| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00827/и |
| Дугаар | 95 |
| Огноо | 2021-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 95
Ц............, Ц............ нарын
нэхэмжлэлтэй хариуцагч Х............ад холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00849 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц............, Ц............ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х............ад холбогдох,
“Нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээж, өрсөн ханыг буулгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Х............ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц............, хариуцагч Х............, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч Ц............, Ц............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х............ нь нийтийн эзэмшлийн коридорт өөрсдийн дураар хана босгож тусгаарласны улмаас манай хаалгаар хүүхдийн маань унадаг дугуй, овор ихтэй зүйл оруулж гаргахад багтахааргүй, харанхуй, зай талбайгүй болсон тул нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээж өрсөн ханыг буулгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х............ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайх 2019 оны 05 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум ........... баг ........... тоотод нүүж орсон. Би өөрийн амьдралаа дээшлүүлэх зорилгоор өргөтгөл барьсан. Гал тогоо нь тагтан дээрээ байдаг байсан. Үүнийг нь өөрчилж гал тогооны өрөөгөө коридортоо хийсэн. Тухайн үед өргөтгөл хийх гэж байгаа гэж Ц............ ахтай уулзахад за гэж хэлсэн. Мөн Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан. Шүүхэд хандана гэж бодсонгүй. Аль болох буулгахгүй байх талаас нь арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00849 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, 148.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум ........... багийн дөрвийн 16 дугаар байрны 70, 71 тоот айлуудын хооронд буюу нийтийн эзэмшлийн талбайд барьсан өргөтгөлийн ханыг буулгахыг хариуцагч Х............ад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х............аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Х............ заалдсан гомдолдоо:
...Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00849 дугаар шийдвэр, хавтас хэрэгт авагдсан баримтанд үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй тул тус шүүхийн шийдвэрийг цуцалж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ц............, Ц............ нар шүүхэд “Нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээж, өрсөн ханыг буулгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Х............ “...өргөтгөл хийх гэж байгаа гэж Ц............д хэлэхэд зөвшөөрсөн, ...салбар зөвлөлд хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тул буулгахгүй байх талаас нь арга хэмжээ авч өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.
Хариуцагч Х............ нь өөрийн өмчлөлийн 70 тоот байрны талбайн хэмжээг өргөтгөж 4.65х1.50 метрийн хэмжээтэй хана барьж өрөө гарган гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа талбай нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д заасны дагуу оршин суугчдын дундын өмчлөлд хамаарч байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Орон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн талбайг оршин суугчид дундаа ашигладаг тул дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болгосноор бусад оршин суугчдын эрх ашиг хөндөгдөнө.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч өөрийн оршин суугаа байрны дундын өмчлөлийн талбайд хана барьж өрөө болгон ашигласнаар зохих хууль тогтоомж зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн гаргасан “...коридорт барьсан өрөөг буулгаж, оршин суугчдын эрүүл, аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай” гэх 14-07-025/142 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна.
Түүнчлэн хариуцагч Х............ тухайн дундын өмчлөлийн талбайг өөрийн эзэмшилд ашиглах талаар нэхэмжлэгч Ц............д хэлсэн, тэрээр зөвшөөрсөн хана барьж ашиглаж байгаа гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй гэж үзэхээр байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц............д хуульд заасан эрх, үүрэг болон хэргийн материал танилцуулаагүй зөрчил гаргасан хэдий ч нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй ба цаашид ийм төрлийн зөрчил гаргахгүй байхыг шүүхэд анхааруулбал зохино.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хариуцагч Х............ын шүүхэд гаргасан “...шүүхийн шийдвэр, хавтас хэрэгт авагдсан баримтанд үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй тул тус шүүхийн шийдвэрийг цуцалж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/00849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х............ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Х............ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.ОЮУНЦЭЦЭГ