| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 138/2021/00243/И |
| Дугаар | 201/МА2021/00037 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 201/МА2021/00037
*******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Я.Алтаннавч, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 02-ны өдрийн 138/ШШ2021/00555 дугаар шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох 28 510 000 төгрөгийн үнэ бүхий мал гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлдээ миний бие Хөлөнбуйр сумын уугуул иргэн. Бид эцэг, эхээс 4-үүлээ, төрсөн эцэг маань 2007 онд нас барсан. Аавыг нас барснаас хойш том ах ******* нь аав, ээжээс хуваарилж өгсөн хөрөнгийг аваад өрх тусгаарлаж, тусдаа амьдрах болсон. Эгч, дүү бид 3 дундын өмчлөлийн малаа харж, ээж *******ийн хамт төрсөн гэртээ амьдардаг байсан. Миний хувьд хэзээ хойно хүнтэй сууж, гэр бүл болоод Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суудаг болсон. Дүү ******* ганц бие байх үедээ ээж, эгч хоёртой хамт амьдардаг байсан. 2020 оны 10 дугаар сараас ******* гэх эмэгтэйтэй ойр дотно харилцаатай болж, улмаар хамт амьдарч эхэлсэн. Ингээд ээж, эгч, дүү бид 4 зөвшилцсөний үндсэн дээрээс эцэг, эхээс үлдээсэн малаа зүс, толгой, эр, эмээр нь ялгаж өөр өөрсдийн нэр дээрх А дансанд хуваарилж авахаар болсон. Үүний дагуу 2020 оны мал тооллогоор миний бие өөрт оногдсон хуваарьт өмч болох 173 толгой малаа өөрийн оршин сууж байгаа Хэрлэн сумын 3 дугаар баг дээр тоолуулж Хөлөнбуйр суманд тавиул малаар бүртгүүлсэн. Үүнд: Тэмээ 3, адуу 10, үхэр 10, хонь 100, ямаа 50 нийт 173 толгой малыг өөрийн нэр дээр тоолуулсан. Аавыг өөд болсны дараа том ах ******* өрх тусгаарлаж, тусдаа амьдралтай болсон учраас дүү ******* аавыг орлож өнөөдрийг хүртэл өрхийн тэргүүн гэж явдаг. *******ын хувьд ******* гэх эмэгтэйтэй танилцаж, дотно харилцаатай болсон ч гэсэн өрх тусгаарлаж, албан ёсоор гэр бүл болоогүй учраас өрхийн тэргүүн хэвээрээ, одоо болтол ээж, эгчийн хамт амьдардаг гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Мөн түүний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө дүү *******т дундын өмчлөлийн малаа хувь тэнцүү хувааж аваад тус тусдаа өсгөөд явъя гэсэн санал гаргасан боловч уг саналыг нь зөвшөөрөөгүй байдаг. Иймд ******* аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******ыг яагаад дундын өмчлөлийн малаа хуваахгүй гээд байгааг ******* одоо болтол ойлгодоггүй. ******* нь ...уг нь бид нэг эцэг, эхийн хүүхдүүд одоо байгаа малаа өөрсдөө л өсгөж, үржүүлж өдий болтол хамт малласан. Үүнийг манай сумын хүмүүс бүгд мэднэ. Нэг эхийн хүүхдүүд байж хэдэн малаас болж бие биетэйгээ муудалцаж, шүүхийн байгууллагад хандаж байгаадаа сэтгэл өвдөж байгаа ч гэсэн нэгэнт дүү *******тай зөвшилцөж чадахгүй байгаа учраас хуулийн дагуу өөрт ногдох малаа гаргуулахаар шүүхэд хандсан гэдэг. Нэхэмжлэгч ******* нь *******аас өөрийн хуваарьт өмч болох 173 толгой малаа нэхэмжилсэн. Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх үед хавар болж, мал төллөсөн учраас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 173 толгой малынхаа төллөсөн бодит төл болох унага 2, тугал 3, хурга 35, ишиг 18 нийт 3 760 000 төгрөгийн үнэлгээтэй 58 толгой төл мал нэмж нэхэмжилсэн. Нийт 28 510 000 төгрөгийн үнэ бүхий 231 толгой малыг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү. Хөлөнбуйр сумын малын жишиг үнэлгээний дундажаар малаа үнэлсэн. Гэхдээ миний хувьд малаа тоо толгойгоор нь малаар нь авах саналтай байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд аавыг нас барснаас хойш ээж, эгч, бид 4 дундын өмчлөлийн хэдэн малаа маллаж хамт амьдардаг байсан. Тухайн үед бид одоогийнх шиг их малтай байгаагүй, 3 үхэр, 10 хүрэхгүй адуутай, малжуулах төслөөр авсан 25 хоньтой байсан. 2010 онд ******* хүнтэй сууж, өрх тусгаарлаж тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үед бид боломжоороо хэдэн малаа хувааж авсан. Түүнээс хойш ээж, бид хоёр гэртээ үлдэж, дундын өмчлөлийн хэдэн малаа өсгөж, өдийг хүртэл үржүүлсэн. Үүнийг нутгийнхан маань бүгд мэднэ. ******* тусдаа амьдарснаасаа хойш ээж, бид хоёр дээр ирэхээ больсон. Энэ хугацаанд ******* машин авна гэж үхэр, мал заруулж, надаар малчны зээл хүртэл авахуулсан. Тусдаа амьдарсан цагаасаа хойш байнга л гэрээсээ идэж уухаа зөөж, мөнгөний хэрэг гарвал надаас авдаг байсан. Одоо ч гэсэн авдаг. ******* нэхэмжлэл дээрээ мал төллөх үеэр ирж байнга тусалдаг байсан одоо ч гэсэн ирж, очоод явдаг гэж худлаа бичсэн байна. ******* нь мөнгөний хэрэг гарвал ирнэ, эсхүл идэш нь дуусахаар ирдэг байсан, бусдаар бол ажил ихтэй, мал төллөх үеэр огт ирж байгаагүй. Мөн 2020 оны мал тооллогын үеэр надтай зөвшилцөж, өөрийн нэр дээр мал тоолуулсан гэдэг нь худлаа, мал тоолуулж авах талаараа надтай огт ярилцаж, тохироогүй. Намайг байхгүй хойгуур мал тоолуулж авсан байсан. ******* мал өсөхийн хэрээр саяхнаас л ирж, очоод байдаг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө надтай энэ талаар огт ярилцаагүй. Би шүүх дээр ирж, нэхэмжлэлтэй танилцах үед л мэдсэн. Тиймээс миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* нь дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа хангалттай авчихсан. Одоо дахиж мал тоолуулж өгч чадахгүй. *******д зүсэлж өгсөн мал гэж байхгүй учраас ямар малыг өөрийнхөө мал гэж бодож, гарсан төлийг нь нэхэж байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 02-ны өдрийн 138/ШШ2021/00555 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас тэмээ 3 /4 настай эр тэмээ 1, 4 настай эм тэмээ 2/, адуу 10 /азарга 1, 3 настай эм адуу 4, 3 настай эр адуу 1, энэ жилийн төл эр 2, эм төл 2/, үхэр 10 /3 настай эм 4, өнгөрсөн жилийн төл эр 1, эм 1, энэ жилийн төл эр 1, эм 3/, хонь 100 /2 настай эм хонь 50, өнгөрсөн жилийн төл эр 15, эм 15, энэ жилийн төл эр 10, эм 10/, ямаа 50 /2 настай эм ямаа 14, өнгөрсөн жилийн төл эр 10, эм 10, энэ жилийн төл эр 9, эм 7/ буюу нийт 24 750 000 төгрөгийн үнэ бүхий 173 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 760 000 төгрөгийн үнэ бүхий 58 толгой төл мал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356 810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 281 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Хариуцагч ******* миний бие шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ бид эцэг эхээс дөрвүүлээ төрсөн эцэг маань 2007 онд нас барсан. Аавыг нас барснаас хойш том ах ******* нь аав ээжээс хуваарилж өгсөн хөрөнгийг аваад өрх тусгаарлаж амьдарсан. Эгч, дүү бид гурав дундын өмчлөлийн малаа харж ээж *******ийн гэрт амьдарсан. Ээж, эгч, дүү бид дөрөв зөвшилцөөд эцэг эхээс үлдээсэн малаа зүс, эр, эмээр нь ялгаж өөр өөрсдийн нэр дээр А дансанд хуваарилан авахаар болсон. Үүний дагуу миний бие өөрт оногдсон хуваарьт өмч болох 173 толгой малаа Хөлөнбуйр суманд тавиул малаар бүртгүүлсэн. Үүнд тэмээ 3, адуу 10, ямаа 50, хонь 100 гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Нэхэмжлэлийн шаардлага дахь эцэг эхээс үлдээсэн малаа зүс, эр, эмээр нь ялгаж өөр өөрсдийн нэр гэсэн агуулга нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлд Өвлөх үндэслэл-р нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, үр дагавараа тодорхойлсон гэж үзэхээр байна.
Хэрвээ нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасан Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэх хууль зүйн үр дагавраар үүссэн эд хөрөнгийг нэхэмжилж байгаа нөхцөлд анхан шатны шүүх Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 Өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ. гэх хуулийг зайлшгүй хэрэглэж маргааны зүйл болох эцэг, эхээс үлдээсэн буюу өвлүүлсэн мал /эд хөрөнгө/-ын 2007 оны тоо хэмжээгээр ногдох хэсгийг тодорхойлох байсан боловч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийн хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчиж байна.
Маргаан бүхий эд хөрөнгийг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар талуудын эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгч гэж тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өвлөгдсөн эд хөрөнгийг ногдох хэсгээр хуваах агуулгаас огт өөр харилцаатай, огт өөр зохицуулалтаар шийдвэрлэхэд хүрч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дундын хөрөнгө болох малаа хувааж авсан гэж үндэслэлээ тодорхойлсон. Хэрвээ нэхэмжилж буй мал дундын өмч гэж тодорхойлж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсгээр өмчийн хэлбэрийг тодорхойлох биш нэхэмжлэгчийн хүсэл зориг болох дундын өмчтэй холбоотой зохицуулалт болох тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна., 128.2-т 2.Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. гэснийг үндэслэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгчийн дур мэдэн захиран зарцуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнийг хасаж тооцох ёстой байсан.
Зохигчид нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т заасан хууль ёсны өвлөгчид төдийгүй тэдгээрийн ах эгч, ээж нар ч хууль ёсны өвлөгчид болно. Хэдийгээр нэхэмжлэгч эцэг эхээс үлдээсэн гэж ээжийгээ байхгүй мэтээр нэхэмжлэлдээ дурдсан ч ээж *******ээ ч зохигчдын аав болох 2007 онд нас барсан *******эд ногдох хэсгийн өвлөгч болно.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг нэхэмжилж байхад шүүх дундаа хэсгээр өмчлөгчид хамаарах хуулийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Маргааны зүйл болох хөрөнгө нь 2008 оны мал тооллогоор Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн иргэн ******* овогтой *******ын өмч тэмээ 3, адуу 11, үхэр 6, хонь 13, ямаа 52 нийт 85 толгой малыг улсын мал тооллогод бүртгэсэн байна. Малын А данс нь тухайн эд хөрөнгийн тоо хэмжээг тогтоохоос гадна тухайн мал буюу эд хөрөнгө хэний хууль ёсны өмч болохыг албажуулж баталгаажуулсан төрөөс гаргасан бичиг баримт мөн.
Хэрвээ А дансан дахь малын үр шимийг дундын өмч гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол аав *******, ээж нараас өвлөгдсөн хэмжээгээр буюу 2008 оны мал тооллогоор тогтоогдсон 85 тооны малаас тооцож өөрт ногдох хэсгээ нэхэмжлэх ёстой. Учир нь Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар Өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ. гэж тодорхой хуульчилсан учир тухайн нийт гэр бүлдээ 85 толгой малаа хуваарилаад гэрлэгчдийн хуваарьт хөрөнгө болох нас барсан *******эд ногдох хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар тус хуулийн 520.1.1-д заасан этгээдүүд болох эхнэр, хүүхдүүд нь биет байдлаар эсвэл мөнгөн хэлбэрээр өвлөх тухай асуудал үүсэхээр байхад анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэлж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;, 3.1.4 гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; ойлгоно гэж хуульчилсан.
Хэрвээ гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж нэхэмжлэгч өөрт ногдох хэсгээ шаардсан бол Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана. заасан дээрх үүргийг биелүүлснээ мөн давхар нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч дээрх үүргийг огт биелүүлж байгаагүй байна.
Нэхэмжлэгчийн шаардаж буй 173 тооны мал нь түүний аав *******ийн ногдох хэсгээс өвлөх ёстой хэмжээнээс хэд дахин их байгаад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан, маргааны зүйлийн өмч эв дундаа хамтран өмчлөх өмч үү, дундаа хэсгээр өмчлөх өмч үү, өвлөгдсөн өмч үү гэдгийн заагийг ч гаргах хууль зүйн дүгнэлтийг өгч чадаагүйгээс шийдвэр хууль илэрхий зөрчихөд хүрсэн байна.
Хэрвээ эцэг эхээс үлдсэн мал биш гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмч гэж үзвэл Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэг Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. гэснийг ээж *******ээ, нэхэмжлэгч ******* нар зөрчиж бусад өмчлөгч болох хариуцагч, бусад ах, эгч нартай зөвшилцөхгүйгээр 2020 оны А дансанд нэхэмжлэгчийн нэр дээр 173 тооны малыг дур мэдэн шилжүүлсэн Иргэний хуулийн 128.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн үйлдэл байхад мөн энэ асуудлыг тал бүрээс нь хянахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна.
Дундаа хамтран өмчлөх ёстой гэж нэхэмжлэгчийн шаардсан малын тоонд хариуцагч *******ын малжуулах төслөөс авсан 25 хонь, түүний төл давхар тоологдоод байгаа талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тогтоохоор ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг шүүх санаачлагаар бүрдүүлэхээр хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан. Хүний 10 гаруй жилийн хөдөө хөхөрч, гадаа гандсан хөдөлмөрийг ийнхүү үнэгүйдүүлж хариуцагч миний амьдралын чанарыг ингэж дордуулсанд харамсаж байна.
Нэхэмжлэгч эцэг эхээс үлдээсэн буюу өвлүүлсэн гэж мөн дундын өмчлөлийн зүйлээ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсоор байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас огт өөрөөр дундаа хэсгээр өмчлөх тухай хуулийг хэрэглэж, мөн үнэ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр шаардлагыг дур зоргын байдалаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль, ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Дундаа хэсгээр өмчилж байсан бол нэхэмжлэгч 2008 оноос хойш өөрийн хэсгээр өмчилж буй малын төрөл, нас, хүйс, зүсийг түүнээс өнөөдрийг хүртэл гарсан үр төл, зарлагыг анхан шатны шүүхэд гаргаж нотлох ёстой байсан. Ийм нотлох баримт байхгүй. А данс руу малыг дур мэдэн шилжүүлсэн талаар маргаж байхад шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн. Нэхэмжлэгч нэгэнт 173 толгой мал миний нэр дээр тоологдсон учир малаа авна гэж маргасан. Анхан шатны шүүх А данс руу шилжиж нэхэмжлэгчийн өмчлөл болсон гэж үзсэн бол А данснаас *******ын зөвшөөрөлгүй малыг шилжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй нь эргэлзээтэй байна.
*******г бусад өмчлөгчийн зөвшөөрлөөр ногдох хэсгээ зарцуулж байсан нь хариуцагч *******ын тайлбараар нотлогдлоо гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь мөн өрөөсгөл байна. Бусад өмчлөгчийн зөвшөөрлөөр гэдэгт ганц *******ын тайлбар хангалтгүй эгч, ах, ээж нарын зөвшөөрөл шаардагдах бөгөөд ийм нотлох баримт огт байхгүй байхад шүүх илэрхий худал дүгнэлт гаргасан байгааг давж заалдах шатны шүүх сайтар хянаж өгнө үү.
Хэрвээ ******* ааваас өвлөгдсөн мал гэж үзэж байгаа бол 85 тооны малаас аавд ногдох хэсгээс нэхэмжлэх ёстой, дундын хөрөнгөөс гэвэл 85 малыг үнэлж мөнгөн хэлбэрээр шаардах, дундаа хэсгээр өмчлөх өмчөө шаардаж байгаа бол зөвхөн өөрт ногдох хэсгийн мал, малын үр төлийг шаардах ялгаатай байдал үүсэхээр байна. Анхан шатны шүүх эдгээр асуудалд огт хууль зүйн дүгнэлт хийж өгсөнгүй. 85 өөр төрлийн малыг гэр бүлийн гишүүдэд ижил тэнцүү хуваах боломжгүй учир 2008 оны зах зээлийн үнэлгээгээр үнэлж ногдох хэсгийг тогтоох шаардлагатай байсан.
Аавын ногдох хэсгийг өөрийн дундын өмчлөлийн хэсэг дээр нэмж нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. зааснаар нэхэмжлэгч нь эцэг *******ийн ногдох хэсгийг өвлөх хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй тул өвөөс татгалзсан хууль зүйн үр дагавар байгаа бол хариуцагч миний хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж зааснаар 85 тооны толгой малыг эрхлэн удирдаж өсгөсөн ба хажуугаар нь малжуулах төслийн 25 толгой хонийг мөн өсгөж өнөөдрийн ийм хэмжээнд хүргэсэн тул хуульд зааснаар өвийг хүлээн авсан хүн бол хариуцагч миний бие юм.
Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ. гэж заасан. Нэхэмжлэгч болон бидний хоорондох маргаан бол нэхэмжлэлд дурдсанаар ааваас үлдээсэн өвийг хуваарилахтай холбоотой маргаан тул өвтэй холбоотой хуулиар шүүх маргааныг шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж хариуцагчийн хувьд үзэж байна.
Ийм нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр асуудал шийдвэрлэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, маргаан бүхий эд хөрөнгийн аль хэсэг нь дундын өмч, аль хэсэг нь хуваарьт өмч болох талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хуульд нэг бүрчлэн нэршлээр заасан дундын өмч, дундаа хэсгээр өмчлөх харилцааг адилтгах байдлаар дүгнэсэн зэрэг хуулийн илэрхий зөрчилтэй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
Дундын өмч гэж үзсэн нөхцөлд ******* нь дээрх өмчийг өмчлөх эрх хэзээ үүссэн, хэзээ дуусгавар болсон, *******ээс хэдэн тооны мал өвлөгдөж ирсэн, түүнээс нэхэмжлэгч хариуцагч нарт хэдэн тооны мал ногдох байсан, малжуулах төслийн мал өв, эсхүл дундаа хамтран өмчлөх болон анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн дундаа хэсгээр өмчлөх малын тоонд орох эсэхийг хуульд нийцүүлэн үнэн зөв дүгнэж өгөхийг хүсье.
Давж заалдах гомдолд дурсан А дансны малын тоо, *******гийн хэрэглэсэн малын тоо зэргийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй олон ажиллагаанууд байгаа болно. Мөн төрсөн эгч болон ээж *******ээ нар надаас өвлөгдөж үлдсэн малаа гаргуулахаар анхан шатны шүүхэд хандсан байгаа нь өмчийн хэлбэр шаардлага ижил буюу өвтэй холбоотой маргаан гэж үзэж байна. Өвийг шийдэхгүйгээр дундын өмчлөлийн асуудлыг үнэн зөв тогтоож чадахгүй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэр шуудангаар хариуцагч надад хүргэгдэж ирээгүйгээс давж заалдах хугацааг хэтрүүлсэн, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарсан байгааг давж заалдах гомдол гаргасантай холбогдуулж цуцалж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2021.02.25-ны өдөр өөрийн хувиарт өмч болох 173 толгой малаа нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төл мал мөллөөд дууссан учир 2021 оны төл малаа 2021.05.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 58 толгой төл малаа нэхэмжилж байсан.
Ингээд 2021.08.02-ны өдөр шүүх хурал болж үндсэндээ дээрх хэрэг 5 сар гаруйн хугацаанд үргэлжилж шийдвэрлэгдэж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *******д 173 толгой малыг хариуцагч *******аас гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх шийдэж үнэн зөв хуулийн дагуу шийдвэр гаргасан.
Энэхүү хуралдааны шийдвэрийг шүүгч танилцуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад болон хариуцагч ******* бидэнд шүүхийн шийдвэрийн агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлан өгч ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрээ бичгээр 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авахыг тайлбарласан. Мөн хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж тайлбарлаж өгсөн. Шүүх хурлын бичлэгт ч нотлогдож бичигдсэн байгаа, мөн шүүхийн шийдвэртээ ч шүүгч дурдаж өгсөн байгаа.
Гэтэл хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй, Монгол шуудангаас 2021.10.18-ны өдөр хүлээн авсан гэсэн даргын тодорхойлолт хавсаргаж байж сэргээлгэх хүсэлт гаргасан нь сэргээх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Учир нь ИХШХШТХ-ийн 119.4 дэх хэсэгт .Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. мөн хуулийн 119.7 дахь хэсэгт Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй. гэж заасан.
Хариуцагч өөрийн биер шүүх хуралд оролцсон байж хэргийн зохигчийн оролцогүйгээр шийдвэрлэсэн бол гэсэн ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсгийн заалтыг буруу ташаа баримталж үндэслэн баталгаат шуудангаар хүргүүлнэ гэснийг баримталж Монгол шуудангийн даргын тодорхойлолтыг хавсаргаж гомдол гаргаж хэргийг сэргээх нь үндэслэл болохгүй гэж дүгнэж байна.
Шүүхийн зүгээс хариуцагчийг шийдвэрээ ирж гардаж авахгүй, мөн утас нь холбогдохгүй байсан учир шүүхийн шийдвэрийг хариуцагч руу Монгол шууданд хүргүүлсэн гэдэг тайлбарыг намайг шүүхийн шийдвэрийг албадуулах тухай хүсэлтээ өгөхөд хэлж байсан. Иймд шүүхийн зүгээс буруутай үйл ажиллагаа, процессийн алдаа гаргасан зүйлгүй байна.
Албадах захирамж мөн хуулийн хугацаанд гарч үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэрээ хүргэж өгч, тэнд нэхэмжлэгч хариуцагч нарыг хоёуланг нь шийдвэр гүйцэтгэгч Самбуу дуудаж албадах ажиллагааны талаар танилцуулж, хариуцагчийг малыг нь хүлээлгэж өгөх, нэхэмжлэгчийг малаа хүлээн аваад буцаж ирж гарын үсгээ зурж тооцоо дуусгаад материалаа хаалгахыг даалгаж, үүний дагуу эцэслэн шийдвэрлэж хаасан байдаг. Энэ бүх ажиллагааг хариуцагчийн зүгээс бүгдийг мэдэж байгаа мөн эцэслэн шийдвэрлэсэн болохыг мэдсээр байсан, хэрэв гомдол гаргах байсан бол хугацаанд нь гаргах л байсан. Харин төрсөн ээж Т., эгч нар нь шүүхэд *******аас дундын өмчлөлийн малаас өөр өөрсдөд ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны үндсэн дээр үүнтэй холбогдуулж тайлбар бичүүлэх хууль зүйн зөвлөгөө авах үедээ санал сэдлийг үүсгэж боломжийг хайж эцэст нь гуйвуулж Монгол шуудангаас 2021.10.18-ны өдөр хүлээн авсан гэх даргынх нь тодорхойлолт хавсаргаж хэргийн хугацааг сэргээлгэх гол шалтгаан болгож гаргасан.
Иргэн хүн хэдийгээр хуулийн мэдлэг дутуу байсан ч шүүх хурлын шийдвэрийг шүүгч товч тодорхой тайлбарлахдаа хамтатган мөн шүүхийн шийдвэрээ өөрийн биеэр ирж гардан авахыг хуулийн зүйл заалттай нь хэлж тайлбарлаж өгсөн. Ийм байхад хүндэтгэн үзэх гэх шалтаг шалтгаан үндэслэл болгох шаардлага биш юм.
Нэхэмжлэгч ******* 2021.10.18-ны өдөр хариуцагч *******, хамтран амьдрагч *******гийнхаа хамтаар Эрдэнэбат гэх өмгөөлөгч хүнтэй Монгол шуудангийн даргатай нь цаг гаран уулзаж байгаад өрөөнөөс нь гарсан гэж хэлдэг. Ийм байдлыг бий болгож зохиомол зүйлсийг зориудаар үүсгэж эцэст нь дур зоргоороо гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хуулийн заалтыг үндэслэлгүй баримталж хүсэлт гаргаж байгаа нь өөрөө хуулийг зөрчиж байна.
Хариуцагчийн хувьд хэрэг маргаан 5 сарын хугацаанд үргэлжлэхэд шүүхээс дуудаад ч ирдэггүй албадуулж шүүхийн цагдаагаар хүртэл авчруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулж байсан удаатай. Энэ бүхнийг хуулийн талаас нь бодитоор дүгнэлгүй анхан шатны шүүх хэргийг сэргээх захирамж гаргаж, хариуцагч талын хувийн хариуцлага алдааг өөгшүүлж, хуулийг хэрхэн буруугаар эргүүлэн ашиглаж болох боломжоор хангасан.
Мөн Хөлөнбуйр сумын шууданчаар ажилладаг нь шуудангийн илгээмжийн талаар бодит тайлбарыг гаргаж өгсөн байгаа. Ийм байдлыг үүсгэж хэн нэгнээс зориудаар өөрийнхөө хариуцлагын алдааны бурууг хайж, халхавч хийж болохгүй.
Гомдолдоо хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т заасан үндэслэлтэй холбож анхан шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчиж байна гэж гомдол гаргажээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын төрсөн эцэг нь 2007 онд өөд болсон ч ээж Т. нь өнөөдрийг болтол хүүхдүүдийн хамт амьдарч байна.
Тухайн үед 4 хүүхэд нь бүгд насанд хүрчихсэн аль аль нь тусдаа гараагүй, ээжийнхээ хамт амьдарсаар ирсэн. Одоо ч хамгийн том охин , бага хүү хариуцагч ******* нар албан ёсоор өрх тусгаарлаагүй, гэрлэлт байхгүй, ээжийнхээ хамт ам өрх нэгтэй амьдарч байгаа болно. Тухайн 2007 онд ч тэр, үүнээс хойш 14 жилийн хугацааны дотор дээрх хүмүүсийн хувьд хэн нь ч өвийн асуудлыг гаргаж хөндөж, мөн хэн нэгэндээ өвлөх, өвлүүлэх тухай санал хүсэлт гомдол бусад зүйлс гаргаж байгаагүй болно. Мөн өвлөгдсөн эд хөрөнгөнөөс ногдох хэсгээр хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Ах, дүү дөрвүүлээ ээжийнхээ сургамж зөвлөгөө чиглэл зааврын дагуу эцгээсээ хойш энэ олон жил амь нэгтэйгээр амьдарч, ахуйн хэдэн малаа өсгөж, үржүүлж, бүх гишүүний хөдөлмөр оролцоотойгоор тэгш хамтарч бий болгосон дундын өмч хөрөнгө нь юм. Үүнийг нь анхан шатны шүүхээс маргаан бүхий эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар зөв тодорхойлж, хуулийн дагуу шийдвэрийг үндэслэлтэй гаргасан.
2020 онд хариуцагч *******ыг хань ижилтэй болох зорилгоор хүнтэй дотносож гэр орондоо авчрах энэ цагаас ээж Т. нь охин , *******, хүү ******* нартай бүгдээрээ ярилцаж дундын өмчлөлийн малаа бүх хүмүүстээ тэгш хувиарлаж амьдралаа болгох бүтээх зэргийг нь харгалзан үзэж, хэн хэнийх нь гомдол саналгүй дундын өмчлөлийн малаас өөрт нь ногдох хэсгээр 173 толгой малыг нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор салгаж тоолуулж А дансаар бүртгүүлсэн. Хэрэв энэ үед хариуцагчийн зүгээс маргаантай, А данс руу малыг дур мэдэн шилжүүлсэн талаар маргах байсан бол гомдлоо сумын ЗДТГ-т болон шүүх зэрэгт хандаж тавих байсан. Ямар ч гомдол нэхэмжлэл аль алинд нь гаргаагүй нь *******ын зөвшөөрөлгүй малыг шилжүүлсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарч үзнэ биз.
Малчны зээл авах, түүний мөнгөө хэрхэн зарцуулах, малаа борлуулах, амьдрал ахуйдаа зарцуулах, хэн нэгэн гишүүндээ машин тэрэг ээлж дараатай авч өгөх зэргээр бүгд л хамт ярилцаж шийдэж ирсэн зэрэг нь бусад өмчлөгчийн зөвшөөрлөөр ногдох хэсгээ зарцуулцгааж байсантай хариуцагч *******ын тайлбараар үгүйсгэгддэггүй болно.
Мөн *******ын хамтран амьдрагч ******* гэх хүн эдгээр хүмүүсийн өмч хөрөнгө бүх зүйлд энэ айлд албан ёсоор бэр болж ирээгүй, найзалж нөхөрлөөд 1 жилийн шахуу харилцааны дотор *******ын ааш занг эвдэж, архи дарс хэрэглүүлэх болсон. Төрсөн ээжийг нь хараан зүхэж, энэ бүх маш хэцүү асуудлуудыг үүсгэж, дундын өмчлөлийн малаа хэл амгүй хувааж авах нөхцөлд саад учруулж, арга буюу ээж Т., төрсөн эгч нар нь шүүхэд дундын өмчлөлийн малаа өөр өөрсдөд ногдох хэсгээрээ хувь тэнцүүлэн хувааж авах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлээ 2021 оны 9 сард гаргаж, өнөөдрийн байдлаар шүүхийн дэмжлэгтэйгээр эвийн журмаар шийдэхээр болцгоож, ******* ч бүхнийг ойлгож шийдэлд хүрсэн байгаа болно.
Иймд хариуцагч ******* болон түүний ээж, эгч нарын хооронд өвийн асуудлыг агуулгын хүрээнд аль аль нь нэхэмжилж шаардлага гаргаагүй, хөндлөнгийн хэн нэгний идэвхитэй оролцоо, хэрүүл маргааны үл ойлголцлоос шалтгаалж эцэст нь бүх гишүүд дундын өмчлөлийн малаа хуулийн дагуу ногдох хэсгээр хуваарилуулж албан шийдвэр гаргуулж малаа эцэслэн шийдвэрлүүлэх гол зорилгын хүрээнд хандаж шийдүүлсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр шуудангаар хариуцагчид хүргэгдэж очсон болохыг, ирж илгээмжээ авах үүргийг Хөлөнбуйр сумын шууданч үүргийн дагуу хариуцагчид утсаар мэдэгдэж хэлсэн, харин ч өөрөө ирж авах хувь хүний хариуцлагаа гүйцэтгээгүй нь давж заалдах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй. Мөн энэ хугацаанд шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарч, үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд 173 толгой малыг хүлээлцэж тооцоог дуусгаснаар тухайн хэргийн материалаа дуусгавар болгож хааж шийдвэрлэсэн зэргийг бүгдийг хариуцагчийн хувьд мэдэж байгаа.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуулийн дагуу үндэслэлтэй тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийн процессийн ажиллагааны 5 сарын хугацаанд хангалттай гаргаж өгвөл зохих нотлох баримтуудыг зохигч талууд гаргаж өгч, боломжит хугацааны турш ажиллагааг гүйцэт хийлгэх, хэрэг маргааныг хуулийг зөрчилгүйгээр шүүх хурлаа хийлгэж шийдүүлсэн.
Хариуцагч *******ын 2021.10.20-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хуулийн хүрээнд үндэслэлгүй болохыг тогтоож, гомдлыг хангахгүй, хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 28 510 000 төгрөгний үнэ бүхий мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2 дахь тал/
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын аав нь 2007 онд нас барж, түүнээс хойш ээж , нэхэмжлэгч *******, хариуцагч *******, мөн дүүгийн хамт ам бүл 4-үүл хамт амьдарч малаа маллан, өсгөж ирсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар нь төрсөн эгч дүү бөгөөд 2020 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогоор нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын суурьт тэмээ 3, адуу 10, үхэр 10, хонь 100, ямаа 50, нийт 173 тооны малыг тавиул малаар тоолуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 8-13 дахь тал/
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ 2007 онд аавыг нас барснаас хойш ээж, эгч, бид 4 дундын өмчлөлийн хэдэн малаа маллаж хамт амьдардаг байсан. Тухайн үед бид одоогийнх шиг их малтай байгаагүй. 3 үхэр, 10 хүрэхгүй адуутай, малжуулах төслөөр авсан 25 хоньтой байсан. ... ******* нь дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хувиа хангалттай авчихсан. Одоо дахин мал тоолуулж, өгч чадахгүй. гэж маргасан байна. /хх-ийн 70-71 дэх тал/
Мөн хариуцагч нь өв залгамжлалтай /өвтэй/ холбоотой маргаан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй. гэж заасан. Хариуцагч *******ын тайлбараас үзэхэд ******* нь бусад өмчлөгч нарын зөвшөөрлөөр ногдох хэсгээ зарцуулж байсан байх бөгөөд бусад өмчлөгч нарт мэдэгдэхгүйгээр ногдох хэсгээ захиран зарцуулж байсан гэх үндэслэл нөхцөл тогтоогдохгүй байна. гэж дүгнэн, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өв залгамжлалын /өвийн/ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.
Иймд хариуцагч *******ын өв залгамжлалын /өвийн/ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 02-ны өдрийн 138/ШШ2021/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
АРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Ж.ДОЛГОРМАА