Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 252

 

АДОБАЗ-ны нэхэмжлэлтэй, Хэнтий

аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                     Д.Мөнхтуяа,

                                                     Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоол болон тус сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Хэнтий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2019/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0267 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээд О.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Хэнтий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалт илт хууль бус болохыг тогтоож, хамтран хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0267 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 54.2-т заасныг тус тус баримтлан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дэлгэрхаан сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх АДОБАЗ-ны “Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол болон Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч АДОБАЗ хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Тус захиргааг байгуулсан Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоол нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгийг үндэслэсэн байдаг.

4.  3асгийн газар нь газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах, аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэхээр хуульчилсан. Үүнээс үзэхэд Монгол Улсын Засгийн газар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 185, 2007 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 187 дугаар тогтоолуудыг гаргаж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Хэрлэнбаян-Улааны нутгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг батлахын зэрэгцээ тухайн отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүргийг АДОБАЗ-д Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан эрхийн хүрээнд шилжүүлсэн байдаг.

5.  Өөрөөр хэлбэл, Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2007 оны 187 дугаартай тогтоолоор манай байгууллага нь аймаг дундын отрын бэлчээрийн газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй, уг эзэмшил хэвээрээ байгаад зогсохгүй шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгийг Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед Монгол орны зүүн бүсийн буюу Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн малчин иргэдийн мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлийг даван туулахад ашиглахад бэлэн байлгах үүднээс тус байгууллага нь аймаг дундын отрын бэлчээрийг хамгаалах, ашиглах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг болно.

6.   Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан тодорхойлолтоос үзэхэд захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон бөгөөд энэхүү чиг үүрэгт манай байгууллагын үйл ажиллагаа нийцэн явагддаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөвхөн гуравдагч этгээдээр оролцож байгаа О.Б-ийн эрхийг хамгаалсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар нь гуравдагч этгээд О.Батсүхэд удаа дараа давуу эрхийг олгож улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газар олгож, гуравдагч этгээд нь тус газруудад зохих зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламж барьж байгуулан бусдад худалдан борлуулж ашиг олсон байдаг.

7.  Гуравдагч этгээд О.Б-д улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон нь Засгийн газрын 2007 оны 187 дугаар 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйлд “...отрын бэлчээрийг 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна...” гэж заасныг зөрчин зөвшөөрөгдсөн хугацаа дууссанаас хойш улсын тусгай хэрэгцээний газар отрын бэлчээрийг чөлөөлөхгүй, ашигласаар байх нөхцөл байдлыг бий болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн.

8.  Мөн гуравдагч этгээд О.Б нь анхан шатны шүүхэд гаргасан, тайлбар шүүх хуралдааны мэдүүлэгт маргаан бүхий газрыг тус сумын Засаг даргын 2015 оны А/120 дугаартай захирамжаар эзэмшиж ирсэн бөгөөд дараалан 2 жил ашиглаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болно.

9.  Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар О.Б-ийн газрыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Улсын байцаагчийн 09/084/317 тоот дүгнэлт зэргийг давж заалдах шатны шүүх үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгг заасныг зөрчсөн.

10.   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дэх хэсэгт “...улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, 23.2.4-т улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх...” гэж хуульчилсан байхад улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмших эрх олгох нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх хэмжээний асуудал мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

11.   Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12.   Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

13.   Нэхэмжлэгч АДОБАЗ нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоол болон Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх бөгөөд маргаан бүхий актуудаар “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөж, улмаар иргэн О.Батсүхэд 20,000 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “Засгийн газрын тогтоолоор отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг бусдад эзэмшүүлэх эрхгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

14.   Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь хэсэгт аймаг дундын отрын бэлчээр нь тусгай хэрэгцээний газар байхаар зохицуулсан, маргаан бүхий газар нь ийнхүү тусгай хэрэгцээний газарт багтсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон, тухайлбал, гуравдагч этгээдээс “отрын бэлчээрийн газар гэдэгтэй маргах зүйл байхгүй”, хариуцагч сумын Засаг даргаас “улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлж болохгүй талаар заалт байдгаас эзэмшүүлж болохгүй гэх заалт байхгүй” гэж тус тус тайлбарлаж байжээ.

15.   Гуравдагч этгээд О.Б-д эзэмшүүлсэн газрын кадастрын зурагт газрын байршлыг “Дэлгэрхаан сум, 1 дүгээр баг, Хэрлэнбаян-Улаан” гэж нэрлэн заасан нь Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч, отрын нутгийн хилийн цэсийг тогтоосон үйл баримттай тохирч байна. Иймээс шүүх гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь бүхэлдээ аймаг дундын отрын бэлчээрийн газартай давхцалтай гэж үзлээ.

16.   Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээний газрын зохион байгуулалтыг эрхлэх эрх нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгогдсон байна. Гэтэл хариуцагч Иргэдийн Хурал болон сумын Засаг дарга нь маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээний газар болохыг, аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар ашиглах газар болохыг мэдсээр байж, өөрт олгогдоогүй эрх эдэлж, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөж, гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

17.   Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан нь тусгай хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлэхгүй байх агуулгатай тул хариуцагчийн “эзэмшүүлэхийг хуулиар хориглоогүй” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

18.   Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар газрын сан нэгдмэл байх, газрыг үндсэн зориулалтаар нь ашиглах зарчимтай бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болох Засгийн газраас маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээний газарт хамааруулсан байхад сумын Засаг даргаас дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр, хуулийг хэрэгжүүлэхгүй, эсрэг агуулгатай шийдвэр гаргаж, хуулиар олгогдоогүй эрх эдэлжээ.

19.   Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт “Засгийн газар нь ...газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх бүрэн эрхтэй” байна. Энэхүү эрхийн хүрээнд Засгийн газрын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолын 3 дахь заалтаар тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Хүнс, хөдөө, аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулжээ.

20.   Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын “Гурав”-ын 7-д зааснаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь “отрын бэлчээрт өвөлжих хаваржих мал сүргийг нутаглуулах, өвөлжөө, хаваржаа болон ашиглуулах зөвшөөрлийг олгох” зэрэг эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, тус захиргаа нь өөрийн гэсэн мэдлийн газартай, тухайн газрыг хэрхэн ашиглахыг зохицуулдаг, энэ утгаараа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг өөрийнх нь мэдэлд шилжүүлсэн газрын талаар маргах эрхтэй гэж үзэхээр байна.

21.   Иймд, нэхэмжлэгчээс “хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилго, Засгийн газраас шилжүүлсэн авсан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болж, эрх зөрчигдлөө” гэж маргаж байгаа тохиолдолд түүнийг захиргааны байгууллагын хувьд “хуульд  тусгайлан заасан бол шүүхэд нэхэмжлэл гаргах” гэсэн шаардлагыг зааж, маргах эрхийг хязгаарлах биш, харин нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “иргэн, аж ахуй нэгж байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 601.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар өөрийн эрхийг сэргээлгэхээр маргах эрхтэй гэж үзэхээр байна.

22.   Давж заалдах шатны шүүхийн “...хууль, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлээгүй илэрхий хууль зөрчсөн гэж асуудлыг холбогдох яам нь Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Учир нь аймаг дундын отрын бэлчээрийн газарт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшүүлсэн үйл баримт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд үндэслэсэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэснээр маргаан бүхий газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан тогтоолоос хамаарсан байдаг. Гэтэл Засгийн газраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээгүй тул нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандах боломжгүй байна.

23.   Анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 89 дүгээр захирамжаар “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, захиргааны байгууллагын хувьд хуульд тусгайлан заасан бол шүүхэд нэхэмжлэл гаргах ба нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлдээ дурдаагүй тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан, нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад хандсан боловч “хариу өгөөгүй” гэж, 2018 оны 11 дүгээр сарын 20-нд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс татгалзах үндэслэл арилсанд тооцож, захиргааны хэрэг үүсгэжээ.

24.   Гэхдээ анхан шатны шүүхээс “нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш” гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарласан, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийгээгүй, захиргааны хэрэг үүсгэх болсон үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй буруутай байгаа боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил биш байна.

25.   Нэхэмжлэгчээс шүүхэд тодорхойлон гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Засаг даргын захирамжийг илт хууль захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үндэслэлээ тайлбарласан байна. Гэтэл шүүхээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын алдаатай байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0267 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2019/0003 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалт илт хууль бус болохыг тогтоож, хамтран хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэснийг “Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалт, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг тус тус илт хууль бус захиргааны актад тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ