Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2021/00035

 

*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00680 дугаар шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4 320 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 11 сарын 23ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч *******ын хүсэлтийн дагуу 2020 оны 9 сарын 30-ны өдөр 4170 тоот бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулж, тухайн өдөртөө 2 400 000 төгрөгийг түүний ******* тоот ХААН банкны дансанд 800 000 төгрөгөөр 3 удаагийн давтамжтайгаар шилжүүлсэн. Дээрх зээлийн гэрээний гол нөхцөлд зээлдэгч нь 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр сар бүрийн 30-ны өдөр хүүгийн төлбөрийг төлөх, 2020 оны 12 сарын 30-ны өдөр үндсэн зээлийг бөөнд нь төлөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч ******* нь дээрх зээлийн гэрээг хууран мэхлэх зорилгоор халхавч хийж байгуулсан болох нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, огт хүү төлөхгүй, үндсэн мөнгийг минь ч төлөхгүй намайг хохироож байна. Миний хувьд хариуцагч *******аас байнга л мөнгөө нэхдэг, шаарддаг боловч байнга л шалтаг хэлж хуурч мэхэлдэг. Солонгосоос дүүгээс минь мөнгө ирнэ, би хүнд мөнгөө өгчихөөд авч чадахгүй байна, шүүхээр шийдүүлж байгаа, дээд шүүх рүү шийдүүлэхээр явуулсан, мөнгөө авч чадахгүй хэцүү байна гэх зэргээр янз бүрээр худал хэлж ярьдаг нь тодорхой болсон. Миний хувьд *******д бусдын адил зээлийн гэрээ байгуулж хууртагдан мөнгөө зээлдүүлж хохирсноо саяхан мэдлээ. Хүнээс мөнгө авах биш харин ч өөрөө бусдад өгөх өр төлбөрийн асуудалтай байх магадлалтай юм байна гэж бодож санаа зовж байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлдүүлсэн 2 400 000 төгрөг, гурван сарын нийт хүү 720 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг, нийт 4 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2020 оны 09 сарын 30-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, сар бүрийн 30-ны өдөр хүүгийн төлбөрийг төлөх, 2020 оны 12 сарын 30-ны өдөр үндсэн зээлийг бөөнд нь төлөхөөр 4170 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 400 000 төгрөгийг *******ын Хаан банкны ******* тоот дансанд 800 000 төгрөгөөр 3 удаа шилжүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч ******* нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, огт хүү ч төлөөгүй, үндсэн мөнгөө ч төлөхгүй нэхэмжлэгч *******г хохироож байна. Иймд *******аас үндсэн мөнгө 2 400 000 төгрөг, 3 сарын хүү 720 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг нийт 4 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******гаас 2020 оны 9 сарын 30-ны өдөр 2 400 000 төгрөгийг албан ёсоор нотариатаар батлуулж 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Энэ хугацаанд сарын хүү болох 240 000 төгрөгийг төлж чадаагүй нь үнэн. Би хувиараа бизнес эрхэлдэг тэтгэврийн хүн. Цар тахлын улмаас бүх улс орон хилээ хааж, бүх нийтээрээ цар тахлын улмаас хувь хүнд ч, улс орны эдийн засагт ч нөлөөлж байна. Би хүнийг хуурч мэхэлж, залилж мөнгийг нь аваагүй. Би өөрөө 50 000 000 төгрөгөө хүнд алдаад 5 жил болж байна. Надад Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн хоёр удаагийн шийдвэр, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас уг хүнийг эрэн сурвалжилж байгаа албан тоот, бичиг бүгд байгаа. Би үндсэн мөнгийг нь гурван сарын хүүгийн хамт төлөх нь үнэн. Энэ мөнгийг цар тахал буурч улс орон хилээ нээж ажлаа бүрэн бүтэн хийдэг болсон үедээ хувааж төлнө. Банк, улс орон хүртэл хүнийг бодож зээлээ хойшлуулж, хугацаа сунгаж байхад би алданги төлж чадахгүй гэв.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00680 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 4 320 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 84 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн 4 320 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хянан хэлэлцээд надаас 4 320 000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан. Энэ 4 320 000 төгрөгөөс үндсэн зээл 2 400 000 төгрөг, хүүний төлбөр 720 000 төгрөг, алдангид 1 200 000 төгрөг гаргуулна гэж шийдвэрлэсэн. Би алданги 1 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс намайг цар тахал өвчинтэй холбогдуулан гэрээний үүргийг яаж төлөх, үүргээс чөлөөлөх талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул гэж надаас алданги гаргуулахаар болсон. 2020 оны 04 сарын 29-ний өдрийн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийг тайлбарлан хэрэглэхдээ буруу тайлбарласан гэж гомдож байна.

 

Зээлдэгч энэ хуульд нийцүүлэн зээлийн хүү алданги багасгах, өөрчлөх саналаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ хуульд нийцүүлэн багасгаж шийдэх нь зөв юм. Гэтэл шүүхээс хуулиас дээгүүр давсан гэрээний заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хариуцагч надад хохиролтой байна. Шүүхээс цар тахалтай байсан болохыг зөв дүгнэсэн хирнээ хэрэглэх ёстой хуулийг баримтлан шийдвэрлэхдээ буруу тайлбарласан гэж үзэж байна.

 

Иймд хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийн хэмжээг өөрчилж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 4 320 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь алданги төлөхөөс татгалзаж маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 2020 оны 09 сарын 30-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2 400 000 төгрөгийг зээлж, сар бүрийн 30-ны өдөр хүүгийн төлбөрийг төлж, 2020 оны 12 сарын 30-ны өдөр үндсэн зээл 2 400 000 төгрөгийг бөөнд нь төлөхөөр тохирч 4170 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 7 дахь тал/

 

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд гэрээнд заасан үндсэн зээл болон зээлийн хүүгээс ямар ч төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

 

хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, татгалзаж байгаа үндэслэлээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хувь хүнд ч, улс орны эдийн засагт ч нөлөөлж байна. Би үндсэн мөнгийг хүүгийн хамт төлнө. Банк, улс орон хүртэл хүнийг бодож зээлээ хойшлуулж, хугацаа сунгаж байхад би алданги төлж чадахгүй. гэжээ.

 

Мөн хариуцагч нь шүүх Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна.

 

Дээрх хуулийн 141 дүгээр зүйл нь Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцаа-г /Иргэний хуулийн 286 дугаар зүйл нэг тал нь барьцаалан зээлдүүлэх газар, нөгөө нь тал нь зээлдэгч/ зохицуулсан зохицуулалт байх тул иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаанд тус зохицуулалт бүхэлдээ хамааралгүй /141.1, 141.4 дэх заалтууд мөн адил хамааралгүй/ байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох боломжгүй юм.

 

Иймд хариуцагч *******ын шүүх хуулиас дээгүүр давсан гэрээний заалтыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ

З.ЭНХЦЭЦЭГ