байсан залуугийн хамтаар мах ачихаар тохирсон машин дээрээ ирээд ачсан. Тэгээд тухайн мах зарсан залуугийн хамтаар нэмж мах авах гэж байгаа хүн болоод мах зарсан залуугийн бусад үлдсэн махнууд дээр очсон. Тэгээд буцаж очоод надтай өглөө нь танилцсан залууд хандан  гулууз махнуудын килограммыг нь бичээд зогсоод байж бай, би тэрэг олоод ирье гэж хэлээд нөгөө мах ачсан машин дээрээс очоод жолоочид нь хандан Баянбүрдийн автобусны буудал дээр уулзья  гэж хэлээд би өөрөө тухайн үед захын гаднаас өөр такси бариад 6 ширхэг ямааны гулууз махны  мөнгийг нь өгөөгүй явсан. Тэгээд мах ачсан таксины жолооч ахтай Баянбүрдийн урд талын автобусны буудал дээр уулзаад та 100 айлын урд талын автобусны буудал хүртэл явчих гэж хэлээд тэр жолооч ахаар махаа 100 айлруу хүргүүлсэн. Тэндээс  би өөр такси бариад 6 ширхэг ямааны гулууз махаа ачаад аваад явсан гэх мэдүүлэг. /хх 23-24/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Оюунбилэг гэрчээр мэдүүлэхдээ:...манай хадам дүүг Өлзий-Оршихийн Цоодол гэдэг. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг Хужирт суманд төрсөн, 8 жилийн сургуулийг Хужирт суманд төгсөж, 10 жилээ Төв аймаг Баянчандмань сумд МСИТ-д суралцаж төгсөж байсан. Би Цоодлын ээжийн дүүтэй суугаад 6 жил  болж байгаа бөгөөд тэр цагаас хойш Цоодлыг мэдэх болсон юм. Цоодол манай гэрт ирж очиж байдаг байсан бөгөөд одоо манай гэрт хамт амьдарч байгаа. Цоодол хичээлдээ сайн улсын уран илтгэл тэмцээнд 2 жил дараалан түрүүлж байгаа хүүхэд гэх мэдүүлэг. /хх-25/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Дашмядагийн:...манай ахыг      Өлзий-Оршихийн Цоодол гэдэг. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг Хужирт суманд төрсөн, Хужиртын 10 жилийн сургуулийг Хужирт суманд төгсөж, 10 жилээ Төв аймаг Баянчандмань сумд МСИТ-д суралцаж төгссөн юм. Яг хэдэн онд төгссөн талаар би сайн санахгүй байна. Бид эцэг, эхээс  дөрвүүлээ, Цоодол манай хамгийн том ах, миний дээд талд Дашбадам гэж байдаг бөгөөд Монгол нэхмэл ХХК нэхэгч хийдэг манай бага дүү Хужирт суманд сургуульд сурдаг. Манай ах Цоодолын хувьд зан байдал төлөв томоотой хичээл номонд сайн сургуульд онц сурдаг, уран илтгэлийн улсын уралдаанд 2 удаа түрүүлж байсан архи дарс уудаггүй хүн байгаа, ах маань 2011 онд гэр бүл болж тусдаа гарсан одоо эхнэр хүүхдийн хамт Төв аймагт амьдардаг гэх мэдүүлэг. /хх-26/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-27/, шүүгдэгч Ө.Цоодолын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, 435 дугаартай шийтгэх тогтоол /хх 43-45/, хохирогч Л.Пүрэвхуягийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох гэсэн хүсэлт /хх-56/,  Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ө.Цоодол нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвд иргэн Л.Пүрэвхуягаас “20 ширхэг ямааны гулууз мах худалдан авья” гэж хуурч улмаар 6 ширхэг ямааны гулууз махыг залилан авч 356.400 төгрөгний  хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Пүрэвхуяг, гэрч Г.Төрмөнх, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Цоодолыг хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Л.Пүрэвхуяг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ”миний бие Ө.Цоодол гэх хүнд 6 ширхэг ямааны  гулууз мах залилуулсан бөгөөд уг махны мөнгө 500.000 төгрөгийг буцаан хүлээн авсан цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, мөн би  хөдөө  орон нутагт ажилтай тул шүүх хуралд оролцох боломжгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч  Ө.Цоодолыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9 дэххэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Пэл овогт Өлзий-Оршихийн Цоодолыг хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Цоодолыг  550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цоодолд оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цоодол нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ө.Цоодол нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Цоодолд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ