| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/02986/И |
| Дугаар | 191/ШШ2025/00908 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00908
2025 01 31 191/ШШ2025/00908
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатарг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Хариуцагч: ................. дүүрэг, .........р хороо, .........-р хороолол, ......... хотхон, ........ байр, ......... тоот хаягт оршин суух, Х.Ү-д /РД: ФМ82042970/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би нөхөр Х.Ү-той 2005 онд танилцсанаас хойш 17 жил амьдрахдаа 4 хүүхдийн эцэг, эх болсон. Гэвч нөхөр маань танилцсан цагаас уурлаж бухимдаж, надад гар хүрдэг байсан. Би дахиад нэг хүүхэдтэй болчихвол гайгүй болох болов уу, ааш зан нь засагдах болов уу гэж итгэж найдсаар өдий хүртэл тэсэж амьдарсан.
Гэтэл зан ааш нь дээрдэхгүй, хэрүүл хийх болгондоо ах дүү, хамаатан садангаар маань хүртэл доромжилдог байсан. Энэ хүний амнаас хэзээ ч хань минь гэсэн халамжийн үг сонсож байгаагүй, дуртай үедээ явна, ирнэ, гар хүрнэ.
Цаашид тэсч чадахгүй, тэвчээр маань барагдаж энэ хүний боол байхаас үнэхээр залхаж байна. 2011 онд гэр орон шатахад танайхантай амьдарч чадахгүй гээд хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Халамжаас гэр өгөөд эргээд хамт амьдарсан ч түүнээс хойш таарамжгүй харилцаатай байгаа.
2019 онд ковид өвчний улмаас хөл хориотой байх үед нөхөртөө зодуулснаас тархины уйланхайтай болж, толгой байнга таллаж өвдөнө, нүд чих рүүгээ өвддөг болсон. Энэ өвчнийхөө улмаас эмнэлэгт хэвтэх гэж байна, энэ мэтчилэн энэ олон жилийн хугацаанд олон удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан ч өөрийг нь бодоод цагдаа, шүүхэд хандаж байгаагүй, үүндээ одоо харамсаж байна.
Эвлэрүүлэх хугацаа өгөхгүй гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүд болох Ү.Ж 2007 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн, Ү.Э 2011 оны 04 сарын 29-ний өдөр төрсөн, Ү.Б 2015 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн, Ү.Д 2018 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн. 5-16 насны 4 хүүхдээ би өөрийн асрамжинд үлдээх тул хүүхдүүдэд маань эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү.
Мөн бид гэр бүл болсноос хойш одоо амьдарч байгаа байр .......... дүүргийн .......... хороо, ............ хотхон, ......... байр, .............тоот, 47 м.кв байр болон нөхөр хайлюкс, би приус 30 маркийн машин зэрэг эд хөрөнгүүдтэй болсон.
Гэр бүлийн эдгээр хөрөнгөөс нөхөр өөрийнх нь машиныг үлдээж, би өөрийн машинаа авч үлдэхээс гадна 4 хүүхэд болон өөрт ногдох хувь гэж үзэж 2 өрөө байраа авах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.С би шүүхэд гаргасан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь өөрийн нөхөр Х.Ү-д нэг удаа боломж олгохоор шийдлээ. Тиймээс хүсэлтийг минь хүлээн авч нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Х.Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Ү-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Х.Ү-д боломж олгон хамтран амьдрах болсон үндэслэлээр татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Х.Ү нар гэр бүлийн холбогдолтой нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х.Ү-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч Х.Ү-той хамтран амьдрах болсон үндэслэлээр татгалзсан нэхэмжлэгч Б.С-ын татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН