| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч А.Жамбал /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Адъяадоржийн Жамбалд холбогдох эрүүгийн 1709010160186 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 12 дугаар гудамжны 74 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Харчин овогт Адъяадоржийн Жамбал /РД: ЗП75102514/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Жамбал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 50 дугаар гудамжны задгай тоотод хохирогч М.Отгонбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед “баруун шуу ясны далд хугарал, духанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Жамбал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн…” гэв.
Эрүүгийн 1709020560343 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Жамбал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 100 айл дээр хүний машины мотор үзчихээд хөдөөнөөс таньдаг 3 найз маань ирсэн байсан. Бид хэд “Тайга” нэрийн 0,5 литрийн архи хувааж ууж дуусчихаад 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар Бэлхийн 50-330 тоотод гэртээ орж ирээд байж байтал гэрийн гаднаас зүс таньдаг М.Отгонбаатар нь архи үнэртүүлсэн манай гэрт орж ирсэн юм. Нохой Жамбалыг ална гээд орилоод байсан. Тэгсэн чинь манай эхнэр Цэрэндолгор нь “дандаа агсан согтуу тавиад байх юм” гээд уурлаад гэрээс гаргаад хашааны хаалга хүртэл М.Отгонбаатарыг аваад явсан юм. Манай эхнэр Цэрэндолгор нь гэрт ганцаараа ороод ирсэн чинь араас нь М.Отгонбаатар гүйгээд ороод ирсэн юм. Тэгээд би М.Отгонбаатарыг гэрээс гаргах гээд мөр хэсгээс татаад хаалгаар гарах гэтэл шкафны дээд талаас гараараа бариад аяга таваг унагаагаад хагалчихсан юм. М.Отгонбаатарыг хаалгаар түлхээд гэрээс гаргачихаад хагалсан аяга тавгийг газраас түүгээд хаях гээд байж байхад дахин гэрийн хаалгаар М.Отгонбаатар “алнаа” гээд орилоод ороод ирсэн чинь манай 3 настай бага хүү айгаад уйлаад байхаар нь газарт байсан бор өнгийн гурилын ганжинг аваад М.Отгонбаатарыг цохих гээд далайсан чинь М.Отгонбаатар нь нүүрээ хамгаалаад хоёр гараа өргөөд байж байхад нь баруун гарынх нь шуу хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгээд М.Отгонбаатар бид хоёр хоорондоо барьцалдаж аваад гадаа гарсан манай гэрийн хашааны гаднах талбай уруу болохоор нь М.Отгонбаатарыг түлхсэн чинь газарт унаад өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/
Хохирогч М.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 8 дугаар 26-ны орой 18-19 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 50 задгай тоотод оршин суух иргэн Жамбалын гэрт ороод “чи хүмүүст юу яриад байгаан бэ? Хүн хутгалсан сүхдсэн” гэж асуухад Жамбал би тэгэж хэлээгүй гэсэн. Тэгээд тэрнээс болоод маргаан болж байхад Жамбал бид 2 босч ирээд маргалдан заамдалцах үед Жамбал гурилын ганжингаар цохиход би баруун гараараа хаахад “миний гар эвгүй болчихлоо” гэж хэлэхэд намайг “гэрээс гар гар” гэж эхнэр Догоо нь хэлээд гаргахад Жамбал чулуугаар толгой руу 3 удаа цохисон тэр үедээ гар эвгүй байна гэж тэр 2-т хэлэхэд тоохгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх- 48 дугаар хуудас/,
Гэрч Д.Цэрэндолгор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Отгонбаатар нь Жамбалд хандан “чамайг ч бас мэднэ шүү дээ нохой Жамбалыг” гэж хэлэхээр нь Жамбал нь “та тэгээд яах гээд байгаа юм бэ, гэрт агсан тавих гэж орж ирсэн юм уу” гэж хэлэхээр нь би Отгонбаатарт хандан “та ямар сонин хүн бэ, дандаа хэл ам хийж явах юм, та манай гэрээс гар” гэж хэлэхэд Отгонбаатар нь гэрээс гарахгүй суугаад байхаар нь би Отгонбаатарын гараас нь хөтлөөд гэрээсээ гаргаад явуулсан чинь эргэж орж ирээд “нохой Жамбалыг ална” гэж хэлсэн чинь манай бага охин болох Отгонзаяа айгаад уйлсан юм. Тэгээд нөхөр Жамбал нь “та гар, хүүхэд айлгаад байна” гэж хэлээд Отгонбаатарыг түлхсэн чинь Отгонбаатар нь хоолны шүүгээ нураагаад унагаачихсан юм...би тухайн үед сандарсан байсан болохоор хараагүй, мэдэхгүй байна. ..." гэсэн мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11040 дугаартай шинжээчийн дүгнэлт
Эд мөрийн баримтаар тооцох тогтоолоор:
“…36 см урттай, 2 см өргөнтэй бор өнгийн гурилын модон ганжинг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/,
А.Жамбалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Жамбал нь согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны задгай тоотод хохирогч М.Отгонбаатар нь хэл үгээр доромжилон таарамжгүй харилцаа үүсгэсэнд уурлан хоорондоо маргалдан улмаар түүнийг гурилын илдүүр модоор баруун шуун тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун шуу ясны далд хугарал, духанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Жамбалын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Отгонбаатарын мэдүүлэг, ШШҮХ-ийн №11040 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч М.Отгонбаатарыг цохисноо өөрөө хүлээн мэдүүлж, хохирогч, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй зэрэг нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Жамбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч А.Жамбалын гэмт үйлдэл нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хохирогчид зүй ёсны шаардлагыг зохистой байдлаар илэрхийлээгүй, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч А.Жамбалд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Хохирогч М.Отгонбаатараас ”…А.Жамбалтай эвлэрсэн гомдолгүй тул хэргийг хааж өгнө үү…” /хх-57-58/ гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгч А.Жамбалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Жамбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор өнгийн гурилын илдүүр модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Шүүгдэгч А.Жамбал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.