Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Т.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дэржид овогт Төмөрбаатарын Балжиннямд холбогдох эрүүгийн “18110111070332” дугаартай, 186/2018/0302/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1266 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дэржид овогт Төмөрбаатарын Балжинням /РД:ВЛ91112310/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Т.Балжинням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Зуун модны 2-43г  тоотод оршин суух Жаргалсайханы гэрт иргэн М.Дүүрэнбилэгтэй маргалдан  улмаар түүнийг зодож, биед нь  зүүн хөмсөгт сорви, тухайн үед тархи доргилт, зүүн  хөмсөгт шарх бүхий эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Т.Балжинням нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.  Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Дүүрэнбилэгийн:..2018 оны 03 сарын 16-ны өдөр би гэртээ найз Жаргалсайхантай хамт байж байсан юм. Өдөр 12 цагийн үед танил Балжинням гаднаас жаахан халамцуу орж ирсэн. Хаагуур явсан талаар асуухад урд шөнө жаахан шоудаж байгаад ирлээ гэсэн. Тэгснээ Балжинням Жагаа, бид хоёрыг дагуулаад гарсан,  гадаа нэг машин байсан ингээд тийшээ орсон.  Машинд нь нэг хүүхэн байсан, тэгээд нэг том пиво гаргаад пивоо бүгд хувааж уусан. Тэгээд дахиад нэг юм уучихмаар байна гэхээр нь би дэлгүүр орж нэг шил архи, нэг пиво авсан. Тэгээд бүгдээрээ манай урд хашаанд Жаргалсайханы гэрт орсон. Тэднийд ороод архи пивоо уусан. Жаргалсайхан хоол хийсэн. Манай ах Алтанхуяг бол тэр Балжиннямын эхнэрийнх нь хойд аав нь байгаа юм. Өвөл 12 сард жаахан халамцуудаа Балжиннямд чи миний охинд гутал аваад өгчихгүй, өвөлжингөө хавар намрын гуталтай явлаа гэхэд нь уурлаад зодоод байсан. Би тэр үед нь ойлгуулаад жаахан үг хэлсэн юм. Тэгтэл тэр үед болсон асуудлыг сөхөж яриад та тэр үед жинхэнээсээ хэлсэн үү гэж үг хаяад байсан. Би тэгэхээр нь тэр хүн бол миний ах, би ахыгаа өмгөөлнө шүү гэсэн. Тэгтэл чи ч муухай хүн юмдаа гээд байсан. Тэгснээ надад архи хийж өгөөд байсан. Балжинням тэгээд Жаргалсайханыг нөгөө хамт  байсан хүүхэнтэйгээ  хамт тамхинд яваад ир гэсэн. Тэр хоёр тэгээд тамхинд явсан. Тэр хооронд нь намайг өшиглөөд дэвсээд эхэлсэн. Тэгээд нөгөө хоёр гаднаас ирээд Жаргалсайхан бид хоёрыг битгий зодолдоорой гэж хэлсэн биз дээ гээд загнасан гэх мэдүүлэг. /хх 11-12/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Т.Балжинням гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би найз Тэгшжаргалынд очоод Тэгшжаргалтай 2-3 том пиво, нэг шил архи уусан. Би тэгээд тэднийд хоноод өглөө нь босоод нэг том пиво бас хувааж уусан. Тэгээд харилаа  гэхэд Тэгшжаргал чи яаж ганцаараа харихав манай эхнэрээр хүргүүлчих гээд эхнэр нь болох Оюука намайг хүргэж өгөхөөр машинтайгаа явсан. Би тэгээд замдаа найз Дүүрэнбилэгийнд очиж нэг пиво ууя гэж Оюукатай   хамт  Дүүрэнбилэгийнд   очсон.   Тэднийд   очиход   бас найз Жаргалсайхан байсан. Бид 3 гадаа нөгөө авсан пивоо уусан. Би Дүүрэнбилэгээс дахиад нэг ганц юм уучих уу гэхэд Дүүрэнбилэг ороод нэг  тамхи, архи авч ирсэн. Бид нар тэгээд Жаргалсайханы гэрт орцгоосон. Би архи уухгүй, пиво ууя гээд жаахан уусан. Тэгээд сууж байтал манай найзын эхнэр Оюука нөгөө өрөөнөөс гарч ирээд явъя, чи намайг доромжлуулах гэж энд авчраа юу гээд уурлаад байсан. Тэгтэл цаанаас нь Дүүрэнбилэг гарч ирээд Балжаа хөгшөөн найз нь энэ хүүхэнтэй чинь унтчихая гээд байсан. Тэгээд би Оюукаг яагаад уурласныг нь ойлгосон. Би ингэж болохгүй, наадах чинь манай найзын эхнэр гэсэн. Тэгтэл Дүүрэнбилэг, Оюукаг оролдоод орлуу чирээд болохгүй байсан. Тэгэхээр нь Жаргалсайхан бид хоёр хориглосон. Дүүрэнбилэгийг би боль гээд хажуудаа суулгаад Оюука Жаргалсайхан нарыг дэлгүүрээс тамхи аваад ир гээд явуулсан. Тэгээд тэрнээс болж маргалдаад Дүүрэнбилэг намайг хэд хэд цохиод авсан. Би уурлаад зөрүүлээд нүүр лүү нь 2 удаа цохисон гэжээ. /хх 15-16/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ:..2018  оны 03 сарын 15-ны өдөр нөхөр Тэгшжаргал бид хоёр гадуур явж байгаад найз Балжиннямтай уулзсан. Тэгээд манайд очсон. Манайд очоод Балжинням, Тэгшжаргал хоёр пиво ууцгаасан. Тэгээд манайд унтаж амарсан. Маргааш манай нөхөр Тэгшжаргал ажилтай байсан. Балжинням намайг найзыгаа гэрлүү  хүргээд өгөөч гэсэн. Замаараа гэрийнхээ  ойролцоо дэлгүүрээс нэг том пиво авсан. Би Балжиннямд чи пивоор яах гээд байгаа юм бэ шууд харилдаа гэхэд зүгээр зүгээр гэсэн,  тэгээд манай ойролцоо манай найз байдаг юм тэднийхээр ороод гарах гэсэн юм гээд найзынхаа гадаа хүргүүлсэн. Би машиндаа гадаа хүлээсэн. Тэгэхэд Балжинням ороод  хоёр найзыгаа дуудаж гаргаж ирээд авсан пивоо машинд ууцгаасан. Дараа нь дахиж дэлгүүр ороод нэг том пиво, нэг шил архи, ундаа зэргийг аваад  Жаргалсайхан гэх найзынд нь очицгоосон. Намайг явах гэхээр Балжинням намайг байж байгаач дээ гээд гуйгаад байсан. Тэгээд Жаргалсайхан гэртээ хоол хийж байсан. Балжинням 00 орох гээд гарсан,  тэр хооронд  Дүүрэнбилэг нь миний гарнаас  бариад би чамтай унтмаар байна гээд  сонин юм яриад байсан. Тэрийг Жаргалсайхан нь сонсоод болиоч чи яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд Дүүрэнбилэг нь больсон. Удалгүй Балжинням орж ирээд хоолоо идчихээд удалгүй Жаргалсайхан Балжинням нар тамхи татах гээд гарцгаасан. хооронд нь Дүүрэнбилэг нь намайг жижиг өрөө рүүгээ оруулаад үнсэх гээд дайраад байсан. Би арай гэж холдуулаад гал тогоонд байж байтал намайг чирээд том өрөөний орон дээр хэвтүүлээд  дараад босохгүй  байсан. Би хашгиртал нөгөө хоёр ороод ирсэн. Тэгээд Жаргалсайхан Дүүрэнбилэгийг татаад босгосон. Балжинням загнаад чи манай найзын эхнэрийг яах гээд байгаа юм бэ гээд маргалдсан. Тэгээд гайгүй юм яриад хоолоо идэж байсан. Жаргалсайхан нь намайг тамхинд цуг явъя гээд гарсан. Тэр хооронд л Дүүрэнбилэг Балжинням нар маргалдсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг. /хх 17-19/,

2.4. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4731 тоот актын: 

1.2. М.Дүүрэнбилэгийн биед зүүн хөмсөгт сорви, тухайн үед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт. /хх-22/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, шүүгдэгч Т.Балжиннямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, хохирогч М.Дүүрэнбилэгийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт        /хх-48/,  Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтыг тогтоов.

Т.Балжинням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Зуун модны 2-43г  тоотод оршин суух иргэн Жаргалсайханы гэрт  М.Дүүрэнбилэгтэй маргалдан  улмаар түүнийг зодож, биед нь  зүүн хөмсөгт сорви, тухайн үед тархи доргилт, зүүн  хөмсөгт шарх бүхий эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Дүүрэнбилэг, гэрч С.Оюун-Эрдэнэ, шинжээчийн 731 дүгээр дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчТ.Балжиннямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч М.Дүүрэнбилэг нь шүүгдэгч Т.Балжиннямаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Дэржид овогт Төмөрбаатарын Балжиннямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Балжиннямыг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Балжиннямд оногдуулсан торгох ялыг  6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Балжинням нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Балжинямд  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                          

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ