Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/1145

 

    

 

Б.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Х-т холбогдох 2308015561228 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Х,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн үед .... дүүргийн ... дугаар хороо, Хангайн .... тоот гэртээ хадам аав Ч.Э-тай урьдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь заазуураар цохиж, зүссэний улмаас биед нь “дух ясны цууралт, зулай, дух, эрүү, уруул, хамар, хацар, сарвуунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Х-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х-ийг хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Э-ы нэхэмжилсэн 1,300,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг шаргал өнгийн 27.5 см урттай, 15.2 см урттай ажлын хэсэгтэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-т холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь бусдыг алах санаа зорилго, сэдэлт байсан эсэхийг гэрч, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэнийг анхаараагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Сгоос /шүүгдэгчийн эхнэр/ мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрхийг тайлбарлаагүй байдаг. Энэ талаар гэрч С шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэрчээс мэдүүлэг авахдаа түүнд хууль сануулсан тэмдэглэл тус бүрт Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулсан заалтыг тусгасан байх бөгөөд бичиг үсэг мэддэг, бүрэн дунд боловсролтой гэрч түүнийг уншиж танилцаад гарын үсэг зурсан байх тул тухайн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцсон болно гэж дүгнэсэн байна. Тухайн хууль сануулсан тэмдэглэлд хэрэв Үндсэн хуульд заасан эрхийг эдлэхгүй тохиолдолд худал мэдүүлэг өгвөл оногдуулах Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар тусгаагүй байдаг. Энэ гэрчийн хувьд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар шууд сануулсан хэлбэртэй болсон гэж үзэхээр байна. Гэрч С нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “Би дүүгээ дуудсан. Тэгэхэд Х юу болов оо гэж хэлээд нэг ширхэг тамхи татаад тайвширсан байсан. Тэр хооронд би аавыг гарч тайвшир гэж хэлээд гаргаад ах, эгчдээ хэлээд цагдаа, түргэн тусламж дуудсан” гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь тухайн үед довтолгоог зогсоож тамхи татан тайвширч байх хугацаанд гэрчийн зүгээс хохирогчийг гадаа гаргасан үйл баримт тогтоогдож буй юм. Нөгөө талаар шүүгдэгчийн зүгээс мэдүүлэхдээ “Тэгээд миний уур хүрээд гал тогооны шургуулганаас заазуур аван хадам аавын толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би гэртээ сууж тамхи татчихаад гадаа гараад дэлгүүр орох гээд явах гэтэл эхнэр явуулахгүй гээд байж байтал цагдаа нар ирсэн” гэсэн нь өөрийнх хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал үүсээгүй, довтолгоог өөрийн сайн дураар зогсоосон субъектив болон объектив шинж тогтоогдож байна.

Эдгээр тодорхой үйл баримтад дүгнэлт хийхдээ мөрдөн шалгах ажиллгааны явцад гэрч Сгийн хууль зөрчиж авсан мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгон шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Гэрч Сгийн шүүх хуралдаанд хууль сануулаад өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой заагаагүй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хүчин зүйлийн талаар шүүгдэгч Б.Х- нь яллагдагчаар болон шүүгдэгчээр тодорхой мэдүүлдэг ба ямар нэгэн хувийн өш хонзонгийн болон шалтаг шалтгаангүйгээр гэмт хэрэг үйлдээгүй болох нь харагддаг. Хохирогч Эы амь насыг хохироох шууд санаа зорилго, сэдэлтийг огт агуулаагүй болох нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож буй юм.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад анхнаасаа хохирогч Ч.Э-ыг алах санаа зорилго огт байгаагүй. Би түр зуурын уур бухимдлаасаа болж болчимгүй үйлдэл хийсэндээ үнэхээр харамсаж байна. Миний хадам эцэг буюу Ч.Э- нь архи, согтууруулах ундааны зүйлээс хамааралтай. Гэрт байгаа эд зүйлсийг худалдаад архи авч уудаг байсан. Мөн эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхад согтуу ирж агсам тавьж, удаа дараа биднийг гэрээс хөөснөөс бид машиндаа хүртэл хонож байсан. Эхнэр, хүүхэд минь эргэлтээр ирээд маш хэцүү байгаагаа хэлсэн. Учир нь, эхнэр минь “Чамайг хоригдсоноос хойш бид хоол ундаа арай гэж л зохицуулж байна. Хашааныхаа түрээсийн мөнгийг болон бусад өр, зээлээ төлж чадахгүй байна.” гэсэн. Шүүх бүрэлдэхүүнээс хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.   

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн. Анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Х-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.       

Шүүгдэгч Б.Х- нь согтуугаар 2023 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн үед .... дүүргийн ... дугаар хороо, Хангайн .... тоот гэртээ хадам аав Ч.Э-тай маргалдаж, улмаар Ч.Э-ы толгой, нүүрэн тус газруудад нь заазуурны ирээр цохиж, зүсэн биед нь гэмтэл учруулахад, Ч.Э- нь охин Э.С-гийн тусламжтайгаар гэрээс гарч зугтааж амь насаа аварсан болох нь:

хохирогч Ч.Э-ы: “...орой 19 цагийн үед би нэлээн архи уучихсан Хийн гэрт ороод зүүн талд нь байрлах орон дээр хэвтэж байхад Х гаднаас согтуу орж ирээд тогоон дээр байсан заазуурыг аваад миний толгойн тус газар руу 4-5 удаа заазуурын ир хэсгээр цохисон. Над руу халдаж байхдаа “...Эхлээд чамайг алчихаад дараа нь би өөрийгөө ална...” гэж хэлж байсан. Тухайн үед миний охин С Х-ийг надаас салгаад би гарч зугтаасан. ...” /хх-ийн 127-128/,

гэрч Э.С-гийн хэрэгт анх гэрчээр хэрэг болсны маргааш буюу 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр болох Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай халамцуу... аав Э нь бас согтуу байж байсан. ...Намайг гэртээ ирэхэд нөхөр, аав хоёр хоорондоо урьдын маргаантай асуудлаа ярилцаж маргалдаж байсан бөгөөд хоёр бие рүүгээ ална гэж орилж байгаад манай нөхөр гэнэт тогооны тавиур дээр байсан заазуурыг аваад аавын толгой хэсэг рүү заазуураар олон удаа ир хэсгээр нь цохиж, цавчсан юм. Манай нөхөр аавын толгой руу заазуураар цавчихдаа “...Гүйцээгээд алчихъя, би алж байж санаа амарна...” гээд заазуураар толгой руу нь цохиод байсан. Би хажуунаас нь орилж болиулах гэсэн боловч огт дийлэхгүй байсан тул хөрш айлын дүү болох Н-аас тусламж гуйж гэртээ оруулаад нөхрийн хоёр талаас нь барьж байгаад заазуурыг нь авах гэсэн боловч авч чадахгүй байсан. Тэгсэн манай нөхөр би нэг бол өөрийгөө алж байж санаа амарна, эсвэл аавыг чинь алж байж санаа амарна гээд ойролцоогоор хориод минут ноцолдсон юм. Тэгэхээр нь би аавын гутлыг нь өмсүүлээд бушуухан зугтаа гэж хэлээд том ахын гэр лүү явуулсан бөгөөд энэ үед аав маань толгойноосоо маш их цус алдаж байсан. Аавын толгой, эрүү хэсэгт маш гүн зүсэгдсэн байсан. Тэгсэн нөхөр заазуураар 2 удаа өөрийнхөө хоолойгоо хэрчих гэж завдсан бөгөөд манай дүү түүнийг болиулаад их ноцолдсон юм. Хэрэв манай дүү байгаагүй байсан бол Х аавын маань амийг нь хорооно гэсэн шийдсэн зантай байж байсан...” /хх-ийн 16-17/,

гэрч Ч.Э-ын: “...Тус өдрийн 22-23 цагийн үед манай байшингийн хаалгыг хүн нүдээд байхаар нь хаалгаа нээтэл манай дүү Э орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гээд босоод хартал Эы нүүр битүү цус болчихсон намайг Х цавччихлаа гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудаад 103-ын түргэний автомашинд дүүгээ өгч явуулсан. ...” /хх-ийн 132/,

гэрч Э.А-ын: “...Би тухайн өдөр Бүргэд-114 чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Г.Б-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. ...Дуудлага мэдээлэл шалгахаар ...хэрэг гарсан гэх гэрт буюу .... дүүргийн ... дугаар хороо, Хангайн .... тоот гэрт ороход хүнгүй, гэрийн зүүн талын орны урд хэсэгт их хэмжээний цус болчихсон байсан. Хашаанд нь байсан Н- гэх залуу “...Аавыгаа хутгалсан залуу гараад зугтаачихсан, араас нь эхнэр нь явчихсан, гартаа заазууртай явж байгаа...” гэж хэлэхээр нь явсан гэх газар руу яаралтай очиход эхнэр Стой тэврэлдчихсэн байж байсан. Тэгэхээр нь эмэгтэйг холдуулахад Б.Х-ийн савхин хүрмийн энгэрийн халаасанд заазуурын иш хэсэг нь дээшээ харчихсан харагдсан. Тэгээд заазуурыг нь авах гэтэл сугандаа хавчуулчихаад өгөхгүй гээд байхаар нь зууралдаж байгаад хурааж авч, бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд холбогдогч этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” /хх-ийн 123/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь ... дүүргийн .... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоот хашаа байна... Уг хашаанд 3 гэр байна. Хашааны дунд хэсэгт байх гэрийг түлхүүрээр онгойлгуулан ороход гэрийн зүүн хэсэгт шаргал өнгийн модон ор байх ба орны урд хэсэгт 40см-20см талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйл асгарч бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 14-17/,

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...Б.Х- нь гэмт хэрэг үйлдэгдсэн газраас зугтаж байхад нь эргүүлийн офицер Э.А-, эргүүлийн цагдаа жолооч Г.Б- нар эрэн сурвалжилж олж тогтооход гартаа барьсан байсан шаргал өнгийн 27.5 см урттай, 15.2 см урттай ажлын хэсэгтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон байсан заазуурыг хураан авч тэмдэглэл үйлдэв...” /хх-ийн 12/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5775 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Ч.Э-ы биед дух ясны цууралт, зулай, дух, эрүү, уруул, хамар, хацар, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” /хх-ийн 31-32/,

Б.Х-ийн яллагдагчаар өгсөн: “...С араас ирээд явуулахгүй гээд намайг хорьж байтал цагдаа нар ирсэн. ...Асуулт: 2023 оны 4 дүгээр арын 26-ны өдөр Бүргэд-114 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Э.А- ... “гартаа заазууртай явж байгаа гэж хэлэхээр нь явсан гэх газар руу яаралтай очиход эхнэр Стой тэврэлдчихсэн байж байхаар нь эмэгтэйг холдуулахад холбогдогч Б.Х- нь савхин хүрэмнийхээ энгэрийн халаасанд хийчихсэн иш хэсэг нь дээшээ харчихсан харагдсан. Тэгээд заазуурыг нь авах гэтэл хутгаа сугандаа хавчуулчихаад өгөхгүй гээд байсан”... гэж мэдүүлсэн байна. Та энэ талаар ярина уу? гэхэд Хариулт: Ийм зүйл болсон нь үнэн. Гэхдээ би тухайн заазуурыг өгөхгүй гэж хэлээгүй өөрөө гаргаж өгье гээд сугандаа хавчуулсан байсан юм...” /хх-ийн 115-117/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Х-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Э-тай таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь “...ална...” гэж заналхийлэн заазуурын ирээр цохиж, зүсэж биед нь “дух ясны цууралт, зулай, дух, эрүү, уруул, хамар, хацар, сарвуунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, улмаар Б.Х-ийн тус үйлдлийг зогсоохын тулд хохирогч Ч.Э-ы охин /Б.Х-ийн гэр бүлийн хүн/ Э.С-гийн аавыгаа зугтаалгаснаар зогссон байх ба Б.Х-ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл “Гэмт хэрэг үйлдэхээр завдах”-ийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ. ...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинжтэй байна.  

          Б.Х-ийн гэм буруутай, шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Ч.Э-ы биед “...дух ясны цууралт, зулай, дух, эрүү, уруул, хамар, хацар, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл...” гэсэн эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан байх ба анхан шатны шүүх хохирогч Ч.Э-ы хохирол, хор уршгийн 1,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

          Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хүнд найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Гэмт хэрэг төгс үйлдэгдсэн эсхүл завдсан эсэхийг дүгнэхэд шүүхээс шаардлагатай нөхцөл байдлуудыг тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт өгөх нь хуулийн шаардлага бөгөөд дээрх хоёр ойлголтыг хэрхэн дүгнэснээс шалтгаалан оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээнд харилцан адилгүй нөлөөлдөг шууд үр дагавартайг харгалзан хууль тогтоогч зарчмын хувьд ялгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд хуульчилж өгсөн байна.

          Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна. ...” гэж заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас доогуур буюу дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар Б.Х-ийг шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон урьд Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүхийн хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар, шүүгдэгч Б.Х- нь хохирогчийн толгой, нүүрэн тус газруудад нь заазуурын ирээр цохиж, зүсэн амь насанд аюултай үйлдлийг хийж эхлүүлсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал болох Э.С бусдаас тусламж хүсэж Б.Х-ийг барьж хориглон аав Ч.Э-ыгаа зугтаалгасан...”-ы улмаас Б.Х-ийн “Хүнийг алах” гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байдал тогтоогдсон тул түүний үйлдлийг “...Хүнийг алах гэмт хэргийн завдалт...” гэж үзнэ.

Хэргийн үйл явдлыг гэрчилсэн тус хэргийн газарт хамт байсан Э.С-гийн хэрэг болсны маргааш буюу 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...манай нөхөр гэнэт тогооны тавиур дээр байсан заазуурыг аваад аавын толгой хэсэг рүү заазуураар олон удаа ир хэсгээр нь цохиж, цавчсан юм. Манай нөхөр аавын толгой руу заазуураар цавчихдаа “...Гүйцээгээд алчихъя, би алж байж санаа амарна...” гээд заазуураар толгой руу нь цохиод байсан. Би хажуунаас нь орилж болиулах гэсэн боловч огт дийлэхгүй байсан тул хөрш айлын дүү болох Н-аас тусламж гуйж гэртээ оруулаад нөхрийн хоёр талаас нь барьж байгаад заазуурыг нь авах гэсэн боловч авч чадахгүй байсан. Тэгсэн манай нөхөр би нэг бол өөрийгөө алж байж санаа амарна, эсвэл аавыг чинь алж байж санаа амарна гээд ойролцоогоор хориод минут ноцолдсон юм. Тэгэхээр нь би аавын гутлыг нь өмсүүлээд бушуухан зугтаа гэж хэлээд том ахын гэр лүү явуулсан...” /хх-ийн 16-17/ гэсэн мэдүүлэг нь гэрч Ч.Э-ын: “...Тус өдрийн 22-23 цагийн үед манай байшингийн хаалгыг хүн нүдээд байхаар нь хаалгаа нээтэл манай дүү Э орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов гээд босоод хартал Эы нүүр битүү цус болчихсон намайг Х цавччихлаа гэж хэлээд уйлаад байсан. ...” /хх-ийн 132/, хохирогч Ч.Э-ы: “...орон дээр хэвтэж байхад Х гаднаас согтуу орж ирээд тогоон дээр байсан заазуурыг аваад миний толгойн тус газар руу 4-5 удаа заазуурын ир хэсгээр цохисон. Над руу халдаж байхдаа “...Эхлээд чамайг алчихаад дараа нь би өөрийгөө ална...” гэж хэлж байсан. Тухайн үед миний охин С Хийг надаас салгаад би гарч зугтаасан. ...” /хх-ийн 127-128/ гэсэн мэдүүлэгтэй үйл баримтын хувьд харилцан уялдаатай, дэс дараалалтайгаар таарч байгаа тул шүүхийн Э.С-гийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлснийг нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Э.Сгоос гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Гэрч өөрийн гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. ...” гэсэн эрхийг нь тайлбарласан /хх 14-15/ байна.

          Иймд шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан “...Б.Х-ийн үйлдлийг буруу зүйлчилсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Б.Х- нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1206 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ