| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0077/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Т-н Б-д холбогдох 1835001360089 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг тоотод оршин суух Х овогт Тө-н Б. РД:ОЛ76112177.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч Б.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Т.-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч Б.Г-ыг зодсон болох нь хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдийн 11 цагийн орчим Улаангом сумын 7 дугаар багийн 11 тоотод байх гэртээ байж байгаад найз Б руу утсаар яриад “Чи хаана байна вэ? Боломжтой бол манай гэрт хүрээд ир. Би машины суудал засмаар байна” гэж хэлсэн тэгтэл Б Г гэдэг миний танил ахтай хамт хүрч ирсэн. Бид Б-ийн машинтай явж Б гэх зүс таних ахтай дугуй засварын хажууд уулзсан ба эхлээд Б ах 2.5 литрийн пиво авч, дараа нь мөн Галт ах 2.5 литрийн пиво авч бид 4 хувааж уусан. Тэгээд Г-ын гэрт очиж бид дөрөв 750 граммын “Улаанбаатар” нэртэй архи хувааж уугаад дуусаж байтал Г ах дахин 750 граммын архи авч ирж бид нар хувааж уусан. Тэгж байтал Б “Гэртээ харилаа” гээд яваад өгсөн. Г, Б бид 3 юм яриад зогсож байтал гэнэт Б ах над руу дөхөж ирээд миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан ороод хартал Б ах надтай маргалдаад бид хоёрын хажууд байсан Г маргалдаад дайраад байсан. Би Б-тэй зодолдоё гээд хашааны гадны гараад зодолдсон. Б намайг газар унагааж зодож байтал миний зүүн талын чихнээс цус гарсан. Яг юугаар цохьсныг нь мэдэхгүй. Б намайг зодож байхад Г өөр хүн байгаагүй. Г Б ахтай маргалдаж байгаад түүнийг “хулгайч” гэж хэлсэн тэгэхээр нь би “Энэ бас хулгайч юм уу?” гэхэд Б “намайг хулгайч” гэж хэллээ гээд надтай маргалдаад түүнээс болж бид хоёр маргалдаж Б намайг зодсон. Миний биеийн байдал хэвийн бөгөөд Б надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, одоо надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/,
гэрч П.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би хашаандаа байх гражид машин будаж байтал Г над руу утсаар ярьж машины судал засмаар байна гэхээр нь би Б гэх залуутай хамт Г-ын гэрт очоод машиных нь суудал аваад хүнд үзүүлэх гээд явж байтал замд Б таарч 1 сав 2.5 литрийн том пиво аваад түүнийг бид нар хувааж уугаад манай гэрт ирсэн. Би гэрт ирчихээд хийж байсан ажлаа дуусгах гээд машинаа будаж эхэлтэл Г, Б, Б нар 500 граммын архи хувааж ууж байгаад надад өгөхөөр нь би ажилтай байна гээд уугаагүй. Машинаа будаж байтал тэд нар дахин нэг шил архи уумаар байна гэхээр нь би 10000 төгрөг тэдэнд өгч тэд дахин нэг шил архи ууж байгаад намайг нэг харахад Б, Б нар явчихсан, Г ганцаараа байсан. Хэсэг хугацааны дараа Б буцаад ирсэн ба Г Б хоёр нэг шил архи уугаад сууж байгаад гэнэт Б Г-ын баруун талын нүд рүү цохьчихлоо гээд маргаан болж байсан. Тухайн үед гражид Г, Б бид гурваас өөр хүн байгаагүй ба Б Г-ын нүд рүү цохисон байх. Тухайн үед Г хэлэхдээ Б зүгээр байж байтал нүд рүү гэнэт гараараа цохьсон гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад зогсож байхаар нь та хоёр одоо боль харьж амар гэж хэлчихээд граж ороод ажлаа хийж байтал дахин гражны гадна бужигнаан болоод тоос манараад байхаар нь гражны үүдэнд гараад иртэл Б Г-ыг газарт унагаачихсан дээр нь гарчихсан чих рүү нь гараараа цохиж байсныг салгаж босготол Г-ын зүүн чихнээс цус гарч байсан ба тухайн үед чих нь сэтэрсэн эсэхийг анзаараагүй. Тэгээд тэр хоёрыг харь гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 09-ний рой 17 цагийн орчим байх Г нэлээн согтуу ганцаараа явганаар манай гэр лүү ороод ирсэн. Тэгэхээр нь би Г луу харахад Г-ын зүүн талын чихний дээд хэсэг урагдсан байдалтай сэтэрч ихээр цус гарч байхаар нь шууд эмнэлэг дээр очиж боолт хийлгүүлээд эхнэрийг нь дуудаж өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд би тэндээс гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Г орж ирээд над руу хандаж чи яахаараа миний ах дээр томордог юм гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Гтай маргалдаж байгаад миний хувцасны захаас бариад байхаар нь Г-ын баруун нүдэн дээр нь зүүн гараараа нэг удаа цохиход Г хойшоо болоод уначихсан юм. Тэгээд Г дахин босож ирээд надтай маргалдах гэтэл Г дундуур нь орж салгаад Г над руу хандаж “Гайгүй байгаагаарай чи яв” гээд намайг хашааны гадна гаргахад араас Г гарч ирж дахин надтай хэрүүл маргаан үүсгээд надтай зодолдож ноцолдоод байхаар нь би Г-ыг нэг түлхэхэд газарт унаад өгсөн тэгээд дээрээс нь очоод ноцолдож зодолдож байтал Г бид хоёрыг салгасан юм. Босоод хартал Г-ын зүүн чихнээс нь цус гарч байсан. Би тэгээд яваад өгсөн юм. Намайг түлхээд унагахад Г-ын чих гэмтчихсэн юм. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Б.Г-аас уучлалт гуйж эвлэрсэн. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Г-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид Зүүн чихний дэлбээнд язралт, баруун нүдний зовхинд хар хөхөрсөн зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Г нь “Т.Б надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, одоо надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ