2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/05871

 


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** давхарт байрлах ************** барьцаалан зээлдүүлэх газар ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй

Лхагважав овогтой******* /рд:***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гүнжилмаагийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Лхагважавын******* нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр БЗГ22-1656 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,349,900 төгрөгийг сарын 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээл авахдаа Налайх дүүрэг 3-р хороо 3-р гудамж 25 а тоот хаягт оршин сууж байсан боловч 2025 оны 01 сарын 21-ний өдрийн Багахангай, Налайх үүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 193/11132025/00228 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Л.Оргилсайханыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-13-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Утсаар ярьсан тэмдэглэл 1 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** барьцаалан зээлдүүлэх газар ХХК Л.Оргилсайханыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт ************** барьцаалан зээлдүүлэх газар ХХК болон Л.Оргилсайхан нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00228 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Л.Оргилсайханыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Л.Оргилсайхан **** тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан******* овогтой******* /рд:***/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Оргилсайханыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Л.Оргилсайханыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гүнжилмаа /утас:****/-д мэдэгдэхийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ