| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 188/2019/1118/Э |
| Дугаар | 567 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 567
С.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Жаргалсайхан, хохирогч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 707 дугаар магадлалтай, С.Эд холбогдох 201725020592 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2015 оны 11 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Бэрээшиг овогт С.Э нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Эгаас 14.104.744 төгрөг гаргуулан хохирогч Д.Цд 3.370.000 төгрөг, Г.Сд 800.000 төгрөг, Б.Эд 3.100.000 төгрөг, С.Гд 805.000 төгрөг, В.Ат 2.045.000 төгрөг, Н.Бд 1.230.000 төгрөг, Г.Нд 788.000 төгрөг, Б.Бд 1.766.744 төгрөг, Б.Мд 200.000 төгрөг тус тус олгуулах, мөн хэргийн хамт шүүхэд ирсэн 230.000 төгрөгийг хохирогч Л.Цэцэгжаргалд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “
1.Шийтгэх тогтоол, магадлалд “Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Эгаас 14.104.744 төгрөг гаргуулан хохирогч П.Цд 3.370.000 төгрөг, Г.Сд 800.000 төгрөг, Б.Эд 3.100.000 төгрөг, С.Гд 805.000 төгрөг, В.Ат 2.045.000 төгрөг, Н.Бд 1.230.000 төгрөг, Г.Нд 788.000 төгрөг, Б.Бд 1.766.744 төгрөг, Б.Мд 200.000 төгрөг тус тус олгож, хэргийн хамт шүүхэд ирсэн 230.000 төгрөгийг хохирогч П.Цд олгосугай.” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ууд буюу 1.5 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” хангалттай эргэлзээгүй нотлон тогтоож чадаагүй байгаа болно.
Тухайлбал: Шийтгэх тогтоол, магадлалд “Хохирогч П.Цд 3.370.000 төгрөг” олгохоор шийдсэн нь үндэслэлгүй. П.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 2-нд өгсөн /1хх-24/ мэдүүлэгтээ “Хадам ээжээс 1.500.000 төгрөг зээлсэн, 4.500.000 төгрөгийн 3.000.000 төгрөг нь хамаатны хүн нь хашаа байшин авна гэж гэрээ хийгээд 3 сая төгрөгийн асуудал байгаа юм. Надад буцааж 2015 оны 10 дугаар сарын 11-нд 100 ам.доллар буюу 200.000 төгрөг, дараа нь 2015 оны 10 дугаар сарын 13-нд 100 ам.доллар буюу 200.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 9-нд 100 ам доллар буюу 200.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 14-нд 400.000 төгрөг өгсөн” гэснээс хохирогч П.Ц нь 1.500.000 төгрөг зээлүүлээд 1.000.000 төгрөг буцаан авсан, 3 сая төгрөгийн хувьд П.Цд хамаатны хүн нь хашаа байшин авна гэж гэрээ хийсэн асуудал юм. Уг мэдүүлгээр зээлсэн 1.500.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөг авч 500.000 төгрөгийн хохирол үлдсэн нь нотлогддог.
Иймд үлдэх 500.000 төгрөгөөс шүүхийн шийдвэрт заасан 230.000 төгрөгийг хасахад П.Цд 270.000 төгрөгийн хохирол төлөх ёстой байтал 3.370.000 төгрөг төлнө хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хамаатны хүний хашаа байшин авахаар тохирсон 3 сая төгрөг нь хохирогч П.Цд хамааралгүй гэж үзэж байна. Энэхүү 3.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг хамаатны эгч нь зээл авч төлж 1.000.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн.
Хохирогч С.Г нь “805.000 төгрөг авсан. Надад үйлчилсэн мөнгөө хасаад үлдэгдэл мөнгөө өгвөл гомдолгүй” гэж /1хх-28/ мэдүүлсэн байдаг. С.Э “Би уг нь 300 ам.долларын үйлчилгээг хангалттай өгсөн” гэдэг тул хохирогчийн хүлээн зөвшөөрч байгаа сургалтын төлбөр 250.000 төгрөг, орчуулгын хөлс 150.000 төгрөг, АНУ-ын элчинд цаг авч, анкет бөглөсөн 100.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг хохирлоос хасч, үлдэгдэл 305.000 төгрөгийг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Хохирогч Б.Эд 3.100.000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт буй баримтаар түүний хүү Дийг 45 хоногийн сургалтанд хамруулсан 250.000 төгрөг, 15 ширхэг баримт бичиг орчуулсан 150.000 төгрөг, АНУ-ын Элчинд цаг авч, анкет бөглөж өгсөн 100.000 төгрөг, АНУ-аас Э.Дий урилгыг авахад төлсөн 1.440.000 төгрөг, нийт 1.940.000 төгрөгийг хохирлоос хасахад 1.160.000 төгрөг төлөх тооцоо гарч байна. Дээр дурьдсан баримтуудаар хохирлын дүн үнэн зөв гараагүй нь нотлогдож байна.
Иймд хохирлын дүнг үнэн зөв гаргаж, нотлох ёстой гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс С.Эгийн хохиролд төлсөн баримтуудыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгнө.
2.С.Э нь зүрхний хэм алдагдах, зүрхний шигдээс өвчтэйн гадна бөөрний дутагдал оноштойгоор цагдан хорих 461 дүгээр ангийн болон Яармаг дахь хорихын төв эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж байгаа боловч биеийн байдал нь сайжрахгүй, байнга 170-180 өндөр даралттай, бие нь битүү усан хавантай хүнд байдалтай байна. Мөн ар гэртээ үлдсэн 12-13 насны хоёр хүү, өндөр настай ээждээ зовж сэтгэл санаа гүн хямралтай байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг болон С.Эгийн хүнд өвчтэй, хохирлоо төлж байгаа зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан хэлсэн саналдаа: “Хохирогч П.Ц, Б.Э нарын талаар товчхон зүйл хэлмээр байна. Шүүгэгч С.Э нь хохирогч П.Цаас 10 хувийн барьцааны гэрээгээр 1.500.000 төгрөгийг авсан, 2.000.000 төгрөгийг н.Эээс авсан байдаг. Шүүх 4.500.000 төгрөгийн хохиролтой байна гэж үзээд үүнээс 230.000 төгрөгийг өгөөд 3.370.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Эын 400 долларт өгсөн 958.400 төгрөгийн ширээ 3.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ байдлыг анхаарч өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Э нь нийт 11 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж залилсан үйлдэл нь тогтоогджээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн тал дээр маргахгүй байгаа ба харин хохирол төлбөрөөс хасуулах гомдол гаргасан байна. Хохирогч Цын хүүг АНУ руу явуулж өгнө гэж эхэлж 1.500.000 төгрөгийг зээлж зээлийн гэрээ гэх баримт үйлдсэн, мөн 3.000.000 төгрөгийг Э гэх хамаатны хүний хашаа байшинг барьцаалан зээлж “Зээлийн гэрээ” гэх баримт үйлдсэн нь гэрээний аргаар бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй байна. Хохирогч С.Гийн болон хэд хэдэн хохирогчийн хохирлыг хяналтын шатанд төлсөн гэх баримтыг өмгөөлөгч гаргаж өгч байгаа боловч анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүй баримтанд дүгнэлт хийх боломжгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь 2015 оны 3 дугаар сарын 31-нээс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд “Төрийн бус байгууллагын шугамаар олон улсын хуралд явуулж өгнө, их сургуулийн диплом гаргаж өгнө, Америкийн нэгдсэн улс, Япон улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.Цд 4.500.000 төгрөг, Д.Нт 450.000 төгрөг, Г.Сд 2.000.000 төгрөг, Б.Эд 3.100.000 төгрөг, С.От 160 ам доллар буюу 360.000 төгрөг, Б.Мд 700.000 төгрөг, С.Гд 805.000 төгрөг, В.Ат 2.045.000 төгрөг, Н.Бд 1.230.000 төгрөг, Г.Нд 788.000 төгрөг, Б.Бд 800 ам доллар буюу 1.916.744 төгрөг буюу нэр бүхий 11 хохирогчид нийт 18.124.744 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн С.Эгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 2 жил 6 сар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч С.Эгийн үйлдсэн сүүлийн залилах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлснээс хойш буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг”-т заасныг журамласан хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулсан нь зөв байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоосныг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримт, хохирлын хэмжээг өөрчлөн дүгнэх боломжгүй гэж үзэв.
Түүнээс гадна хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх С.Эгийн үйлдсэн залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв боловч түүнд холбогдох хэргийг “үргэлжилсэн” үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Эгийн 2015-2018 онд удаа дараагийн давтан үйлдлээр нэр бүхий 11 хохирогчийг хуурч мэхлэн нийт 18.124.744 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Нийтлэг давталт нь гэмт этгээдийн урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулдаг бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 12.3 дугаар зүйлийн 2.2-т “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэж зохицуулсан байна.
Гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба уг шинжийг Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэгт “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр заасан боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.
Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусд нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлд заасан залилах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч С.Эгийн нэр бүхий 11 хохирогчийг залилсан хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч С.Эд ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй.
Хяналтын шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч С.Оээс шүүгдэгч С.Э нь хохирогч Г.Сд 800.000 төгрөг, Б.Мд 210.000 төгрөг, В.Арт 2.000.000 төгрөг, С.Гд 305.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн баримт, мөн хохирогч С.Г нь үлдэх 500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй тухай тодорхойлолт гаргасныг хэрэгт хавсарган үлдээж, энэ талаар тогтоолд дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Эгийн хувьд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө зарим хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн нь түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэл болохгүй тул энэ талаар өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хүчингүй болгосугай.
2.Шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 707 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч С.Э нь хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Г.Сд 800.000 төгрөг, Б.Мд 210.000 төгрөг, В.Ат 2.000.000 төгрөг, С.Гд 305.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН