| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 101/2025/00094/И |
| Дугаар | 197/ШШ2025/08414 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/08414
| Дугаар 197/ШШ2025/08414 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 0 тоотод оршин суух, Тайж овогт Брын с /ИБД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны гудамж 17, өөрийн байранд байрлах, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,758,535 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганболор, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.сын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,758,535 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Б.с нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай албан бичгээр миний хувийн нууцтай холбоотой баримтууд шаардаж, Авилгатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлж, төрийн байгууллагууд руу давхар ажил эрхэлж байгаа эсэхийг асууж хариу ирэхээр нь томилно гэж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа ороод байна. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,758,535 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Улсын дээд шүүхээс Б.сын цалин хөлсний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь цалин хөлсөөр хохироогүй, өөр ажил давхар хийж байсан гэх дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарах Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал ба нийтийн албан тушаалд тавигдах шаардлага үүнд хамаарч байгаа. Ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд давхцсан ажил үйлчилгээ эрхлэхгүй байх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023.01.30-ны өдрийн Б/54 тушаалаар буцалтгүй тусламж, ядуурлыг бууруулах, Японы засгийн газраас хэрэгжиж буй цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх төслийн дэмжлэгээр ажиллаж байгаа баримт нь шүүхэд авагдсан байгаа. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтоос харахад 2023.01.30-ны өдрөөс хойш 12 дугаар сар хүртэл энэ ажилдаа ажиллаж байсан гэж харагддаг. Төрийн байгууллагаас 2 удаа цалин хөлс авч байгаа нь зохимжгүй юм. Бид хөдөлмөрийн гэрээ байгуулах, давхар ажил эрхлэлттэй холбоотой баримтаа өг гэж хэлсэн. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Б.с нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны даргаар ажиллаж байгаад тус төвийн Захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргажээ.
Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаартай шийдвэрээр Б.сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00243 дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.сыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,398,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
Улмаар хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00084 дугаартай тогтоолоор магадлалд өөрчлөлт оруулж, Б.сыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Ажилгүй байсан хугацааны олговрыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ Нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөөгүй хэдий ч өөр ажилд томилсоноор уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан, үүнд ажилтнаас шалтгаалсан байдал тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах боломжгүй гэж үзэв. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ гэжээ.
4.2.Хариуцагч талаас Улсын дээд шүүх цалин олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Б.с нь давхар ажил эрхэлж байсан тул цалин хөлсөөр хохироогүй, хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн тул цалин хөлсийг олгох боломжгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын агуулгаас харахад Б.с нь давхар ажил эрхэлж цалин авсан тул хохироогүй байна гэх үндэслэлээр цалин хөлстэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон агуулгагүй байх ба харин өөр ажилд томилсон байхад уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй байх боломжтой байсан, ажилтнаас өөрөөс нь шалтгаалсан байна гэх агуулгаар цалин хөлстэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
4.3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/174 дугаартай тушаалаар Б.сыг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны даргын ажилд эгүүлэн томилж, үндсэн цалинг 1,544,000 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааг холбогдох баримтыг үндэслэн албан тушаалын сарын үндсэн цалингийн зохих хувиар, боловсролын докторын зэргийн нэмэгдлийг 15 хувиар, Дэд профессорын цолны нэмэгдэл 5 хувиар, эрдэм шинжилгээний ахлах зэргийн нэмэгдэл 15 хувиар тус тус тооцож олгохоор шийдвэрлэсэн байна.
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.
Дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.с нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.
4.5.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа нотлохоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргаж өгсөн.
2021 оны батлагдсан А/192 тушаалын хавсралт болох Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3.-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно. гэж, 1.7.-д Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна. гэж тус тус заасан.
Мөн 2.3.5.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан.
Дээрх журамд зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн цалин хөлсийг тодорхойлох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч үндсэн цалин, нэмэгдлийг тооцоолон цалингаа нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн тооцоолол болон хэрэгт авагдсан баримтын хэмжээнд цалин хөлсийг тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4.6. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/174 дугаартай тушаалаар Б.сын үндсэн цалин 1,544,000 төгрөг, боловсролын докторын зэргийн нэмэгдлийг 15 хувь, Дэд профессорын цолны нэмэгдэл 5 хувиар, эрдэм шинжилгээний ахлах зэргийн нэмэгдэл 15 хувь байхаар тогтоосон тул шүүх уг тушаалд заасан дүнгээр тооцож олгох боломжтой байна.
Харин төрийн байгууллагад ажилласан хугацааг холбогдох баримтыг үндэслэн албан тушаалын сарын үндсэн цалингийн зохих хувиар тогтоосон байх ба хэдэн хувиар яаж тооцох, төрийн байгууллагад хэдэн жил ажилласан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Б.сын ажилгүй байсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны ажлын хоногийг тооцвол 4 сард ажлын 5 хоног, 5 сард 22 хоног, 6 сард 19 хоног, 7 сард 19 хоног, 8 сард 22 хоног, 9 сард 21 хоног, 10 сард 11 хоног, нийт 119 хоног ажилгүй байсан байна.
Мэргэжлийн зэрэг 15 хувийг үндсэн цалин 1,544,000 төгрөгөөс тооцоход 231,600 төгрөг, цолны нэмэгдэл 20 хувь нь 308,800 төгрөг, үндсэн цалинтай нийлээд 2,084,400 төгрөг болж байна /1 сарын дундаж цалин/.
2,084,400 төгрөгийг ажлын 21 хоногт хуваахад 99,257.14 төгрөг буюу ажлын 1 өдрийн цалин хөлс гарна. Үүнийг 119 хоногоор тооцоход 11,811,600 төгрөг болно.
Иймд Б.сын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 11,811,600 төгрөг гаргуулж, Б.сад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,946,935 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.7.Хариуцагч талаас Б.сыг давхар ажил эрхэлсэн тул цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй гэж тайлбарлаж, давхар ажил эрхэлсэн тухай холбогдох баримтыг нотлох баримтаар гарган өгч, мэтгэлцсэн боловч Б.сыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоож, үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн агуулга нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох агуулгатай тул хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авч, ханган шийдвэрлэх боломжгүй юм.
5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 226,743 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 203,935.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Б.сын ажилгүй байсан хугацааны олговорт 11,811,600 төгрөг гаргуулж, Б.сад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,946,935 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,743 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 203,935.6 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.сад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ