2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02208

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 18 191/ШШ2025/02208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ................... тоот хаягт байрлах, Х ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х.Д /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Х.Д нь манай компанитай 2022.08.10-ны өдөр №000000000000 барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,499,900 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Х.Д нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy S22 Ultra 128 GB Black SM-S908BZKDSKZ загварын утсыг П ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Х.Д нь №000000000000 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025.01.17-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,256,081.42 төгрөг төлөх байснаас 907,000 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 7,255,174.42 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зорчин 789 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ................................ тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2024/13738 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд Х.Д-ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-2025.01.21-ний өдрийн 586 дугаартай Х.Х, Г.Э, Т.Т, Г.Э нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.22-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 5-6 х/,

-2022.08.10-ны өдрийн №000000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-9 х/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10 х/,

-2022.08.10-ны өдрийн №000000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нэмэлт барьцаа /хх-ийн 11 х/,

-2022.08.10-ны өдрийн Мэдэгдэл /хх-ийн 12 х/,

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.06-ны өдрийн 184/ШЗ2024/13738 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13-14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Д-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.08.10-ны өдрийн №000000000000 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Д нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул хүсэлт гаргагч нь зээлийн гэрээний үүрэгт 5,926,551 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.06-ны өдрийн 184/ШЗ2024/13738 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Х.Д-ыг .......................... тоот хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13-14 х/,

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2025.02.07-ны өдрийн 191/ШЗ2025/07161 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Д-ын оршин суух хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х.Д /РД:00000000/-ын Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд түүний оршин суух хаягийг ............................... тоот гэж тодорхойлсон байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х.Д /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай Х ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х.Д /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Х ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА