Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Уламбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Гэрэлбадрах,

цагаатгагдсан этгээд Ч.Уламбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолыг эс зөршөөрч прокурор М.Гэрэлбадрахын бичсэн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тодбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Уламбаярт холбогдох 201601070007 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Чинбатын Уламбаяр, 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УГ81111211/,

 

Ч.Уламбаяр нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө, Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 2 тоотод найз Н.Энхтөрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож “гавлын яс баруун дагзнаас зулайн хэсэг хүртэл 17 см цууралт буюу хугаралттай, гавлын яс, хуйханд 2 хэсэг газар 8х6 см, 5х4 см хэмжээтэй цусан хураа үүсч, гавлын зулайн орой хэсэгт 5х4 см хэмжээтэй хонхойсон яс нь улаан ягаан өнгөтэй, тархи дарагдлын улмаас гавал тархины гэмтэл” учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн Прокурорын газраас: Ч.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Чинбатын Уламбаярыг хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чинбатын Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар Ч.Уламбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн төлөөлөгч Н.Тодбаярын 4.708.750 төгрөгийн хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, “Hyundai sonata-5” маркийн 25-02БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч болох Ч.Уламбаярт буцаан олгож,

Ч.Уламбаяр нь энэ хэрэгт 177 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач Н.Энхтөрийн нас барах үедээ өмсөж явсан саарал өнгийн майк, цагаан цэнхэр өнгийн турсик, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн синтопонон өмд, цайвар ногоон өнгийн оймс, бор шаргал өнгийн ноосон цамц, цагаан шаргал өнгийн ноосон цамц, бор өнгийн тэлээ, хар өнгийн пүүзэн гутал, хар өнгийн малгайтай куртик, хар өнгийн ноосон малгай болон дээд эрүүний 14 шүд бүхий хиймэл шүд, улаан, хар алаг гар чийдэн, улаан эрээн нүүр гарын алчуур, 4 ширхэг “Нийслэл” пивоны лааз, 1 ширхэг “Галт ус” нэртэй 0.5 граммтай архины шил, 1 ширхэг “Нийслэл” нэртэй 2 литрийн бор хүрэн өнгийн пивоны сав, 1 ширхэг “Улаанбаатар” нэртэй 0.75 граммтай архины шил, 4 ширхэг тамхины иш, 1 ширхэг архины бөглөө, ногоон өнгийн 73.8х48 см хэмжээтэй шалавч, 2 зах ирмэг хэсгээрээ шар өнгийн судалтай хүрэн өнгийн 43х90 хэмжээтэй алчуур, модон иштэй төмөр алх, шар өнгийн төмөр бариул, шар өнгийн улаан өнгөөр “чанартай асаагуур” гэж бичсэн асаагуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Уламбаярын өмсөж байсан бүдэг саарал өнгийн шаргал алаг юүдэнтэй өвлийн куртик, хар өнгийн юүдэнтэй биеийн тамирын цамц, саарал өнгийн энгэр дээрээ цэнхэр өнгийн шоон дүрстэй саарал өнгийн цамц, бор өнгийн хоолойтой цамц, хар өнгийн даавуун материалтай футболка, төмөр аралтай тэлээ, цэнхэр өнгийн жинсэн өмд, бараан өнгийн ноосон өмд, бор өнгийн хос оймс, цэнхэр өнгийн хос оймс, цагаан өнгийн босоо судалтай хар өнгийн даавуун турсик, саарал өнгийн богино түрийтэй хос пүүзэн гутал болон түүний “Nokia” маркийн гар утас зэргийг Ч.Уламбаярт буцаан олгох,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Отгонжаргалын өмсөж явсан үдээстэй хүрэн өнгийн хос гутал, цэнхэр өнгийн хос оймс, “mont dell” гэсэн бичигтэй саарал өнгийн хантааз, “adidas” гэсэн бичигтэй хар өнгийн футболка, хөх өнгийн хилэн өмд, шоо хээтэй дотуур өмд, саарал өнгийн ноосон цамц, юүдэнтэй хар өнгийн куртик болон түүний “Samsung” маркийн хар өнгийн товчлууртай гар утсыг Ч.Отгонжаргалд буцаан олгох,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар талийгаач Н.Энхтөрийн өмсөж явсан хувцасны халааснаас хураан авсан an5326855 дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Н.Энхтөрийн “Аnycall” маркийн нугастай хар гар утсыг хохирогчийн төлөөлөгч Н.Тодбаярт буцаан олгох,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Ирмүүн дэлгэрэх” караоке баарны камерийн бичиглэлтэй 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,

шүүгдэгч Ч.Уламбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тодбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Ч.Уламбаяр нь талийгаач Н.Энхтөрийг санаатай алсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн Ч.Уламбаярыг цагаатгасан нь буруу шийдвэр байсан гэж бодож байна.

Талийгаач 2016 оны 1 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Ч.Уламбаярынд орж ирэхдээ бие нь гэмтэж бэртээгүй байсан гэдгийг гэрч нар хэлдэг. Мөн Ч.Уламбаяр нь талийгаачтай маргалдсан байдаг. Ч.Уламбаярын хувцас, хумснаас, гэрээс нь цус илэрсэн, алчуур, шалавч, архины шил зэргийг нууж хаясан байсан, П.Даваадоржид би танай гэрт хоносон гэж цагдаа нарт хэлнэ шүү гэж захиж байсан, талийгаач нь гадны нөлөөтэй, тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан зэрэг байдал нь талийгаачийг Ч.Уламбаяр алсан гэдгийг хангалттай нотолж байна. Мөн Ч.Уламбаяр нь худал мэдүүлэг өгч байгаа байдал нь "Найман наран" дэлгүүрийн камерийн бичлэгээр харагдаж байна. Учир нь Ч.Уламбаяр нь тэр өдөр нь талийгаачтай уулзаагүй гэж хэлдэг. Гэтэл камерийн бичлэгт өдөржингөө талийгаач Ч.Уламбаяр хоёр хамтдаа "Найман наран" дэлгүүрээс архи авч орж гарсан бичлэг байдаг. Өглөө цагдаагийнхан очиход нь Ч.Уламбаяр нь гэрээ сайтар цэвэрлэж угаасан байсан гэсэн. Иймд цагаатгах тогтоол нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, хууль бус байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Прокурор М.Гэрэлбадрах бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийн цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй гаргасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангахгүй дүгнэлт гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ч.Уламбаярын үйлдэл хангалттай нотлогдож байгаа.

Шүүх “Нотлох баримтууд нь Ч.Уламбаярыг тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэнийг бус тухайн шөнө Ч.Уламбаярын гэрт талийгаач Н.Энхтөр, Ч.Уламбаяр нар нь хоёулхнаа үлдсэн, талийгаач нас барахынхаа өмнө хэнтэй уулзаж, хаана юу хийсэн талаарх үйл явдлыг болон талийгаачийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгаан, талийгаачийг нас барсан байхыг олж харсан талаарх баримтууд байх бөгөөд эдгээр баримтуудаар шүүгдэгч Ч.Уламбаяр нь талийгаач Н.Энхтөрийг зодож санаатай алсан гэдгийг хөтөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлох боломжгүй байна” гэжээ.

Ч.Уламбаярт холбогдох хэрэг нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Ч.Уламбаярын гэрээс гэрч Отгонжаргал, Анхбаяр, Тодбаяр, Уранцэцэг, Түвшинтөгс нар явсны дараа гарсан бөгөөд хэргийн газарт яллагдагч Ч.Уламбаяр, хохирогч Ч.Энхтөр нар үлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу "Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" тул шүүх түүнийг "гэм буруугүй, хүнийг санаатай алсан гэдгийг хөтөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлох боломжгүй" гэж хэт нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Мөн талийгаач Н.Энхтөр нь өөрийн гэсэн орон гэргүй бөгөөд архийг тогтмол хэрэглэдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Уламбаярын байшингийн таамбарын үүдний довжоо болон таамбарны дотор талын хаалганы бариул зэрэг нь цус болсон зэргээс үзэхэд талийгаач Н.Энхтөр нь Ч.Уламбаярын хашаанд гаднаас орж ирэхдээ дээрх гэмтлүүдийг авсан байсан, эсвэл Ч.Уламбаярын гэрт дээрх гэмтлүүдийг авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээр дурдсан цаг хугацаанд ямар үйл явдал болсон талаарх нотлох баримт олдоогүй ба дан ганц шүүгдэгч Ч.Уламбаярыг талийгаачтай хоёулхнаа үлдсэн, мөн хэргийн газраас алчуур, шалавч, архины шил зэргийг хаясан, түүний өмд болон гуталнаас талийгаачийн цус илэрснийг нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нь нотлогдоогүй байна гэх дүгнэлт нь: Ч.Уламбаярт холбогдох хэргийн хувьд Н.Энхтөрийг санаатай алсан үйлдэл нь “2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Ч.Уламбаяр гэртээ талийгаач Н.Энхтөртэй хамт архи ууж байхдаа “гэрт шүлсээ хаялаа” гэж хоорондоо маргалдсан, мөн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 00 цагаас хойш талийгаач Н.Энхтөр, яллагдагч Ч.Уламбаяртай “Миний утсыг чи авсан уу гөлөг, п…,  шээс” гэж хараалын үг хэлж маргалдсан, яллагдагч хэргийн газраас алчуур, шалавч, архины шил зэргийг хаясан, яллагдагчийн өмсөж явсан өмд болон гуталнаас талийгаачийн цус илэрсэн. Яллагдагч Ч.Уламбаяр гэрч П.Даваадоржид “2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би танай гэрт хоносон гэж цагдаа нарт хэлнэ шүү чи тэгсэн гэж хэлээрэй гэх зэргээр ятгасан зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэснийг зөрчиж шүүгдэгч Ч.Уламбаярын байшингийн таамбарын үүдний довжоо болон таамбарны дотор талын хаалганы бариул зэрэг нь цус болсон зэргээс үзэхэд талийгаач Н.Энхтөр нь Ч.Уламбаярын хашаанд гаднаас орж ирэхдээ дээрх гэмтлүүдийг авсан байсан гэж дүгнэж “талийгаач Н.Энхтөр гаднаас зодуулсан байдалтай орж ирсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байхад” шүүхийн тогтоол таамаглалд үндэслэсэн байна.

Мөн талийгаач нь гадны нөлөөтэй, тархиндаа хүнд гэмтэл авч нас барсныг тогтоолдоо дүгнэхгүйгээр хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 2081.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 43 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Уламбаярын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг бүрэн хангаж гарсан шийдвэр хэмээн үзэж байна. Хохирогч Н.Энхтөр нас барсан гэх хэрэгт Ч.Уламбаярыг холбогдуулан шалгасан боловч хувийн таарамжгүй харьцааны улмаас санаатай зодож алсан гэх нотлох баримт эрүүгийн 201601070007 тоот хавтас хэргийн материалд байхгүй бөгөөд энэ тухайгаа улсын яллагч шүүх хуралдааны шүүмжийн үе шатанд хүлээн зөвшөөрсөн. Тэрээр хэлэхдээ "Гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд болон шууд бус нотлох баримтаар тогтоодог. Энэ хэрэг дээр шууд нотлох баримт байхгүй. Харин шууд бус нотлох баримтуудаар хангалттай тогтоосон байгаа" гэсэн. Улсын яллагчийн дүгнэлт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх болно. Ч.Уламбаярын үйлдсэн гэх хэрэгт обьектив талын шинж огт тогтоогдоогүй болохыг шүүхийн цагаатгах тогтоолд бүрэн тусгасан байна. Мөн субьектив талын шинж болох санаа зорилгыг ч тогтоогоогүй атлаа санаатай гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн нь ч буруу байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг судлаад олж тогтоосон бодит байдлын талаар дүгнэлт хийж, тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй талаар тодорхой дүгнэлтийг хийснээр Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 284, 286, 290 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан цагаатгах тогтоол гаргах учиртай.

 

Гэтэл Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чинбатын Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт “…Эрүүгийн байцаан шийтгэх 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нь нотлогдоогүй, талийгаачийн үхэл нь Ч.Уламбаярын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна” гэж дүгнэсэн атлаа “…Ч.Уламбаяр нь Н.Энхтөрийг зодож санаатай алсан болох нь тогтоогдохгүй байна”, “нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч тэрээр уг гэмт хэргийг үйлдсэн болохыг хангалттай нотолсон баримт байхгүй байна” гэх харилцан эсрэг, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байх ба улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар Ч.Уламбаярыг гэм буруугүйд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл, тухайн шүүгдэгчийн ямар үйлдэл хийсэн нь тодорхойгүй, нотлогдоогүй байна гэж дүгнэсэн тохиолдолд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

 

Мөн шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад гарсан үр дүнг “магадгүй, үнэн зөв байх” гэж таамаглах ёсгүй бөгөөд ямар ч эргэлзээгүйгээр, нотлох гэж байгаа үйл баримтыг “хөдлөшгүй үнэн зөв” гэж тогтоосны дараа хууль зүйн дүгнэлт хийх ёстой байхад “…талийгаач Н.Энхтөр нь Ч.Уламбаярын хашаанд гаднаас орж ирэхдээ дээрх гэмтлүүдийг авсан байсан, эсвэл Ч.Уламбаярын гэрт дээрх гэмтлүүдийг авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна” гэх байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн,

яллах дүгнэлт болон, улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн яллах талын нотлох баримт бүрийг эргэлзээгүйгээр дүгнэсний эцэст хууль зүйн талаас нь үнэлэлт өгөх байтал зарим баримтуудыг үнэлэхгүйгээр хэргийг цагаатгасан буруу болжээ.  

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

 

Тухайлбал, Ч.Уламбаяр нь гэрч П.Даваадоржид “...би танай гэрт хоносон гэж цагдаа нарт хэлнэ шүү, чи тэгсэн гэж хэлээрэй” гэж хэлсэн, эд мөрийн баримтаар хураасан Ч.Уламбаярын өмдийг хайчилсан талаар, Ч.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаач Энхтөр юм яриагүй, би ганцаараа яриад гарсан” гэх мэдүүлэг, “...Отгонжаргалын гэр рүү явчихаад ирье гэхэд “хөгшин нь унтаж байя, чи өөрөө явчихаад ир, би унтаж байя” гэхээр нь орхиод явсан” гэх зөрүүтэй мэдүүлгүүд, Ч.Уламбаяр нь хэргийн газраас алчуур, шалавч, архины шил зэргийг хаясан, гэрч Ч.Отгонжаргалын өмднөөс илэрсэн 4 дүгээр бүлгийн цус хэнийх болох талаар, мөн хэргийн газрын схем зургийг гаргаж, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн явсан маршрутыг тогтоох зэрэг нэмэлт ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 43 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ч.Уламбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Багануур дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ч.Уламбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                             Ц.ОЧ