| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01582/И |
| Дугаар | 191/ШШ2025/03083 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03083
2025 04 11 191/ШШ2025/03083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................... давхарт байрлах, Т ББСБ ХХК /РД:2626209/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц овогт Н.Б /РД:00000000/, Ц овогт Б.О /РД:00000000/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...2018.07.05-ны өдөр Н.Б, Б.О нар нь Т ББСБ-тай 000000000000 дугаартай Бизнес-Авто машин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Н.Б, Б.О нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг 2,327 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2021.01.05-ны өдөр дуусгавар болсон. Зээл авах үедээ Н.Б, Б.О нар нь ............................... тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.16-ны өдрийн 191/Ш32025/03311 дугаартай захирамж гарсан. Зээлдэгч Н.Б, Б.О нар нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээр дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй байна.
Иймд Н.Б, Б.О нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.02.17-ны өдөр 140,400 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,
-2025.02.17-ны өдрийн 25/309 дугаартай Б.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-2018.07.05-ны өдрийн 000000000000 дугаартай Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 5-6 х/,
-Зээл эргэн төлөх хуваарь /хх-ийн 7 х/,
-2018.07.05-ны өдрийн 000000000000 дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 8-9 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 10 х/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.16-ны өдрийн 191/ШЗ2025/03311 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11-13 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б, Б.О нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул тэдгээрийг эрэн сурвалжлуулахаар Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018.07.05-ны өдрийн 000000000000 дугаартай Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б, Б.О нарын оршин суух хаягийг ............................... тоот гэж тодорхойлсны дагуу Т ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 20,039,713 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.16-ны өдрийн 191/ШЗ2025/03311 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Б, Б.О нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 11-13 х/,
Н.Б, Б.О нар нь Т ББСБ ХХК-тай 2018.07.05-ны өдөр 000000000000 дугаартай Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Т ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 5-6 х/,
Н.Б, Б.О нар нь 2018.07.05-ны өдрийн 000000000000 дугаартай Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.16-ны өдрийн 191/ШЗ2025/03311 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Т ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Б, Б.О нарын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц овогт Н.Б /РД:00000000/, Ц овогт Б.О /РД:00000000/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Б, Б.О нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА