Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1208

 

    

 

 

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2302000000315 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Д, .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Г.Д- нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр .... дүүргийн .... дүгээр хорооны .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэр шилтэй, цэвэр жин 0.3612 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г.Д-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан nasty juice гэсэн саарал өнгийн бичиглэлтэй төмөр савтай шингэн, хар хүрэн өнгийн шавар мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д- давж заалдах гомдолдоо: “...эхнэр 3 сартай жирэмсэн, эгч Г.С 100 хувь сонсголын бэрхшээлтэй эмнэлгийн хяналтад байдаг. Тэднийхээ энэ эмзэг үед эр нөхөр, асран хамгаалагчийн үүргээ биелүүлж чадаагүйдээ сэтгэл өвдөж, маш ихээр шаналж, гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгааг минь харгалзан үзэж нэг удаа энэрэнгүй хандаж өгнө үү. Миний бие энэ гэмт хэрэгт холбогдсон цагаасаа өөрийн болчимгүй үйлдэлдээ гэмшиж, өөр хэн нэгэн Монголын ирээдүй болсон залуус сэтгэцэд нөлөөт бодисын нөлөөнд бүү автаасай гэсэндээ өөрийн биеэр үлгэрлэж, хичээл сургалт зохион байгуулж жоохон ч гэсэн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд цаашид ч тууштай тэмцэх төлөвлөгөөтэй байна. Г.Д- миний бие хуулийн байгууллагад шалгагдах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, мэдүүлгийг тогтвортой өгч хийсэн хэргээ ухамсарлаж ирсэн ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөн ял оноож өгөхийг гуйж оролцсон юм. Иймд Г.Д- надад оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлж, нэг удаа уучилж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Г.Д- нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй бөгөөд цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлдэг. Г.Д-ий асран хамгаалтад хөдөлмөрийн чадвар алдалтаа 100 хувь алдсан түүний авга эгч Г.С байдаг. Одоогийн байдлаар түүний авга эгч Г.С-ыг Г.Д-өөс өөр асран хамгаалах хүн байхүй. Учир нь, Г.Д-ий төрсөн эцэг, эх нь Бүгд Найрамдах Солонгос улсад амьдардаг. Энэ талаар 5 хуудас баримтыг шүүхэд шинээр гарган өгч байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгч Г.Д-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч Г.Д- нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Уг нөхцөл байдлыг анхан шүүхээс харгалзан түүнд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Г.Д-ий гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн 2302000000315 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Г.Д- нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр .... дүүргийн .... дүгээр хорооны .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, цэвэр жин 0.3612 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Г.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тухайн шавар мэт зүйлийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 23 цагийн үед Рlaytime хөгжмийн наадам дээр явж байхдаа үл таних хүн хэрэглэж үзэх үү гэхээр нь авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 88/,

гэрч Б.Ж-ийн: “...бид 4 хамт төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандал дээр сууцгаасан. Тэгээд сууж байтал цагдаа нар хүрч ирсэн. Тэр үед нь би Г.Д-д мансууруулах төрлийн бодис байгаа болохыг нь мэдсэн...” /хх-ийн 41-42/,

гэрч Э.А-ийн: “...Цэнгэлдэх дотор бид 4 зогсож байсан чинь энгийн хувцастай 2 цагдаагийн алба хаагч цагдаагийн үнэмлэхээ үзүүлээд эхлээд Д-ийг аваад явсан. ...Цагдаа нараас Д-ний биед мансууруулах бодис байсныг сонссон...” /хх-ийн 45-46/ гэх мэдүүлгүүд,

Г.Д-өөс үзлэгээр хар өнгийн 0,3612 жинтэй шавар мэт зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 28-29/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3839 дүгээр: “...Шинжилгээнд Т-155 ХТТГ 2023.08.20” гэж хаягласан зиплок гялгар уутанд шар өнгийн асаагуур дээр наасан хар хүрэн өнгийн шавар мэт зүйл, ...нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Т-155 ХТТГ 2023.08.20” гэж хаягласан зиплок гялгар уутанд шар өнгийн асаагуур дээр наасан хар хүрэн өнгийн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг болно. Хар хүрэн өнгийн шавар мэт зүйлийн ...цэвэр жин нь 0,3612 грамм болов. ...” гэх дүгнэлт /хх-ийн 58-60/,

Г.Д-ий биеэс шээсийг нь авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...зориулалтын саванд шээлгэж, тестээр үр дүнг харахад ...5 дугаар багана буюу ТНС /марихуан/-илэрсэн...” /хх-ийн 8-10/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3840 дүгээр: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ж” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “Г.Д- 2023.8.20” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 51-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Д-ий биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэр шилтэй, цэвэр жин 0.3612 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ...хадгалсан, ...” гэсэн гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахгэмт хэргийн хүнийг сэтгэцийн хувьд гэмтээж энэ төрлийн бодисоос хараат болгож донтуулдаг хор хөнөөл, улмаар хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялаас шүүх Г.Д-д хорих ялыг сонгож, нэг жилийн хугацаагаар оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-ий гаргасан “...хорих ялыг тэнсэж, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Д-ий хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Г.Д-өөс эд мөрийн баримтаар тооцон хураан авсан  “шавар” гэх нэр шилтэй, цэвэр жин 0.3612 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасныг давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Д- нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс магадлал гарсан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 53 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/704 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан nasty juice гэсэн саарал өнгийн бичиглэлтэй төмөр савтай шингэн, шар өнгийн асаагуур дээр наалдсан хар хүрэн өнгийн шавар мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан nasty juice гэсэн саарал өнгийн бичиглэлтэй төмөр савтай шингэн, шар өнгийн асаагуур дээр наалдсан хар хүрэн өнгийн шавар мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ий цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ