2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/00078

 

 

 

 

 

 

 

 

2025 01 13 191/ШШ2025/00078

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .......... дүүрэг, ...........р хороо, ........-р гудамж, ........... тоот болон ............. дүүрэг, .........-р хороо, ............тоот хаягт оршин суух, Д.Г-ийн /РД: *********, утасны дугаар**********/ нэхэмжлэлтэй

Г.Э-г /РД: ***********/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Э-тай 2019 оны 05 сарын 02-ны өдөр 578 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу би Г.Э-д өөрийн газраа өгч газрын оронд Г.Э-ы барьсан барилгын 4 давхрыг нь авахаар тохиролцсон.

Тус барилга нь давхартаа 2 айлтай бөгөөд би 4 давхарт 1 өрөө байр 1 ширхэг, 2 өрөө байр 1 ширхэг тус тус авахаар болсон юм. Үүнээс 2 өрөө байрыг нь хүлээн авсан. Харин 1 өрөө байрыг маань 68,000,000 төгрөгөөр зараад өгье гэхээр нь зөвшөөрсөн. Үүний дагуу Г.Э 1 өрөө байраа А.Б гэдэг хүнд 2022 оны 02 сарын 14-ний өдөр худалдсан.

Г.Э 1 өрөө байрны төлбөр болох өгөх ёстой байсан 68,000,000 төгрөгөөс 14,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 53,500,000 төгрөгийг төлөөгүй.

Тиймээс түүний оршин суугаа хаяг .......... дүүрэг, .......-р хороо, ......-р байрны ........ тоот хаягаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Одоо тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй байгаа буюу Австрали улс руу 2024 оны 09 сарын 23-ны өдөр явсан болох нь шүүхийн зүгээс тогтоогдсон бөгөөд одоо оршин суугаа газар нь тодорхойгүй байна.

Иймд Г.Э-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Д.Г-ийн оршин суугаа хаягийн талаарх .......... дүүргийн ......-р хорооны засаг даргын тодорхойлолт,

Д.Г-ийн нэхэмжлэлтэй Г.Э-д холбогдох 53,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 27206 дугаар бүхий захирамж,

Д.Г-ийн өрхийн амьжиргааны түвшинг тооцсон тухай хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2024 оны 11 сарын 06-ны өдрийн тодорхойлолт, мөн түүний Хаан банк дахь ******** тоот дансны хуулга, 2019 оны 05 сарын 02-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 29382 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Г.Э-ийн /РД: **********/ оршин суугаа хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/, мөн түүнийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь Г.Э-д холбогдуулан гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 27206 дугаар захирамжаар Г.Э-д холбогдох 53,500,000 төгрөг гаргуулах тухай Д.Г-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Г.Э нь .......... дүүрэг, ...-р хороо, ....-р байр, ....... тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

Тус шүүхийн 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 29382 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Г.Э-ны /РД: **********/ оршин суугаа хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.

Г.Э-ы хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2024 оны 11 сарын 22-ны өдрийн лавлагаанд түүнийг ........... дүүрэг, ........р хороо, .......... гудамж, 61-р байр, ......... тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.

Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 11 сарын 29-ний өдрийнг 2-41/7898 тоот лавлагаанд Г.Э нь Чингис хаан агаарын замын боомтоор 2024 оны 09 сарын 23-ны өдөр улсын хилээр гарах чиглэлд бүртгэгдсэн гэх ба мөн бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Г.Э-д мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаяг тодорхойгүй гэх лавлагааг ирүүлсэн байна.

/ХХ-ийн 14-17, 23-31 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э-г /РД: *********/ эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно,

58.4-т Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно гэж тус тус заасны дагуу Д.Г-ийн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэн түүнийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Г өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г.Э-ыг /РД: *********/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Э-ыг /РД: ********* эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН