| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0241/э |
| Дугаар | 279 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.ДЭЛГЭРМАА |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид, хохирогч Ч.Дашдаваа, насанд хүрээгүй хохирогч Х.Номингийн хууль ёсны төлөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигжид овогт Насанжаргалын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн “1803000010078” дугаартай, 186/2018/0241/э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаарсарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийнбиеийнбайцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Нарны зам гудамж 51-68 тоотод оршин суух бүртгэлтэй, Жигжид овогт Насанжаргалын Мөнх-Эрдэнэ /РД:ЙЮ97070113/,
Холбогдсонхэргийнталаар:
Н.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зуслан явах зам буюу Оргил худалдааны төвийн баруун хойд замд Тоёото Приус маркийн 58-62 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ч.Дашдаваагийн жолоодож явсан “Хьюндай Элентра” маркийн 17-65 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Х.Номингийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Ж.Батцэнгэл, жолооч Ч.Дашдаваа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2017 оны 12 дугаар сарын 21-ны орой би өөрийн зуслангаас хотруу явж байхад Зунжин худалдааны төвийн урд миний эсрэг урсгалаас ирж байсан машин миний урдуур бүтэн дарж эргэхэд би машинаа тоормозлосон боловч халтираад эсрэг урсгалруу ороод мөргөлдсөн гэв.
1.2. Хохирогч Ч.Дашдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би өөрийн эхнэр Батцэнгэл, зээ охин Номинтой хамт хороололоос Жигжидийн зусланруу явж байгаад Зунжин худалдааны төвийн баруун талд миний эсрэг урсгалаас 3 машин явж байсны 2 нь өнгөрөөд 3 дахь нь өнгөрөхийн зөрүү эсрэг урсгалаас орж ирээд мөргөсөн, хохиролд 35 сая төгрөг нэхэмжилснээс 23 сая төгрөгийн бэлнээр өгч, өдөр 3 цагийн үед даатгалаас 5 сая төгрөг төлнө гэж хэлсэн. Одоо үлдэгдэл 7 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэв.
1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..хохиролд төлөгдөх мөнгөн дүнтэй маргах зүйлгүй. Манай охины эрүүл мэндэд ямар нэгэн хохирол хор уршиг гарч болзошгүй учир цаашид гарах мөнгөн дүн эмчилгээний зардлыг Иргэний журмаар шүүхэд нэхэмжилнэ гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Дашдаваагийн:...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд Баянгол дүүрэгт оршин суух өөрийн гэрээсээ өөрийн эзэмшлийн 17-65 УНӨ улсын дугаартай Х.Элентра маркийн автомашиныг жолоодоод эхнэр Батцэнгэл, зээ охин Номин нарын хамтаар Жигжидийн зуслан орохоор гарч явсан. Ингээд 13 цаг 30 минутын орчимд Зунжин худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо 1, 2-р эгнээний голын бараан замаар 50 км/цагийн хурдтай эсрэг урсгалаас 3 автомашин ирж байгаа харагдсан. Эсрэг урсгалд явсан 3 автомашины эхний хоёр машин нь миний хажуу талаар зөрөөд өнгөрч явсан дараа 3 дахь буюу сүүлийн автомашин гэнэт урсгал сөрөөд ороод ирэхээр нь тоормос гишгэхэд нөгөө машин тэр чигээрээ миний машины урд хэсэгт хүчтэй мөргөсөн. Хэсэг хугацаанд манарсан. Ингээд нэг ухаан ороод бүсээ тайлсан чинь амьсгалж болохгүй байсан. Хамраас цус гарч байсан. Шүлсээ хаяхад амнаас цус гарсан. Би машинаасаа буусан. Манай эхнэр охин хоёр арын сандалд сууж явсан болохоор арын хаалгаа онгойлгоход зээ охин арын сандлын шалан дээр уначихсан нүүр, ам, тархи толгойноос нь цус гарчихсан байхаар нь эхлээд хүүхдээ шалан дээрээс татаж авсан. Миний зүүн гар хөдөлж болохгүй байсан. Манай эхнэр арын сандал дээр толгой, тархинаас нь цус гарсан байдалтай сууж байсан. Эхнэр бид хоёр охиноо аваад машинаас гарсан. Тэр хавьд байсан хоёр цагдаа ирээд түргэн дуудсан гэж байсан. 1 цагийн дараа түргэн ирээд эхнэр, охин, бид гуравыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх 33-34/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тамирын:...Тухайн өглөө би ажилдаа явсан. Манай аав, ээж хоёр манай охинтой хамт зуслан орно гэж байсан. Ингээд өдөр 13 цаг 45 минутын орчимд манай эгч надруу утсаар залгаад аав, ээж, охин гурав машинтай явж байгаад зуслангийн замд осолд орсон талаар хэлсэн. Тэгээд удалгүй гэмтлийн эмнэлэг явж очсон. Манай охин оёдол тавиулсан зургаа авахуулсан байсан. Эмнэлэгт шууд хэвтэх ёстой гэхээр нь охиноо сахиад 4 давхарын 2 дугаар тасагт хэвтсэн. Манай аав, ээж хоёр эмнэлгээр үзүүлж явсан. Гэмтлийн эмнэлэгт 7 хоноод гэртээ гарсан. Тархинд цус хурсан байгаа ба цус хуралт нь буугаагүй байгаа гэсэн. Одоо эмнэлгээр үзүүлж харуулж байгаа. Охиноо осолд орсоноос хойш байнга хүүхдээ асарч, ажилдаа явахгүй байгаа. Би сард 1.000.000 төгрөгний цалин авдаг. Би охиноо осолд орсоноос хойш цалингүй чөлөө авсан гэх мэдүүлэг. /хх-21/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Батцэнгэлийн:..2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гэрээсээ нөхөр Дашдаваа, зээ охин Номин нарын хамтаар Жигжид зуслан орохоор нөхөрийн эзэмшлийн 17-65 УНӨ улсын дугаартай Х.Элентра маркийн автомашинтай гарч явсан. Машиныг Дашдаваа жолоодоод би Номингийн хамт арын сандалд сууж явсан. Ингээд 13 цаг 30 минутын орчимд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо явж байхад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан автомашин урсгал сөрж орж ирээд түс хийгээд л явсан. Би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд манай зээ охин Номин шалан дээр уначихсан байхаар нь татаж охиноо аваад машинаас охины хамт гаргасан. Удалгүй түргэн ирээд нөхөр бид гуравыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Сээр нурууны хугаралттай гэсэн. Одоо нуруугаар зовиуртай байгаа. Машины хөдөлгөөн бага байсан. Манай машины урд болон ард машин байхгүй байсан. Эсрэг урсгалд 3 машин ирж байгаа харагдсан. Хоёр машин өнгөрч явсан, дараа нь мөргөсөн машин гарч ирсэн. Зам халтиргаатай хоёр талаараа цастай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан гэх мэдүүлэг. /хх 42-44/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Бат-Эрдэнийн:..он сар өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр замын хажуу талаар явж байхад зуслангийн замд 2 автомашин мөргөлдсөн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би осол болсоныг хараагүй. Би замын хажуу талаар явж байгаад харсан. Би осол болсон газарт очиход 2 жолооч нь архи уугаагүй байсан. 102-т дуудлага өгсөн гэсэн. Цагдаа миний утасны дугаар, нэрийг бичиж авсан гэх мэдүүлэг. /хх-66/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 596 тоот актын:
1. Номингийн биед зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан дээрхи болон эдийн цус хуралт, няцралт, зулайн хуйх, дух, хацар, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх-77/,
2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 684 тоот актын:
1. Дашдаваагийн биед зүүн эгэм, өвчүү ясны хугарал, цээж баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх-87/,
2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1494 тоот актын:
1. Ж.Батцэнгэлийн биед сээрний 11-р нугалмын шахагдсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-90/,
2.8. Замын цагдаагийн албаны шинжээчийн 61 тоот дүгнэлт:
1.1. Т.Приус маркийн 58-62 УБЭ дугаартай автомашины жолооч Н.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Х.Элентра маркийн 17-65 УНӨ дугаартай автомашины жолооч Ч.Дашдаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. Цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм гэсэн дүгнэлт. /хх-103/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс хохирогч М.Даваагийн мэдүүлэг /хх-172/, гэрч Бүжингийн мэдүүлэг /хх-34/, гэрч Оюунтуяагийн мэдүүлэг /хх-35/, гэрч Нарангэрэлийн мэдүүлэг /хх-41/, гэрч Дуламсүрэнгийн мэдүүлэг /хх-45/, гэрч Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-175/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх 49, 50 дугаар хуудсанд техникийн шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжилгээ хийгдсэн шинжээчийн дүгнэлт зэргийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлсөн баримт /хх 96, 46 дугаар хуудсанд гэрч Дуламсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судална гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Н.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зуслан явах зам буюу Оргил худалдааны төвийн баруун хойд замд Тоёото Приус маркийн 58-62 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ч.Дашдаваагийн жолоодож явсан “Хьюндай Элентра” маркийн 17-65 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Х.Номингийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Ж.Батцэнгэл, жолооч Ч.Дашдаваа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Дашдаваагийн:...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд Баянгол дүүрэгт оршин суух өөрийн гэрээсээ өөрийн эзэмшлийн 17-65 УНӨ улсын дугаартай Х.Элентра маркийн автомашиныг жолоодоод эхнэр Батцэнгэл, зээ охин Номин нарын хамтаар Жигжидийн зуслан орохоор гарч явсан. Ингээд 13 цаг 30 минутын орчимд Зунжин худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо 1, 2-р эгнээний голын бараан замаар 50 км/цагийн хурдтай эсрэг урсгалаас 3 автомашин ирж байгаа харагдсан. Эсрэг урсгалд явсан 3 автомашины эхний хоёр машин нь миний хажуу талаар зөрөөд өнгөрч явсан дараа 3 дахь буюу сүүлийн автомашин гэнэт урсгал сөрөөд ороод ирэхээр нь тоормос гишгэхэд нөгөө машин тэр чигээрээ миний машины урд хэсэгт хүчтэй мөргөсөн. /хх 33-34/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тамирын:...Тухайн өглөө би ажилдаа явсан. Манай аав, ээж хоёр манай охинтой хамт зуслан орно гэж байсан. Ингээд өдөр 13 цаг 45 минутын орчимд манай эгч надруу утсаар залгаад аав, ээж, охин гурав машинтай явж байгаад зуслангийн замд осолд орсон талаар хэлсэн. Тэгээд удалгүй гэмтлийн эмнэлэг явж очсон....гэх мэдүүлэг. /хх-21/, хохирогч Ж.Батцэнгэлийн:..2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гэрээсээ нөхөр Дашдаваа, зээ охин Номин нарын хамтаар Жигжид зуслан орохоор нөхөрийн эзэмшлийн 17-65 УНӨ улсын дугаартай Х.Элентра маркийн автомашинтай гарч явсан. Машиныг Дашдаваа жолоодоод би Номингийн хамт арын сандалд сууж явсан. Ингээд 13 цаг 30 минутын орчимд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо явж байхад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан автомашин урсгал сөрж орж ирээд түс хийгээд л явсан. Би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд манай зээ охин Номин шалан дээр уначихсан байхаар нь татаж охиноо аваад машинаас охины хамт гаргасан. Удалгүй түргэн ирээд нөхөр бид гуравыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг. /хх 42-44/, гэрч Э.Бат-Эрдэнийн:..он сар өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр замын хажуу талаар явж байхад зуслангийн замд 2 автомашин мөргөлдсөн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би осол болсоныг хараагүй. Би замын хажуу талаар явж байгаад харсан. Би осол болсон газарт очиход 2 жолооч нь архи уугаагүй байсан. 102-т дуудлага өгсөн гэсэн. Цагдаа миний утасны дугаар, нэрийг бичиж авсан гэх мэдүүлэг. /хх-66/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 596, 684,1494 тоот актууд, Замын цагдаагийн албаны шинжээчийн 61 тоот дүгнэлт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Дашдаваа, Ж.Батцэнгэл, насанд хүрээгүй хохирогч Х.Номингийн хууль ёсны төлөөлөгч Д.Тамир нарын хохирол 35 сая төгрөгнөөс 28 сая төгрөгийг төлж барагдуулсан үлдэх 7 сая төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 13-ний дотор төлж барагдуулах талаар хохирогч, шүүгдэгч нар хоорондоо тохиролцож төлбөр барагдуулах талаар бичгээр гэрээ хийж, нотариатаар батлуулсан, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлснийг шүүх дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж хэрэгт хураагдан ирсэн В ангилалын 1059000 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицинзийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жигжид овогт Насанжаргалын Мөнх-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Н.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Н.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнээс 7 сая төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Дашдаваа, Ж.Батцэнгэл, Х.Номингийн хууль ёсны төлөөлөгч Д.Тамир нарт хувь тэнцүү олгосугай.
6. Насанд хүрээгүй хохирогч Х.Номингийн хууль ёсны төлөөлөгч Д.Тамир нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн №1059000 дугаартай Н.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийн үнэмлэхийг хадгалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ