2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04563

 

 

 

 

 

 

 

                             2025         05          21

                       191/ШШ2025/04563

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.Г  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* нь 2019-10-р сарын 12-нд 8,531,500 төгрөгийн бараа зээлээр аваад одоо хүртэл мөнгөө өгөлгүй залилан хийгээд явж байна. Утсаар ярихад удаа дараалан худал хэлж, хууран мэхэлж, цаг хугацаа авч яваандаа төлөхгүй байх зорилготой байгаа юм. Миний бие аргаа бараад

1.      2022-9-6 БЗД-н цагдаагийн хэлтэст

2.      2022-9-12 Замын Үүдийн цагдаагийн хэлтэст өөрийн биеэр очиж өргөдөл өгсөн.

3.      2022-9-27 БЗД-н прокурорт

4.      2024-4-23 БЗД-н цагдаагийн хэлтэст

5.         2024-12-12 БЗД-н иргэний хэргийн шүүхэд хандсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. 2025-1-13-нд БЗД-ийн прокурорын газарт очиж уулзахад иргэний мэдээллийг дурын хүнд өгөхгүй. Харин шүүхээс хүсэлт ирүүлбэл журмын дагуу Б.*******ийн хаягийг өгч болох юм гэж зөвлөсний дагуу танайд хандаж байна. Иймд зальт этгээдийн хаяг байршлыг олж өгч иргэн надад тус болно уу. Б.*******ийн утас: *******, *******, *******.

1.1.             *******ийг эрэн сурвалжлуулна. Миний хүү зах дээр наймаа хийдэг. ******* 8 саяын бараа аваад алга болчихсон юм. Би хүүтэйгээ орж цагдаатай уулзахад цагдаа утсаар яриад мөнгийг нь өгөөгүй үнэн үү гэж асуухад үнэн гэж хэлсэн. Цар тахлаас болж өгөөгүй гэхдээ өгнө гэсэн боловч өгөөгүй юм гэв.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 32067 дугаар захирамжийн хуулбар /ХХ4-5/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ7/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8886 дугаар тогтоолын хуулбар /ХХ10-11/, өргөдөл 2 ширхэг /ХХ12, 14/,

2.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: “*******” ХХК-ийн албан тоот /ХХ28/, “*******” ХХК-ийн албан тоот /ХХ30/, “Мобиком корпораци” ХХК-ийн албан тоот, хавсралт /ХХ32-33/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ37/, шүүхийн мэдэгдэх хуудас /ХХ38, 45/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.                   Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2.                   Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

3.                   Нэхэмжлэгч Ц.******* нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ8/

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан нь тухайн этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байхаас гадна түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байхыг ойлгоно. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

5.                   Хэрэгт зарлагын баримтын хуулбар авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. /ХХ15-21/

 

6.                   Нэхэмжлэлд эрэн сурвалжлах этгээдийн ашигладаг гэх *******, *******, ******* гэсэн утасны дугаараас өөр мэдээлэл ирүүлээгүй. Улмаар шүүх утасны дугаарын дагуу ажиллагаа явуулсан. “*******” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/629 дүгээр албан тоотоос үзэхэд ы ******* /рд:*******/ нь ******* дугаарыг ашигладаг болох нь тогтоогдсон. Уг албан тоотод түүнийг ,,,,од оршин суух бүртгэлтэй гэжээ. Цаашлаад “Мобиком корпораци” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/657 дугаар албан тоот, түүний хавсралтаар үзэхэд Б.******* /рд:*******/ нь ******* дугаарыг ашиглаж байна. /ХХ28, 30/

 

7.                    Улмаар шүүх Б.*******ийн регистрийн дугаар тодорхой болсон тул төрийн мэдээлэл солилцооны хур системээс лавлагаа гаргуулахад тэрээр ,,,,од оршин суудаг гэжээ. Шүүх энэхүү хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд өөрөө гардаж авсан байна. Иймд түүнийг тус хаягт бодитоор оршин сууж байгаа гэж үзэх үндэслэлтэй. /ХХ37, 45/

 

8.                   Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь Б.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэдгийг хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй, дурдсан этгээдийн оршин суух хаяг тодорхой байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

9.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэлгүй тул Б.*******ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД