Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 85

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                         Хэргийн индекс:114/2016/0068/3

             Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Их сургуулийн 2-р гудамж ******* тоотод оршин суудаг ******* овогт *******ы нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэл Статистикийн газарт холбогдох “Б.*******, Д.Ганбат нарын хооронд 2014 оны 01 сарын 28-ны өдөр хийгдсэн барьцаат зээлийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.*******д Дархан сумын 13 дугаар баг Их сургуулийн 2 дугаар гудамж ******* тоот 315 м.кв талбайтай амины орон сууцыг 70.000.000 төгрөгөнд зарах болж 25.000.000 төгрөгөнд LEXUS 450 маркийн автомашин, 5.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 40.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авахаар болж 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр арилжааны гэрээ хийсэн. Гэвч гэрээний хугацаа дуусах үед Б.*******гийн надад арилжсан LEXUS 450 маркийн автомашиныг машины эзэн болох Ц.Халиун Б.*******г машины төлбөр хийгээгүй гэж шүүхийн шийдвэр гаргуулж машинаа буцаан авсан. Иймээс бидний хооронд маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрээр Дархан сумын 13 дугаар баг Их сургуулийн 2 дугаар гудамж ******* тоот 315 м.кв талбайтай амины орон сууцыг газрын хамт Б.*******гийн өмчлөлөөс гаргуулан надад олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

            Уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2/1175 албан тоотоор дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.******* бүртгэлтэй байна гэсэн байна. Мөн О.******* миний Улсын бүртгэлийн  Ерөнхий   газарт  гаргасан  өргөдлийн   хариу  тоотоор  дээрх   үл  хөдлөх  хөрөнгө  нь   өмчлөгч Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй ба иргэн Ц.Отгонгэрэлтэй 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ хийж бүртгүүлсэн байна гэж хариу өгсөн.  Шүүхийн              шийдвэрээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах гэж Улсын бүртгэлийн хэлтэст хандахад 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 1/613 дугаартай албан тоотоор 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Отгонгэрэлтэй хийсэн барьцаат зээлийг тус тус бүртгүүлсэн байна гэсэн хариу ирлээ. Улсын бүртгэлд өмнө нь байхгүй барьцаат зээлийн бүртгэл яагаад нэмж бүртгэгдсэнийг би ойлгохгүй байна. Давхар барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна гэсэн нь миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа учраас давхардсан гэх Б.*******, Д.Ганбат нарын хооронд хийгдсэн гэх 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн улсын бүртгэлийн бүртгэсэн барьцаат зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч Б.*******, Д.Ганбат нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээ дуусгавар болсон тул миний зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                   

ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч  О.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...” гэж заасан  эрхийн дагуу  шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

            Иймд  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлээсээ   татгалзсан  нь  хуульд   харшлаагүй   байх  тул

нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,  нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

                       

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Б.*******, Д.Ганбат нарын хооронд 2014 оны 01 сарын 28-ны өдөр хийгдсэн барьцаат зээлийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа  бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                             ШҮҮГЧ                                                  З.ЭНХТУЯА