| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0283/э |
| Дугаар | 313 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.ОЮУНГЭРЭЛ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал, улсын яллагч Д.Оюунгэрэл, шүүгдэгч О.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Отгонтамирын Энхбатад холбогдох эрүүгийн “1711015590350” дугаартай, 186/2018/0283/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан–Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол, 7 дугаар байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй одоо Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 71-970 тоотод оршин суудаг гэх Боржигон овогт Отгонтамирын Энхбат /РД:ТА93080412/,
Холбогдсон хэргийн талаар;
О.Энхбат нь 2017 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16-336 тоот хашааны гадна байсан иргэн Р.Батзаяагийн эзэмшлийн 57-91 ТӨВ улсын дугаартай Мицүбиши загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч О.Энхбат нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:....2018 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хамтран амьдрагч Чимэдийн хүүхэд өвдөж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед байрны мөнгө нэхэгдэж байсан. Ингээд гадаа байсан засвартай машиныг 500.000 төгрөгөөр ченжид зарсан, би хохирлыг төлж барагдуулсан, үйдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Р.Батзаяагийн:...би 1 сая төгрөгөөр зарах талаар ярьж байгаагүй, засвар нь 1 сая төгрөг болох байх гэж ярьж байсан. Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Энхбат нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний машиныг худалдаж авсан хүнд нь үлдээхэд татгалзах зүйлгүй гэх мэдүүлэг. /хх-22/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Чимэдийн:...манай дүү уг машиныг худалдан аваад унаж байгаад 11 дүгээр сарын эхээр эвдэж манай хашааны гадаа авчирч тавиад 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг явсан. Тэгээд бичиг баримт машины түлхүүрээ манай гэрийн зурагт дээр тавьж үлдээсэн байсан. Манай дүүг явсаны дараа манай хамтран амьдрагч Энхбат нь дүүгийн чинь машиныг ченжид зарчихъя гээд байхаар нь би яах юм бэ хэрэггүй гэж хэлсэн. Улмаар манай хүүхэд өвдөж би хүүхдээ харж эмнэлэгт хэвтсэн бөгөөд Энхбат нь надруу утсаар яриад Батзаяатай ярьсан 500.000 төгрөгөөр зарчих гэнээ гэж надад хэлэхээр нь би битгий худлаа яриад бай Батзаяагийн утас холбогдохгүй байна чи түүнтэй яриагүй байна гэсэн чинь худлаа худлаа зарах гээд тэгж хэлсэн юм гэж надад хэлсэн. Намайг эмнэлэгт байхад ченж гэх хүн надруу утсаар яриад машинаа зарах юм уу 500.000 төгрөгөөр худалдан авъя гэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй ба зарахгүй гэж хэлсэн. Би эмнэлэгт байхдаа Энхбаттай утсаар ярьж машинаа асуухад тэрээр хүнээс 800.000 төгрөг зээлээд Ганаа ахын машин засварын газар засуулах гээд өгсөн гэж хэлсэн. Би хэд хоногийн дараа эмнэлгээс гараад гэртээ ирээд машинаа асуухад удахгүй засвараас авна гэж 2-3 хоног болсон. Тэгээд маргааш, маргааш гэж хойшлуулаад байхаар нь сонин санагдаад чи үнэнгээ хэл машин яасан гэж асуухад би ченж дуудаад бичиг баримтын хамт 500.000 төгрөгөөр зарчихсан гэж надад хэлсэн. Миний бодож байгаагаар 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны үед л зарсан байх. Би Батзаяад 5 сая төгрөгөө зээлүүлсэн юм. Тэгээд Батзаяа надаас авсан мөнгөөрөө 2017 оны 10 дугар сарын 10-ны өдөр машин авсан байсан. Тэгээд уг машиныг Батзаяа 2017 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө такси үйлчилгээнд явж байгаад нойрмоглоод замын хашлага мөргөөд доод явах эд ангийг нь эвдчихсэн. Тэгээд уг машин засвар хийхгүй бол явах боломжгүй болсон. Батзаяа нийтийн байрны гадаа авчирч тавьсан гэх мэдүүлэг. /хх 27-30/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Энхбат гэрчээр мэдүүлэхдээ:...Р.Батзаяаг хөдөө явахаас өмнө эгч Чимэд нь цалингийн зээл авч 3.200.000 төгрөгөөр түүнд хуучин унаж хэрэглэж байсан Мираж денго нэртэй 57-91 ТӨВ гэсэн улсын дугаартай машиныг Да хүрээ захаас авч өгч байсан.....тухайн үед би Чимэдэд машиныг зарлаа гэхэд тэрээр байж бай түр харъя гэж байсан. Тэгэхээр нь би Зар мэдээ сонингоос эвдрэлтэй машин авна гэсэн зарын дагуу нэг нас тогтсон эрэгтэй хүнтэй холбогдож би хаягаа зааж өгч улмаар тэр ахад 500.000 төгрөгөөр зарсан болно. Зарахдаа гэрт байсан машины бичиг баримт, худалдан авах гэрээ зэргийг хамт өгсөн. Батзаяа өөрийн нэр дээр аваагүй, нотариатаар батлуулсан гэрээ байсан. Би яг зарахдаа хэнд ч хэлээгүй. Нийтийн байрны эзэн нь түрээсийн мөнгөө нэхээд, надад гаргаад өгчих мөнгө байхгүй байсан учир мөнгөтэй болох гээд ченжид зарсан.....тухайн үед би ажилд орсон, цалингаа аваад Чимэдэд мөнгө өгнө, байрны түрээс төлнө гэж хэлсэн байсан учир хэлсэн үгэндээ хүрэх гээд зарсан гэх мэдүүлэг. /хх 31-34/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гэрч Н.Төгсжаргалын:...2017 оны 11 сарын сүүлээр шиг санаж байна, хуучин машин худалдаж авдаг хуурай дүү Од миний утасруу залгаад та хямд машин хайгаад байсан билүү, замын хашлага мөргөсөн Мираж динго машин хямд зарна гэж байна та очоод үзчих гэж хэлсэн... би утсаар нь яриад заалгаад очиход “Өнө” нэртэй баарны ойролцоо халуун устай нийтийн байрны гадаа очсон. Тэгээд очоод залгахад дунд зэргийн нуруутай эрэгтэй гарч ирсэн, тэгээд машиныг нь үзэхэд урд гупер эвдэрсэн, радиотор цөмөрсөн, урд хоёр дугуй нь хагарсан машин байсан. Тэр эрэгтэйгээс хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад 1 сая төгрөг гэж хэлсэн, тухайн үед тэр эрэгтэйн нэрийг нь асуугаагүй... би тэр эрэгтэйгээс 500.000 төгрөгөөр авна гэхэд зарахгүй гэсэн. Орой нь 18 цаг өнгөрч байхад тэр эрэгтэй миний утасруу залгаад та хэлсэн үнэндээ ав гэж хэлсэн, ингээд би бичиг баримтыг нь үзэхэд гэрчилгээ нь Төв аймагт байдаг хүний нэр дээр байсан....тухайн үед надад машин зарсан эрэгтэй манай эхнэрийн дүүгийн машин байгаа юм, бид хоёр хоорондоо аваа өгөөтэй байгаа юм, манай эхнэр эмнэлэгт бие муу байгаа юм, манай дүү аваар хийчихээд зугтаагаад самарт явчихсан байгаа, би машиныг нь зарж мөнгөө аваад эхнэр хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж байгаа юм гэсэн. Тухайн үед би тэр машиныг Батзаяа гэдэг хүн худалдаж авсан байсан. Батзаяа гэдэг хүний нэр дээр итгэмжлэл хийсэн байсан....худалдаж авчихаад улсын дугаарыг нь солиод Улаанбаатар хотын дугаар авсан байгаа. Одоо 81-59 УНЕ улсын дугаартай байгаа гэх мэдүүлэг /хх-35/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 25-33/, шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хх 78-79/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
О.Энхбат нь 2017 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16-336 тоот хашааны гадна байсан иргэн Р.Батзаяагийн эзэмшлийн 57-91 ТӨВ улсын дугаартай Мицүбиши загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Р.Батзаяа, гэрч Р.Чимэд, Н.Төгсжаргал, шүүгдэгч О.Энхбатын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Энхбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Хохирогч Р.Батзаяа нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонтамирын Энхбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Энхбатыг 300 цаг / гурван зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Энхбатад оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар О.Энхбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ