2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/05947

 


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, ************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: С.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1981-1996 оны 1 сар хүртэл Увс аймгийн Ойрад театрын жүжигчнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан баримт аваад тэтгэвэрт гарах гээд нутагтаа очиход 1993 оны халагдсан тушаал байгаа боловч эргэж ажилд орсон тушаал зэрэг байхгүй байсан. Увс аймгийн архивын газар болон Ойрад театрын газар байгаа юм болов уу гэж бодоод хайтал байхгүй байсан. 1993 онд ажлаас халагдсан тушаал байгаа. 1994-1995 оны ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Одоогоор өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байгаа. Одоо ажил хийгээгүй. Халамжийн тэтгэвэрт гараагүй. Одоогоор сайн дураараа нийгмийн даатгал төлөхгүй байгаа. Тэтгэвэр тогтоолгоход 1 жил дутаж байгаа. 1994-1995 оны ажилласан жилийг тогтоож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 2-18-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 28-32, 46-52-р тал. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Галбадрах ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.

 

Нэхэмжлэгч С.Галбадрах Увс аймгийн Хөгжимт драмын театрт 1981 оноос эхлэн ажиллаж байгаад 1993 оны 11 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1993 оны 11 сарын 06-ны өдрийн 52 дугаартай тушаалаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 1994 онд эргэж ажилд ороод 1995 оныг дуустал ажилласан... гэж тайлбарлаж байна.

 

Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 сарын 15-ны өдрийн С.Галбадрахын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл байхгүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй гэх 258 дугаартай албан бичиг, Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын 2024 оны 08 сарын 20-ны өдрийн ************** нь Ойрад хөгжимт жүжгийн театрт дуучнаар 1993 онд ажиллаж байсан нь үнэн болно. 1994-1995 онд Ойрад хөгжимт жүжгийн театрын дэргэд чөлөөт уран бүтээлчид Ятгын эгшиг хамтлаг байгуулж Хөгжимт жүжгийн театраас цалин олгодоггүй байсан болно гэх 50 дугаартай албан бичиг, гэрч Т.Тодхүү, Д.Бямбажав нарын мэдүүлэг зэргээс С.Галбадрах нь чуулгын дэргэд, цалин авч ажилладаггүй чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ану хатан чуулга нь бие даасан байгууллага байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Галбадрах 1994,1995 онуудад цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөн улсад ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Галбадрахын 1994, 1995 онуудад Увс аймгийн Хөгжимт драмын театрт Ану хатан чуулгын ахлагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.БАТЦЭЦЭГ