Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1207

 

    

 

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

хохирогч  Х.А,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/713 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Н.Жамъяндорж, хохирогч Х.А нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Т-д холбогдох 2310015151392 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Т ..... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 322 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө .... дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны .... тоот гэртээ хамтран амьдрагч Х.А-г “Архи уулаа” гэх шалтгаанаар гараараа цохиж, ам руу нь гараа хийж татан халдан зодож биед нь эрүү ясны хугарал, хоёр зовхи, эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, хүзүү, эрүү, зүүн чих, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.     

Хохирогч Х.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нөхөр Б.Т-тай амьдраад 20 жил болж байгаа бөгөөд 3 хүүхдийн хамт амьдардаг. Том охин маань Монгол Улсын их сургуульд 4 дүгээр дамжаанд суралцдаг, том хүү болон бага хүү нар ерөнхий боловсролын сургуульд сурдаг юм. Миний хувьд 2014 онд хашаанд дарагдаж аарцаг нурууны гэмтэлтэй болж, ажил хийх чадвараа алдсан. Манай гэр бүлд нөхөр маань ажил хийж ар гэрийн амьдралыг авч явдаг юм. Б.Т-ыг хоригдсоноос хойш ямар нэгэн орлого үгүй болж ар гэрийн хоол хүнс, өвлийн хувцас авах, хүүхдийн сургалтын төлбөр төлөгдөөгүй зэргээр санхүүгийн хувьд нэн хүндрэлтэй байна. Том хүү маань төлбөртэй сургуульд сурдаг, мөн охины сургалтын төлбөр төлөгдөөгүй нэхэгдэж байгаа нь хүүхдүүдийн хувьд цаашид сурч хөгжих, суралцахад хүндрэл үүсээд байна. Ийм учир манай гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс манай үйлчлүүлэгчийн хэргийг хэлэлцээд “...Шүүгдэгч Б.Т- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно...” гэж дурьджээ. Б.Т-ын гэм буруугийн талаар маргаагүй нь түүний мөрдөн байцаалтын үед сэжигтэн, яллагдагчаар өгсөн  мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээс хангалттай нотлогддог.

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт “Эрүүгийн хариуцпага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...” гэж заасан. Гэтэл шүүгдэгчийн урьд нь ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзаж үзсэн нь дээрх хуулийн заалтын зөрчиж байна гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэхэд хохирогч, холбогдогч нар нь хамт архи ууж хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас болж гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Мөн шүүгдэгч Т-ын тухайд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээнд анхаарал тавьж, эмчилгээний зардалыг төлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Мөн ...Эрүүгийн хариуцпагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж заасан.

Б.Т-ын холбогдсон эрүүгийн хэрэг нь сонгох санкцтай бөгөөд анхан шатны шүүхээс хамгийн хүнд ял болох хорих ялыг сонгож хэрэглэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгиин шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэж байна. Б.Т-ын хувийн байдлын хувьд Х.А-тай хамтран амьдраад 22 орчим жил болж байгаа бөгөөд дундаасаа 2 хүүтэй. Одоо том хүү нь Нийслэлийн ... дугаар сургуулийн ...-р анги, бага хүү нь ... дугаар сургуулийн ...-р ангид сурдаг. Эхнэр Х.А нь нурууны бэртэл гэмтэлээс болж тодорхой ажил эрхэлдэггүй. Б.Т- нь өөрөө хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийж ар гэрийн эдийн засгийн асуудлыг авч явдаг хүн юм. Б.Т- нь хорих ял авсанаар тэдний ар гэрийн эдийн засгийн байдалд хүндрэл учраад зогсохгүй, хүүхдүүдийнх нь хичээл сургуулийн төлбөр, хугацаандаа төлөгдөхгүйн улмаас хүүхдүүд нь сургуулиас завсардах, мөн цаашлаад сурч боловсрох эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан байдаг бөгөөд манай үйлчлүүлэгчийн тухайд хөдөө орон нутагт барилгын ажил эрхэлж байсан учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэсэн санал хэлсэн байдаг. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас анхан шатны шүүх шүүгдэгчийн саналыг хүлээж аваагүй байх магадлалтай тул энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гомдлын хамт гарган өгч байна. /тухайн үед ажиллаж байсан R P компаний тодорхойлолтыг хавсаргав.

Иймд Б.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, мөн ар гэрийн байдал, өөрийнх нь өвчтэй байгаа эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд оногдуусан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, эхнэрээсээ уучлалт гуйж байна. Миний эрүүл мэнд, ар гэр, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Хохирогч гомдол санал, хохирол төлбөр байхгүй гэж байгаа боловч түүнд эрүү ясны хугарал эвлүүлэх, 36 дугаар шүдийг авах мэс засал, хоёр зовхи, эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдэнд цус харвалт, хүзүү, чих, цээжинд цус хуралт бүхий олон тооны шарх сорви үүсгэсэн хүнд гэмтэл учирсан. Хэрэгт тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд байгаа. Шүүгдэгч нь хохирогчийг зөвхөн “архи уулаа” гэх шалтгаанаас болж эрүүг нь зааж, хохирогчийн эгч, эхийг алахаар айлган, “А-г дуусгах байсан юм” гэх үг хэллэг хэлсэн байдаг. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч нь хохирол төлбөр байхгүй гэж байгаа боловч цаашид гарах эмчилгээний зардал, ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлсөн баримт шүүгдэгч Б.Т-д байдаггүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хорих ялыг тэнсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаж гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Т-д холбогдох 2310015151392 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Т-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.       

Шүүгдэгч Б.Т- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө .... дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны .... тоот гэртээ хамтран амьдрагч Х.А-г “архи уулаа” гэх шалтгаанаар гараараа цохиж, “эрүүг нь заачихъя” хэмээн ам руу нь гараа хийж татан биед нь “...эрүү ясны хугарал, хоёр зовхи, эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, хүзүү, эрүү, зүүн чих, цээжинд цус хуралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас: “...нөхөр нь эхнэрээ зодсон...”  /хх-ийн 14/,

хохирогч Х.А-гийн: “...Би гэртээ ганцаараа архи уугаад орой унтсан. Тэгтэл шөнө 02 цагт нөхөр орж ирээд намайг сэрээж “архи уусан байна” гэж уурлаад гараараа цохиж зодож, ам руу гараа хийж “эрүүг чинь заана” гэж хэлээд 2 тийш татахад би хэсэг ухаан алдсан. Миний нүүр цус болсон, маш их өвдөж байсан. Эгч, ээж хоёртоо хэлээд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Миний эрүүний яс цуурсан, нүүр хавдсан. ...Т гаднаас орж ирээд “чи ямар мөнгөөрөө архи уусан юм бэ” гэж хэлээд загнаад намайг орондоо хэвтэж байхад миний дээр суугаад миний нүүр, эрүү, толгой хэрэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хэсэг хугацааны дараа би ухаан алдаад шөнийн 03 цагт сэрээд хажуу талын өрөөнд байсан ээж дээрээ очиход миний нүүр рүү хараад айж сандарцгааж цагдаа дуудсан. ...” /хх-ийн 23-24, 27-28/,

 гэрч Х.Б-ийн: “...том өрөөнд ээжийн хамт унтаж байтал манай дүү Х.А бид нарыг сэрээгээд “намайг Т зодчихлоо” гэж хэлэхэд нүүр ам нь битүү хавдсан байдалтай, хүн харахын аргагүй харагдаж байсан. Удалгүй нөхөр Т нь гаднаас орж ирээд бид нарт агсраад “та нарыг алчихъя, С-гийн хоолойг нь хэрччих байсан юм” гээд орилоод байсан. Би айгаад юу ч дуугарч чадаагүй байж байтал өөрөө гэрээс гараад явсан. ...” /хх-ийн 31-32/,

гэрч И.Х-ын: “...шөнө 04 цагийн үед том өрөөнд ээжийн хамт унтаж байтал Х.А бид нарыг сэрээгээд “намайг Т зодчихлоо” гэж хэлэхэд нүүр ам нь битүү хавдсан байдалтай, хүн харахын аргагүй харагдаж байсан. Удалгүй нөхөр нь гаднаас орж ирээд “та нарыг алчихъя, С-гийн хоолойг нь хэрччих байсан юм” гээд орилоод байсан. Би айгаад юу ч дуугарч чадаагүй байж байтал өөрөө гэрээс гараад явсан. Т гэх залуу нь бид нарыг унтаж байхад шөнө орж ирж эхнэрээ зодчихоод гараад явсан байгаа юм. ...” /хх-ийн 34-35/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4719 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Х.А-гийн биед эрүү ясны хугарал эвлүүлэх, 36-р шүдийг авах мэс заслын дараах байдал, хоёр зовхи, эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, хүзүү, эрүү, зүүн чих, цээжин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид 36-р шүд авагдсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. ...”/хх-ийн 38-39/,

хохирогчийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Т-ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнийн цагаар, бусад гэр бүлийн гишүүдийг нь унтаж амарч байхад өөрийн хамтран амьдрагч Х.А-г “архи уусан байна” гэх шалтгаанаар гараараа цохиж, “эрүүг чинь заачихъя” хэмээн ам руу нь гараа хийж татах зэргээр зодож, Х.А-гийн биед “...эрүү ясны хугарал, хоёр зовхи, эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстад цус харвалт, хүзүү, эрүү, зүүн чих, цээжинд цус хуралт...” гэсэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/...” гэсэн шинжийг агуулсан байна.

Б.Т-ын “...шөнийн цагаар, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч эмэгтэй Х.А /2 хүүхдийх нь ээж/-г биеийн хүч хэрэглэн зодсон, уг үйлдлийнхээ дараа гарч яваад дахин гаднаас буцан орж ирж ээж, эмэгтэй дүү нарыг нь айлган сүрдүүлсэн...” үйлдлээр Б.Т-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал бүрэн тодорхойлогдож байна.

Иймээс анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялуудаас шүүх Б.Т-д хорих ялыг сонгон хоёр жилийн хугацаагаар шийтгэсэн нь Б.Т-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Н.Жамъяндорж, хохирогч Х.А нарын гаргасан “...тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Т-ын шийтгэх тогтоол гарсан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанг шийтгэх тогтоолын 2, 6 дугаар талд “хөнгөн хохирол” гэж зөрүүтэй бичсэн байгааг анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/713 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Н.Жамъяндорж, хохирогч Х.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ