2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/00077

 

 

 

 

 

 

 

 

2025 01 13 191/ШШ2025/00077

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...........дүүрэг, ........-р хороо, .......-р хороолол, .....-р байр, .......... тоот хаягт оршин суух, Н.А-ын /РД: *********, утасны дугаар ********/ нэхэмжлэлтэй,

Д.О-г /РД: ********/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.А миний бие Д.О-тэй харилцан тохиролцон 2024 оны 07 сарын 16-ны өдөр түүнээс ****  улсын дугаартай, BMW 320i маркийн авто машиныг түүнээс худалдан авахаар болсон.

Би түүнд 11,500,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэн, мөн iphone 15 pro max маркийн гар утсаа 3,000,000 төгрөгт тооцож өгсөн. Машины үлдэгдэл төлбөр гэж 1,000,000 төгрөгийг 2024 оны 07 сарын 29-ний өдөр шилжүүлсэн.

Д.О надад тухайн авто машиныг ажиллах горим доголдолтойг засаж өгнө гэсэн ба эзэмшигчийн нэр Н ББСБ ХХК гэж байсныг мөн шилжүүлж өгнө гэсэн боловч авто машиныг засаж өгөөгүй, нэр шилжүүлж өгөөгүй.

Би түүнээс 15,400,000 төгрөгөө гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй шалтгаанаар хэрэг цааш үргэлжлэх боломжгүй болсон.

Иймд Д.О-ийн оршин суух хаяг тодорхой бус байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.А-ын оршин суугаа хаягийн талаарх .......... дүүргийн .........-р хорооны засаг даргын тодорхойлолт болон иргэний үнэмлэхний лавлагаа,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, Н.А-ын Хаан банк дахь ********** тоот дансны хуулга,

Д.О-ийн 11,400,000 төгрөг болон iphone 15 pro max маркийн гар утас авсан талаарх 2024 оны 07 сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Д.О-ийн зураг /гар утсаар авсан/, Н.А-ын Голомт банктай 2024 оны 02 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 23968 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32241 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Д.О-ийн /РД: *********/ оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 12 сарын 31-ний өдөр лавлагааг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь Д.О-д холбогдуулан төлбөр шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 23968 дугаар захирамжаар Д.О-д холбогдох 15,400,000 төгрөг гаргуулах тухай Н.А-ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Д.О .............. дүүрэг, .........-р хороо, .............. гудамж, ......-р байр, .... тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 12 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 32241 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Д.О-ийн /РД: *********/ оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд Д.О-ийг ............ дүүрэг, ......-р хороо, .............-р гудамж, .....-р байр, ........ тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэсэн ба тэрээр уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тус шүүхээс хүргүүлсэн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдсон болно.

ХХ-ийн 17-22 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О-н /РД: ************/ оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Д.О-г /РД: ************/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.О-г /РД: ************/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН