Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2021/00036

 

*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Я.Алтаннавч, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00678 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох Гэм хорын хохиролд 12 555 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Баяр-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 11 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Халхгол сумын 2 дугаар багт байрлах Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлчилгээнд явах зорилготой Хурд хүрээ ХХК-д түрээслэгдсэн, миний эзэмшлийн Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажилласан. Анх Хурд хүрээ ХХК-ийн менежер Ганбаатарын санал болгосноор Баяр-Эрдэнэтэй танилцаж, бид амаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр сар бүр 700 000 төгрөгийн цалин өгөхөөр болж машиныг маань барьсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. Баяр-Эрдэнэ нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаар Дорнод аймагт ирээд 7 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа Матад сумын нутаг Мэнэнгийн отрядын хойно онхолдож миний өмчлөлийн тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдэрч засварлах боломжгүй болсон. Би Баяр-Эрдэнэд машинаа бариулахаас өмнө хэд хэдэн жолоочид машинаа бариулж байсан. Тэр үед машинтай холбоотой ямар ч асуудал гарч байгаагүй. Миний хувьд жолооч нартайгаа байнга холбоотой байж, машин хэвийн явж байгаа эсэхийг асууж тодруулдаг байсан. Үүний дагуу Баяр-Эрдэнийг 21 дүгээр талбайгаас ирж, буцах болгонд нь машинд засаж, янзлах зүйл байна уу, яаж байна гэж байнга асуудаг байсан. Тэгэхэд Баяр-Эрдэнэ машинтай холбоотой юу ч хэлдэггүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буюу осол гарсан өдөр надтай уулзахдаа машинд хийх юм байхгүй, арын гэрлийг солих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрлийн үнийг өөрөөс нь асуугаад 20 000 төгрөг өгсөн. Тэр өдрөө Баяр-Эрдэнэ машиныхаа арын гэрлийг солиод Хурд хүрээ компанийн захирлын эхнэртэй уулзаж авч явах хүнсээ ачаад, бензин хийлгүүлээд 21 дүгээр талбай руу явсан. Явах үед нь тус компанийн захирлын эхнэр машин нь зүгээр үү гэж асуухад Баяр-Эрдэнэ зүгээрээ сая Оюунпүрэв эгчтэй уулзаад машиныхаа арын гэрлийг солиулсан гэж хэлсэн байсан. Баяр-Эрдэнэ жолоочоор ажиллаж байх үедээ машинтай холбоотой эвдрэл, гэмтэл огт ярьж байгаагүй. Баяр-Эрдэнийг жолоодож байх үед миний машин хэвийн ажиллагаатай, техник, эд анги нь бүрэн бүтэн байсан. Баяр-Эрдэнэ ослын дараа Цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө машины хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байсан учраас би замын хөдөлгөөнд оролцсон гэж хэлсэн байсан. Гэтэл одоо яагаад машин техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй байсан учраас осол гарсан гэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Баяр-Эрдэнийн цагдаагийн газар өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн хариу тайлбар хоёр хоорондоо зөрөөд байна. Баяр-Эрдэнэ ослын дараа надтай уулзахдаа хүртэл өөрийнхөө буруутай үйлдлээс болж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөр машин орж ирэхээр цалингүй ч хамаагүй ажиллаад хохирлоо төлж барагдуулна гэж хэлж байсан. Осол болсноос хойш машин маань дахин ашиглагдах боломжгүй болсон учраас аргагүйн эрхэнд 2018 оны 09 дүгээр сард 8 500 000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн. Хөрөнгийн үнэлгээний газар машины эвдэрсэн эд ангийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Би энэ машиныг анх 2017 оны 07 дугаар сард 40 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх эвлэрэл байхгүй. гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Халхгол сумын 2 дугаар багт байрлах Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайд үйлчилгээ үзүүлдэг Хурд хүрээ ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл жолоочоор ажилласан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тоёота ланд круйзер 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашиныг хүлээн авсан. Намайг анх энэ машиныг хүлээж авахад техникийн хувьд бүрэн бус байсан. Хойд хөндлөн татуурганы түльк нь дууссанаас машин бөгсөө шиддэг, тэнцвэргүй байдал үүсгэдэг байсан. Үүнийг би Хурд хүрээ ХХК-ийн менежер Ганбаатар болон Оюунпүрэв эгчид хэлж байсан. Тэгэхэд Оюунпүрэв эгч би машинтай холбоотой эвдрэл гэмтлийг нарийн сайн мэдэхгүй, чиний яриад байгааг ойлгохгүй байна, чи Хурд хүрээ компанийн захирал Отгонхүүд хэл гэдэг байсан. Тэгээд Отгонхүү захиралд хэлэхээр удахгүй хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь явуулна, тэр болтол барьж бай гэдэг байсан. Сүүлд машины кодын аппарат эвдрэхээр нь Санато-2 автомашины кодын аппаратыг орлуулж, гагнаж тавьсан. Дараа нь машины дугуйг солих шаардлагатай болоод Отгонхүү захиралд хэлсэн чинь өөр машины хуучин 4 дугуйг уг машинд тавьж өгсөн. Осол болох үед салоны болон рулийн дэр хоёр огт задраагүй. Тийм учраас би энэ машиныг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй машин байсан гэж үзэж байна. Энэ осол зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй машин хүлээлгэж өгснөөс болж гарсан. Мөн Оюунпүрэв эгч надтай ямар ч гэрээ байгуулаагүй. Би ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлж байгаагүй. ...Ослын дараа миний биед ямар нэгэн зовуур илрээгүй. Гэтэл тодорхой хугацааны дараа миний нуруу өвдөж улмаар ослын хор уршиг илэрч эхэлсэн. Үүнийг би Шинь Шинь ХХК-д ажиллаж байхдаа хэд хэдэн удаа ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэх үед мэдсэн. Түүнээс өмнө өөрийгөө эрүүл гэж бодож байсан. Ингээд 2020 онд эмчийн хяналтанд орсон. Тухайн үед эмч нуруу мурийлттай, нуруунд яс ургалттай байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч би бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэж чадаагүй 1 сар эмнэлэгт хэвтээд гарсан. Учир нь би нуруу, нугасны гэмтлээсээ болоод ажил хийх боломжгүй болсон. Одоо эмчилгээ хийлгэх байтугай 3 хүүхдээ тэжээхэд хүндрэлтэй байна.  Би эрүүл мэндээрээ хохирчихоод давхар 12 555 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч энэ машиныг техникийн хувьд асуудалгүй, хэвийн ажиллагаатай байсан, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр техникийн үзлэгт орсон гэж тайлбарлаж байгаа боловч уг машин техникийн үзлэгт ороогүй. Оюунпүрэв эгчийн таньдаг хүн дээр очиж жолооны гэрчилгээн дээр техникийн үзлэгт хамрагдсан гэж автоматаар тамга даруулсан. Түүнээс биш техникийн үзлэгт хамрагдаагүй. Мөн Оюунпүрэв эгч энэ машиныг 2017 оны 07 дугаар сард худалдаж авсан гэж ярьж байна. Би энэ машиныг Оюунпүрэв эгчээс 2018 оны 04 сард хүлээж авсан. Энэ хугацаанд уг машин 6 жолооч дамжсан. Олон жолооч дамжиж байгаа нь асуудалтай байсан гэдгийг харуулж байна. Энэ машиныг хамгийн дээд тал нь би 3 сар барьсан. Бусад нь 1 сар хүрэхгүй бариад буцаачихдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, надад энэ их мөнгийг төлөх боломж байхгүй. гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00678 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12 555 000 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 11 090 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 215 830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие анх Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 21-р талбайн үйлчилгээнд явдаг Хурд хүрээ ХХК-д түрээслэгдсэн Тоёота Ланд Круйзер маркийн 22-72 УБА улсын дугаартай автомашины жолоочоор орж ажиллахад тухайн компани болон автомашины өмчлөгч нараас надтай байгуулсан гэрээ, контракт байхгүй. Мөн компаний зүгээс хуулийн дагуу Аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж байгааг нэг ч удаа авч байгаагүй. Аль ч уул уурхайн компаниудад хөдөлмөр хамгааллын автотехникийн инженер байх ёстой. Гэтэл ямар ч хөдөлмөр хамгааллын болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй дээрх автомашиныг бариулсан.

Мөн осол болоход машины аваарын дэр буюу жолооны, салоны дэр задраагүй улмаас би нуруу нугасны гэмтэл авсан. Уг гэмтэл нь эмнэлгийн байгууллагаар тогтоогдож байгаа. Хүний эрүүл мэнд, амь наснаас илүү эд хөрөнгө гэж байдаг юм уу. Одоо би эрүүл мэндийн улмаас цаашид хүнд хүчир ажил хийх чадваргүй болсон. Харин ч би Оюунпүрэв болон Хурд хүрээ ХХК-с эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилж байна. Автомашины бүрэн бүтэн байдлыг бодитоор хангаж байсан бол би ингэж гэмтэхгүй, эрүүл саруул ажлаа хийгээд амьдралаа аваад явж байгаа. Тиймээс ажил хийх чадваргүй байж Оюунпүрэвийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломж байхгүй.

Тиймээс миний гаргасан давж заалдах гомдлын дагуу

1. Хурд хүрээ ХХК иргэн ******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний заалтыг судлуулах.

2. Ажилд гарахад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүйг хуулийн дагуу тогтоох.

3. Автомашиныг техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулах үнэн мөнийг тогтоолгох уг машиныг хүлээн авахад бүрэн бүтэн бус хойд хөндлөн татуурганы түлк дууссан байсан. Энэ талаар Хурд хүрээ болон нэхэмжлэгч *******т удаа дараа хэлж байсан боловч засаж өгөхгүй явсаар байгаад 2018.07.16-ны өдөр осолд орсон.

Дээрх зүйлүүдийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах шатны шүүх хуулийн дагуу хүлээн авч, үнэн зөвийг тогтоох, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг бүх талаас нь үнэн бодитоор судлан тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Хурд хүрээ компани нь Баяр-Эрдэнийг танилцуулан сайн жолооч гэснээр Баяр-Эрдэнэтэй уулзаж өөрийн өмчлөлийн машинаа бариулсан.

Би сард Баяр-Эрдэнэ жолоочид ажлын хөлс 700 000 төгрөг саадгүй өгч, машин тэрэг ямар байна хэрэгтэй юм юу байна гэж байнга асуудаг байсан. Надад машины хойд хөндлөн татуурганы түлк дууссан байна шүү гэж огт хэлж байгаагүй. Надаас хамгийн сүүлд осол хийдэг өдрөө машин зүгээр нэг гэрэл сольё гээд 20 000 төгрөг авсан. Компанидаа болохгүй байна гэж ч хэлсэн юмгүй байдаг.

Жолооч өөрөө бүрэн бус байсан бол ажил үүрэг гүйцэтгэхгүй байх эрхтэй, шаардах ч эрхтэй үүрэгтэй. Нэг ч удаа шаардаж үзүүлж байгаагүй ба осол болсон үед ч яанаа, дүү нь машиныг чинь төлнө. Та өөр машин ажилд оруулбал цалингүй ажиллаж хохирлоо төлье гэж байсан хүн одоо болохоор ийм юм ярьдаг болсон нь тогтоогдоогүй үндэсгүй тул гомдлыг нь хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Техникийн асуудлыг захирал, түүний эхнэр, менежер нь бие бие рүүгээ чихдэг. Тухайн машины хувьд урд нь чагтан гол сольж байсан. Энэ бол машин болохгүй байгаа болоод хийгдэж байгаа асуудал. Хуулийн дагуу бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бүрэн даатгалтай байх ёстой байдаг. Гэтэл энэ машин даатгалгүй байсан. Ядаж надтай гэрээ хэлцэл байгуулж ажиллах ёстой байсан гэж бодож байна. Гэтэл надтай гэрээ хийгээгүй шүү дээ. ...Би компани, машины эзэн хоёрын дунд жирийн нэг ажилтан хохирч байна. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил ч хийж чадахгүй болж байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ч төлдөггүй газар шүү дээ гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс машины мөнгө нэхээгүй. Зөвхөн дотор гэмтлийн мөнгийг нь л нэхэмжилж байна. Хэрэв надад үнэхээр эвдрэлтэй гэж хэлсэн бол би цаг тухай бүрт нь янзлуулах байсан. Гэвч надад ямар ч хийх зүйл байхгүй гэж хэлдэг. Угаасаа миний машинд хийх зүйл байгаагүй. Цалингаа тохироод явж байгаа ажилчин хариуцлагатай байх ёстой байсан. Би зөвхөн дотор талын эвдрэлийн төлбөрийг л нэхэмжилж байгаа шүү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурд хүрээ ХХК нь иргэдийн машиныг гэрээгээр авч ажиллуулдаг. Мөн жолоочийг ажиллуулдаг байгаа. Петро Чайна Дачин Тамсаг ХХК-иас мөнгө шилжүүлдэг. Үүнээс жолооч цалингаа авч, машины эзэн тодорхой хэмжээний ашиг авч ажилладаг юм байна. Үүний дагуу Оюунпүрэв нь жолооч Б.Баяр-Эрдэнийг авч ажиллуулсан байна. ...Өөрөө тухайн машиныг хариуцан жолоодож яваа хүний хувьд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох ёстой байсан. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Тиймээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ХЯНАВАЛ: 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 12 555 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь ******* нь анхнаасаа техникийн бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн, түүнийг засварлах талаар удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүйгээс энэ осол гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлчилгээнд явах зорилготой Хурд хүрээ ХХК-д түрээслэгдсэн, миний эзэмшлийн Toyata Land Cruiser 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байсан Баяр-Эрдэнэ нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаар Дорнод аймагт ирээд 7 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа онхолдож миний өмчлөлийн тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдэрснийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0033916 дугаартай шийтгэлийн хуудас Вендо ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж тодорхойлжээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа: Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайд үйлчилгээ үзүүлдэг Хурд хүрээ ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор ажилласан. Намайг анх машиныг хүлээж авахад техникийн хувьд бүрэн бус байсан. Үүнийг компанийн менежер Ганбаатар болон Оюунпүрэв нарт хэлж байсан. Осол зөвхөн шаардлага хангахгүй машин хүлээлгэж өгснөөс болсон, надтай ямар нэгэн гэрээ хийгээгүй, би өөрийн эрүүл мэндээр хохирсон тул машины хохирлыг төлөх үндэслэлгүй гэсэн байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн тайлбараар Toyata Land Cruiser 105 маркийн 22-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хурд хүрээ ХХК-д түрээсэлсэн, тэдний дунд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж байгаа боловч энэ гэрээ хэрэгт авагдаагүй, түрээсийн гэрээгээр машины бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг хэн хариуцах нь тодорхой бус, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр, хариуцагч ******* гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцээгүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч Б.Баяр-Эрдэнийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 215 830 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 138/ШШ2021/00678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   З.ЭНХЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧИД                                     Я.АЛТАННАВЧ

                                                                                            Ж.ДОЛГОРМАА