2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04796

 

 

 

 

 

 

 

2025 5 28

191/ШШ2025/04796

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, т оршин байх Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн Ц******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, Б******* овогт О******* Л******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,995,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч К.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Д******* /нас барсан/ нь ХААН Банк ХК-ийн Хархорин тооцооны төвтэй 2018 оны 04 дүгээр сарын 17-ны ЗГ/201843523604 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 1,670,000.01 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 6,670,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 6.337,878.55 төгрөг дээр 500,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 6,837,878.55 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/05682/18/429 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Д******* Д нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,041,657 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 609,343 төгрөг нийт 1,651,000 төгрөг төлсөн байх ба Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж дуусгаагүй бөгөөд зээлдэгч нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нас барж 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,458,343 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,948,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 555,554 төгрөг, нийт 13,962,153 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба түүний төрсөн эх Б******* ургийн овогт О******* Л /РД: Ц*******/ нь хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №018 тоот "Өвлөх эрхийн гэрчилгээ"-г авч зээлдэгчийн ХААН Банкин дахь тоот дансны үлдэгдэл болох 4,248,902.45 төгрөгийг авч дансыг хаасан бөгөөд банк өвлөгч буюу хариуцагч О.Л******* холбогдуулан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт 4,251,902.45 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 9,743,250.55 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 13,995,153 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд өвлөгч буюу хариуцагч О.Л үндсэн зээлийн үлдэгдэл 6,458,343 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,948,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 555,554 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг нийт 13,995,153 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа:

Д.Д нь Хаан банктай 2018 оны 02-р сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс хойш 2018 оны 04-р сарын 17-ны 5,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээл болгож зээлсэн нь үнэн болно. Гэвч Д.Д нь 2018 оны 08-р сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд миний бие О.Л 2018 оны 09-р сарын 24-ний өдөр хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Д.Дийн хаан банкны тоот дансанд байсан мөнгийг авсан нь үнэн. Тухайн үед миний бие энэхүү зээлийн талаар мэдээгүй байсан бөгөөд банкны мэдээллийн системд тухайн хүний зээлийн мэдээллийг харах боломжтой байсан мөн өвлөгчөөр тогтоолгоод ийм баримтуудыг бүрдүүлж ирээд авч болно гэх мэдээллийг би банкнаас авч хуулийн дагуу бүрдүүлэн өгсөн. Миний бие өөр банкны өөр данснаас банк мэдэх боломжгүй байдлаар нууцаар аваагүй бүх зүйлийн хууль ёсны дагуу бүрдүүлж ил тод авсан байтал тухайн үед нь банк өөрийн мэдээллийн системээрээ мэдэх боломжтой байсан ийм зүйлээ шалгаагүй өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж өдийг хүргэсэн байна. Мөн энэ үйл процесс нь 2018 он буюу 6 жилийн өмнө болж өнгөрсөн бөгөөд банкинд аль хэдийн нас барсны гэрчилгээ болон бусад холбогдох баримт материалууд очсоор байдал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өдий хүртэл буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бодож тооцоолсон байгаа нь Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.1, 240.1.2-т заасан Үүрэг дуусгавар болох үндэслэлийг хангасан процес болж байхад зээлийн гэрээг дуусгавар болгоогүй мөн өвлөгчид зээл, зээлийн өр төлбөрийн талаар мэдэгдээгүй байгаа нь банкны хувьд хайхрамжгүй хандсан харагдаж байна. Мөн одоо 6 жилийн дараа ийм нэхэмжлэл гаргаж талийгаачийн нэр хүндэд халдаж талийгаачийн ясыг өндөлзүүлж, гэр бүл, хуул ёсны өвлөгчид хүндэтгэл, ёс зүйгүй хандаж бидний сэтгэлийн шархыг дахин хөндөж, манай гэр бүл хайртай хүүгээ алдаад уй гашуудлаа мартаж амьдрах гэж хичээж нөхцөл байдал арай дээрдэж амьдарч байтал ийм нөхцөл байдал үүсэж байгаад харамжсаж байна. Бид энэ талаар өмнө мэдэж байсан бол тухай дансанд байсан мөнгийг бид заавал авах шаардлага байгаагүй тэр үед нь төлж барагдуулаад дуусах л байсан гэвч банк өөрөө мэдэх боломжтой байсан болон мэдэж байж ийм нөхцөл байдал үүсгэсэн байна. Иймд Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу 2018 оноос хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 дугаартай Зээлийн гэрээ 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 дугаартай Барьцааны гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 дугаартай Барьцааны гэрээ, Зээл хүсэгчийн анкет, Д.Дийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Хаан банкны 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг, Харилцагчийн мэдээлэл, Хаан банкны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг, Д.Дийн нас барсны гэрчилгээ, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, Хаан банкны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг, Зээлийн бүртгэлийн карт, Д.Дийн зээлийн дансны хуулга, О.Лгийн дансны хуулгыг,

Шүүхийн журмаар Д.Дийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 018 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ холбогдох баримтуудыг тус тус гаргуулсан нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч О.Л******* холбогдуулан 13,995,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан

1.1. Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Зээлдэгч Дийн хууль ёсны өвлөгч О.Л зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 6,458,343 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,948,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 555,554 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг нийт 13,995,153 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Д.Д нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд 2018 оны 09-р сарын 24-ний өдөр хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Д.Дийн хаан банкны тоот дансанд байсан мөнгийг авсан нь үнэн. Тухайн үед миний бие энэхүү зээлийн талаар мэдээгүй байсан бөгөөд банкны мэдээллийн системд тухайн хүүний зээлийн мэдээллийг харах боломжтой байсан боловч банк нас барсан хугацаанаас хойш хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.4. Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Зээлдэгч Хаан банк ХК нь Д.Д нарын хооронд дараах гэрээнүүд байгуулагдсан байна. Үүнд:

2.а. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 201843523604 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 6,670,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, тус зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 201843523604 дугаартай Барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, цалин барьцаалсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 10-14 дэх талд/

2.б. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 6,837,878 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, тус зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/05682/18/429 дугаартай Барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, цалин барьцаалсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 21-25 дахь талд/

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлд 1,041,657 төгрөг, зээлийн хүүд 609,343 төгрөг нийт 1,651,000 төгрөгийг төлж үндсэн зээлд 6,458,343 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,948,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 555,554 төгрөг нийт 13,962,153 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан зээлийн хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 35 дахь талд/

2.1. Дээрх гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс үзвэл нэг талаас гэрээгээр тохиролцсон мөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдүүлэх, нөгөө талаас шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн уг гэрээ нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээий агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.

3. Зээлдэгч Д.Д 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нас барж, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өвлөгч О.Л******* Хаан банкны дансны үлдэгдэл 4,248,902.45 төгрөгийг өвлүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х ийн 32 33 дахь талд/

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д үүрэг дуусгавар болох бусад үндэслэлийн талаар зохицуулж, 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан; бол үүрэг дуусгавар болно гэж заасан.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч нас барсан бөгөөд үүрэг гагцхүү түүнд хамаатай тохиолдолд үүрэг дуусгавар болох боловч зээлийн гэрээний үүргийн тухайд үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэгчид хамаатай гэж үзэх үндэслэлгүй тул үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

3.1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж зааснаар өвлүүлэгч Д.Дийн зээлийн гэрээний үүргийг түүний өвийг хүлээн авсан өвийн хэмжээгээр өвлөгч О.Л нь хариуцах үүрэгтэй гэж үзнэ.

4. Хариуцагч нь зээлийн гэрээний тухайд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд энэ хугацаа нь гэрээний талуудад хамааралтай шаардах эрх хэрэгжүүлэх хуульд заасан хугацаа юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг түүний өв хүлээн авсан этгээдээс шаардаж байгаа тохиолдолд гэрээний талуудын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаа хамаарна.

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч О.Л 4,248,902.45 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,746,250.55 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Л 4,248,902.45 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,746,250.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398,925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Л улсын тэмдэгтийн хураамжид 82.980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ