Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2021/34

 

*******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00679 дугаар шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3 160 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 11 сарын 23ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 сарын 09-ний өдөр *******д 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр 2 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 3 сарын 09-ний өдөр дууссан боловч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 5 сарын хугацаан дахь хүүгээ цаг хугацаанд нь төлөхгүй олон сар нэхүүлж, шаардуулж байж төлсөн. Гэрээ дуусгавар болсноос хойш олон удаа утсаар болон биеэр очиж уулзаж зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч одоо болтол ямар ч төлбөр барагдуулаагүй байна. Туул эгчтэй харилцан тохиролцох гэж олон удаа оролдсон боловч өөрөө татгалздаг байсан. Харин одоо бол эвлэpэх боломжгүй гэж үзэж байна. Иймд гэрээний дагуу үндсэн зээл 2 000 000 төгрөг, алдангийг 0.5 хувиар тооцож, 116 хоногийн алданги болох 1 160 000 төгрөг, нийт 3 160 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******аас 2020 оны 10 сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Энэ хугацаанд 5 сарын хүү болох 500 000 төгрөгийг данс болон бэлэн мөнгөөр өгч байсан. Гэрээний хугацаа 2021 оны 3 сарын 09-ний өдөр дууссан. Би хувиараа бизнес эрхэлдэг тэтгэврийн хүн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед миний амьдрал болон бүх бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусч МХАҮТанхимын судалгаагаар жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлого 70-80 хувиар буурсныг тогтоосон. Би хүнийг хуурч мэхэлж, залилж мөнгийг нь аваагүй. Батжанлав надад бага хувийн хүүтэй, зээл олгож тус болсон нь үнэн. Өнөө үед банкны систем хүртэл зээл төлөлтүүдийг хойшлуулж байгаа. Би энэ хүний мөнгийг төлөхгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Нэхэмжлэлээс 116 хоногийн алданги 1 160 000 төгрөгийг төлж чадахгүй. Харин үндсэн зээл 2 000 000 төгрөг дээр хүний мөнгийг удаасан тул 500 000 төгрөгийг нэмээд нийт 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ цар тахлын үе намдмагц сар бүр хувааж төлнө гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00680 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 62950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “Шүүхээс нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 3 160 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хянан хэлэлцээд надаас 3 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ 3 000 000  төгрөгөөс үндсэн зээл 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг гаргуулна гэж шийдвэрлэсэн. Би алданги 1 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Шүүхээс намайг цар тахал өвчинтэй холбогдуулан гэрээний үүргийг яаж төлөх, үүргээс чөлөөлөх талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул гэж надаас алданги гаргуулахаар болсон. 2020.04.29-ний өдрийн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 141-р зүйлийг тайлбарлан хэрэглэхдээ буруу тайлбарласан гэж гомдож байна.

Зээлдэгч энэ хуульд нийцүүлэн зээлийн хүү алданги багасгах, өөрчлөх саналаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ хуульд нийцүүлэн багасгаж шийдэх нь зөв юм. Гэтэл шүүхээс хуулиас дээгүүр давсан гэрээний заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хариуцагч надад хохиролтой байна. Шүүхээс цар тахалтай байсан болохыг зөв дүгнэсэн хирнээ хэрэглэх ёстой хуулийг баримтлан шийдвэрлэхдээ буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд хуулийг зөв хэрэглээгүй, буруу тайлбарласан учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийн хэмжээг өөрчилж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 3 160 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 2020 оны 10 сарын 09-ний өдөр сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, 2 000 000 төгрөгийг зээлж, сар бүрийн 09-ний өдөр хүүгийн төлбөрийг төлөх, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн дотор үндсэн зээлийг бөөнд нь төлөхөөр тохирч,4262 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 3 дахь тал/

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж, үндсэн зээл 2 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, татгалзаж байгаа үндэслэлээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед жижиг бизнес эрхлэгчдийн орлого 70-80 хувиар буурсан, би тэтгэврийн хүн алдангийг төлж чадахгүй гэжээ.

Мөн хариуцагч нь шүүх Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна.  

Дээрх хуулийн 141 дүгээр зүйл нь “Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцаа”-г /Иргэний хуулийн 286 дугаар зүйл нэг тал нь барьцаалан зээлдүүлэх газар, нөгөө нь тал нь зээлдэгч/ зохицуулсан зохицуулалт байх тул  иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаанд тус зохицуулалт бүхэлдээ хамааралгүй /141.1, 141.4 дэх заалтууд мөн адил хамааралгүй/ байх тул  хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд хариуцагч *******ын “шүүх хуулиас дээгүүр давсан гэрээний заалтыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах боломжгүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД                                                 Я.АЛТАННАВЧ

                                                                  З.ЭНХЦЭЦЭГ