Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1174

 

    

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2209025790094 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б.А ... тоотод оршин суух, урд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.А- нь:

2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 8,640,870 төгрөгийн хохирлыг учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.С-ийг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Самсунг А31” загварын гар утсыг шилжүүлэн авч, 325,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Д.Х-ын өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 375,000 төгрөгийн хохирол учруулан, 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Н.Ц-ийн гэрээс 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 320,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.А-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд; үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг 1 жил, 9 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдпүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Ж.З, Н.Ц нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-гаас 375,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х-т, 325,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.С-д, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 434,670 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, 596,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-д, 3,467,100 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-т, 2,354,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх эсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.     

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдолдоо: “...Надад оногдуулсан ял хүндэдсэн, миний хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Өөрийн үйлдсэн гэм буруугаа ухаарч ойлгосон маргах зүйлгүй, өдий насандаа болчимгүй алдаа гаргасандаа гэмшиж байна. Миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх талаар арга хэмжээ аваагүй, эрүүл мэндийн байдлыг анхаарч үзээгүй. Хуульд энэ ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын талаар заасан байдаг. Эдгээрийг иргэн хүний хувьд тэгш эдлэх хүсэлтэй байна.

  1. Өмгөөлүүлэх эрхээр хангагдаагүй байдал:

Надад өмгөөлөгч авах төлбөрийн чадвар байгаагүй. Өмгөөлөгч авах мөнгийг нэг ч гэсэн хүний хохиролд өгч, өөрийн хийсэн гэмээ цайруулахыг бодсон. Гэтэл надад улсын өмгөөлөгч авах боломж байсныг хэлээгүй. Мөрдөгч, прокурор аль аль нь нийгмийн халамжийн тусгай бүлэгт хамаарагдах иргэн томилолтын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхтэй байдлыг тайлбарлан өгөх үүрэгтэй гэж бодож байна. Үүнийг хожуу мэдсэн. Надад өмгөөлөгчтэй оролцох боломж огт олгоогүй. Өмгөөлүүлэх хүсэлтэй байсан боловч мэдлэг хомс, мэдээлэл дутмаг учир өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон.

  1. Хэргүүд нэгтгээгүй, эрх зүйн байдал дордсон:

Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан. Тухайн үед өөр үйлдэл байгаа талаар мөрдөгчид хэлсэн боловч хэргийг нэгтгээгүй. Ингэснээр миний эрх зүйн байдал дордсон. Та бүхэн хэрэг үйлдэгдсэн он, сар, өдрийг харахад тодорхой болно.

  1. Хувийн байдлыг харгалзан үзээгүй:

Эрүүгийн хуульд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Миний хувьд эрүүл мэндийн байдал маш муу, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан, халамжийн группт байдаг. Мөн баруун хөл эмгэгтэй. Хоёр хөлийн урт зөрүүтэй, суга таяг тулдаг. Дүүргийн эмнэлэгт байнгын хяналтад байдаг учраас эм, тариа, өвчин намдаах лаа зэргийг тогтмол хангамжаар авч хэрэглэн үзлэгт ордог байсан. Тэгтэл 491-р хорих байгууллагад байх хугацаанд нэг ч удаа хяналт, үзлэгт хамрагдаагүй. Үүнээс үүдэн эрүүл мэнд улам дордож, хэдий таягтай ч ойр зуур нарлаганд гарахад ч хүнд байна. Цаашдаа хорих байгууллагад байхад миний эрүүл мэнд яав ч тэнцэхгүй. Чийгтэй орчинд эмийн хүрэлцээгүй, эмчийн үзлэгт хамрагдах боломж хязгаарлагдмал учраас би хэвтэрт ороод байна. Иймд Монгол Улсын иргэн хүн амьд явах эрхтэйг бодолцон ял хөнгөрүүлж өгнө үү.

  1. Хохирол барагдуулах боломж:

Би бусдад учруулсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хэдийгээр хоригдож байгаа ч хохирол барагдуулах талаар найз нөхөд, ойр дотны хүмүүсээс тусламж авахаар холбоо барьж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулмаар байна. Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчид хохирол барагдуулах боломж олгож, тухайн гэмт хэргийн хор хохирлыг арилгахад анхаарна гэсэн байдаг. Иймд надад ажил хөдөлмөр эрхлэн хохирлоо барагдуулах боломж олгоно уу.

Санал хүсэлт:

Миний гомдол гэм буруутайгаа маргахад огт санаа бэлчээгээгүй. Надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...Цаашид зөв шударгаар хөдөлмөр эрхлэж, дахин бусдад хохирол учруулах үйлдэл гаргахгүй, хуулийн дагуу зөв хүн байхаа амлая. ...” гэжээ.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А- нь давж заалдах гомдолдоо “хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор миний өмгөөлүүлэх эрхийг минь хангаагүй” гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос шүүгдэгч Б.А-д удаа дараа өмгөөлөгч авахыг санал болгохдоо “Та улсын өмгөөлөгч авах боломжтой. Та очиж уулзаарай. Өмгөөлөгч авах эрхтэй шүү” гэхэд шүүгдэгч Б.А- нь “Би хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна. Өмгөөлөгч авах хувийн зардал байхгүй” гэж хариулсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч “та өмгөөлөгч авах уу” гэхэд шүүгдэгч Б.А- “би өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлж оролцоно” гэж илэрхийлсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгч гомдолдоо “хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй” гэж дурдсан байна. Шүүгдэгч Б.А- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 792 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн гэмт хэрэгт шалгагдах явцдаа бусад гэмт хэрэгт холбогдсон талаараа тухайн шатны мөрдөгч, прокурорт мэдэгдээгүй. Прокуророос шүүгдэгч Б.А-д холбогдох 9 хэргийг нэгтгэж шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүгдэгч Б.А- нь 9 удаагийн үйлдлээр нийт 9,660,870 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан, үүнээс 8,540,870 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй. Шүүгдэгч Б.А- нь хохирлыг “мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулна” гэж хэлсэн боловч төлөөгүй. Мөн шүүгдэгч Б.А-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Учир нь, шүүгдэгч Б.А- нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж /групп/ авдаг гэдэг боловч энэ талаар баримтуудаа хэрэгт хавсаргахаар гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг хэрхэн, яаж биелүүлэх эсэх нь тодорхойгүй учраас анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.А- нь:

1. 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “В” гэх нэртэй зочид буудалд ажилд орох анкет бөглөн, улмаар ажлын байрны тодорхойлолттой танилцан ажил үүргээ хүлээн авч, тус буудлын зочин угтагч буюу ресейпшнээр 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө ээлжинд ажиллахдаа худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн “0.5 литрийн савлагааны тайгер пиво 5 ширхэг, 0.5 литрийн кола ундаа 2 ширхэг, 0.5 литрийн цэвэр ус 1 ширхэг, жүүс 2 ширхэг, 0.7 литрийн савлагааны эден архи 5 ширхэг, бэлэн гоймон 1 ширхэг, шилтэй кола ундаа 15 ширхэг, 10 ширхэг шампунь зэрэг эд зүйлс болон зочид буудлын бэлэн мөнгөний орлого зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 434,670 төгрөгийн хохирол,

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “П” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар ажиллаж байхдаа тус зочид буудлаар үйлчлүүлсэн хохирогч Б.Б-ийн түр хадгалуулах зорилгоор түүнд хүлээлгэн өгсөн “Самсунг А53” загварын гар утас болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол,

2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч С.Д-гийн Үнэгүй.мн сайтад нийтэлсэн ажилд авах тухай зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар тухайн өдрийн зочид буудлын орлого болох нийт 596,000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Т.Г-ийн фейсбүүк олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “U Money Smart Cart” нэртэй түцэнд худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3,467,100 төгрөгийн хохирол,

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.З-гийн Үнэгүй.мн гэх зарын сайтад “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь, мөн тухайн өдрийн орлого болох бэлэн 30,000 төгрөг зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 789,100 төгрөгийн хохирол,

2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр иргэн Б.Э-гийн фейсбүүк цахим хаягт байршуулсан “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, хохирогч Б.Э-гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн дэргэд байх түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орсон өдрөө буюу 2022 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн тамхи, пад зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,354,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь:

хохирогч Ж.З-гийн: “...Ээлж хүлээлцэж авч байгаа хяналтын камерын бичлэгийг гаргаж өгсөн байгаа. Мөн А- нь бараа материал авч байгаа хяналтын камерын бичлэгийг гаргаж өгсөн байхаа. Тухайн барааны тоо материалын дэвтэр дээрээс харж гаргаж өгсөн байгаа. Анкет бөглүүлдэг боловч тухайн өдөр би очиж чадаагүй тул анкет бөглөөгүй, эхний өдөр юм чинь бодоод итгэчихсэн юм...”  /1-р хх-ийн 12/, “...Би тухайн хүнд хүлээлгэж өгсөн барааг дахин тоолж үзэхэд түцний бараанууд болон задгай 30,000 төгрөг болон өнөөдрийн орлогоо аваад явсан байна...” /1-р хх-ийн 14-15/ гэх мэдүүлгүүд, түргэн үйлчилгээний цэгийн дотор хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, 15:59:40 гэсэн цаг харагдаж байх бөгөөд бичлэгийн эхэнд цагаан фудволк, урт юбка өмссөн эмэгтэй түцний тэйк дээр дарж зогссон. Үүний цаана хар цамц, цагариган ээмэг зүүсэн Б.А- нь ширээ арчиж сууж байгаа нь харагдаж байна. ...“2” гэж нэрлэсэн бичлэг рүү орж эхлүүлэхэд 01 минут 10 секундын бичлэг байх бөгөөд бичлэгийн зүүн дээд буланд 2022-09-12 20:27:33 гэсэн цаг харагдаж байна. Бичлэгийн эхэнд түцний тэйк хэсэгт хар фудволк өмссөн Б.А- нь тэйкний доод хэсгээс эд зүйлс авч хайрцагт хийж байгаа нь 00:10 секундэд бичигдсэн...” /1-р хх-ийн 6/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн СБ1-22-2695 дугаартай хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 23-25/,хохирогч Ж.З-гийн Хаан банкны 5035184616 дугаартай дансанд хохирлын мөнгө шилжүүлэн өгсөн баримт /2-р хх-ийн 54-55/,

хохирогч Б.Б-ийн: “...гар утсаа П буудлын ресейпшинд хүлээлгэж өгсөн байсан. Маргааш нь би тухайн ресейпшнээс асуусан чинь намайг гар утсаа нэхсээр байгаад авсан гэж хэлсэн. Дараа нь би цагдаагийн хамт очоод хяналтын камер шүүж үзэхэд ресейпшн эмэгтэй миний гар утсыг сейфендээ хийж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тухайн эмэгтэй миний гар утсыг аваад өгөөгүй. ...”/1-р хх-ийн 92-93/, гэрч Б.Б-ийн: “...5 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед ажил дээрээ очоод төд удалгүй Б гэх эмэгтэй 2 цагдаатай хамт орж ирээд 5 дугаар сарын 24-ний оройны камерыг үзсэн. Тэгээд А-тай холбогдох боломжгүй болсон байсан. ...буудлын хяналтын камерыг шалгахад А- нь 5 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 30 минутын үед сейфен дотор байсан тухайн өдрийн орлогын мөнгө болох 500,000 төгрөгийг аваад гарч байсныг харсан. ...” /1-р хх-ийн/ гэх мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П нэртэй зочид буудлын дотор талыг харуулсан “Хохирогчийн гар утсыг буудлын ажилтан бариад явж байгааг” харуулав. Буудлын ажилтан хохирогчийн гар утсыг үзэж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 84-85/, “Косто-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Самсунг А53 загварын 128gb гар утас нь 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэх тайлан /1-р хх-ийн 106-108/,

хохирогч Э.Б-гийн: “...Eden нэртэй 5 шил архи, Тiger нэртэй пиво 10 ширхэг, Моя семя нэртэй жүүс 2 ширхэг, зочид буудлын өрөөний төлбөр тооцоо хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна, сандраад цагдаад дуудлага өгсөн. ...А- манай байгууллагад нийт 660,500 төгрөгийн хохирол учруулснаас нэг ч төгрөг огт төлөөгүй байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн БЗД-22-800 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 152-153/, “В” гэх зочид буудалд ажилд орохдоо өгсөн анкет /1-р хх-ийн 139-142/,

хохирогч С.Д-гийн: “...Би “Үнэгүй.мн” сайт дээр “Буудлын ресейпшин ажилд авна” гээд зар тавьсан юм. Тэгтэл зарын дагуу Б овогтой А- /РД: ......./ гэх эмэгтэй манайд ирж ажилд орсон. ...манай буудлын Ц үйлчлэгчид “Би гараад охинтойгоо уулзаад эргээд ороод ирье” гэж хэлж гараад эргэж орж ирээгүй. Буудлаас гарахдаа манай буудлын тэр өдрийн орлого болох 596,000 төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансанд шилжүүлэн аваад явсан байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185/, Б.А-гийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны 50ххххххххх дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 186-187/,

хохирогч Б.Э-гийн: “...2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр фейсбүүк зарын дагуу ТҮЦ-ний худалдагч авна гэж зар тавьсан. ...2022 оны 10 дугаар сарын 5-ны өглөө 07 цагийн үед ирэхэд түгжээтэй орхиод явсан байсан. ...” /2-р хх-ийн 112-114, 149/ гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 103-104/,Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх 117-119/, “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/014 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 153/,

хохирогч Т.Г-ийн: “...Би 120 мянгатын автобусны буудал дээр “U money Smart cart”-ийг ажиллуулдаг юм. ...Миний бие өвдөөд ханиад хүрсэн тааруу байсан тул тухайн эмэгтэйд анхаарч чадалгүй итгээд эмнэлгээр явж байтал 9 дүгээр сарын 01-ний өглөө, 9 дүгээр сарын 02-ны өдөр ч таг алга болоод утас нь холбогдохгүй болсон байсан тул очоод үзэхэд дэлгүүрийн хамаг гайгүй бараа, эд зүйл, автобусны картууд, бэлэн мөнгө болон үлдэгдэл мөнгө зэргийг аваад явсан байхаар нь цагдаад хандсан юм. ...” /2-р хх-ийн 184-185, 238/ гэх мэдүүлэг, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-123/0093 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 227-231/,хохирогч Т.Г- нь Б.А-д бараа материал хүлээлцсэн тухай гаргаж өгсөн холбогдох баримтууд /2-р хх-ийн 240-244/ зэрэг,

2. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ... дүгээр орцны подвалд хохирогч Д.Х-, А.С- нартай согтуурсан үедээ хохирогч Д.Х-ын өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны 50 тоотод хохирогч Н.Ц-ийн гэрт “гэрийн үйлчлэгч ажилд авна” гэсэн фейсбүүк зарын дагуу холбогдож, улмаар гэрийн үйлчлэгчээр ажилд орж, 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хохирогчийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу нийт 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 695,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Ц-ийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрийн үйлчлэгч ажилд авна гээд фейсбүүк дээр зар оруулаад өөрийн 918хххххх дугаарыг тавьсан. Тэгтэл өдөр нь 918хххххх дугаараар үл таних эмэгтэй залгаад манай хаягийг заалгаад ирж уулзсан, гэрийн түлхүүр өгөөд манай аав болон хүүхэд нар үлдсэн. Манай аав хүүхдийг хичээлд нь хүргэж өгөөд буцаж орж ирэх үед тухайн эмэгтэй гэр цэвэрлэж байсан гэсэн. Бэлгэнд өгч байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 3 ширхэг аяга алга болсон. Баруун хөл нь хазгар доголоод яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СБ1-22-2762 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-60/,

хохирогч Д.Х-ын: “...А- эгч юм ярьж байхдаа халуун байна, ганц хүйтэн пиво уух уу гэхээр нь уух газар байхгүй, манай хадмууд ирж байгаа гэсэн. ...Архиа задлаад бүгд нэг нэг татаад урд орой нь нойргүй явсан болохоор нойр хүрээд унтлаа гэхэд С намайг унт унт, 10 минут унтаад сэргэчихдэг юм чинь гэхээр нь зурагтны урд гудас дэвсээд хэвтээд нөхөр рүүгээ 17 цаг 40 минутын үед яриад утсаа хажуудаа цэнэглээд тавьсан. Тэгээд нэг сэрсэн чинь С “нөгөө хүүхэн чинь миний утсаар ярьж байгаад алга болчихлоо, утсаа өгч бай, яриадахъя” гэхээр нь орон дээр байгаа ярь ярь гэсэн чинь миний утасны гэрийг нь үлдээгээд цэнэглэгчийг нь хийгээд үлдээсэн байсан. Гүйж гараад таньдаг байрны ах таарахаар нь утсаа өгч байгаач гээд өөрийнхөө дугаар руу залгахад холбогдохгүй, Сгийн дугаар руу залгахад холбогдохгүй, А- эгчийн дугаар руу залгахад холбогдохгүй, ойр хавьдаа хайгаад олдохгүй байхаар нь тэр ахын утсаар цагдаа дуудсан. ...” /1-р хх-ийн 223-224/, гэрч Г.Г-ын: “...гэртээ иртэл манай эхнэр Х утсаа алдчихлаа гээд байрныхаа “Б” гэх ахын утсаар цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Удалгүй өдөр манай эхнэртэй цуг пиво уусан гэх С-гийн нөхөр Т манайд орж ирээд “Манай эхнэрийн утас нь бас байхгүй байна” гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 211-212/, А.С-ийн хохирогчоор мэдүүлсэн: “...А- “Утсаар чинь нэг ярьчихъя” гэхээр нь би цэнэглэж байгаад аваад өгсөн. Тэгсэн “гадаа гараад ярьчихъя” гэхээр нь за гэж хэлэхэд гараад яваад өгсөн. “Миний утсыг нөгөө эмэгтэй аваад явчихлаа. Утсаа өгч бай” гээд утсыг нь авах гэхэд Хандаагийн утсыг аваад явчихсан, утасны гэрийг нь цэнэглэгчинд нь зоогоод үлдээчихсэн байсан. Хоёулаа гараад хүний утсаар залгахад миний утас холбогдохгүй, Хандаагийн утас холбогдохгүй, нөгөө эмэгтэйн утас дуудаад аваагүй мессеж бичсэн чинь “Одоо очлоо, ойрхон байна танайхтай” гэсэн хариу ирэхээр нь бид хоёр Хандаагийн гэрт ороод хэсэг хүлээгээд ирэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх-ийн 231-232/ гэх мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГ2-23-226 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 234-235/ зэрэг,

3. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ... дүгээр орцны подвалд хохирогч Д.Х-, А.С- нартай согтуурсан үедээ хохирогч А.С-ийг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч А.С-ийн “Самсунг А31” загварын гар утсыг шилжүүлэн авч, 325,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.С-ийн: “...А- “Утсаар чинь нэг ярьчихъя” гэхээр нь би цэнэглэж байгаад аваад өгсөн. Тэгсэн “гадаа гараад ярьчихъя” гэхээр нь за гэж хэлэхэд гараад яваад өгсөн. Удалгүй 2-3 минутын дараа араас нь гарахад манай орцны үүдэнд утсаар яриад зогсож байхаар нь гайгүй байлгүй гэж бодоод гэр рүүгээ орчхоод гараад ирэхэд байхгүй байхаар нь Хандаагийнд орчихсон байна гэж бодоод араас нь ороход орж ирээгүй, Хандаа согтуу унтаж байхаар нь сэрээгээд “Миний утсыг нөгөө эмэгтэй аваад явчихлаа. Утсаа өгч бай” гээд утсыг нь авах гэхэд Хандаагийн утсыг аваад явчихсан, утасны гэрийг нь цэнэглэгчинд нь зоогоод үлдээчихсэн байсан. ...” /1хх-ийн 231-232/, гэрч Г.Г-ын: “...Би ажлаа тараад 19 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай эхнэр Х утсаа алдчихлаа гээд байрныхаа “Бабу” гэх ахын утсаар цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Удалгүй өдөр манай эхнэртэй цуг пиво уусан гэх С-гийн нөхөр Т манайд орж ирээд “Манай эхнэрийн утас нь бас байхгүй байна” гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 211-212/, Д.Х-ын хохирогчоор мэдүүлсэн: “...Нэг сэрсэн чинь С “нөгөө хүүхэн чинь миний утсаар ярьж байгаад алга болчихлоо, утсаа өгч бай, яриадахъя” гэхээр нь орон дээр байгаа ярь ярь гэсэн чинь миний утасны гэрийг нь үлдээгээд цэнэглэгчийг нь хийгээд үлдээсэн байсан. Гүйж гараад таньдаг байрны ах таарахаар нь утсаа өгч байгаач гээд өөрийнхөө дугаар руу залгахад холбогдохгүй, Сгийн дугаар руу залгахад холбогдохгүй, А- эгчийн дугаар руу залгахад холбогдохгүй, ойр хавьдаа хайгаад олдохгүй байхаар нь тэр ахын утсаар цагдаа дуудсан. ...” /1-р хх-ийн 223-224/ гэх мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГ2-23-226 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 234-235/ болон шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 42, 69, 117-118, 169, 193-194, 249-250, 2-р хх-ийн 81, 139, 247-248/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.А-гийн:

- 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд зургаан удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 8,640,870 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээрээ хангасан...” гэснийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж зааснаар зүйлчилж нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

- хоёр удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 695,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээрээ хангасан...” гэснийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж зааснаар зүйлчилж зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.С-ийг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Самсунг А31” загварын гар утсыг шилжүүлэн авч, 325,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэж зааснаар зүйлчилж 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 9 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн болон хувийн байдал, гэм буруу, тус гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийх нь нийгмийн аюулын шинж чанарт тохирсноос гадна оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.А-гийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А- нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ