Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 116/ШШ2026/0001

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, ******* *******, ******* .......... тоотод оршин суух, Боржигон овогт ******* ын, /РД: /

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, бичгээр гаргасан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:        

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:

1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж, “...******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, бичгээр гаргасан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах[1] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн зарим шаардлагаа “...О.ын Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гүний худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, худаг гаргах хүсэлтийг дэмжсэн бичгийг материалын хамт Байгаль орчны газарт хүргүүлэхийг даалгуулах” гэж өөрчилсөн[2].

1.3. Нэхэмжлэгч О. нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, Хулсан шанд багт нэгж талбарын 2109001889 дугаар бүхий 9999 м2 газрыг “Өвөлжөө, хаваржаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай ,  ........ дугаартай газрыг тус тус эзэмшсэн байна.[3]

1.4. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжуудаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[4]

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:            

2.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие О. нь дараах газруудыг ******* сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Үүнд:

1. Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******, “Үхэр чулууны замаас баруун тийш 3 км, Үхэр чулуугаасаа баруун хойш 4 км-т 02 тоот” хаягт байрлах ......... нэгж талбарын дугаартай, 0000046572 гэрчилгээний дугаар бүхий 1 га /10000м2/ “Өвөлжөө хаваржаа”-ны зориулалтаар,

2. Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******, “******* замаас баруун тийш эргэцтэй толгой шанагын замаас хойш 1 км-т 01 тоот” хаягт байрлах ................. нэгж талбарын дугаартай, 0000046571 гэрчилгээний дугаар бүхий 1 га /10000м2/ газрыг “Өвөлжөө, хаваржаа”-ны зориулалтаар тус тус эзэмшиж байсан.

Улмаар газрын төлбөрөө тогтмол төлж аливаа зөрчлийг гаргалгүй гэрчилгээнд заасан зориулалтын дагуу өөрийн малыг хариулах, бэлчээх зэргээр мал аж ахуй эрхэлж байсан. Гэтэл ******* сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” , дүгээр захирамж 2025 оны 08 сарын 07-ны өдөр гарч миний газар эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцсон болохыг 2025 оны 08 сарын 19-ний өдөр “мэдэгдэх хуудас”-ийн хамт захирамжийн хуулбарын хамт өгснөөр олж мэдсэн. Тус захирамжийн үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.15, 59.1.18, 59.1.23, 66.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болон гадны малчин оруулж зөрчил гаргасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж дурьдан газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцсон байна. Миний бие дээрх захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан шудрага шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд Газрын тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж байна. Миний бие дээрх өвөлжөө, хаваржааны газруудыг эзэмших эрхтэй болох гэж 2018 оноос хойш газар эзэмших талаар өргөдөл хүсэлтээ холбогдох хуулийн дагуу өгч улмаар 2021 оны 11 сарын 15-ны өдөр албан ёсоор шийдвэрлэгдэн газар эзэмших эрхтэй болсон. ...Иймд Үндсэн хууль болон бусад хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие мөн ******* сумын Засаг даргад хандаж 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 2109001889 нэгж талбарын дугаар бүхий “Өвөлжөө, хаваржаа”-ны газрын орчимд өөрийн мал аж ахуйд зориулан гүний худаг ухах талаар уулзсан бөгөөд тухайн үед Засаг дарга худаг гаргах хүсэлтийг амаараа дэмжиж байгаагаа илэрхийлэн гүний худгаа ухаж бай, хүсэлтээ бичгээр гаргаарай гэсний дагуу холбогдох материалаа бүрдүүлэн, тэмдэгтийн хураамжаа бөглөн материалаа өгсөн. Гэтэл хуульд заасан хугацаанд болон одоог хүртэл миний өргөдлийг шийдвэрлэхгүй байхын дээр Засаг даргын орлогчоороо дамжуулан 2025 оны 08 сарын 20-ны өдөр 01 дүгээр “Мэдэгдэл” гэхийг надад бичгээр өгсөн.      

Сумын Засаг даргын миний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөхгүй байгааг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Сумын Засаг дарга тухайн үед гүний худгаа гаргаж бай гэж амаараа зөвшөөрчихөөд 2025 оны 08 сарын 20-ны өдөр газрын гэрчилгээнүүдийг цуцлах захирамж танилцуулахдаа 01 дүгээр “Мэдэгдэл” гэхийг надад өгч зөвшөөрөлгүй худаг гаргасан тул 2025 оны 08 сарын 26-ны өдөр худаг хаана гэсэн утга бүхий мэдэгдэл өгсөн. Иймд дээрх “мэдэгдэл” гэх нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...******* сумын Засаг даргад хандаж бичгээр гаргасан 2025 оны 06 сарын 17-ны өдрийн худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар өөрчилж байна. ... О.ын Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гүний худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож худаг гаргах хүсэлтийг дэмжсэн бичгийг материалын хамт Байгаль орчны газарт хүргүүлэхийг даалгуулах” гэжээ.  

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талаас гурван төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. О. нь 2021 оны 12 сарын 15-ы өдрийн А/101 дүгээр захирамжаар хэд хэдэн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан. 2109001888 нэгж талбарын дугаар бүхий 1 га өвөлжөө хаваржааны зориулалттай газар, 2109001889 нэгж талбарын дугаар бүхий 1 га өвөлжөө хаваржааны зориулалттай газрыг тус тус зориулалтын дагуу ашиглаж байсан. Газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан. Гэвч ******* сумын Засаг дарга нь , А/75 тоот захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг танилцуулсан. Ингэхдээ тухайн захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасныг дурдсан байсан. О. нь дээрх захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Үндсэн хуульд заасны дагуу шударга шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан байна. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явж байна. О. нь дээрх газруудыг эзэмшиж авахын тулд 2018 оноос хойш идэвхитэй хүсэлт гаргаж, ажиллагаа хийж ирсэн. Өмнөх Засаг даргаас газар эзэмших эрхийг олгосон. О.ын хувьд газар эзэмших эрхийг цуцалсан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдлыг гаргасан. Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт “газар эзэмших нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн” гэдэг үндэслэлийг дурдсан. Нэхэмжлэгч талаас уг заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан газрыг эзэмшээгүй мэт тайлбарыг гаргасан. Иймд ******* сумын Засаг даргын газргасан , А/75 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн өөрийн эзэмшлийн газарт гүний худаг гаргуулах асуудлын талаар ******* сумын Засаг даргад танилцуулсан. Энэ үед ******* сумын Засаг дарга нь амаар “хүлээн зөвшөөрч байна” гэдгээ илэрхийлсэн. Ингээд төлбөрөө төлөөд, хүсэлтээ бичгээр гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Ингэж хэлсний дагуу төлбөрийг төлж хүсэлтээ гаргаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн асуудлыг дэмжсэн бичгийг гаргаж өгөөгүй байна. Иймд энэ нь эс үйлдэхүй гэж үзэж байна. Холбогдох байгууллагад нь ******* сумын Засаг даргаас дэмжиж буй хүсэлтийг хүргүүлэх ёстой байна. Ингээгүйн улмаас гүний худгийг хаах тухай мэдэгдэл ирсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж энэ мэдэгдлийг хүчингүй болгуулах саналыг гаргаж байна. Ерөнхийд нь тайлбарлаж хэлэхэд ******* сумын Засаг даргын гаргасан захирамж нь хууль дээдлээгүй, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэдгийг тайлбарлаж хэлэхийг хүсч байна. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийг баримтлах ёстой байсан. Засаг дарга нь газар эзэмших эрхийг цуцлах эрх бүхий этгээд хэдий ч өөрт олгогдсон эрхийн хүрээнд л цуцлах эрхтэй байдаг. Гэрээнд заасны дагуу газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан газрыг ашиглаагүй гэдэг хэсгийг дурдсан байдаг. Засаг даргын хувьд энэ захирамжийг гаргахдаа ямар нэгэн сонсох ажиллагааг хийгээгүй. Мөн гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн гэж дурдаж байгаа хэдий ч одоог хүртэл хэрхэн яаж зөрчсөн болох нь тодорхойгүй хэвээр байна. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдахдаа “зөрчсөн гэдэг үгийг тоочиж тайлбарлах ёстой” талаар дурдсан байдаг. Удаа дараа, ноцтой гэдгийг хоёр ба түүнээс дээш үйлдлээр ойлгохыг заасан. О.ын хувьд газар эзэмших гэрээ, хууль дүрмийг зөрчиж байсан зүйл байхгүй юм. Ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт ч байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг дурдаж байгаа хэдий ч хэдээс хэдэн онд ашиглаагүй талаар нарийвчилж дурдсан зүйл байхгүй байна. Ер нь бол дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улс тэр чигтээ газраа ашиглах байтугай гэрээсээ ч гарах боломжгүй байсан гэдгийг санаж байгаа гэж бодож байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл юм. Мөн ******* сумын хэмжээнд ч байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу зуд нүүрлэж байсан. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. “Цагаан зуд”-ны нөхцөл байдлаар тодорхойлсон баримт нь Дорнод аймгийн ус, цаг уурын газраас ирсэн. “Цагаан зуд” гэдэг нь цаг агаарын температур олон жилийн дунжаас их, цасны хэмжээ их байхыг ойлгоно гэж тайлбарладаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тайлбарт ч гэсэн дээрх тайлбарын талаар тодорхой дурдсан байдаг. Ер нь бол сумын Засаг даргаас захиргааны шийдвэр гаргахдаа эрх нь хөндөгдөх боломжтой этгээдэд боломжийг олгох ёстой байдаг. Сонсох ажиллагааг хийсэн байх ёстой байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлсэн талаар баримт байхгүй байна. Дээрх газрыг эзэмшиж ашиглахтай холбоотой үүссэн маргаан огт байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагааг олж тогтоосон зүйл байхгүй. Дээрх заалтууд нь зохицуулалтын хувьд өөр өөр харилцааг зохицуулдаг, агуулга нь ч өөр байна. Иймд бөөнд нь хуулийг заалтыг дурдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл болж байна. Захиргааны ерөнхий хууийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоохоор хуульчилсан байна. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж харагдаж байна. Мөн малчин хүний хувьд дулаан газар барьж байгуулах, худаг ус татах үүрэгтэй байдаг. Малчны тухай хуульд заасан үүргийг хэрэгжүүлсэн гэж харж байгаа. Дараагийн дугаарт гүний худгийн талаар дурдъя. Захиргааны байгууллага албан тушаалтны хувьд иргэнээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа ба энэ нь хуульд заасан эс үйлдэхүй гэж харагдаж байна. Засаг даргад хүсэлтээ өмнө нь өгч танилцуулж байсан. Гэвч хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Ингэсэн атлаа иргэнд “мэдэгдэл” хүргүүлсэн. Энийг захиргааны заасан захиргааны акт гэж үзэж байгаа. Тиймээс хүчингүй болгох саналыг гаргасан. Мөн дурдахад “мэдэгдэл”-д “Орлогч Засаг дарга” гэдэг нэршил дурдсан байсан” гэв.

2.4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус сумын ************** 1 дүгээр багийн иргэн О. нь сумын гэрлийн байцаагч ажилтай, эхнэр ******* нь иргэний улсын бүртгэгчээр тус тус ажилладаг. 2024 оны жилийн эцсийн малын тоогоор Адуу 48, үхэр 4, хонь 13, ямаа 53 нийт 118 толгой мал тоолуулсан. 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* 2 дугаар багийн нутаг Төмөрт гэх газар өвөлжөөний зориулалттай газар гүн өрмийн худаг гаргуулах хүсэлт ирүүлсэн. “Ямар зориулалтаар худаг гаргах гэж байна, гадны мал, малчин айл оруулж ирэх өөр төрлийн ашиг сонирхол байхгүй биз дээ” гэж асуухад иргэн О. нь “Үгүй тийм зүйл байхгүй, манай худаг гаргадаг нэг ах маань худаг гаргаж өгье гэсэн юмаа тэгээд гаргуулах гэсэн юм” гэхээр нь “За тэгвэл Байгаль орчны хяналтын улсын байцаагчид материалаа бүрдүүлээд үлдээчих, хянаж үзээд Байгаль орчны газарт явуулна” гэж хэлсэн. Ингээд хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлэх шатанд байхад малчид иргэдээс О. нь гадны мал оруулж ирэх гэж байна гэдэг мэдээлэл ирсэн, улмаар 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гүн өрмийн худаг гаргацан 2 шалаанз машинаар их хэмжээний бог мал тээвэрлэж ирсэн байсан. Худгийн зөвшөөрөл гараагүй байхад худаг гаргаж их хэмжээний мал оруулж ирсэн асуудлаар иргэд малчид гомдол гаргаж сошиал орчинд бухимдал үүссэн учир хүсэлтийг цааш нь Байгаль орчны газарт хүргүүлсэн болно. Тухайн газарт ажлын хэсгийг ажиллуулж газар дээр нь очиход малын эзэн ******* гэх залуу би тай хамтарч мал худалдаж авч энэ төрлийн бизнес эрхэлдэг энэ ын мал гэж тайлбарладаг. Иргэн О. нь бол мал худалдаж авах энэ төрлийн бизнес эрхэлдэггүй, өөрийн А дансан дахь мал нь айлд тавиулаар байдаг бөгөөд мал оруулж ирсэн ******* гэх залуутай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. О. нь өөрийн эзэмшил өвөлжөө, хаваржааны газартаа өөрийн ашиг сонирхлын үүднээс бусдад давуу эрх үүсгэж бэлчээрийн даац хэтрүүлэн их хэмжээний малыг хууль бусаар оруулж ирсэн учир удаа дараа шаардлага тавьж ажиллаж байна. Үүнд өвөлжөөний газартаа 2 жил өвөлжөөгүй, хашаа саравч бариагүй, газраа бусдад давуу эрх үүсгэж их хэмжээний мал оруулж ирсэн газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа үндэслэлээр 2025.08.07-ны өдрийн , тоот захирамжуудаар тус өвөлжөө, хаваржааны газрын эзэмших эрхийг цуцалсан. Мөн өвөлжөөний газартаа гүн өрмийн худаг гаргуулах хүсэлтээ өгсөн боловч Өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн хугацаанд шийдвэрлээгүй байхад дур мэдэн худаг гаргаж их хэмжээний мал оруулж ирсэн зөрчил гаргасан тул худаг гаруулах хүсэлтийг цааш нь шийдвэрлэх боломжгүй болсон тул худгийн зөвшөөрлийг олгоогүй болно. Жич: Одоогоор иргэн О.ын утас нь холбогдохгүй, гэртээ байхгүй ямар ч холбоогүй байгаа. ...Нэхэмжлэгч 2 дугаар шаардлагаа өөрчлөөгүй ба нэмэгдүүлсэн гэж үзэхээр  байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Аймгийн Засаг даргын дэргэд Байгаль орчны газар гэх нэршилтэй төрийн байгууллагын нэгж байхгүй тул хариуцагч болон шүүхээс төрийн байгууллагын бүтцэд албажаагүй этгээдэд даалгах шийдвэр гаргах боломжгүй. Шүүхээс үйлдлийг хууль бус болохыг тогтоохдоо шийдвэрийн агуулгыг шууд тодорхойлох эрхгүй. Харин ямар нэгэн хэлбэрээр хариу өгөөгүй, эсвэл хийх ёстой үйлдлээ хийгээгүй эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоохоор хуульчилсан. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг урьдчилан чиглүүлэх байдлаар шүүхэд шууд нөлөөлөх нь хуульд нийцэхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар тухайн шатны Засаг дарга нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хараат бусаар, бие даан хууль дээдэлж шийдвэрээ гаргах эрхтэй бас үүрэгтэй. Гүний худаг гаргах талаарх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Байгаль орчны болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байх тул сумын Засаг даргаас аливаа хэлбэрээр газрын хэвлий ашиглахтай холбоотой дэмжсэн шийдвэр, хүсэлт бусад этгээдэд явуулах эрхгүй. Гүний худаг гаргахын тулд зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг урьдчилан гаргуулсан байхыг Усны болон Байгаль орчны тухай хуулиар тусгайлан хэм хэмжээ тогтоож үүрэгжүүлсэн байх тул сумын Засаг даргаас дүгнэлтгүйгээр аливаа хэлбэрээр газрын хэвлийг дур зоргоор ашиглахыг дэмжих албан бичиг хийж өгөх хуулийн боломжгүй бөгөөд хийж өгсөн нөхцөлд хууль зөрчих тул нэхэмжлэгчийн шаардлага нь хуулиас давсан эрхийг хариуцагчаас шаардаж байгаа, үл гүйцэлдэх шинжтэй шаардлага байх тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[5] гэжээ.     

2.5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлтэй бүрэн танилцсан. Албан ёсоор “худаг гаргах хүсэлт”-ийг амаар гаргаж өгсөн гэж хэлж байгаа. Энэ үед нь би “гадны мал их хэмжээгээр оруулж ирэхгүй биздээ” гэж хэлэхэд “тийм” гэж хэлсэн учраас худаг гаргаж болно гэж мэдэгдсэн. Ингээд хүсэлтээ надад өгсөн. Бид ч ажиллагааны дагуу Байгаль орчны газарт хүргүүлэх гэж байсан. Гэвч худаг дээрээ маш их хэмжээний мал оруулж ирсэн. Ингээд тухайн бүсийн иргэд гомдол гаргах болсон. Тиймээс хүсэлтийг дээш уламжлаагүй байгаа юм . Ер нь бол иргэд гомдол гаргаж, цахим орчинд мэдээлэл оруулсан. Үүнээс шалтгаалж газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг гаргасан. Энэ талаараа О.ыг дуудаж газар эзэмших эрхийг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Ингэхдээ иргэд гомдол гаргаад байна гэдэг талаар ч танилцуулсан. О.т тийм их хэмжээний мал байхгүй, тийм их мал оруулахаар өвөлжөө, хаваржааны хашаа ч барих боломжгүй байсан. Олонхи иргэдийн хүсэл зоригийн дагуу ажилласан гэж үзэж байна гэв. 

2.6. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэмэгдүүлсэн гэж харж байгаа. Өөрчлөх, нэмэгдүүлэх гэдэг чинь огт өөр өөр үндэслэлтэй болж байгаа. Яг ойлголтоо нэгтгэх хэрэгтэй байна. Ингэснээр цаашлаад бүрдүүлбэрийн асуудал яригдана. , тоот захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргасан байна. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцалж болно” гэж заасан. Энэ эрхийг хариуцагчид олгосон. Өөрт олгосон эрхийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс хууль хэрэглээний алдаатай асуудал байхгүй. Нэхэмжлэл дээр хэд хэдэн зөрчлийн агуулгыг тайлбарласан байна. Хоёр жилийн турш газраа эзэмшиж ашиглаагүй гэдгийг үгүйсгэхгүй байна. Үүнийгээ Ковид-19, зудтай холбож тайлбарлаад байх юм. Гэтэл бусад бүхий л иргэд өөрсдөө газраа ашиглаад малаа маллаж байсан. Өдөр тутмын үйл ажиллагааг нам зогсоосон зүйл байхгүй. Яг газар олгосон цаг хугацаанд бол амьдрал хэвийн нөхцөл байдалд орсон байсан. Тодорхой хэмжээний хөл хорио, бүс нутагт зорчихтой холбоотой асуудлыг л хязгаарлаж байсан. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хоёр жил дараалан ашиглаагүй” гэдэг шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотолж байна. Худаг гаргахад “Усны тухай хууль”-ийг дагаж мөрдөх ёстой. Экологийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг асуудал. Дур зоргын асуудал ерөөсөө яригдах ёсгүй. Газрын тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт мөн тусгасан байдаг. Газар эзэмших гэдэг нь гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно. Талууд гэрээгээр малчин О. нүүдлийн мал хариулах зориулалтаар 1 га газрыг эзэмшүүлэхээр дурдсан. Гэтэл энэ мал нь яг О.ын мал эсэх талаар баримт алга. 2000 гаруй малыг О. өөрийн эд хөрөнгөөр худалдаж авсан талаар А дансанд тоолуулсан талаар баримт байхгүй байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гэрээнд дараах зүйлийг тусгана” гэж заасан байдаг. Газар эзэмших үйлдлийг дур зоргоор байлгахгүйн тулд гэрээг байгуулж байгаа. Ер нь бол гадны малыг сум орон нутагтаа байлгахгүй талаар дурдсан. Ингэснээр сумын бусад малчдын эрх зүйн байдалд халдаж байна. Малчдын хувьд нэгдүгээрт бэлчээрийн асуудал ярьж байгаа. Хоёрдугаарт малын эрүүл мэндийн асуудлыг ч гэсэн хөндөж байгаа. Захиргааны албан тушаалтан ийм тохиолдолд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны акт гаргах эрхийг ч гэсэн олгож байгаа юм. Тухайн малыг хязгаарлалтын дэглэм тогтоож байж, 14 хоног шалгаж байж оруулах ёстой байдаг. Яг үнэндээ өнөөдөр энэ шүүх хуралдааны танхимд төлөөлөгчөөр орж ирсэн хүний мал нь тухайн газарт байгаад байна. Дараагийн дугаарт хоёр жил дараалан газрыг ашиглаагүй гэдэг нь нотлогдож байна. Гэхдээ шалтгаантай гэсэн тайлбар гаргаж байна. Ер нь бол ашиглаагүй л бол ашиглаагүй байдаг талаар Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. 49.2-ыг хэрэглэх гээд байгаа бол ямар хуулийн заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байгаа нь тодорхой бус байна. Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасныг тайлбарлаж нэхэмжлэгч ярьж байна. Ингэхдээ удаа дараа болзлыг зөрчсөн байна. Газрыг хэвлийг дур мэдэн ашиглаж байна, газрыг хоёр жил дараалан ашиглаагүй байна, мөн гол нь бусдын эрхэд ноцтой халдаж байна. Эргэн тойронд нь байгаа 10 гаруй малтай айлуудын үндсэн эрхэд халдаж байгаа юм. Сумын Засаг даргын хувьд гаргасан шийдвэр нь үндэслэлтэй. Худаг гаргах эрхийг Засаг дарга дангаараа олгох эрхтэй субъект биш. Ер нь бол өнөөдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдээс ашиг олох л зорилготой байгаа. Ийм ч харилцаа үүссэн нь илэрхий байна. Ковидын нөхцөл байдал ерөнхийдөө 2022 онд дуусгавар болсон байсан. Гэнэт л өөрсдөө бусдын олон тооны малыг оруулж ирсэн. Ингээд л Засаг дарга арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдалд орсон. 10 гаруй өрхийн 20 орчим мянган толгой малын эрх ашигт халдаж байна. Тиймээс ийм нөхцөлд заавал сонсох ажиллагаа хийх шаардлага байхгүй. Мөн ******* сумын иргэд нь захиргааны байгууллагад удаа дараа хандсан. Мөн цахим орчинд нөхцөл байдлыг илэрхийлсэн. Хэл ам дагуулсан. Сүүлдээ Захиргааны байгууллагыг хардаж сэрдэх нөхцөл байдал бүрдсэн. Олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Худаг гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэдэг шаардлага гаргажээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээр “амаар худаг гаргахыг зөвшөөрсөн” гэж яриад байх юм. Ер нь бол ус худаг гаргах эцсийн шийдвэрийг сумын Засаг дарга гаргах биш шүү. Усны тухай хуульд тодорхой заасан байдаг. Хэдэн шоо метр ус авах гээд байгаа талаар баримт байхгүй. Үндэслэл бүхий хүсэлт байхгүй. Тиймээс хариуцагч талаас яаж шийдвэрлэх нь тодорхой бус болсон. Уг нь бол шүүхэд хүсэлт гаргахдаа ямар шийдвэр гаргах эсэхийг Засаг даргад үлдээх ёстой. Гэтэл бараг заавал худаг гарга гэж Засаг даргад хэл гэх утгатай нэхэмжлэл гаргаад байх юм. Хуулийн дараалалд заагдаагүй үйлдлийг сумын Засаг даргыг биелүүлэхийг шаардаад байгаа нь үндэслэлгүй юм. Ер нь бол эхлээд байгаль орчны газарт дүгнэлт гаргуулах ёстой. Үүний дараа сумын Засаг дарга шийдвэр гаргана. Хуулийн дагуу дангаараа шийдвэр гаргах эрхгүй. Ер нь бол захиргааны байгууллагаас гадны мал оруулахгүйгээр, өөрийн А дансны малын тоонд тааруулаад худаг гаргах эрхийг хууль зөрчиж байж олгосон байна. Энэ талаар нэхэмжлэлд дурдсан байна. Энийг юу гэж үзэх вэ? Дараагийн дугаарт мэдэгдлийн талаар яригдаж байна. Урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор бичгээр гаргасан зүйлийг мэдэгдэл гэж байгаа. Мэдэгдлийн хувьд гадагш чиглэсэн шийдвэрийг гаргаж байгаа нөхцөл байдал биш шүү дээ. Мэдэгдлийг шууд биелэгдэх шинжтэй зүйл биш. Сануулга, өөрөө сайн дураараа больчих л гэж мэдэгдэж байгаа хэлбэр шүү дээ. Энэ бол захиргааны акт биш. Мэдээлэл гэж тайлбарлагдаж болно. Тиймээс энэ “мэдэгдэл” нь Захиргааны шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш юм гэж харж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан “******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, О.ын Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гүний худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож худаг гаргах хүсэлтийг дэмжсэн бичгийг материалын хамт Байгаль орчны газарт хүргүүлэхийг даалгуулах, ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ, “...Газрын төлбөрөө тогтмол төлж аливаа зөрчлийг гаргалгүй гэрчилгээнд заасан зориулалтын дагуу өөрийн малыг хариулах, бэлчээх зэргээр мал аж ахуй эрхэлж байсан, газар эзэмшихдээ хууль зөрчөөгүй, мэдэгдэх сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй, ...хуульд заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй, Засаг даргын орлогчоор дамжуулан өгсөн “Мэдэгдэл” гэх нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг.

4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...О. нь өвөлжөөний газартаа 2 жил өвөлжөөгүй, хашаа саравч бариагүй, газраа бусдад давуу эрх үүсгэж, газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа, гүн өрмийн худаг гаргуулах хүсэлтээ өгсөн боловч хуулийн хугацаанд шийдвэрлээгүй байхад дур мэдэн худаг гаргаж их хэмжээний мал оруулж ирсэн зөрчил гаргасан тул худаг гаргуулах хүсэлтийг цааш нь шийдвэрлэх боломжгүй болсон, иргэд гомдол гаргаж, цахим орчинд мэдээлэл оруулснаас шалтгаалж газар эзэмших эрхийг цуцалсан” гэж маргадаг. 

5. Хэргийн үйл баримтын тухайд:

5.1. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар “...айл өрхөд өвөлжөө, хаваржааны 102 га газрыг эзэмшүүлэхээр” шийдвэрлэж, О.т дээрх захирамжийг үндэслэн ******* сумын 2 дугаар багт 9999 м2 газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0000046571 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг[6], мөн дээрх захирамжийг үндэслэн ******* сумын 2 дугаар багт 9999 м2 газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0000046572[7] дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна.[8]  

5.2. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” , дүгээр захирамжуудаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.[9]   

6. Нэхэмжлэлийн үндэслэлт байдал:

6.1. ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

6.1.1. Сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.15, 59.1.18, 59.1.23, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг үндэслэн, ...О. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болон гадны айл оруулж зөрчил гаргасан тул газар эзэмших эрхийн 0000046572 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож[10], мөн сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” дүгээр захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.15, 59.1.18, 59.1.23, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг үндэслэн, ...О. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болон гадны малчин оруулж зөрчил гаргасан тул газар эзэмших эрхийн 0000046571 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож[11] тус тус шийдвэрлэсэн байна.     

6.1.2. Хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр, уг хуулийн 40.1.1, 40.1.6 дахь хэсгийг баримтлан шийдвэр гаргажээ.

6.1.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд энэхүү зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь газрын тухай хууль тогтоомжийг, эсхүл газар эзэмших гэрээгээр тохиролцсон нөхцөл, болзлыг зөрчсөн байх, ийнхүү зөрчихдөө удаа дараа буюу 2-оос дээш удаа, эсхүл ноцтой зөрчсөн байхыг шаарддаг.

Хариуцагчаас дээрх үндэслэлийг тайлбарлахдаа “гадны айл оруулсан, гадны малчин оруулсан, үүнийг иргэд эсэргүүцсэн” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйл баримт нь Монгол Улсын хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан ямар заалтыг хэрхэн зөрчсөн, түүнчлэн удаа дараа буюу 2-оос дээш удаа, эсхүл ноцтой зөрчсөн гэдгийг захиргааны байгууллага өөрөө нотлон тогтоох ёстой.

 Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд “...Мөн зүйл, хэсэгт заасан “... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино.” гэжээ.

Түүнчлэн зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой.[12]

6.1.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд дээрх үндэслэлийн урьдчилсан нөхцөл нь, газар эзэмшигч газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дараалсан 2 жилд ашиглаагүй байх, дээрх ашиглаагүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх утгыг агуулна.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд, “... Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

6.1.5. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлүүд нь газар эзэмших гэрээг дүгнэж, түүнд үндэслэн шийдвэр гаргахаар байна.         

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар, О.т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарч, гэрчилгээ олгогдсон боловч, газар эзэмших гэрээ байгуулаагүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас “... гэрээ гэж байхгүй, энэ талаар холбогдох баримт байхгүй, захирамж гаргахдаа гэрээг дүгнэсэн зүйл байхгүй” гэж мэдүүлдэг.

6.1.6. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т сумын газрын даамлын эрх хэмжээг тодорхойлсон бөгөөд, 23.4.2-т зааснаар “... эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулах” нь сумын газрын даамлын чиг үүрэгт хамаарч байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл, иргэнд газар эзэмшүүлэхээр Засаг даргын шийдвэр гарсны дараа газар эзэмшүүлэх гэрээ байгуулах нь Сумын газрын даамал буюу захиргааны байгууллагын үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй энэ нөхцөлд “гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн эсэх”, “гэрээнд заасан зориулалт”-ыг, тухайн зориулалтаар 2 жил дараалан ашигласан эсэх нөхцөл байдлыг дүгнэх боломжгүй бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлагыг дүгнэх боломжгүй, түүнчлэн захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа гэрээг дүгнэж, түүнд үндэслээгүй байх тул дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус юм.

6.1.7. Нэгтгэн дүгнэвэл, энэ тохиолдолд сумын Засаг даргаас газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан зохицуулалтын урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

6.1.8.  Мөн хэрэгт тогтоогдсон үйл баримтаар, дээрх захирамжийг гаргахдаа иргэн О.т урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд тус сумын Засаг даргын орлогч О.Энхтайван нь “Сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай захирамж гарсан тул тус сумын 2 дугаар багийн нутаг дахь өвөлжөө, хаваржааны газрыг ажлын 5 хоногт багтаан чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдэх хуудсыг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.т хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан байна.[13]

6.1.9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”  гэж тус тус заасан.           

Дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллагаас иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо тухайн иргэнд мэдэгдэж, шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг тогтоон, хуульд заасан үндэслэлийг нотлох баримтуудыг бие даан цуглуулж, оролцогчийг тайлбар, санал гаргах боломжоор урьдчилан хангасны үндсэн дээр шийдвэрээ гаргах үүрэгтэй бөгөөд эдгээр бүх ажиллагааг явуулсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдох ёстой, нотлох үүргийг захиргааны байгууллага өөрөө хүлээнэ.

Гэтэл сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , 74 дүгээр захирамжуудаар О.ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо дээрх хуулийн заалтуудыг мөрдөөгүй, хууль зөрчсөн байна.

6.1.10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , 74 дүгээр захирамжууд нь дээрх байдлаар хууль зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул уг захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

6.2. Нэхэмжлэгчийн гаргасан, “О.ын Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гүний худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, худаг гаргах хүсэлтийг дэмжсэн бичгийг материалын хамт Байгаль орчны газарт хүргүүлэхийг даалгуулах” шаардлагын тухайд:

6.2.1. Нэхэмжлэгч О.аас, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад хандан 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “******* 2 дугаар багийн нутаг “Төмөрт” гэх газарт өвөлжөөний зориулалттай газар гүн өрмийн худаг гаргуулах тухай” хүсэлт гаргасан,  хүсэлтийг ******* сумын Засаг дарга хүлээн авсан үйл баримт талуудын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас “хүсэлтийг шийдвэрлэх шатанд байхад малчид иргэдээс О. нь гадны мал оруулж ирэх гэж байна гэдэг мэдээлэл ирсэн. Тиймээс хүсэлтийг дээш уламжлаагүй байгаа” гэж тайлбарладаг.

6.2.2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан уг өргөдлийн хувьд хугацаа сунгасан талаарх үйл баримт тогтоогдохгүй байна.

6.2.3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно”, “1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй”, “2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол”, “3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй”, “4/өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэж заасан.

Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн сумын Засаг даргад хандаж гаргасан дээрх хүсэлтэд уг хуулийн 14.1.1- 14.1.4-т заасан өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.2.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд “хүсэлтийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан” эс үйлдэхүй гаргасан гэж шүүх үзлээ.

6.2.5. Нэхэмжлэгчийн гаргасан, “...худаг гаргах хүсэлтийг дэмжсэн бичгийг материалын хамт Байгаль орчны газарт хүргүүлэхийг даалгах” шаардлагын хувьд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчаас, нэхэмжлэгчийн хүсэлтийг судлан үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлжсний үндсэн дээр хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй.      

6.2.6. Хариуцагчаас, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.3. Нэхэмжлэгчийн, “******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

6.3.1. ******* сумын Засаг даргын орлогч О.Энхтайванаас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр О.т хүргүүлсэн “Мэдэгдэл”-д: “... Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасныг үндэслэн, ... Дорнод аймаг ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Хаданхав нэртэй газар дээр дурдсан хууль, тогтоолыг зөрчин зөвшөөрөлгүй худаг гаргасан тул уг газрыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хаахыг мэдэгдье” гэсэн байна.

6.3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан бөгөөд дээрх зохицуулалтуудаас үзвэл өөрийнх нь эрх ашгийг хөндсөн, захиргааны актын бүх шинжийг агуулсан шийдвэрт нэхэмжлэгч маргах эрхтэй, Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх зохицуулалттай байна.

6.3.3. Дээрх нэхэмжлэгчийн “хүчингүй болгуулах” шаардлага гарган маргаж буй 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл” нь “зөвшөөрөлгүй худаг гаргасан тул уг газрыг 2025 оны 08 сарын 26-ны өдөр хаахыг мэдэгдье” гэсэн агуулгатай, захиргааны байгууллагаас худаг эзэмшигчид анхааруулсан шинжтэй байх тул эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, улмаар захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж шүүх үзлээ.

6.3.4. Мөн дээрх мэдэгдэл хэрэгжээгүй буюу, нэхэмжлэгч нь “тухайн гаргасан гүний худгаа мэдэгдэлд заасан хугацаанаас хойш буюу одоог хүртэл ашиглаж, малаа усалж байгаа” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд мэдүүлж байгааг дурдах нь зүйтэй.                 

6.3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан “******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” дугаар захирамж, ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай” дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч О.ын Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гүний худаг гаргах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн гаргасан ******* сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                          

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     В.ДАВААНЯМ

 

[1] Хэргийн 1-4 дүгээр хуудас

[2] Хэргийн 140-141 дүгээр хуудас

[3] Хэргийн 10-11, 107 дугаар хуудас

[4] Хэргийн 108-109 дүгээр хуудас

[5] Хэргийн 47, 146-147 дугаар хуудас

[6] Хэргийн 10 дугаар хуудас

[7] Хэргийн 11 дүгээр хуудас

[8] Хэргийн 107 дугаар хуудас

[9] Хэргийн 108-109 дүгээр хуудас

[10] Хэргийн 7 дугаар хуудас

[11] Хэргийн 8 дугаар хуудас

[12] Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмж

[13] Хэргийн 61 дүгээр хуудас