| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/10243/И |
| Дугаар | 191/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/00076
2025 01 13 191/ШШ2025/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:................дүүрэг, ...........-р хороо, .......-р хэсэг, ........... гудамж, ........ тоот хаягт оршин суух, Б.М-н /РД: ************, утасны дугаар **********/ нэхэмжлэлтэй
Г.Д-г /РД: ***********/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.М Г.Д-д 2022 оны 11 сарын 06-ны өдөр 36,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 19-ний өдөр 155,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 17-ны өдөр 117,400,000 төгрөг тус тус зээлдүүлсэн.
Г.Д нь зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн дүн 386,400,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.
Г.Д нь ................. дүүрэг, .........-р хороо, .................-р хэсэг, ................ тоот хаягт оршин сууж байсан, утасны дугаар ********, , фасебүүк хаяг ............................... гэсэн хаягтай гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Б.М-д нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.М-ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 30239 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж,
Г.Д-д мөнгө шилжүүлсэн баримтууд, Б.М-ын Голомт банк дахь ******** тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32242 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Г.Д-ий /РД: *******/ оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 12 сарын 31-ний өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М- нь Г.Д-д /РД: ********/ холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 30239 дугаар захирамжаар Г.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 386,400,000 төгрөг гаргуулах тухай Б.М-ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Г.Д .............. дүүрэг, ........-р хороо, ........-р хэсэг, ........... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 4-5 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32242 дугаар захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ Г.Д-ий /РД: ********/ оршин суух хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Г.Д-ий хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2024 оны 12 сарын 31-ний өдрийн лавлагаанд түүнийг ............ дүүрэг, ....-р хороо, ......... хэсэг гудамж, ......... тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 19-21 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д-н /РД: *********/ оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г.Д /РД: *********/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Д /РД: *********/-г эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН