Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч Х.Ганцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хан Өндөр овогт Хүрэлбаатарын Ганцолмонд холбогдох эрүүгийн “1711001940286” дугаартай, 186/2018/0265/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Бэст буйдан ХХК-д бүрээсчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Хан Өндөр овогт Хүрэлбаатарын Ганцолмон /РД:ГО91031518/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Х.Ганцолмон нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хүчит шонхор худалдааны төвийн урд талын хаалганы орчимд иргэн Б.Батцэцэгтэй маргалдан улмаар түүнийг 2 удаа цохиж, биед нь дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын хөхөнд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 1.1. Шүүгдэгч Х.Ганцолмон нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Батцэцэгийн:..би хүчит шонхор зах дээр дайвар бүтээгдэхүүн бөөндөн авч зардаг юм бүр эрт шөнийн 04 цагийн үед зах дээр очиж дайвар бүтээгдэхүүнийг хүмүүсээс худалдан авч өглөөний 08 цагийн хооронд зарж борлуулдаг юм. Тухайн өдөр би өглөө 04 цагийн  үед Налайхын бойн дээрээс тэр өдөр зарах гэж байсан бараагаа авчихаад захруу орох гээд машинтай бас нөхөртэйгөө хамт явж байсан. Тухайн үед захруу орох гээд оочирлоод зогсож байтал танихгүй согтуу залуу машины урдуур орж ирчихээд надад хандан машин явдаг замаараа яв, битгий хүн явдаг замаар яваад бай, хүн дайрч аллаа гээд агсараад байсан. Тэгэхээр нь би тухайн үед сууж явсан машиныхаа цонхыг онгойлгоод тэр залууд хандан өглөө бүр эрт энэ замаар машинууд захруу орохын тулд оочирлож зогсож байгаад ордог юм гэж хэлэхийн завдалгүй тэр согтуу залуу тухайн үед бариад явж байсан пивотой байсан пивоны шилээр миний нүүрэн тус газарт баруун нүдний дээд талд хөмсөгрүү цохьсон. Тухайн үед надтай хамт явж байсан манай нөхөр машинаас бууж ирээд тэр залууг барьж аваад захын үүдний хашааны хажууд аваачаад машинаа оруулах гээд явсан хойгуур тэр залуу намайг цээжрүү бас дахин нэг удаа унагаад зугтсан. Тухайн үед араас нь хөөсөн боловч барьж авч чадаагүй. Тэгээд би  цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг. /хх 26-27/,

            2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хишигбаатарын:..би гэр бүлийн хүний хамтаар Хүчит шонхор зах дээр махан дээр дайвар бүтээгдэхүүн зардаг юм. Тухайн өдрийн өглөөний 03-04 цагийн хооронд болсон асуудал юм. Би тухайн өдрийн өглөө эхнэрийнхээ хамтаар хүчит шонхор захруу өглөө эрт орж машин дээр ачиж ирсэн дайвар бүтээгдэхүүнээ буулгах гээд захруу орох хаалган дээр машинтайгаа оочирлоод зогсож байхад нэг согтуу хүн гартаа шилтэй пиво барьчихсан машины зам дээр миний машины өөдөөс алхаад ирсэн. Тэгэхээр нь би машинаа торомзлоод тэр залуугийн хажуугаар нь тойрч гарахад тэр залуу надад хандан "Би явган хүний зам дээр явж байна, чи энэ замаар явах ёсгүй" гээд надад хэлсэн. Тухайн үед миний цонх онгорхой байсан учраас тэгж хэлэхийг нь сонссон. Энэ үед манай эхнэр машины цонхоор тэр залууд хандан чи замаас гараач, наадах чинь захруу ордог машины зам гээд" хэлсэн. Тухайн үед захруу орох гээд машинууд оочирлоод түгжирчихсэн байсан. Тэр залуу миний машин дээр ирээд манай эхнэртэй маргалдаад байсан. Тэгээд тэр залуу манай эхнэр 2 хоорондоо маргалдаж байхад тэр залуу гартаа барьчихсан ууж явсан пивороо манай эхнэрийн зүүн нүдэн дээр нь цохьсон. Энэ үед би машинаасаа буугаад тэр залууг барьж авсан. Тэгээд захын хаалганы хажуу талд байрлах манаачийн саравчны буланд тэр залууг эхнэртэйгээ хамт орхисон. Учир нь тухайн үед би яг машинтайгаа захруу орж байсан учраас захын хаалгыг хаагаад удаан хугацаагаар зогсох боломжгүй байсан. Тэгээд захруу машинаа оруулчихаад байрлуулчихаад эргээд ирэхэд тэр залуу манай эхнэрийг элэгрүү нь нэг цохьчихоод зугтаачихсан байсан. Түүний араас гүйгээд барьж авч чадаагүй гэх мэдүүлэг. /хх 29-31/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ганцолмон гэрчээр мэдүүлэхдээ:...миний бие "Бест буйдан" ХХК-д бүрээсчин хийдэг юм. Тухайн өдрийн шөнө 03 цаг 30 минут гээд ажлаасаа буугаад цуг ажилладаг найз Мөнхнастын хамтаар Шонхор  захын хажууд 2 шил пиво уусан юм, нэг шил пивоо тэндээ уучихаад үлдсэн нэг пиво  аваад харьж явах замдаа уусан юм. Мөнхнаст бид  хоёр тэндээсээ салаад би гэрлүүгээ алхаж яваад Хүчит Шонхор захын зүүн талын хаалганы хавьцаа явж байсан гэнэт нэг цэнхэр өнгийн портер машин намайг мөргөнгөө алдаад 2 өвдгөн дээр тулж ирж зогсохоор чи яаж яваад байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ гэсэн чинь дотор нь байсан эмэгтэй зайл муу архичин минь яарч явж байхад гээд хэл амаар доромжилсон юм. Тухайн үед намайг хэл амаар доромжлохоор нь би уурлаад маргасан. Тэгсэн жолооч талаас махлаг шинжийн залуу бууж ирээд миний толгой хэсэгт цохиод би хойшоо саваад хашаа руу налсан хашаанд тулаад намайг хэсэг цохьсон. Тэгээд болихоор нь би 102 дугаарын утас руу өөрийн 88084907 дугаарын утаснаас Намайг машин мөргөчихлөө гэж дуудлага өгсөн чинь нөгөө эрэгтэй нь наадхаа бариад байж бай гарч ирээд алнаа чамайг гээд машинтайгаа захруу орсон нөгөө эмэгтэй намайг энгэрээс зуурсан байсан учир би айсандаа тухайн эмэгтэйгийн цээж рүү түлхээд зугтаасан. Тэгээд би тэр хавийн гудамжаар ороод тэгээд гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг. /хх 32-33/,

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8789 тоот актын:

1. Б.Батцэцэгийн биед дух баруун хөмсөг баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт. /хх-38/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх 12-15/,  хохирогчийн мэдүүлэг /хх 26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8789 дүгээр дүгнэлт /хх-38/ шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт /хх 52, 54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Х.Ганцолмон нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хүчит шонхор худалдааны төвийн урд талын хаалганы орчимд иргэн Б.Батцэцэгтэй маргалдан улмаар түүнийг 2 удаа цохиж, биед нь дух, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын хөхөнд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Батцэцэг, шүүгдэгч Х.Ганцолмонгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8789 дүгээр дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Ганцолмонг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.       

 

 Хохирогч Б.Батцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж үзэх шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хан-Өндөр овогт Хүрэлбаатарын Ганцолмонг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Ганцолмонг  450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганцолмонд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганцолмон нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Ганцолмон нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ганцолмонд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ