Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 91

 

И.Оын нэхэмжлэлтэй

хариуцагч ТЕГт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/00735 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И.Оын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ТЕГт холбогдох,

 

 “Т..................... даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Н /Улаанбаатар хотоос онлайнаар/ нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ........................ хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн хураагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд сарын 625 965 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа очтол намайг ажлаас халж байгаа тухай танилцуулан, ажлаа өг гэсэн. Ямар үндэслэлээр халж байгаа тухай асуухад дээрээс ажлаас халах тушаал чинь ирж байгаа удахгүй танд хүргүүлнэ гэсэн. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил хийлгэлгүй явуулсан ба 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тушаалын хувийг олон дахин шаардсанаар хуулбар хувийг гардан авлаа. Намайг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр халсныг үндэслэлгүй гэж үзэж байх тул Т..................... даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 тоот тушаалыг хүчингүй болгож, ........................ хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн хураагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хураагчийн шалгалттай холбоотой хураагчийн шалгалтаас гарсан шалгалтын дүн буюу сертификатыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Сертификат гэсэн хэсэг дээр Н.О гэсэн нэртэйгээр нийт оноо 40 авсан оноо 67,5, хавсралт хэсэг дээр нь хураагчийн сургалт дараах сорил, дууссан хэсэг дээр нь үгүй гэж байгаа. Энэ нь хураагчийн шалгалт дуусахаас өмнө ирцийн 10 оноо аваад шалгалт дээрээ тодорхой оноо авах юм бол нийт дүнгээрээ тэнцэх юм байна гэж систем дээр харагдаж байна. Сертификат нэхэмжлэгчийн нэртэй хэсгийг нь өгөгдөлд татаад шалгалт дууссан гэсэн хэсэгтээ энэ хэсгийг нэмээд шалгалтын эцсийн үнэлгээ юм гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ үндэслэлд нь Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй нь энэ хуулийн зүйл заалтад хамаарна гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл дээр 8.3.4, 8.3.5 дахь хэсэг дээр Хураагчийн шалгалт болон Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар дурдсан байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн албан хаагчийн шалгалт өгөх болзол журмыг баталсан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг зохион байгуулах салбар комисс болон төв комиссыг энэ журамд зааснаар байгуулаад нэхэмжлэгч 2019, 2020 онуудад шаардлага хангаад бүртгүүлсэн бүртгүүлээд шалгалтад орсон боловч хангалтгүй үнэлгээ авч тэнцээгүй байгаа. Энэ тэнцээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2. дахь хэсэгт зааснаар ажил мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь энэхүү шалгалтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Шалгалтад тэнцээгүй эсэх нь төрийн албаны зөвлөлийн сайт дээр нийтэд илэрхий байдаг. Нөөцөд бүртгэгдсэн иргэдийн 2019, 2020 оны нэрсийн жагсаалт дунд нэхэмжлэгчийн нэр байхгүй байгаа. Мөн нэхэмжлэгч өөрөө Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тийм учраас уг үндэслэлд хамааруулж байгаа.Мөн 2020 оны ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан нь ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэх бас нэг үндэслэл болсон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэн И.Оын нэхэмжлэлтэй Т..................... даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаарыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөлт хийлгэх шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна......................... хэлтсээс 2021 оны 02 дугаар сарын 15-ны 01/138 дугаар Төрийн захиргаа удирдлагын газарт хөдөлмөрийн гэрээнд заасан төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцээгүй, жилийн эцсийн ажлын үнэлгээгээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар дурдсан албан бичгийг ирүүлсэн байна. Татварын алба нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байгууллага учир ........................ хэлтэст Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийж ирүүлэхийг даалгаснаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сонсох ажиллагаа явуулж тайлбар, санал гаргах хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр Т..................... даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон..." гэж заасны дагуу И.Оын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэсэн болно. Мөн нэхэмжлэгч И.О нь ........................ хэлтсийн дарга Б.Цэвээнсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.3-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах үндэслэлд Мэдлэг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтаар эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдож хангалтгүй үнэлгээ авсан, ТЕГ-с зохион байгуулсан сургалтын дараах сорил шалгалтад 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан, 8.3.4-д Хураагчаар томилогдсоны дараа зарлагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтад хамрагдаагүй... зэргийг харгалзан төрийн албанаас чөлөөлсөн байхад Т..................... даргын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/00735 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Т..................... даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч И.Оыг ........................ хэлтсийн Татварын орлогын тасгийн хураагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан Татварын ерөнхий газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4.651.948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Од олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 89.381 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.Н нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 142/ШШ2021/0735 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу тайлбарлан хэргийн бодит байдалд нийцэхгүй үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/591 дугаартай тушаалаар ........................ хэлтсийн Орлогын тасагт хураагчаар томилогдсон. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор И.Оыг Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт хураагчаар томилсон. Т..................... 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаартай тушаалаар И.Оыг албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Мөн И.О нь ........................ хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт хураагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх Т..................... даргын тушаалаар бүтцэд байхгүй болсон тасагт ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2019 онд хураагчаар томилогдсоноос хойш Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтад хамрагдаагүй. Энэ үндэслэлээ нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй, завгүй, боломжгүй байсан гэх мэтээр тайлбарлаж байгаа нь ажилтны хандлага, ур чадвартаа итгэлгүй байдал, өсөн дэвших, суралцах, шинийг эрэлхийлэх болон ажилдаа хандаж байгаа хандлагыг харуулж байна гэж ойлгож байна. ТЕГД-ын 2020.05.21 А/97 тушаалаар “Татварын албанд хураагч ажиллуулах журам” гэж баталсан. Уг журмын 2.5-д Хураагч нь “Татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалтын журам”-ын 2.1.1-д заасан сургалтад хамрагдаж, 5.5-д заасан шалгалтад хамрагдсан байна гэж заасан бөгөөд ТЕГ-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны N71 дугаартай тушаалаар “Татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалтын журам” гэж баталсан уг журмын 2.1.1-д Хураагчийн сургалт гэж.... хэлэхийг заасан байна. Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сард хураагчаар томилогдсон бөгөөд томилогдсоноос хойш 2020 оны 11 дүгээр сард нийт Монголын татварын албанд ажиллаж байгаа 99 хураагч нарт зориулан 7 хоногийн танхимын сургалт Улаанбаатар хотод зарлагдсан боловч корона вирус өвчний улмаас хойшлогдоод 12 дугаар сард онлайнаар сургалтыг зохион байгуулсан байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж 2021 оны 02 дугаар сард Хураагчийн шалгалтад хамрагдсан гэж дүгнэсэн байна. ........................ хэлтсийн дотоод ажлын зөвлөгөөн 7 хоног бүр зохион байгуулагддаг бөгөөд Хэлтсийн даргын зүгээс тухай бүр үндсэн ажил үүрэгтэй холбоотой хүн тус бүрээс төлөвлөгөөний бодит тоон үзүүлэлтийг сонсож, үүрэг даалгавар хангалтгүй биелүүлж байгаа талаар нэхэмжлэгчид болон алба хаагч нарт сануулж, тухай бүр үүрэг даалгавар өгч байсан. Ажилтны ажлын гүйцэтгэлээ тайлагнасан тайлангийн 2-р бүлэг буюу Хуулиар олгосон чиг үүргийг маш хангалтгүй биелүүлдэг 40-70 оноогоор үнэлэгддэг. Манай салбарын буюу энэ албанд хүч хөдөлмөрөө зарцуулах, үндсэн үүргийг хангалтгүй  биелүүлж байгаа талаар удаа дараагийн хуралдаан дээр сануулга өгч байсан. Хөдөлмөрийн гэрээнд Төрийн албан хаагчийн шалгалт болон Хураагчийн шалгалтад тэнцээгүй бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гэж заасан талаар талууд маргаагүй. Харин дээрх шалгалтад тэнцээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр арга хэмжээ авах байсан гэж шүүхийн дүгнэж байгаа нь хууль болон бодит байдлыг тайлбарлахдаа хэтэрхий нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Тиймээс тухайн ажилтны хувьд дээрх тохиолдолд сахилгын зөрчилд арга хэмжээ авах талаар зохицуулсан 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа энд үйлчлэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцална. “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гарсан байхыг ойлгодог. Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор ерөнхий шалгалтыг зарлаж зохион байгуулах бөгөөд шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Хураагчийн сургалтыг ТЕГ-ын даргын тушаалаар баталсан журмын дагуу зарлан сургалт, шалгалтыг зохион байгуулж үнэлж дүгнэсэн. Ажилтан дээрх 2 шалгалтад тэнцээгүй нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. Хураагчийн шалгалтын дараах үнэлгээ бүхий сертификатад заасан үнэлгээг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж шалгалтад тэнцсэн байна гэж үндэслэлгүйгээр хувилан тооцсон байна гэж үзэж байна. Хураагчийн сургалтын хөтөлбөрт заасан өдрүүдэд суралцагч нийт авах ёстой оноо /ирц, явц, шалгалт/-оос 70 буюу түүнээс дээш оноо авч байж тэнцэнэ. Түүнээс зөвхөн эцсийн сорил шалгалтад 70 буюу түүнээс дээш оноо авсан байхыг шаардахгүй. Сертификат дээр И.Оын нийт авах боломжит оноо 40, үүнээс нийтдээ 27 оноо буюу 67.5 гэж үнэлэгдсэн байна. Тодруулбал ирцийн 10 оноо нь дээрх үнэлгээнд шингэсэн байна. Гэтэл шүүх хавсралт хэсэгт заасан сургалтын явц буюу тухай суралцагчийн хувьд харуулсан боломжит үнэлгээг үндэслэлгүйгээр тооцоо хийн ирцийн 10 оноо нэмж сертификат дээр байхгүй дүнгээр буюу 77.5 оноогоор шалгалтад тэнцсэн гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн үндсэн үзэл баримтлал зохицуулалтаас үзвэл ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор, ажил олгогчийн эрхийг нэмэгдүүлэх замаар ажилтан болон ажил олгогчийн эрхийг харьцангуй тэнцвэржүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд байдаг. Ажилтныг тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирохгүй гэж үзсэнийг өөр бусад этгээд дүгнэх, буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, ажилтан тухайн ажлын байранд тохирох эсэхийг хөндлөнгийн аливаа этгээдийн дүгнэлтээр болон ажил олгогч өөрөө тодорхойлох эрхийг хуулиар олгосон байна. Мөн Ажил олгогч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн байгаа нь тухайн харилцааг энэ үндэслэлээр дуусгавар болгосон байна гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь аливаа эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болохтой холбоотой маргааныг шүүх шийдвэрлэхэд талуудын хүсэл зоригийн бодит илэрхийлэл, бусад эрх зүйн үйл баримтыг харьцуулан дүгнэх, шүүх ухаалаг хандах учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгодог. Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн учир түүнд олговор олгох боломжгүй. Энэ үндэслэлээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И.О “Т..................... даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М Г.Н нар “...нэхэмжлэгч 2020 оны ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан нь ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.3-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах үндэслэлд мэдлэг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтаар эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдож хангалтгүй үнэлгээ авсан, Татварын ерөнхий газраас зохион байгуулсан сургалтын дараах сорил шалгалтад 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан, 8.3.4-т хураагчаар томилогдсоны дараа зарлагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтад хамрагдаагүй зэргийг харгалзан төрийн албанаас чөлөөлсөн байхад Т..................... даргын тушаалыг хуульд нийцээгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч И.О нь тус байгууллагын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн хураагчаар ажиллаж байгаад “...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь жилийн эцсийн ажлын үнэлгээгээр нотлогдсон” гэсэн үндэслэлээр гаргасан ажил олгогчийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэг нь ажилтны ажиллаж буй салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох ба харин ажил олгогч ажилтны эрхийг зөрчиж ямар нэг шалгалт авах, ажил дүгнэх замаар гаргасан үнэлгээ нь ажлаас халах  үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч И.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  ажилд томилсон тушаалд  “Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн хураагчийн албан тушаал”-ыг Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-6-1 дүгээр ангилал зэрэглэлд хамааруулсан тул Төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн байхыг шаардахгүй юм.

Нэхэмжлэгч И.Оыг “...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь жилийн эцсийн үнэлгээгээр нотлогдсон” гэх үндэслэлээр гаргасан ажил олгогчийн Б/143 дугаар  тушаал нь ажилтны хуулиар хамгаалагдсан эрх ашигт болон  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасантай нийцээгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байна.

 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлын “...нэхэмжлэгч төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй, тус газрын хураагчийн сургалтын хөтөлбөрт 27 оноо буюу 67.5 гэж үнэлэгдсэн, дээрх 2 шалгалтад тэнцээгүй нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа, мөн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн учир түүнд олговор олгох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/00735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.Н нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ