Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/987                 

 

 

 

М.П-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/666 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.П-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205000001103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

М.П-д .... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

М.П нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “....  дүүргийн .... дугаар хороо, Таац дэлгүүрийн арын “Соёмбо принт”-н барилгын ажилчид зодолдоод байна" гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч Э.Ү-аас “Та нарт торгуулийн арга хэмжээ авч 100.000 төгрөгийн торгууль оногдуулна” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ....  дүүргийн .... дугаар хорооны байранд бэлнээр 100.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.П-ийг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ид оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.П гаргасан давж заалдах гомдолдоо: “…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/666 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Учир нь хохирогчоос анх мөнгө авахдаа “хэргийг чинь хаах гэж байна. 100.000 төгрөгөөр торгоно” гэж хэлж авсан. Хохирогч 100.000 төгрөгөөр торгож байна гэж бодож мөнгө өгсөн. Тэгтэл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.П-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

М.П нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалынхаа дагуу шалгаж шийдвэрлэх  “...2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “....  дүүргийн .... дугаар хороо, Таац дэлгүүрийн арын “Соёмбо принт”-н барилгын ажилчид зодолдоод байна” гэсэн...” мэдээлэлд зохих ажиллагаа явуулж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр иргэн Э.Ү-ы эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан “...торгуулийн арга хэмжээ авч 100.000 төгрөгийн торгууль оногдуулна...” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс бэлнээр 100.000 төгрөгийг авсан болох нь:

хохирогч Э.Ү-ы “...Хэсгийн байцаагч “Та нарт торгуулийн арга хэмжээ авч, 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тухайн үед бид нар мөнгөгүй байсан учраас компанийн захирал У-тай утсаар ярьж учир байдлаа хэлэхэд ...компанийн хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан Х ирсэн. ...100.000 төгрөгөөр та нарыг торгоно гэж байна гэсэн. ...дараа нь миний цалингаас 600,000 төгрөг суутган авсан. ...” /1 хх 159/, “...Цагдаагийн албан хаагч П намайг хөдөө явсан хойгуур 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр манай гэрт очиж, эхнэр Г-д 100,000 төгрөгийг буцааж өгсөн байсан. ...” /1хх 155/,

гэрч Л.Г-ийн “...Тэгээд П хэсгийн байцаагч бид нараас мэдүүлэг аваад “та нарт торгуулийн арга хэмжээ авч, 100,000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тухайн үед бид нарт мөнгө байгаагүй учраас компаний захирал У-тай утсаар холбогдож учраа хэлэхэд Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан Хг явуулъя гэж хэлсэн. Х ирээд цагдаатай уулзаад гарч ирээд “та нарыг 100,000 төгрөгөөр торгоно гэж байна. Үнэнсайханы цалин дээрээс 100,000 төгрөгийг хасна” гэсэн. Баримтыг бид нарт өгөөгүй...” /1 хх 163/,

гэрч Э.О-ийн “...Намайг Э.О гэдэг. Миний таньдаг хүмүүс намайг бүгд Х гэж дууддаг. ... “Манай нөхөр цагдаад баригдсан, торгуулна гэж байна, мөнгө төгрөггүй” гэхээр нь би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиход тарган бор цагдаа залуу байсан. Ороод цагдаатай уулзахад Зөрчлийн тухай хуулийн дагуу ажлын байранд архи ууж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гээд 100.000 төгрөгөөр торгоно гэсэн... Тухайн үед Г нь “Та мөнгө төлөөд нөхрийг маань гаргаад өгөөч, цалингаас нь суутгаад авчих” гэхээр нь ажлын мөнгөнөөс цагдаагийн данс руу шилүүлэх эсэхийг асуухад бэлнээр өг гэж хэлсэн. Би бэлэн 100,000 төгрөгийг хорооны цагдаад өгсөн, ямар нэгэн баримтанд гарын үсэг зуруулаагүй. Баримт өгөөгүй...” /1-р хх 165-166, 240-241/ гэсэн мэдүүлгүүд,

“07/06/2020 14:17 atm зарлага 100,000.00...” гэсэн Э.О-ийн ХААН банкны дансны хуулга /1хх 185/,

“...Цагдаагийн ахлах ахлагч Маамаагийн Пийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагийн ажлаас 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 06 дугаар сарын 17-ны өдрөөс мөн газрын нэгдүгээр хэлтэст хэсгийн байцаагчаар томилж, “цагдаагийн дэслэгч” цол олгосугай. ...” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/503 дугаар Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаал /1-р хх 112/,

“...Иргэн Н-ээс гаргасан “.... дүүргийн .... хороо Таац дэлгүүрийн. Арын Соёмбо принтийн ажилчид зодолдоод байна” гэсэн гомдлыг шалгахад гомдол гаргагч гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж утсаар холбогдсон хүсэлт гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. ...Н-ээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсугай. ...Тогтоол үйлдсэн: хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч /гарын үсэг/ М.П...” гэсэн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гэсэн огноо бүхий Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /1хх 35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч М.П-ийн өөрийн эрхэлж буй цагдаагийн хэсгийн байцаагчийн албан тушаалаа ашиглаж, албаны чиг үүргийн дагуу шалгаж буй зөрчлийн шинжтэй иргэний мэдээлэлтэй холбогдуулан иргэн Э.Ү-ыг эрх зүйн мэдлэг бага байдлыг нь далимдуулан “...торгуулийн арга хэмжээ авч, 100,000 төгрөгөөр торгоно...” гэж төөрөгдөлд оруулан бодит байдлыг нуух замаар торгууль нэрийдлээр 100.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...“...Хуурч, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүхийн М.П-ийн үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” заасан ба шүүх хөнгөн ял болох торгох ялыг сонгож, доод хэмжээгээр оногдуулсан нь шүүгдэгч М.П-ийн үйлдсэн гэмт хэргийнхээ хохирлыг нөхөн төлсөн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.П-ийн “...хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/666 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.П-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ