| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0292/Э |
| Дугаар | 308 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Ц.Сүхбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Анжелина Воложино дэлгүүрт хөлсөөр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигин овогт Э.О-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1809007100180 дугаартай 185/2018/0292/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О 2017 оны 11 сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт байрлах иргэн С.Алтынжаны “Ажелина Воложина” дэлгүүрт хөлсөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох борлуулалтын орлогын 7.362.110 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.О 2017 оны 11 сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн 5 давхарт байрлах иргэн С.Алтынжаны “Ажелина Воложина” дэлгүүрт хөлсөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох борлуулалтын орлогын 7.362.110 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Огийн: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
хохирогч С.Алтынжаны: ... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би кассын тооллоготой танилцахад бараа бүтээгдэхүүний үнэ нь зөрүүтэй бичигдсэн байсан. Тэгээд би шалгаад үзэхэд Оюумаа гэж манай ажилтантай холбоотой олон өдрийн борлуулалтын дутагдал гарч ирсэн. Тухайлбал 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр кассын тайлан 2.970.800 төгрөг гэж бичигдсэн байсан бөгөөд дэвтэрт бичигдсэн тайлан дээр 4.053.600 төгрөгийн орлого олсон байсан. Энэ өдөр 1.492.000 төгрөгийн дутагдал гарсан. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх бүх кассын орлогыг шалгахад 7.362.100 төгрөгийн дутагдал гарч ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Оюумаагийн ажилласан ээлж дээр дутагдал гарсан байсан. Тэгээд Огийн завшсан мөнгийг нийтэд нь гаргаж ирэхэд 7.362.110 төгрөг болсон юм. Сар болгон тооллого, бүртгэлийг хийж байсан. Тэгээд кассын орлого нь зарагдсан бараатайгаа тоо нийлж байсан учраас анзаардаггүй байсан. Ер нь бол кассын тайландаа бүрэн итгэдэг байсан. …Энэ дутсан мөнгийг мэдээд Оюумаагаас асуухад хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусад ажилтнууд огт мэдээгүй, хамааралгүй гэж байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
хохирогчоор дахин мэдүүлсэн С.Алтыжаны: …Манайх хувь хүний нэр дээр явдаг учир ямар нэгэн тушаал гаргаж албан тушаалтан томилдоггүй. Э.О нь манай дэлгүүрт хөлсний гэрээгээр ажиллаж байсан цагийн ажилтан байсан юм… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,
гэрчээр Э.Огийн: …Ажиллаж байхдаа би энэ дэлгүүрийг замбараагүй байгааг нь ихээр гайхдаг байсан. Өдөрт гуталнуудын үнэ нь өөрсдийн дураар өөрчлөөд байсан. …Ийм байсан учраас 2017 оны 11 дүгээр сард надад энэ дэлгүүр ямар ч хяналтгүй санагдаад эхлээд 100.000 төгрөг завшсан. Тэгэхэд тооллого хийгдсэн боловч миний авсан 100.000 төгрөг илрээгүй учраас ийм маягаар мөнгө завшаад өөртөө ашиг гаргаад байж болох юм байна гэсэн сэдэл төрөөд бага багаар мөнгө идээд автобусад суудаг байсан бол өглөө оройд байнга таксидаж явдаг болсон. Гэр орондоо ч амттай бүтээгдэхүүнүүд авч очдог болсон. Би өөрийн хийсэн зүйлдээ гэмшиж байна. Би 7.362.1100 төгрөгийг өөртөө завшиж хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,
яллагдагч Э.Огийн: …Хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан учраас надад өөр нэмж ярих зүйл алга. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,
хохирлын баримтууд /хх-38-105/, баталгаа гаргасан баримт /хх-12, 135/, хохирол төлсөн баримт /хх-13, 134/, хөлсөөр ажиллулах гэрээний хуулбар /хх-36-37/-аар тогтоогдон нотлогдов.
Шүүгдэгч хувийн байдлын талаараа: эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн эхний хуудасны хуулбар /хх-31/, шинжилгээний хариуны хуулбар /хх-32/, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-111-112/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-113-131/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Э.Ог 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 7.362.110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.О анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Алтынжаны хохирол төлж барагдуулсан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-109/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Оюумаад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.О 7 сартай жирэмсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.О цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.