2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/03079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 11 191/ШШ2025/03079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............................. тоот хаягт оршин суух, Б овогт М.А /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............................. тоот хаягт оршин суух, Б овогт Г.Ц /РД:0000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хурлын товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Г.Ц-эд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1....Нэхэмжлэгч М.А нь иргэн А.А-гаас 2015.10.12-ны өдөр ............................. тоот хаягт байршилтай, хашаатай газрыг эзэмших эрх шилжүүлж авсан ба ............................. дүүргийн Засаг даргын 2015.11.27-ны өдрийн 00000 дугаартай захирамжаар ............................. м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байна. Нэхэмжлэгчийн ............................. тоот хаягт байршилтай, газар эзэмших эрхийн гэрчилгээний 0000000000 дугаартай, нэгж талбарын 0000000000 дугаартай, ............................. м.кв талбайтай газар дээр иргэн Г.Ц нь дураараа буучхаад нүүхгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Уг асуудлаар дүүргийн газар зохион байгуулалтын алба, Засгийн газрын 11-11 дугаарт удаа дараа хандсан боловч ............................. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021.10.18-ны өдөр 15/931 тоот, 2022.05.31-ний өдрийн 15/350 тоот албан бичгүүдээр эд хөрөнгийн маргааныг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэж хариу өгсөн.

Иймд дээрх маргаан бүхий газрыг Г.Ц-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2000-2004 он хүртэл ............................. тоот хаягт амьдарч байгаад тухайн үеийн хорооны Засаг дарга н.Б-гийн зөвшөөрлөөр тухайн үед хоосон байсан газар дээр буурь засаж бууж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ............................. тоот хаягт оршин сууж байна. Энэхүү хаяг дээр хорооноос надад өгсөн өрхийн бүртгэлийн дэвтэр байгаа. Нэхэмжлэгч гэх М.А-тэй ерөөс уулзаж байгаагүй, миний мэдэхээр 2000 оноос хойш ийм хүн харагдаагүй, нэхэмжлэлд бас бичигдсэн А гэгч хүн бол надтай уулзаж байгаагүй, газрын талаар юу ч ярьж байгаагүй болно.

М.А-ийн нэхэмжлэл дээр бичигдсэн ............................. тоот хашаатай газар бол манайх биш, манай хажуу талын хамар хашаа тул андуурагдсан гэж үзэж байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.08.01-ний өдөр 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-Газар эзэмших эрхийн 0000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-2015.10.12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 4-5 х/,

-2021.08.23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримт /хх-ийн 6 х/,

-2022.08.01-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 7-8 х/,

-М.А-ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг /хх-ийн 9 х/,

-2022.05.31-ний өдрийн 18/350 тоот Нийслэлийн ............................. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-ийн 10 х/,

-2021.10.18-ны өдрийн 15/931 тоот Нийслэлийн ............................. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-ийн 11 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 12 х/,

-2022.11.03-ны өдрийн 1901 дугаартай Ц.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 44-45 х/,

-Нэгж талбарын 0000000000 дугаартай газрын кадастрын зураг /хх-ийн 47-49 х/,

-2024.03.06-ны өдрийн 0179 дугаартай Ж.З-д олгосон итгэмжлэл /хх-ийн 189 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2022.10.31-ний өдрийн .............. дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 25 х/,

-2022.08.30-ны өдрийн 993 тоот ................... дүүргийн ......... хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 х/,

-2022.05.09-ний өдрийн 153 тоот ................... дүүргийн ......... хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 х/,

-2022.08.31-ний өдрийн 394638 тоот ............... дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 28 х/,

-2022.11.03-ны өдрийн 1898 дугаартай Б.О-д олгосон итгэмжлэл /хх-ийн 31 х/,

-2022.11.07-ны өдрийн 0924 дугаартай С.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 43 х/,

-2024.01.16-ны өдрийн 0184 дугаартай С.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 92 х/,

-2024.11.27-ны өдрийн 1533 дугаартай С.С-д олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 1 х/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.01-ний өдрийн 182/ШЗ2022/15527 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-80 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн 182/ШЗ2022/14867 дугаар, 2022.12.01-ний өдрийн 182/ШЗ2022/15527 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжуудын дагуу гэрч Ч.Б, Ц.А, Э.Н нараас авсан гэрчийн мэдүүлэг /хх-ийн 103-106, 182-187 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.16-ны өдрийн 182/ШЗ2024/01373 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу ............................. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн иргэн Г.Ц болон түүний ээж н.П нараас ............................. тоот, ............................. тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр 2015.04.29, 2015.11.16-ны өдөр тус тус газрын албанд өгч байсан өргөдөл болон түүний хариу /хх-ийн 111-157 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.27-ны өдрийн 182/ШЗ2024/03817 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 219-229 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Г.Ц-эд холбогдуулан ............................. тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 дугаартай ............................. м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

2.Хариуцагч Г.Ц нь 2000 онд энэ газарт айл байхгүй байхад бууж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул газраа чөлөөлөхгүй гэж маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Газар эзэмших эрхийн 0000000000 дугаар гэрчилгээ, Газар эзэмших эрх шилжүүлэх 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ, Газрын байршлын кадастрын зураг, Нийслэлийн ............................. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15/931, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18/350 тоот албан бичгүүд, 2023.04.03-ны өдрийн 2023/11 дугаартай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлт, 2024.05.13-ны өдрийн 2024/17 дугаартай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтүүд, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч М.А нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 0000000000 дугаар гэрчилгээтэй, 0000000000 нэгж талбарын дугаартай, ............................. тоот хаягт байршилтай, ............................. м.кв талбай бүхий ахуйн зориулалттай 15 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г А.А-тай байгуулан эзэмшилдээ шилжүүлэн авсан байна. /1 хх-ийн 4, 5 х/

 

А. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.

 

............................. дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00000 тоот шийдвэрээр М.А-т дээрх газрыг дахин 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 0000000000 дугаартай гэрчилгээг олгож, кадастрын зураг хийгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Б. Тодруулбал, нэхэмжлэгч М.А нь нэгж талбарын 0000000000 дугаартай, ............................. тоот хаягт байршилтай, ............................. м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг баталгаажуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг гэрчилгээ хүчин төгөлдөр байна. Харин хариуцагч Г.Ц нь уг газрыг эзэмших эрхгүй этгээд байна.

 

Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Иргэн Г.Ц-ийн регистрийн 00000000 дугаараар Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн мэдээллээс хайлт хийж үзэхэд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шинээр газар эзэмших өргөдөл бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших шийдвэр болон нэгж талбар бүртгэгдээгүй байна..., ...Газрын мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбарын 000000000 дугаар бүхий ............................. м.кв талбайтай газар нь иргэн М.А-ийн нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тухайн газартай иргэн Г.Ц-ийн амьдарч байгаа гэх хашаа нь 0000 м.кв талбайгаар давхцаж байна... гэжээ.

 

В. Хариуцагч Г.Ц нь 2000 онд энэ газарт айл байхгүй байхад бууж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэж маргаж байгаа боловч тухайн газрыг эзэмших эрхийг олгосон ямар нэгэн баримт ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг боловч хариуцагч нь энэ талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

5.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд өмчлөгчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хууль ёсны эзэмшигч нэгэн адил хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Иймээс хариуцагч Г.Ц-ийн хууль бус эзэмшлээс ............................. тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 /0000000/ дугаар бүхий ............................. м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ гэж заасан ба уг зардалд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс орох юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шинжээчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр нөхөн төлүүлэх учиртай.

 

Хариуцагч Г.Ц-ийн хүсэлтээр 2022.12.01-ний өдрийн 182/ШЗ2022/15527 дугаартай Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар маргаан бүхий газарт давхцал байгаа эсэхийг тодруулахаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /хуучин нэрээр/-ыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн зардал 495,034 төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн Тамгын газраас төлсөн. /1 хх-ийн 71 х/

 

Иймээс Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн Тамгын газраас төлсөн шинжээчийн ажлын хөлс 495,034 төгрөгийг хариуцагч Г.Ц-ээс гаргуулан Төрийн сангийн 100900005415 тоот дансанд оруулах нь зүйтэй.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А-т олгох хуульд нийцнэ.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

Хариуцагч Г.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-д 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 48 минутад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны түүний 000000000 дугаарын утсаар нь мэдэгдэхэд За ойлголоо гэсэн хариуг өгсөн байна. /2 хх-ийн 11 х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Ц-ийн хууль бус эзэмшлээс ............................. тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 /000000000/ дугаар бүхий ............................. м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 495,034 төгрөгийг хариуцагч Г.Ц-ээс гаргуулан Төрийн сангийн 100900005415 тоот дансанд оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А-т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА