| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04654/И |
| Дугаар | 191/ШШ2025/05995 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Чимиддоржийн******* /рд:***/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 10 дугаар анги төгсөөд Ховдын багш их сургуульд сурч байгаад өвөөгийн бие муудаад хавар 1 дүгээр курсээ төгсөхгүй ирээд сургуульдаа явахгүй Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сараас багшийн туслахаар ажиллаж эхлээд 1992 оны 10 сар хүртэл ажилласан. Цэцэрлэгийн хүсэлт томилгоогоор Багшийн их сургуулийн харьяа цэцэрлэгийн багшийн коллежид суралцсан. Тэр сургуульд 4 жил суралцаж төгсөөд тус цэцэрлэгт ажиллаж байгаад 2000 онд Улаанбаатар хотод орж ирж ажилласан. 1988 оны 10 сараас 1992 оны 12 сар хүртэл цэцэрлэгийн туслах багш хийж байсан ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Тэр хугацааны баримт бичгийг аймгийн архивын газраас хайгаад олдоогүй. Сумын архив усанд автсан, паарнаас ус алдаад бичиг баримтууд байхгүй байна гэсэн .... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 3-15-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 21-65, 68-69-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэрэндулам ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Нэхэмжлэгч Ч.Цэрэндулам Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ч.Цэрэндуламд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгээс 1989 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 305314 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хүн амын регистрийн карт буюу ХААТР 1 маягт дахь ажлын газрын талаарх тэмдэглэгээ, ажлын цаг ашиглалтын бүртгэл, 1989 оноос 1992 оны 09 сарыг дуусталх цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан гэрч Н.Юмжаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч Н.Юмжаагийн ... 1975 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн туслах багшаар орсон. Тэгээд сүүлд нь тогооч, угаач, эрхлэгч нярав зэрэг ажлыг хийдэг байсан. Ч.Цэрэндулам 1988 оны 10 сарын 01-ний өдөр туслах багшаар ажилд орсон. Бид хамтдаа 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан. Ч.Цэрэндулам 1992 оны 10 сард ажлаасаа чөлөөлөгдөөд сургуульд яваад буцаж ажилдаа орж байсан. Би 1997 оны 11 сар хүртэл ажиллаад соёлын төвд хөгжмийн багшаар ажилд орсон. Цэцэрлэгийн даргаар Бухын******* гэж хүн байсан. Багшаар П.Цэдэвхорол, Б.Отгонгэрэл нар ажиллаж байсан. Ч.Цэрэндулам Отгонгэрэл багшийн туслахаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг нь Н.Юмжаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 оноос 1992 оны 09 сарыг дуусталх цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ч.Цэрэндуламын Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэндуламын Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ