2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/02820

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 04 191/ШШ2025/02820

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................................. тоот хаягт оршин суух, Х овогт Г.О /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................................. тоот хаягт оршин суух, С овогт Э.Б /РД:0000000000/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: .................................. тоот хаягт оршин суух, С овогт Б.Э /РД:000000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй,

 

............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны урьдчилгаанд төлсөн 13,960,000 төгрөгийг Г.О-аас гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Э.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өөрийнхөө өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Миний бие 2013 онд Э.Б-тэй танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамт амьдрах хугацаанд 0000-00-00-ны өдөр охин О.М, 0000-00-00-ний өдөр хүү О.Е нар төрсөн. Энэ хугацаанд Э.Б нь миний гар утас болон олон нийтийн сүлжээний хаягуудыг хянаж, ажлын удирдлага найз нөхөд рүү элдэв янзын мессеж бичиж, найз нөхөдгүй болгосон.

Мөн хэд хэдэн удаа надад гарч хүрч, оройтож ирэхэд хаалгаа түгжиж гэрт оруулахгүй олон цагаар орцонд байлгаж байсан бөгөөд өмсөж явах хувцсыг ваннтай усанд шидэх, цамцнаас зулгаах зэргээр бие болон сэтгэлийн дарамт үзүүлдэг байсан. Э.Б нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй бөгөөд өөрөө сэтгэл зүйчтэй уулзаж байгаа гэх боловч ямар нэгэн өөрчлөлт гараагүй мөн гэр бүлээс гадуур харилцаатай болж, намайг гэрээсээ яв гэж одоо амьдарч байгаа байрнаас явахыг удаа дараа шаарддаг.

Энэ мэт олон шалтгааны улмаас миний бие Э.Б-тэй амьдрах хүсэл сонирхолгүй болсон. Хариуцагч Э.Б сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдалтай, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй тул хоёр хүүхдээ би өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний бие ............... сургуульд багшаар ажилладаг бөгөөд хүүхдүүдээ өөрийн асрамжид авснаар тус сургуульд цаашид хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах нөхцөлийг хангах боломжтой болж байгаа юм.

Бид хамтран амьдрахдаа ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авсан. Энэ байранд Э.Б, түүний ээж Б.Э, манай 2 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдарч байна.

Энэхүү орон сууцны үнэ 78,000,000 төгрөгөөс Э.Б-ий ээж Б.Э 27,920,000 төгрөгийг төлж, миний бие 50,000,000 төгрөгийг банкны зээлээр төлж байна. Худалдаа хөгжлийн банкнаас авсан 50,000,000 төгрөгийн зээл нь 30 жилийн хугацаатай, сар бүр 345,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу миний бие өөрийн цалингаар одоог хүртэл нийт 20,200,000 төгрөг төлсөн, харин Э.Б зээлийн төлбөрөөс огт төлөөгүй.

Миний бие ипотекийн зээлийн журмаар дахин энэ төрлийн зээлд хамрагдах боломжгүй болсон, зээлийн гэрээ байгуулж уг байрны гэрчилгээ ганц миний өмчлөлд бүртгэгдсэн, тогтмол ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үндэслэлээр тус орон сууцыг дангаараа өмчлөх эрхтэй гэж үзэж байна.

Иймд ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.

Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна... гэв.

 

2.Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г.О-тай 2013 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдрах болсон. 0000-00-00-ны өдөр охин О.М, 0000-00-00-ний өдөр хүү О.Е нар төрсөн. Гэрлэлтээ бүртгүүлье гэхээр элдэв шалтгаан хэлсээр бүртгүүлээгүй улмаар нөхөр маань 2020 оноос нэхэмжлэгчийн ааш, зан өөрчлөгдөж, хөндий хүйтэн харьцах болсон.

Улмаар 2022 онд гэр бүлээс гадуур харилцаатай болсноор бидний харилцаа таарамжгүй болсон бөгөөд намайг одоо амьдарч буй орон сууцнаас явахыг шаардах болсон. Миний бие нь гэр бүлээ хадгалж, үр хүүхдийнхээ ирээдүй болон тэдний сэтгэл зүйг тайван амгалан байлгах гээд бүх талаас нь бодоод эвлэрч амьдрахыг хүсэж байгаа боловч нөхөр Г.О зөвшөөрөхгүй байгаа учраас 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна.

Хэдийгээр бидний дундын хөрөнгө болох орон сууцны гэрчилгээнд миний нэр бичигдээгүй ч гэсэн зээлийн гэрээнд би хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн байдаг. Энэ хугацаанд 2 хүүхэд төрүүлж өсгөсөн тул ажил эрхлэх боломжгүй ч гэсэн байрны ашиглалтын зардал болон бусад төлбөр, гэр бүлийн хэрэглээний төлбөрийг манай ээж бид хоёр төлсөөр ирсэн учраас Г.О-ын хувьд орон сууцыг дангаар өмчлөх эрхгүй.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Хариуцагч Э.Б-ээс нэхэмжлэгч Г.О-ад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Байрны хувьд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн байрыг зарсан мөнгөөр төлсөн. Тухайн үед Э.Б нь хүүхэд асрах чөлөөтэй байсан хэдий ч Г.О-ыг ажил хийхэд нь тус дэм болж байсан.

Тухайн үед Г.О нь ............... сургуульд багшилдаг, Э.Б-ий хувьд гэртээ хүүхдүүдээ хардаг байсан учраас түүний нэр дээр ипотекийн зээл гарч, хариуцагч энэхүү зээлийн хамтран зээлдэгч болсон. Энэ нь орон сууцны зээлийн гэрээгээр нотлогдоно...

Одоо хувийн компанид тогтмол цалинтай ажил эрхэлж байна. Г.О нь ээж Б.Э-ийн байранд төлсөн 27,920,000 төгрөгийг өгнө гэвэл энэ байрны өмчлөлийн тухайд маргахгүй, бид урьдчилгаа мөнгөө аваад өөр орон сууц авах боломжтой гэсэн санал тавьсан боловч зөвшөөрөхгүй байна.

Иймд .................. тоот хаягт байрлах, 0000 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэв.

 

4.Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Э.Б-ий гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Байр миний өмчлөлд байгаа. Байрны урьдчилгаанд төлсөн 27,920,000 төгрөгийг буцаан өгч, байрыг өөрийн өмчлөлд үлдээх хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах дээр татгалзах зүйлгүй... гэв.

 

5.Гуравдагч этгээд Б.Э нь ...Миний бие нь .............................. тоот хаягт байрлах, ........ өрөө орон сууцанд дүү Б.Д, охин Э.Б нарын хамт амьдардаг байсан ба хүргэн Г.О 2015 оноос хамт амьдрах болсон. Э.Б, Г.О нар нь өрх тусгаарлаж, орон сууц худалдан авахаар болсон.

Энэ үед би өөрийн орон сууцаа худалдаж урьдчилгаа төлбөрт зориулан 27,920,000 төгрөгийг Г.О-ад бэлэглэж, Г.О банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авч ................ тоот хаягт байрлах, 0000 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч, бид тавуулаа амьдарч байна.

Энэ хугацаанд Г.О банкны зээлийг төлдөг байсан ч би өөрийн тэтгэврийн бүхий л орлогыг энэ гэр бүлд зарцуулж, үр хүүхдүүдийг нь өсгөж ирсэн. Нэгэнт хоёр хүүхэд маань цаашид хамтран амьдрахгүй гээд Г.О байраа авахаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

Иймээс энэ байрыг авахад зориулж бэлэглэсэн 27,920,000 төгрөгийн 50 хувь 13,960,000 төгрөгийг Г.О-аас гаргуулж өгнө үү.

Өөрийн охин Э.Б-ээс 50 хувь болох 13,960,000 төгрөгийг авахгүй... гэв.

 

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2023.09.27-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-Г.О, Э.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3-4 х/,

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-6 х/,

-2023.09.19-ний өдрийн ............. Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 7-8 х/,

-2023.09.18-ны өдрийн 1058 тоот ............... сургууль цэцэрлэгийн цогцолбор ХХК-ийн суралцдаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 9 х/,

-2023.09.19-ний өдрийн 850 тоот ............. дүүргийн ............ дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 10 х/,

-2024.05.10-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 115-118 х/,

-2025.03.19-ний өдрийн 01/58 тоот ............... сургууль цэцэрлэгийн цогцолбор ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 247 х/,

-Худалдаа хөгжлийн банкны Зээлийн дансны хуулга /хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1 х/ зэрэг баримтуудыг,

 

7.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох тэмдэгтийн хураамжид 2023.10.20-ны өдөр 140,400 төгрөг төлсөн баримт /хх-ийн 19 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 20 х/,

-2023.10.19-ний өдрийн ........... Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 21 х/,

-2023.10.17-ны өдрийн 852 тоот .............. дүүргийн ....... дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22 х/,

-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 23-24 х/,

-2023.10.17-ны өдрийн 23/44 тоот ............ ХХК-ийн Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 25 х/,

-2016.06.13-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /хх-ийн 26 х/,

-2016.06.13-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Орлогын ордер /хх-ийн 27 х/,

-Э.Б-ий төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 х/,

-2016.07.05-ны өдрийн №000000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-ийн 29-30 х/,

-Ү-000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 31 х/,

-2016.07.05-ны өдрийн №00000000000000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ /хх-ийн 32-34 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 87 х/,

-2025.03.28-ны өдрийн 0202 дугаартай М.Э-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 11 х/ зэрэг баримтуудыг,

 

8.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.03.01-ний өдөр 227,750 төгрөг төлсөн баримт /хх-ийн 73 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74 х/ зэрэг баримтуудыг,

 

9.Талуудын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.12-ны өдрийн 182/ШЗ2024/04631 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХК-иас Г.О, Э.Б нарын хооронд байгуулсан 50,000,000 төгрөгийн 2016.07.05-ны ........... тоот орон сууцны зээлийн гэрээгээр төлсөн төлбөр, үлдэгдэл төлбөрийн талаарх лавлагаа /хх-ийн 94-101 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.29-ний өдрийн 182/ШЗ2024/14475 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар А ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 185-206 х/,

-............. дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 207-221, 233-246 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Э.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Г.О-ад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э нь Г.О-ад холбогдуулан ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны урьдчилгаанд зориулж бэлэглэсэн 27,920,000 төгрөгийн 50 хувь болох 13,960,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг, бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

 

Нэг: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухай

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Э.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж тэтгэлэг, тогтоолгох шаардлага гаргасан. Хариуцагч нь энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

Хариуцагч Э.Б-ий сөрөг нэхэмжлэл нь түүний татгалзлын үндэслэл байх тул энэхүү шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хэлбэрээр шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбараар Г.О, Э.Б нар нь 2013 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба тэдний дундаас 0000-00-00-ны өдөр охин О.М, 2019.12.14-ний өдөр хүү О.Е нар төрсөн болох нь иргэний улсын бүртгэлийн 0000000000, 000000000 дугаартай хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу 0000-00-00-ны өдөр төрсөн охин О.М, 0000-00-00-ний өдөр төрсөн хүү О.Е нарын эцэг нь Х овогт Г.О /РД:0000000/, эх нь С овогт Э.Б /РД:0000000/ нар болохыг Захиргааны журмаар тогтоож, .......... дүүргийн Улсын бүртгэлийн ажилтан 2015.12.15, 2019.12.09-ний өдөр төрсний бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ. /1 хх-ийн 22, 23 х/

Зохигчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа хэдий ч хоорондын таарамжгүй харьцааны улмаас цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр хүүхдүүдээ өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зохигчид хүүхдүүдээ асран хамгаалах, өсгөж бойжуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэн аль нь хүүхдүүдээ авахаар харилцан маргаж байгаа нь сайшаалтай хэдий ч зохигчдын энэ хугацаанд /шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу шүүх хуралдаанд/ гаргаж буй үйлдэл, хоорондоо харилцах зан харилцаа муу байдал зэрэг нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх том хүчин зүйл болж байгааг үл ойшоож байгаа нь хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

 

Зохигч үнэхээр хүүхдийн эрх ашгийг эрхэмлэн, тэдний сайн сайхан ирээдүйн төлөө хүүхдүүдийг асрамжлахыг хүсэж байсан бол дээрх байдлыг ойлгож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх, эсхүл өөрсдийгөө эн тэргүүнд тавих бус хүүхдүүдээ бодож тэднийг төрсөн эцэг, эхтэйгээ элэг бүтэн өсөх боломжоор хангах байсныг энд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ... хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Шүүх зохигчийн хүсэлтийг үндэслэн 2024.08.29-ний өдрийн 182/ШЗ2024/14475 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар хүүхдийн асрамж тогтоолгоход шаардлагатай дүгнэлт гаргуулахаар ............. дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилсон.

 

............. дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024.12.27-ны өдрийн шинжээчийн багийн дүгнэлтээр

Хариуцагч Э.Б-ийг хүүхдийн асран хамгаалагчаар тогтоовол

- Хүүхдээ гэсэн сэтгэлтэй, хамт байх хүсэлтэй.

- Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжтой, ах дүү хамаатан садны харилцаа сайтай.

- Хүүхдүүдийн насны онцлогт тохирсон хүмүүжлийн арга барил тохиромжтой - Хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавьж, шаардлагатай зүйлсийг нь бэлддэг.

- Аливаа зүйлд туслан дэмжих хандлагатай.

- Эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх боломжтой.

- Хүүхдүүдийн боловсролд анхаарах боломжтой.

- Хүүхдийн анхдагч хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

- Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан.

- Хүүхдүүдэд тавих анхаарал халамж сайн, эрх чөлөө, эрүүл мэндэд хор учруулж байгаагүй.

 

Нэхэмжлэгч Г.О-ыг хүүхдийн асран хамгаалагчаар тогтоовол:

- Хүүхдээ гэсэн сэтгэлтэй, хамт байх хүсэлтэй.

- Хүүхдэдээ тавих анхаарал халамж сайн.

- Аливаа зүйлд туслан дэмжих хандлагатай байдаг

- Хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхэд хүмүүжүүлэх эерэг зөв арга барилтай.

- Хүүхдүүдтэй харилцах харилцаа эерэг, боломжийн

- Хүүхдийн анхдагч хэрэгцээг бүрэн хангах боломжтой

- Хүүхдийн эрүүл мэнд хор учруулж байгаагүй.

- Ажлын цагт баригдалгүй хүүхдүүддээ анхаарал тавих боломжтой, хүүхдийн сурлага, төлөвшилд илүү давуу тал ихтэй гэж дүгнэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ ээнэгшин дассан орчин, хүүхдүүдийн сурч боловсрох байдал, эцэг, эхийнх нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг чухалчилсан ба хүүхдүүдийн төрж, өссөн, одоо амьдарч байгаа орчин тэдэнд илүү амар тайван, дассан орчиндоо хүүхэд илүү чөлөөтэй байх боломжийг олгох тул шүүхээс хүүхдийн эрх ашигт нийцтэй талаас нь энэ байдалд илүү анхаарч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д Хүүхдийн талаар аливаа ажил явуулахдаа ...шүүх ...эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарал хандуулна, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах гэж тус тус заасан зарчимд нийцнэ.

 

0000-00-00-ны өдөр төрсөн охин О.М нь ............... сургуулийн 4 дүгээр ангид, 0000-00-00-ний өдөр төрсөн хүү О.Е нь тус сургуулийн бэлтгэл ангид тус тус суралцдаг, нэхэмжлэгч Г.О нь мэдээлэл зүйн багшаар ажилладаг, сарын 2,800,000 төгрөгийн тогтмол орлоготой, хүүхдүүдийг ихэвчлэн сургуульд нь зөөдөг.

 

Хариуцагч Э.Б нь Г ХХК-д мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. Одоогоор ............ дүүргийн Прокурорын газарт түр хугацаагаар бичиг хэргийн эрхлэгчээр сарын 1,600,000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Иймээс хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авах, хүүхдүүдтэйгээ хамт байх, мөн бүрэн боломжтой, байнгын ажлын байранд ажилладаг, тогтмол орлоготой, зэрэг нөхцөл байдлыг харгалзан 0000-00-00-ны өдөр төрсөн охин О.М, 0000-00-00-ний өдөр төрсөн хүү О.Е нарыг эцэг Х овогт Г.О /РД:00000000/-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хэдийгээр шүүх хүүхдүүдийн асрамжийг эцэг Г.О-ынх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн боловч хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах, хамт байх, тэдэнд анхаарал халамж тавих эх Э.Б-ий эрх нь нээлттэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн Г.О нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 9 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу эх Э.Б-тэй шууд харилцаа холбоотой байх, эхтэйгээ уулзах талаарх охин О.М, хүү О.Е нарын эрхийг үргэлж хүндэтгэж, хангаж байвал зохино.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тухай

 

Нэхэмжлэгч Г.О нь маргаан бүхий орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй. Харин уг орон сууцыг хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Э.Б-ий сөрөг шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь үндэстэй.

 

Нэхэмжлэгч Г.О нь ............................... тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд дангаар бүртгүүлсэн гэж энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч Э.Б нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоно гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.О нь 2016.06.30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ..................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1 хх-ийн 31 х/

 

Маргаан бүхий орон сууцанд 2016.06.30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Г.О, Э.Б, О.М, О.Е, Б.Э нар хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Маргааны зүйлийн үндэслэл болж буй хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл нэхэмжлэгч Г.О-ын нэр дээр байх боловч хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 487 дугаар зүйлийн 487.1-д Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэсэн зохицуулалтын дагуу уг орон сууц нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хэсгээр өмчлөх дундын өмчид хамаарна.

Зохигч тухайн орон сууцыг 78,000,000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаанд 30 хувь болох 27,920,000 төгрөгийг төлж, үлдэх 70 хувь 50,000,000 төгрөгийг төлөхдөө 30 жил буюу 360 сарын хугацаатай зээлж авсан. Үндсэн зээлдэгчээр нэхэмжлэгч Г.О, хамтран зээлдэгчээр хариуцагч Э.Б тус тус бүртгүүлж, Худалдаа хөгжлийн банктай 2016.07.05-ны өдөр 00000000000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ (8.00 хувь)-г байгуулжээ/1 хх-ийн 31, 32-34 х/

Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэх хэсэг 70 хувийн төлбөрийг төлөхөөр ипотекийн зээлийг хамтран авсан дээрх нөхцөл байдлаас үзэхэд эд хөрөнгийн 70 хувьд нь хамтран амьдрагч нарын эд хөрөнгийн хамтран өмчлөх хэмжээг тогтоох үндэслэлтэй болох тул хариуцагч Э.Б нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн 35 хувийг өмчлөх эрхтэй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Г.О-ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй тул хариуцагч Э.Б-ийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ..................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 35 хувийн өмчлөгчөөр тогтоож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Гурав: Орон сууцны урьдчилгаанд төлсөн 13,960,000 төгрөгийг Г.О-аас гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухай

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь энэхүү шаардлагын үндэслэлээ хүргэн Г.О, охин Э.Б нарыг ............................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг авахад нь урьдчилгаа 30 хувь 27,920,000 төгрөгийг нь бүрдүүлэх зорилгоор бэлэглэсэн. Нэгэнт хоёр хүүхэд маань цаашид хамтран амьдрахгүй гээд Г.О байраа авахаар нэхэмжлэл гаргаж бэлэглэгчийг гомдоосон учраас бэлэглэсэн 27,920,000 төгрөгийн 50 хувь 13,960,000 төгрөгийг Г.О-аас гаргуулна гэж тайлбарласан.

 

Б.Э нь 2016.06.13-ны өдөр хүргэн хүүдээ орон сууц анх удаа худалдан авахад урьдчилгаанд нь зориулж 27,920,000 төгрөгийг бэлэглэсэн болох нь зохигчийн тайлбар, Бэлэглэлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2016.06.13-ны өдрийн Орлогын ордер зэргээр тогтоогдож байна. /1 хх-ийн 26, 27 х/

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй байдаг.

 

Хуульд заасны дагуу бэлэглэгчийг гомдооно гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байхыг ойлгоно. Улмаар ноцтой гэдэгт дээрх гомдоосон гэх үйлдэл нь бэлэглэгчид болон түүний ойр дотны хүнд сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөлөхөөр байх юм.

 

Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Э.Б нар нь хамтын амьдралаа дуусгавар болгож, шүүхээр хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлж байгаа нь бэлэглэгчийг гомдоосон үйлдэл гэж тайлбарлаж байгаа гуравдагч этгээдийн шаардлага үндэслэл бүхий байна.

 

Иймээс бие даасан шаардлагыг хангаж, Г.О-аас 13,960,000 төгрөгийг гаргуулан Б.Э-т олгож шийдвэрлэх үндэстэй.

 

Дөрөв: Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг, бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 227,750 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Б.Э-т тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 0000-00-00-ны өдөр төрсөн охин О.М, 0000-00-00-ний өдөр төрсөн хүү О.Е нарыг эцэг Х овогт Г.О /РД:00000000/-ын асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг Г.О, эх Э.Б нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн хүүхдүүдтэйгээ уулзах болон тэдэнд анхаарал халамж тавих эх Э.Б-ий эрхэд хөндлөнгөөс саад болохгүй, хориглохгүй байхыг нэхэмжлэгчид тус тус даалгасугай.

 

3.Нэхэмжлэгч Г.О нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ................ тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 35 хувийн өмчлөгчөөр хариуцагч Э.Б-ийг тогтоож, нэхэмжлэгч Г.О-ын маргаан бүхий орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан Г.О-аас 13,960,000 төгрөгийг гаргуулан Б.Э-т олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 227,750 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Б.Э-т тус тус олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА