Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/1165

 

    

 

Д.Б, Б.Б  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,  

шүүгдэгч Д.Б-ийн  өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Отгонтөгс, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр,

хохирогч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,  

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.О давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Д.Б, Б.Б  нарт холбогдох 2210031480997 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Б ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

2. Б.Б ....  тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Д.Б нь “Х” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн захиалгаар .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Энержи ресиденс” /Еnегgу residence/ хотхоны барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг хийж гүйцэтгүүлэхээр “С” ХХК-ийн захирал Ө.Ттай “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, улмаар уг гэрээнд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл Ерөнхий шаардлага”-д заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлэлгүй эс үйлдэхүйн улмаас “С” ХХК-д шилэн цонх, фасадын угсрагчаар ажиллаж байсан Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус барилга дээр вакум цонхны ажил гүйцэтгэж байхдаа 15 давхрын агааржуулалтын нүхийг битүүмжилж хаасан хөөсөнцөр дээр гишгэн 10 давхарт унаж, улмаар түүний биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

шүүгдэгч Б.Б  нь “С” ХХК -ийн дэд захирал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн захиалгаар .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Энержи ресиденс” /Еnегgу residence/ хотхоны барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг тус компанитай байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх явцдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомжид заасан болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Сургалт зохион байгуулах дүрэм”-д заасан үүргээ тус тус биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “С” ХХК-д шилэн цонх, фасадын угсрагчаар ажиллаж байсан Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус барилга дээр вакум цонхны ажил гүйцэтгэж байхдаа 15 давхрын агааржуулалтын нүхийг битүүмжилж хаасан хөөсөнцөр дээр гишгэн 10 давхарт унаж, улмаар түүний биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Б, Б.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг “Х” ХХК-д албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан 1,652,825 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж,

шүүгдэгч Б.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг “С” ХХК-д албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан 1,652,825 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.О нь цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.О би 15 давхраас унаж хүнд гэмтэл авсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн хагалгаанд орсон. Миний бие хэрэг гарснаас хойш унаж татдаг, мартаж санадаг өвчтэй болж үлдлээ. С ХХК-д 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 2 дугаар сараас нийгмийн даатгал төлж эхлэсэн боловч эхний 3 сар төлөлт хийж, түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүйн улмаас нийгмийн даатгалын сангаас авах тусламж, дэмжлэгийг авч чадалгүй одоог хүрч байна. Миний бие тус компанид сарын цалин 1,300,000 төгрөг авч байсан байхад нийгмийн даатгалын шимтгэлийг цалингийн доод хэмжээгээр төлсөн байна. Үүнээс болж групп тогтоолгоход буруу тогтоогдох болоод байгаа учир цалинг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Надад учирсан хохирол буюу 6 сарын цалин болох 7,800,000 төгрөгийг залилсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Б  нь манайх нийгмийн даатгалын өр төлбөрөө барагдуулж байгаа гэж худал ярьсан. С ХХК нь 2021 онд өр төлбөрөө хувааж барагдуулах гэрээ байгуулсан хэдий ч 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй. Тухайн компани нь хариуцсан байцаагч дуудахаар ирдэггүй, Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгах гэхээр манайх цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, бүх материалаа тийш нь өгсөн, хойшлуулж өгнө үү гэх зэргээр хойшлуулж одоог хүртэл шалгагдаагүй байгаа болно. Манай гэр бүлийн хүн тус компанид ажиллаж байсан. Одоо хоёул орлогогүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Д.Б, Б.Б  нар нь анх хэрэг болсон даруйд эмчилгээ хийлгэнэ, ямар ч зүйлд санаа зовох асуудал байхгүй гэж хэлж байсан. Үүнд итгээд өнөөдрийг хүрсэн ч хэлсэн, ярьснаасаа буцаад зогсохгүй эмнэлгээс дөнгөж гарсны дараа Б.Б  нь утасны цаанаас “новшоо чи муу эрүүл биздээ, юм хумаа санаач” гэж орилж байсан. Манай гэр бүлийнхэн бүгд сонсож байсан байтал өнөөдөр юу ч болоогүй юм шиг шүүхийн өмнө худал яриад зогсож байна. Ж.О миний бие дээрх хэргийн улмаас тахир дутуу, 70 хувьтай группт орохтой холбогдуулан сэтгэл санааны гүн хямралд орж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ хийлгэж, сэтгэл санааны хохирлоо шүүгдэгч нараас гаргуулах шаардлагатай байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Хохирогч Ж.О-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрөө давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Би гаргасных нь дараа танилцсан. Хэргийг анхан шатны шүүхээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хохирогчтой тохиролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн давж заалдах гомдолдоо дурдсан зүйлсийг дэмжиж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн болгоомжгүй, эс үйлдлээрээ ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Ж.О нь манай байгууллагад 2018 онд ажилд орсон. Эхнэртэйгээ хамт ажиллаж байсан. Тухайн үед 2019 оны сүүл, 2020 онд удаа дараагийн ээлжит хурлаар нийгмийн даатгалын хэлтсээс хэлтсийн дарга болон холбогдох мэргэжилтнүүдийг авчран нийгмийн даатгал төлөхийг шаардсан. Шаардлагатай гэвэл нийгмийн даатгалын хэлтсээс хурлын тэмдэглэлийг аваад танилцуулж болно. Тухайн үед цалин чухал байна гээд Ж.О нийгмийн даатгал төлөөгүй, эхнэр нь төлж эхэлсэн. Ж.От олон удаагийн шаардлага тавьсны дараа хамгийн бага хэмжээгээр төлье гээд 600,000 төгрөгөөр бүх ажилчид саналаараа нийгмийн даатгал төлсөн. Тухайн үед Ж.О гэмтлийн улмаас бие нь тааруу болоод хэлж чадаагүй, эхнэр нь энэ талаар тодорхой мэдэж байгаа. Энэ хуралд эхнэр нь байсан бол энэ талаар хэлж гэрчлэх байсан гэж бодож байна. Нийгмийн даатгалд манайх өр төлбөртэй нь үнэн. Гэхдээ одоог хүртэл хуулийн дагуу нийгмийн даатгалд тайлан тооцоогоо өгдөг. Бага багаар төлж байгаа нь үнэн. Нийгмийн даатгалаас манай байгууллагыг шалгаж байгаа нь үнэн. Манай үйл ажиллагаа тийм ашигтай сайн байгаагүй, энэ ослын улмаас манай үйл ажиллагаа бараг зогссон байсан. Энэ ослын дараа шүүхээс гэмт буруутай эсэхийг тогтоогоогүй байхад манай байгууллагын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нэр хүндэд халдаж үүнээс болоод гэрээт байгууллагууд бүгд гэрээгээ цуцлан бид маш их боломжуудаа алдсан. Нийгмийн даатгалд одоогийн байдлаар 40-өөд сая төгрөгийн өр төлбөртэй.Түүнийхээ 15 сая төгрөгийг төлсөн байгаа. Гэрээт нягтлангийн буруутай үйл ажиллагаанаас болоод Ж.О-т нийгмийн даатгалын листийг хугацаанд нь бодож өгөөгүй, өөрт нь мэдэгдээгүйн улмаас хоёр сая есөн зуун наян хэдэн мянган төгрөгийг нөхөж олгосон. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цалин хөлс зөвөөр тогтоолгох асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн харьяалах маргаан биш, иргэний журмаар болон бусад байдлаар гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой. Энэ нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад заасны дагуу гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүгдэгч Б.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж ирсэн. Шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Ж.О-ын хүсэлтийн дагуу түүний 5053053873 дансанд 2,953,125 төгрөгийн листтэй холбоотой хохирол төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо бүрэн төлсөн. Хохирогчоос 11 сая гаруй төгрөгийн хохирол нэхэмжилсэн, 19 сая гаруй төгрөгийн хохирлыг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрч бусад зардлыг болон сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхийг шийтгэх тогтоолын 6 дахь заалтад тусгасан. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс шалтгаалж групп тогтоодоггүй. Тухайн хүний эрүүл мэндийн байдлаас нь хамаарч групп тогтоодог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.    

Шүүгдэгч Д.Б-ийн  өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 сая төгрөгийн бодит хохирол гарсан, тухайн үед 20,515,000 төгрөг төлсөн. Давж заалдах гомдол гаргах хугацаанд 2.953.125 төгрөг төлөөд нийт 23,468,125 төгрөг төлөгдсөн байна. “Х” ХХК-ийн захирал Д.Б нь хохирогчид гэмтэл үүссэн үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлбөр, эмчилгээний зардлыг шаардсан тухай бүрт нь өгч байсан баримт хэрэгт авагдсан. Давж заалдах гомдлыг харахад ажиллаж байсан байгууллагынхаа нийгмийн даатгал, захиралтай холбоотой асуудлаар маргасан байна. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой асуудлаар тухайн үед амралт өгөөд байсан гэдэг нэг өгүүлбэр л байгаа. Миний үйлчлүүлэгч хангалттай хохирол төлбөрийг төлж, эмчилгээг нь ямар нэг байдлаар саатуулаагүй. Хэрэг гардаг өдөр амралтын өдөр байсан, ажилчид бүгд байхгүй, ажлын байранд барилгын инженер л байсан. Хөдөлмөр хамгааллын байцаагч оруулж болохгүй гээд хаагаад тавьчихсан хаалтыг аваад орсон, архи дарс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдлууд байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. Нийгмийн даатгал төлөлт, гэм хортой асуудлыг хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Д.Б-ийн  өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Оюунцэцэг өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтэх тогтоол хуульд нийцэж гарсан. Хохирогчоос нотлох баримтаар гаргасан хохирол нь 3,621,303 төгрөг байдаг. Шүүгдэгч Д.Б-ийн  зүгээс 12 сая төгрөг төлсөн. Хор уршиг арилсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэл дээр маргаагүй. Прокурорын шатнаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Цаашид гарах хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд тусгасан байгаа. Үүний дагуу Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг төлөөд явна гэдгээ анхан шатны шүүх хуралд хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй. Учир нь, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсанаас шалтгаалан групп тогтоогдсон байх тул нийгмийн даатгал төлөгдсөн эсэхээс үл хамааран иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах журам батлагдсан. Уг журмын 1.1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө” гэж тайлбарласан байна. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б, Б.Б  нарт холбогдох 2210031480997 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

 “Х” ХХК -ийн захирал ажилтай Д.Б нь .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Энержи ресиденс” хотхоны барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг хийж гүйцэтгүүлэх гэрээг “С” ХХК-ийн захирал Ө.Ттай байгуулж, улмаар уг гэрээнд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2. /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/-д заасныг болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, мөн дүрмийн 6.1.1. /Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой/, Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл Ерөнхий шаардлага, ангилал МNS 4931:2000-ын 2. Ерөнхий шаардлага: 2.9. /Xамгаалах хэрэгсэл нь үйлдвэрлэлийн орчинд аюултай ба хортой хүчин зүйлийг үүсгэдэггүй байна/ гэсэн шаардлагуудыг хангаагүй эс үйлдэхүйн улмаас “С” ХХК-д шилэн цонх, фасадын угсрагчаар ажиллаж байсан Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус барилга дээр вакум цонхны ажил гүйцэтгэж байхдаа 15 давхрын агааржуулалтын нүхийг битүүмжилж хаасан хөөсөнцөр дээр гишгэн 10 давхарт унаж, улмаар түүний биед “...тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд шарх...” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

“С” ХХК -ийн дэд захирал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Б.Б  нь “Х” ХХК-ийн захиалгаар .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Энержи ресиденс” хотхоны барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг тус компанитай байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3. /үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт/, 17.3 /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна/, 17.4.Ажил олгогч нь 17.4./Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна / гэж заасныг зөрчсөн, 28 дугаар зүйлийн 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчиж, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.9. /Ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт/ тавих үүрэгтэй/, 5.11.3. /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө МNS4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны давтан зааварчилгааг 3 сард нэгээс доошгүй удаа бүх ажилтнуудад өгч байвал зохино. Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтныг байлцуулан өгөх хэрэгтэй/ гэснийг зөрчсөн, МNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө 1, 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэж заасан шаардлагын дагуу мөрдөж ажиллаагүй эс үйлдэхүйн улмаас “С” ХХК-д шилэн цонх, фасадын угсрагчаар ажиллаж байсан Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус барилга дээр вакум цонхны ажил гүйцэтгэж байхдаа 15 давхрын агааржуулалтын нүхийг битүүмжилж хаасан хөөсөнцөр дээр гишгэн 10 давхарт унаж, улмаар түүний биед “...тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд шарх...” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

хохирогч Ж.Оын: “...“С” ХХК-д 2017 оноос хойш одоог хүртэл вакум цонх, шилэн фасадын угсрагчаар ажиллаж байгаа. ...Техникийн давхар руу Б бид хоёр гарч цонхонд шил суурилуулах гэхэд нэг шил нь томдоод байхаар нь өөр шил авчрах гээд 15 давхарт буугаад нэг шилийг бид хоёр хамт өргөөд техникийн давхар руу гарахад өргөгч төхөөрөмжийн хөл тээглээд байхаар нь доогуур нь орох гэж байхдаа хөөсөөр бөглөсөн агааржуулалтын хоолойн дээр гишгээд доош унасан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт байсан. ... Би Гэмтлийн эмнэлэгт хэвтэн тархины хагалгаанд нэг удаа орсон. Одоогоор миний биеийн байдал, толгой өвдөөд алхаад удаан явахаар нь хөл өвдөөд татаад байдаг юм. ...” /1-р хх-ийн 23-24/,

гэрч З.Д-ын: “...Би давхар бүрт шилнүүдийг буулгаж өгөөд доош буусан. Яармагийн барилгын зах дээр байхад над руу манай найз тагтны хөөс хийдэг эмэгтэй хүн барилга дээр унасан байсан гэж хэлээд би шууд яваад очсон юм. Би хайгаад 10 давхарт гарахад унасан газраас нь гаргаад газар хэвтүүлсэн, түргэн дуудаад байж байсан... “ /1-р хх-ийн 27-29/,

гэрч Б.Бын: “...манай дүү Б намайг дуудаад ахаа гэх шиг болсон. Тэгээд ардаас нь миний гар утас руу залгаж О ах уначихсан байна, та хаана байгаа юм бэ гэсэн. ...Би өөрөө гүйгээд 15 давхарт хайгаад агааржуулалтын хоолойгоор харахад доош уначихсан байсан юм. Би хараад доор байна гээд Т, Б нарын хамт гүйгээд буухад 10 давхрын агааржуулалтын хоолойны нүхээр уначихсан байсан юм... Толгойны ар баруун хойд хэсгээс цус гараад байж байсан... “ /1-р хх-ийн 31-32/,

гэрч Т.Тийн: “ ...Цонх шиллээд байж байхад О ах уначихлаа гэж Б доод давхраас орилсон юм. Би 14 давхраас агааржуулалтын нүхээр харахад 10 давхар орчим хоёр гараар тэгнээнд тогтсон байдалтай байж байсан...” /1-р хх-ийн 36-37/,

гэрч Б.Бын: “...барилга дээр ирэхэд инженер Дүвийжалам гэх эмэгтэй байсан. Энэ эмэгтэй байхад бид нар шилээ зөөж гаргаад ажилдаа орсон юм. Бид шилнүүдээ цонх болгон хийхээр бэлдэж тааруулж тавиад явж байсан. 16 давхарт Б, Б нар байсан бөгөөд цонх шиллэж байсан. Б-ын утас Д-д О ах техникийн давхраас унасан байна гэж Б хэлэхэд бид хоёр унасан нүхнээс нь очиж харахад 10 давхрын агааржуулалтын хоолой дээр тээгэлдсэн байсан юм...” /1-р хх-ийн 41/,

гэрч Б.Б-ы: “ ...Г, О ах бид 3 ороод шилээ хийх гэтэл шил нь таарахгүй томдоод байсан. Тэгээд бид гурав шилээ сольсон байна гээд буцаж гараад нөгөө шилээ аваад буцаад явахад О ах түрүүлж ороод бид араас юмнуудаа аваад ороод ир гэсэн. Тэгээд Г бид хоёр араас нь ороход О ах агааржуулагч хоолойны нүхээр унаж байсан. ... доошоо унаад 10 давхарт тогтсон байсан, ... намайг ирэхэд О ах өөрийн ухаангүй болчихсон байсан. Тэгээд түргэн дуудсан...” /1-р хх-ийн 45-46/,

гэрч Б.Бийн: “...дээврийн нэг өрөөнөөс нөгөө өрөөндөө суурилуулахаар би салгаж авсан шилээ бариад Б зогсдог тавцанг бариад О ах багажаа бариад түрүүлээд явсан. Тэгээд бид хоёр ардаас нь яваад ороход О ах агааржуулагч хоолойны нүүхээр доош унаж байсан. Тухайн нүхийг хөөсөнцрөөр таглаад орхисон, түүн дээр нь цас ороод хүн харахад мэдэгдэхээргүй болсон байсан. ... унасан нүхэн дээрээс нь харахад нилээн доош унасан байсан. ... манай ажлынхан 10 давхарт байна гэж хэлсэн. Тэгээд намайг 10 дугаар давхарт очиход О ахыг дээш нь харуулаад хэвтүүлчихсэн байсан...” /1-р хх-ийн 50-51/,

гэрч Б.Т-ын: “...Манай компани “Х” ХХК-тай 2021 онд .... дүүргийн .... дүгээр хороонд баригдаж байгаа “Энержи ресиденс” хотхоны барилгын вакум цонх болон шилэн фасад хийх гэрээ байгуулан одоог хүртэл ажиллаж байгаа. Б.Б  дэд захирал бүх ажлыг удирдаад одоог хүртэл ажиллаж байгаа юм. Миний хувьд эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ-руу 2022 оны 11 дүгээр сард яваад 2023 оны 12 дугаар сард ирсэн. Намайг Солонгос улсад байхад эхнэр осол болоод манай ажилтан О гэмтсэн гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 62-63/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1633 дугаар шинжээчийн дүгнэлт: “...1. Ж.О-ын биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /1-р хх-ийн 66-68/,  

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ХАБ-11/23 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ж-ийн О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .... дүүргийн .... дүгээр хороонд баригдаж байгаа “Энержи лакшири ресиденс” хотхоны барилгын 15 давхарын агааржуулалтын нүхээр 10 давхарт унаж гэмтсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1. /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно.

...С ХХК-ийн захирал Б.Т-тай Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Цонх угсрагч” албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээ нь тухайн осол болох цаг хугацаанд хүчин Т үйлчилж байсан. Иймд Ж-ийн Оын ажил олгогч нь С ХХК-ийн захирал Б.Т- мөн болно.

...Х ХХК-ийн захирал Д.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2./үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/-д заасан, мөн “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11./Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино./, мөн дүрмийн 6.1.1./Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой./, мөн Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл Ерөнхий шаардлага, ангилал МNS 4931:2000-ын 2 Ерөнхий шаардлага: 2.9. /Xамгаалах хэрэгсэл нь үйлдвэрлэлийн орчинд аюултай ба хортой хүчин зүйлийг үүсгэдэггүй байна/ гэсэн шаардлагуудыг хангаагүй /хөөсөнцөрийг хамгаалалт болгон ашигласан/ хамгаалах хэрэгсэл байрлуулсан байна.

...С ХХК-ийн дэд захирал Б.Б  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3. /үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт/, 17.3./Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна/, 17.4./Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна/ гэж заасныг зөрчсөн. /2022 онд ажилтнуудыг сургалтад хамруулаагүй/, Хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчиж, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан/№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.9. /Байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг, дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна. Үүнд: - Ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт/ тавих үүрэгтэй, 5.11.3./Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны давтан зааварчилгааг 3 сард нэгээс доошгүй удаа бүх ажилтнуудад өгч байвал зохино. Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтанг байлцуулан өгөх хэрэгтэй/-ийг, - MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасан шаардлагын дагуу мөрдөж ажиллаагүй байна. Мөн С ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 07 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, зааварчилгаа явуулах журам”-ын 4. Ажлын байрны анхан шатны зааварчилгаа: 4.5. Зааварчилгаа өгөлтөнд байгууллагын дарга, тухайн ажил хариуцсан сургагч багш, ХАБ-ын ажилтан хяналт тавина/, 5. Давтан зааварчилгаа: 5.2. Зааварчилгааг улиралд 1-ээс доошгүй удаа өгнө/, 5.3./Ажлын байранд орсон өөрчлөлт, цаг үеийн онцлог/, 5.4 /Зааварчилгаа өгөлтийн байдал, чанар, хугацааг шалгаж хяналт тавих үүргийг гүйцэтгэх захирал буюу түүний ХАБЭА хариуцсан ажилтан хүлээнэ/, 6.5. /...Тэрчлэн түр шилжилт хийх тохиолдолд ээлжит бус зааварчилгаа өгөх/, 8. Өдөр тутмын зааварчилгаа: Зөвшөөрөл-нарядаар ажил гүйцэтгэх ажилтнуудад ажил эхлэхийн өмнө өдөр тутмын зааварчилгаа явуулна/, Хоёр.Наряд-даалгавар өгөх тухай хэсгийн 2.3.2. /Наряд-даалгавар өгөхийн өмнө ажлын байр нь ХАБЭА-н дүрмийн шаардлагад нийцэж байгааг шалгах/, 2.5. /Ажил өөрчлөгдөх үед/ гэсэн журмыг баталсан боловч барилгын үйлдвэрлэлийн явцад хэрэгжүүлээгүй байна.

...Ж-ийн О нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5. /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/-д заасан чиг үүрэг болон Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан/№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.9./Ажил эхлэхийн өмнө үйлдвэрлэлтэй холбогдон осол гарч болзошгүй нөхцөл бүрдсэн гэж үзвэл ажилтнуудад анхааруулж, аюултай бүсийг тогтоож, энэхүү гүйцэтгэх ажлын онцлогт хамаарах болон үл хамаарах хүчин зүйлс бусад нөлөөллийг сайтар харгалзвал зохино./ гэснээр хөөсөнцөрийг хамгаалалт болгон ашигласан гэдгийг мэдсээр байж ажилтнуудад анхааруулж, аюултай бүсийг тогтоож ажил үүрэг гүйцэтгэн ажиллах, 5.14. /...Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно/ гэсэн хувийн хамгаалах хэрэгслийг зориулалтын /толгой хамгаалах каскыг бүчлэх/ дагуу хэрэглэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй: 42.2.3. /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх/ гэсэн үүрэгтэй. ...” /1-р хх-ийн 105-114/,

шинжээч Г.Г-ийн: “...агааржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгэж байсан “Баясах консалтинг” ХХК нь ажил гүйцэтгэх хугацаандаа аюулгүй байдлаа хангаж ажиллах үүрэгтэй юм. Харин энэ тохиолдолд буюу энэ үйлдвэрлэлийн ослын үед “Баясах консалтинг” ХХК нь ажил үүрэг гүйцэтгээгүй байсан. Мөн захиалагч буюу “Х” ХХК нь зөрчлийг илрүүлж хөөсөөр тагласан байсан. Энэ нь хамгаалалтын стандарт шаардлагыг хангахгүй юм. Тэгэхээр “Баясах консалтинг” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа бол байхгүй юм... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119/,

“Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, “С” ХХК-ийн захирал Б.Т- нарын хооронд байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хх-ийн 138-142/,

хохирогч Ж О, “С” ХХК-ийн захирал Б.Т- нарын байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /2-р хх-ийн 129-133/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Б-ийн  “Х” ХХК -ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн захиалгаар .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Энержи ресиденс” /Еnегgу residence/ хотхоны барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг хийж гүйцэтгүүлэхээр “С” ХХК-ийн захирал Ө.Ттай “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, улмаар уг гэрээнд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл Ерөнхий шаардлага”-д заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “С” ХХК-д шилэн цонх, фасадын угсрагчаар ажиллаж байсан Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус барилга дээр вакум цонхны ажил гүйцэтгэж байхдаа 15 давхрын агааржуулалтын нүхийг битүүмжилж хаасан хөөсөнцөр дээр гишгэн 10 давхарт унаж, улмаар түүний биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь,

шүүгдэгч Б.Бгийн “С” ХХК -ийн дэд захирал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн захиалгаар .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Энержи ресиденс” /Еnегgу residence/ хотхоны барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг тус компанитай байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэх явцдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомжид заасан болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”, “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” -д заасан үүргээ тус тус биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “С” ХХК-д шилэн цонх, фасадын угсрагчаар ажиллаж байсан Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус барилга дээр вакум цонхны ажил гүйцэтгэж байхдаа 15 давхрын агааржуулалтын нүхийг битүүмжилж хаасан хөөсөнцөр дээр гишгэн 10 давхарт унаж, улмаар түүний биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд шарх бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд  хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ...эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн хангажээ.

Анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Д.Б, Б.Б  нарын үйлдсэн хэргийг зүйлчилж, торгох ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих...” ялын төрлөөс шүүх Д.Б, Б.Б  нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан тэдэнд торгох ялыг сонгон 4,000,000 төгрөгөөр торгож, албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчимд нийцжээ  

Гэхдээ анхан шатны шүүх, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх хасах ял...”-ыг хэрэглэж шийдвэрлэхдээ “Х” ХХК-ийн захирал болох шүүгдэгч Д.Б-ийн  “Х” ХХК-д албан тушаал эрхлэх эрхийг, “С” ХХК -ийн дэд захирал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга шүүгдэгч Б.Бгийн “С” ХХК-д албан тушаал эрхлэх эрхийг хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг ... хориглохыг эрх хасах ял гэнэ. ...” гэж  заасан байхад компанийн захирал Д.Б-ийн  өөрийхөө компанид ажиллах эрхийг нь хассан, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан Б.Бгийн “С” ХХК-д ажиллах эрхийг нь хасаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарын “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл...”-тэй нь холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзээд, шүүгдэгч Б.Бгийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажил эрхлэх эрхийг нь, шүүгдэгч Д.Б-ийн  барилга угсралтын ажил эрхлэх эрхийг нь тус тус хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.

Мөн шийтгэх тогтоол биелүүлэхэд тодорхой байх шаардлагатай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Б  нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин Т болсон үеэс тоолсон нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулж байна.

Хохирогч Ж.О нь “...нийгмийн даатгал бүрэн төлөөгүйн улмаас нийгмийн даатгалын сангаас авах тусламж, дэмжлэгийг авч чадахгүй байна, нийгмийн даатгалын шимтгэлийг цалингийн доод хэмжээгээр төлснөөс болж групп тогтоолгоход буруу тогтоогдох болоод байгаа учир цалинг үнэн зөвөөр тогтоож өгнө үү, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ хийлгэж, сэтгэл санааны хохирлоо шүүгдэгч нараас гаргуулах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн гомдол гаргажээ.  

Ж.Оын “С” ХХК-д ажиллах хугацаандаа хэдэн төгрөгийн цалин авч байсан, нийгмийн даатгалаа цалингийн хэмжээгээр төлөөгүйг нотлох баримт хэрэгт хангалттай биш, мөн түүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэх нь тогтоогдоогүй байх тул хохирогч Ж.О нь эд хөрөнгө, сэтгэц, сэтгэл санаандаа учирсан хор уршгийн талаар болон цаашид гарах эмчилгээний хохирлын нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан эрх хасах ялтай болон гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй холбоотой зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулж, хохирогч Ж.Оын гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Б-г “С” ХХК-д албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, ...” гэснийг “...шүүгдэгч Б.Б-гийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажил эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ...” гэж,

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Б-ийг “Х” ХХК-д албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, ...” гэснийг “...шүүгдэгч Д.Б-ийн  барилга угсралтын ажил эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ...” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б нарт торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б нарт торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Б  нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, ...” гэж,

- тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах...” гэснийг “...энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа...” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ж.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ