2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06949

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 20 191/ШШ2025/06949

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .................дүүрэг, ........-р хороо, .................. тоот хаягт оршин суух, Г.М-ын /РД: *********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. дүүрэг, ............-р хороо, .............-р хороолол, ............байр, ............... тоот  хаягт Ж.Ч-д /РД: **********/ холбогдох,

95,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, Ж.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч,

Гэрч Ж.Э, Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.М миний бие Ж.Ч-тэй танилын харилцаатай ба Ж.Ч надаас мөнгө зээлээч удахгүй өгнө гэхээр нь 2021 оны 11 сарын 04-ний өдөр би Хаан банк дахь ************ тоот данснаасаа түүний Хаан банк дахь *********** тоот дансанд 95,000,000 төгрөгийг шилжүүлж уг мөнгийг зээлсэн.

Г.М миний бие нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж байна. Ж.Ч-д шилжүүлсэн 95,000,000 төгрөгийг өгөөгүйгээс миний бие их хэмжээний өрөнд орсон.

Иймд Ж.Ч-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 95,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Ж.Ч-ээс 14,100,000 төгрөг, түүний эхнэр Н.Н-ээс 40,900,000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 55,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж.Ч-ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 40,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж.Ч шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 11 сарын 04-ний өдөр Г.М-ын Хаан банк дахь ************ тоот данснаас Ж.Ч-ийн Хаан банк дахь ********* тоот дансанд 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Энэ харилцаа зээлийн гэрээний харилцаа биш бөгөөд энэхүү мөнгөний зориулалт, хэнээс хэдэн төгрөг хэрхэн яаж хэнд шилжсэн талаар Г.М өөрөө мэдэж байгаа.

Г.М, Б.Г, Н.О, Н.М нар нь хамтарч байсан ба эдний данс хооронд маш их хэмжээний өндөр дүнтэй гүйлгээнүүд хийгдсэн бөгөөд 5, 6 хүн дансаараа мөнгө оруулж гаргаад эрүүгийн хэрэгт шалгагдсан.

Б.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт нэхэмжлэгч Г.М иргэний хариуцагчаар оролцсон.

Н.Н, Н.М хоёр төрсөн ах дүүс, Н.М-ын эхнэр нь Н.З, Ж.Ч-ийн эхнэр нь Н.Н, Н.Н-ийн төрсөн дүү Н.О юм.

Эд нар тухайн цаг хугацаанд найз нөхдийн харилцаатай байхдаа өчнөөн ашиг хүртсэн. Н.О-ыг гэрчээр оролцуулдаг нь эдний хооронд болсон асуудлыг өөрсдөөр нь хэлүүлж байгаа юм.

Энэ харилцаанд тэс хөндлөнгийн Ж.Ч-г оролцуулаад мөнгө нэхээд байгааг зөвшөөрөхгүй ба тэрээр эдгээр хүмүүсийн энэ бүх л харилцаанд ганцхан удаа данс руугаа мөнгө хийлгэсэн хүн, ашиг хүртээгүй хүн.

Бүх нөхцөл байдал Б.Г-аас орж ирсэн хууль бус мөнгөнөөс үүдэлтэй ба үүнийгээ форекс болгоод мөнгө угаагаад энэ харилцаа үргэлжлээд байсан нөхцөл байдал тогтоогддог.

Н.М-н тухайд хүргэнийг нь хариуцагчаар дуудахад тооцоо шийтгэх тогтоол дээр дурдагдсан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, муудалцаад салсан болохоор өнөөдрийг хүртэл түүнийг ирүүлээгүй.

20,000,000 төгрөг төлөх асуудал яригдсан ба би Н.О-т энэ талаар хэлээд түүгээр зөвшөөрүүлээд асуудлыг нэг талд нь шийдье гэсэн бодол байсан ба түүнээс биш Ж.Ч төлөх ойлголт биш.

Нэхэмжлэгч Г.М-ын тайлбар бодит байдалтай нийцэхгүй байна. Анх 95,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаад Н.Н, Ж.Ч нарын буцаан шилжүүлсэн мөнгийг мартчихсан, санахгүй байж байснаа хасч тооцдог. Ж.Ч-гийн тухайд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Г.М нь иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд,

Г.М-аас 2021 оны 11 сарын 04-ний өдөр Ж.Ч-д 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, ,

Г.М Н.З 24,800,000 төгрөг шилжүүлсэн баримт,

Г.М-ын Хаан банк дахь ********** тоот дансанд 2022 оны 03 сарын 14-ний өдөр ********** тоот данснаас *********** гүйлгээний утгатай 5,250,000 төгрөг, мөн Galaa гүйлгээний утгатай 20,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга,

Д ХХК-иас Г.М 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 22-ны өдөр 1 сарын хугацаатай зээлсэн гэх зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зарлагын баримт, Алтан нохой ломбардын хугацаа сунгалтын баримт, авто машин захиран зарцуулах итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ж.Ч нь иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Ч-ээс 14,100,000 төгрөгийг Г.М, Н.Н-ээс 40,900,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг Г.М-т тус тус шилжүүлсэн баримтууд,

Ж.Ч, Н.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 тоот шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 02-ны өприйн 2023/ДШМ/1062 тоот магадлалын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 24357 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Н.Н нь Н.М-тай төрөл садан эсэх талаарх лавлагааг,

Хаан банкнаас ************** тоот данс эзэмшигчийн талаарх лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар 2025 оны 01 сарын 06-ны өдөр, Хаан банк 2025 оны 01 сарын 13-ны өдөр тус тус лавлагааг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 478 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.М-ын .................. фэйсбүүк хаягаас Н.М-ын ............... гэсэн хаягт бичсэн 2022 оны 02 сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны чатанд үзлэг хийхээр шийдвэрлэн 2025 оны 02 сарын 25-ны өдөр үзлэгийг хийжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ж.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.М нь Хаан банк дахь ************* тоот данснаасаа хариуцагч Ж.Ч-ийн мөн банк дахь ************ тоот дансанд 95,000,000 төгрөгийг ************ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн ба тэрээр уг мөнгийг Ж.Ч-гийн мөнгө зээлээч, удахгүй өгнө гэсний дагуу зээлсэн гэж нэхэмжлэл гаргасан байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ өөрчлөн хариуцагч Ж.Ч-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн түүнээс 95,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч Г.М нь шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд 2021 оны 11 сарын 10-ны өдөр Ж.Ч 14,100,000 төгрөг, түүний эхнэр Н.Н 40,900,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасган 40,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Ч-ээс нэхэмжилж байгаа талаараа тайлбарлалаа.

 

Ж.Ч нь 2021 оны 11 сарын 10-ны өдөр Голомт банк дахь 1415132340 тоот данснаас Г.М-ын Хаан банк дахь ********** тоот дансанд 14,100,000 төгрөгийг бараа захиалга гүйлгээний утгатай,

Ж.Ч-ийн эхнэр Н.Н нь 2021 оны 11 сарын 10-ны өдөр Голомт банк дахь *********** тоот данснаас Г.М-н мөн банк дахь ************ тоот дансанд 40,900,000 төгрөгийг барааны төлбөр гүйлгээний утгатай тус тус, нийт 55,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

Мөн Н.Н нь 2022 оны 03 сарын 14-ний өдөр Голомт банк дахь ********** тоот данснаас Г.М-ын Хаан банк дахь ********** тоот дансанд 20,000,000 төгрөгийг Galaa гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 28-31 дүгээр тал/

 

Ж.Э шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би нэхэмжлэгч Г.М-ын эхнэр. Нөхөр маань Ж.Ч-д 95,000,000 төгрөг шилжүүлэхэд би хажууд нь байсан. Ж.Ч-ээс 14,100,000 төгрөг, Н.Н-ээс 40,900,000 төгрөг орж ирсэн ба өөр гүйлгээ байхгүй.

Нөхөртэйгээ ярилцаж байсан учир энэ талаар мэднэ. Ж.Ч-г Н.М-ын төрсөн дүүгийн нөхөр гэдгийг мэднэ.

Утсаар яриад 95,000,000 төгрөг шилжүүлсэн ба ямар дугаарын утастай хүнтэй ярьсныг мэдэхгүй. Бид гэр бүл учраас орлого, зарлагаа ярилцдаг.

Б.Г руу мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй гэв.

 

Н.О шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Ж.Ч нь миний төрсөн эгч Н.Н-ийн нөхөр. Ж.Ч-ийн дансанд 95,000,000 төгрөг орсныг мэднэ.

Уг 95,000,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг Ж.Ч шилжүүлсэн. Мөн Н.Н эгч 20,000,000 төгрөг, Н.М ахаас 20,000,000 төгрөг тус тус Г.М-ын данс руу шилжүүлсэн.

Б.Г, Г.М, Н.М бид дөрөв уг нь бизнес хийж байна гэж ойлгож байсан.

Ж.Ч-гийн мөнгө гэж байхгүй. Н.М ах Ж.Ч-гийн данс руу 95,000,000 төгрөг хийчих гээд мөнгийг авсан. Буцааж өгөхдөө Ж.Ч, эхнэр Н.Н нараар гүйлгээ хийлгэсэн.

Ж.Ч-ийн дансыг ашигласан зүйл болсон гэв.

 

Н.Н 2025 оны 08 сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2022 оны 02 сарын 22-ны өдөр Г.М-т 20,000,000 төгрөг шилжүүлээгүй.

Н.М миний төрсөн ах, Н.З Н.М ахын эхнэр.

95,000,000 төгрөг Ж.Ч-ийн дансанд орсон талаар мэднэ.

2021 оны 11 сарын 10-ны өдөр 40,900,000 төгрөг болон 2022 оны 03 сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг Н.М ах Г.М-ын дансанд шилжүүл гэсэн учраас шилжүүлсэн.

Н.М, Г.М хоёрын данс тооцооны асуудал. Тэр үедээ энэ хоёрын асуудал дууссан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно гэж заасны дагуу Н.Н-ээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эмгэг судлалын тасгийн үзлэгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг авсан болохыг дурдлаа.

/ХХ-ийн 160-164 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 478 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.М  ************* фэйсбүүк хаягаас Н.М-ын *******l гэсэн хаягт бичсэн 2022 оны 02 сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны чатанд үзлэг хийхээр шийдвэрлэн 2025 оны 02 сарын 25-ны өдөр үзлэгийг хийсэн ба энэ нь Ж.Ч-д холбогдох хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.

/ХХ-ийн 120-129 дүгээр тал/

 

Б.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205031012420 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авчээ.

Иргэний хариуцагч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

... Н.М миний данс руу удаа дараа мөнгө хийж Б.Г-ын данс руу шилжүүлээд Г-ын данснаас миний данс руу орж ирсэн мөнгийг нь М-ын хэлсэн данс руу шилжүүлж өгдөг байсан. ... М-тай уулзаж тооцоо нийлье гэжээ.

 

Иргэний хариуцагч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт М гэж найз бий. Бид хоёр нэгэндээ мөнгөний туслалцаа үзүүлдэг байсан. Г гэдэг данс руу мөнгө хийчих гэсэн. Би мөнгө хийсэн, ... Г-аас мөнгө орж ирээд буцаагаад М шилжүүл гэснээр шилжүүлсэн. Орж ирсэн дүнгээрээ мөнгө буцааж гарч байсан.

... Б.Г-аас орж ирсэн мөнгөнөөс Ч гэсэн данс руу 95,000,000 төгрөг шилжүүлсэн. М руу шилжүүлсэн тооцоо нийлээгүй. ... Би Б.Г-с мөнгө орж ирсний дагуу шилжүүлсэн гэжээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 тоот шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцон,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-т 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэн,

-... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-аас нийт 185,510,000 төгрөг, иргэний хариуцагч Г.М.аас нийт 148,800,000 төгрөг тус тус гаргуулж, ... хохирогч нарт олгож,

-...Иргэний хариуцагч Н.О-аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг ... тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Дээрхи шийтгэх тогтоолд иргэний хариуцагч Г.М давж заалдах гомдол гаргасан бөгөөд тэрээр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа:

... Г.М надаас 148,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, иргэний хариуцагч Н.О болон миний мэдүүлгийг үнэлээгүй.

Хэргийн материалд байх Б.Г-ын найз М-ын хүсэлтээр 2021 оны 11 сарын 02-нд Г-ын ********** тоот данснаас 45,000,000 төгрөгийг, 2021 оны 11 сарын 03-нд 55,000,000 төгрөгийг тус тус миний эзэмшлийн ********* тоот дансанд шилжүүлж, буцаагаад 2021 оны 11 сарын 01-нд Ч /М-ын төрсөн дүүгийн нөхөр/ *************** тоот данс руу 95,000,000 төгрөгийг шилжүүлж авсан баримтыг огт үнэлсэнгүй.

... Миний хууль ёсоор хариуцвал зохих мөнгөн дүн 53,800,000 төгрөг байна. Иймд ... иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/1062 тоот магадлалаар:

... Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

... Иргэний хариуцагч Г.М-ын ... дээр дурдсан агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. ... Гомдолд дурдсан 95,000,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн гэх баримт хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн болон учирсан хохирлын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, иргэний хариуцагч Г.М-аас 148,800,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан хохирлын тооцоотой нийлж байна.

Тодруулбал хэргийн 4 дүгээр хавтас хэргийн 118-129 дүгээр талд авагдсан иргэний хариуцагч Н.О-ын гаргаж өгсөн дансны хуулга, санхүүгийн баримтад иргэний хариуцагч Г.М няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд иргэний хариуцагч Г.М-ын өмгөөлөгч Ц.М, Ж.Г нарын хамтран гаргасан гомдлыг 2024 оны 01 сарын 10-ны өдөр эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсан нь Монгол Улсын Дээд Шүүхийн supremecourt.mn веб сайтад тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба дээрх дурдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй.

/ХХ-ийн 32-57 дугаар тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан ба хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

 

Дээр дурдсан баримтуудаас дүгнэж үзэхэд, хариуцагч Ж.Ч-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.Ч-д холбогдох үндэслэл хөрөнгөжсөн 40,000,000 төгрөг гаргуулах тухай Г.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.Ч-д холбогдох 40,000,000 төгрөг гаргуулах тухай Г.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.М-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН