Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 38

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баян-Уул сумын ******* намын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Дорнод аймгийн Баян-Уул сумын Сонгуулийн хороонд холбогдох,

           Гуравдагч этгээд: Ц.*******, Б.******* нарыг оролцуулан,

     Нэхэмжлэлийн шаардлага: “Нэр дэвшигч ийн , *******ын ******* нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баян-Уул сумын ******* намын дарга Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагч Баян-Уул сумын Сонгуулийн хорооны дарга Х.*******, гуравдагч этгээд Ц.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Баян-Уул сумын Монгол Ардын намын хорооноос манай намын гишүүн ийн *******ыг Баян-Уул сумын 2 дугаар багт, *******ын *******г 5 дугаар багт тус тус нэрийг нь дэвшүүлсэнийг эс зөвшөөрч,  тус сумын Сонгуулийн хороонд  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай албан бичгийг хүргүүлсээр байтал сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэн авсан. Сонгуулийн хорооны дарга Х.******* нь   2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан тоотоор хариу ирүүлэхдээ “...одоогийн байдлаар  эдгээр хүмүүс нь  ******* намын гишүүн гэдэг  нь тогтоогдохгүй байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж албан тоотоор хариу ирүүлснийг  миний бие эс зөвшөөрч  шүүхэд  нэхэмжлэл гаргасан юм. Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна” гэсний дагуу Ц.*******, Б.******* нар нь ******* намын Үндсэн дүрмийн 3.4.1, 3.4.2,3.4.3 3.4.4 дэх заалт болон Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчиж,  Монгол Ардын намаас нэрээ дэвшүүлсэн байгаа юм. Нэр дэвшигч Б.*******, Ц.******* нар нь гишүүний үнэмлэх байхгүй намын гишүүн  бус гэж байна.  Б.******* нь 2000 онд  намаас түдгэлзсэн, 2009 оны 1 дүгээр сарын 07-нд намаас татгалзсан гэж байгаа боловч албан ёсоор намд хүсэлт ирүүлээгүй юм. Мөн Ц.******* нь 2016 оны 09 дүгээр сард  ******* намаас гарах хүсэлтийг эхнэрээрээ дамжуулж  ирүүлсэн байдаг, энэ нь намын гишүүн байсан гэдгийг нотолж байгаа гэж үзэж байна. Б.*******гийн тухайд төрийн албанд ажиллаж байгаад, 2014 онд өндөр насны тэтгэвэрт гарсан учир  ******* намын дүрмийн 3.4.2-д зааснаар гишүүнчлэл нь сэргэнэ гэж ойлгож байна. Харин нэр дэвшигч Б.*******гийн тухайд 2000 онд ******* намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд тойрог сольсон асуудал гарсан нь үнэн. Ц.*******, Б.******* нарт намын гишүүний үнэмлэх олгогдсон талаархи баримт аймгийн архивт байхгүй байгаа юм. Иймд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж өгөхийг Баян-Уул сумын Сонгуулийн хороонд даалгуулж өгнө үү гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* намын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэр дэвшигч Ц.*******ын тухайд ******* намын дүрмийн 3.4.1, 3.4.3, 3.4.4  дэх заалтыг зөрчсөн. Хэрвээ намын гишүүн биш юм  бол яагаад намын гишүүнээс гарах хүсэлтийг  дахин гаргаж өгч байгаа  юм бэ? Энэ нь  ******* намын  гишүүн байсан гэдгийг нотолж байна. Нэр дэвшигч Б.*******гийн тухайд намын даргатайгаа үзэл бодол нийлэхгүй байсан гэж тайлбарлаж байна. Хүний гомдож баярлах нь сэтгэлзүйн асуудал. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д ...тухайн байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасан гэтэл намдаа албан ёсоор бичгээр мэдэгдээгүй байна. Мөн төрийн албанд ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэртээ гарахад Намын дүрмийн 3.4.2 зааснаар намын гишүүн нь сэргэнэ гэсэн зохицуулалтын дагуу намын үйлчлэл нь сэргэсэн гэж үзэж байна. Орон нутгийн сонгуульд ******* намын  гишүүн  Монгол Ардын намын нэрийн өмнөөс нэрээ дэвшүүлж байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдах үр дагавартай. Иймд гуравдагч этгээд Ц.*******, Б.******* нарыг  Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэстэй гэж үзэж байгаа учир нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү  гэв.

       Хариуцагч Баян-Уул сумын Сонгуулийн хорооны дарга Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* намын дарга ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Баян уул сумын Монгол Ардын намын хорооны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот тогтоолоор Б.*******, Ц.******* нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлж, хуулийн хугацаанд нэр дэвшигчийн материалыг сумын  Сонгуулийн хороонд ирүүлсэн. Монгол Ардын намаас нэр дэвшигч  Б.*******, Ц.******* нартай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 05-нд  Баян Уул сумын  ******* намаас ирүүлсэн албан бичигт  Б.*******г ******* намын дүрмийн 3.4.2 дахь  заалтын  дагуу  гишүүний эрх нь сэргэсэн байсан тул  МАН-аас нэр дэвших эрхгүй, бүртгэхээс татгалзахыг хүссэн байсан учир Сонгуулийн хорооноос Б.*******, Ц.******* нарт холбогдох нэмэлт материалыг ******* нам, Монгол Ардын нам, нэр дэвшигч Б.******* нараас гаргуулан хянан үзэхэд: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 6 дугаар заалтын дагуу намын харьяалалаас түдгэлзсэн байсан боловч нэр дэвшигч Б.******* нь сумын Засаг даргын Тамгын газарт ******* намын гишүүнчлэлээс татгалзсан тухайгаа албан ёсоор бичгээр илэрхийлсэн байна. Үүнээс үзэхэд өөрийн хүсэлтээр  ******* намаас гарсан болох нь тогтоогдсон. Мөн намын гишүүний анхдагч баримт болох ******* намын гишүүний батлах байхгүй, харин  МАН-ын хүчин төгөлдөр бүхий батлахтай байсан тул  ******* намын гишүүн гэж үзэх үндэслэлгүй байсан.

         Харин Ц.*******ын хувьд ******* намаас ирүүлсэн албан бичигт ******* намын дүрмийн 3.4.1, 3.4.3, 3.4.4 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхгүй байх тухай дурьдсан байсныг хянаж үзэхэд     2012 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн сурталчилгаанд ажилласан гэх шалтгаанаар  2012 оны орон нутгийн сонгуульд ******* намаас нэр дэвших эрхээ хасуулж байсан. Мөн үүнээс хойш ******* намаас үйл ажиллагаандаа татан оролцуулж байгаагүй бөгөөд намын татвар хураамж төлсөн баримт болон  ******* намын гишүүний батлах байхгүй байсан. Харин МАН-ын хүчин төгөлдөр бүхий батлахтай байсан. Мөн ******* намаас ирүүлсэн шинэчлэл бүртгэл гэх жагсаалтад Ц.*******, Б.******* нарын  нэр нь байгаа боловч тухайн жагсаалт нь хэн, хэзээ, ямар зорилгоор үйлдсэн нь тодорхойгүй, тамга тэмдэг, он сар өдөргүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй гар ноорог хэлбэрийн материал байсан нь нотлох баримт болж чадаагүй. Иймд дээрхи нөхцөл байдлыг дүгнэн, цугларсан баримтад тулгуурлан нэр дэвшигч Ц.*******, Б.******* нарыг МАН-аас нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан “Нэг намын гишүүнийг өөр намд нэр дэвшүүлэхийг хориглоно” зөрчөөгүй юм гэж үзээд Сонгуулийн хороо бүртгэсэн юм гэв.

     Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баян-Уул сумын  4 дүгээр багийн иргэн Б.******* би анх 1996 онд сумын МҮАН-д гишүүнээр элсэн 2000 он дуустал харьяалалтай үйл ажиллагаанд нь оролцож явж байсан. 2000 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуульд өөрийн харьяалалтай 4 дүгээр багаас нэр дэвшиж байхад ******* намын даргаар ажиллаж байсан Б.******* нь тойрог солих хугацаагүй болсон үед  надтай зөвшилцөлгүй  5 дугаар  багт намайг нэр дэвшүүлээд тухайн жилийн орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тухайн үед Б. ******* даргад та нар нутаг орон, жалга довны үзэл гаргасан учир цаашид хамтран ажиллахад үзэл бодол таарахгүй болсон тухайгаа хэлж,  өөрийн хүсэлтээр  2000 оны 12 дугаар сард сумын ******* намын харьяалалаас гарах тухайгаа  албан ёсоор мэдэгдсэн. Түүнээс хойш намын үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй бөгөөд надад намын гишүүний үнэмлэх байхгүй, татвар төлж байгаагүй юм.  Миний бие 1998 оны 01 дүгээр сарын 02-ноос 2006 оны 6 дугаар сарын 19 хүртэл  Сумын Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээний ажилтан,  2006 - 2014 оныг дуустал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. ******* намын бүртгэлээс харахад миний нэрийг хассан байсан бөгөөд оршин сууж буй хаягаас эхлээд дэлгэрэнгүй бүртгэл огт бичигдээгүй байсан. Намайг намын гишүүн гээд байгаа юм бол нэг суманд ажиллаж амьдарч байгаа учир ядаж дэлгэрэнгүй бүртгэл авч болно биздээ. Миний бие 2014 оны 12 дугаар сарын 31-нд өндөр насны тэтгэвэртээ гарсны дараа МАН-ын дэмжигчээр ажиллаж  байгаад 2016 оны 5 дугаар сарын 23-нд  Монгол Ардын намын батлах авсан юм. Ер нь ******* намын дүрмэнд үзэл бодол үйл ажиллагаагаараа сайн дураараа эвлэлдэн нэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл ******* нам гишүүдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаагүй байж орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх болохоор бүтэн 16 жилийн дараа ******* намын гишүүний үйлчлэл сэргэнэ гэж надад шахалт үзүүлж байна. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

       Гуравдагч этгээд Ц.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сумын ******* намд харьяалалтай байсан  үйл ажиллагаанд нь оролцож байсан боловч уг намын гишүүний батлахыг  ердөө авч байгаагүй болно. 2011 онд сумын ******* намаас миний биеийг аймгийн намын хорооны гишүүнээр сонголоо гээд баахан бичиг баримт бүрдүүлээд, төлбөр хэмээн 100000 төгрөг төлүүлсэн боловч маргааш нь та намын хорооны гишүүн болох боломжгүй гээд болиулж байсан. Дараа нь олон сар нэхэмжилж байж төлсөн мөнгөө хагас дутуу буцаан авч байсан болно. 2012 онд ******* намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон боловч, 2012 оны хаврын УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч Х.*******ы төлөө ажилласан гээд намаас нэр дэвшихийг хориглож нэр дэвшүүлэх эрхээ хасуулсан. Тухайн үед бие даагч нэр дэвшигчийн болон ******* намын Сонгуулийн байр өөд өөдөөсөө харсан байранд байрлаж байсан. Тухайн үед надад хэлж болох л байсан юу ч хэлээгүй байж орон нутгийн сонгуульд нэр дэвших болохоор хориглож шахалт үзүүлсэн, Ингээд би тухайн үед намын даргаар ажиллаж байсан Б.*******д ******* намаас бүрмөсөн гарлаа гээд албан ёсоор мэдэгдэж хэлсэн. Үүнээс хойш 30 хоногийн дотор намын бүртгэлээс хасагдсан гэж бодсон учир нь  ******* намын ямар нэгэн үйл ажиллагаа болон хурал цуглаанд намайг оролцуулж байгаагүй би ч оролцож байгаагүй бөгөөд татвар хураамж зэргийг төлүүлж  байгаагүй. 2016 оны 09 дүгээр сард намайг хөдөө ажлаар явж байхад  манай эхнэрт намаас гарсан юм бол  хүсэлтээ бичиж өг гэсэн байсан, манай эхнэр хүсэлтийг нь  2012 оны 10 дугаар сарын 01-нээс гэж бичээд ******* намын даргад өгсөн байгаа юм. Энэ нь  намын дүрэм зөрчсөн баримт болгох гэж хүсэлт бичүүлсэн юм байна л даа. Гэхдээ энэ хүсэлтийг би өөрийн гараар бичээгүй хүсэлтэн дээр 2012 оноос гэж байгаа юм. Ер нь намын дүрмийн заалтад намаас түдгэлзэх гарах зэргийг албан журмаар мэдэгдэнэ гэсэн нь заавал бичгээр гэсэн заалт байхгүй юм. Миний бие ******* намаас бүрмөсөн гарч чөлөөлөгдсөн гэж үзсэн учир Монгол Ардын намд элсэж, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуульд ялалт байгуулаад байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн судлаад Дорнод аймгийн Баян-Уул сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Баян-Уул сумын  ******* намын  “Нэр дэвшигч ийн *******, *******ын ******* нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахыг Баян-Уул сумын Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу Баян-уул сумын Монгол Ардын нам нь, энэ хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-157.2.6 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг хуульд заасан хугацаанд нь бүрдүүлж, сумын Сонгуулийн хороонд ирүүлсэний дагуу, сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Ц.*******ыг 2 дугаар тойрогт, Б.*******г 4 дүгээр тойрогт тус тус нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

       Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаар, энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл бүртгэсний дараа тогтоогдсон нөхцөлд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлтэй.

       Нэхэмжлэгч тал нэр дэвшигч Ц.*******, Б.******* нарыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” заалт болон ******* намын дүрмийн 3.4.1, 3.4.2, 3.4.3, 3.1.4 дэх заалтуудыг зөрчсөн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

     Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна” гэсний дагуу дээрхи нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж, ******* намын дүрмийн гуравдугаар бүлгийн 3.4.1 “Намын гишүүн нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харьяалах шатны намд албан журмаар мэдэгдэж бүртгүүлнэ”, дүрмийн  3.4.2-т хуулийн үйлчлэл дууссан бол гишүүнчлэл сэргэнэ” дүрмийн 3.4.3-т “Гишүүн намаас чөлөөлөгдөх хүсэлтээ харьяалах намын байгууллагадаа мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг бүх шатны намын бүртгэлээс хасуулахыг тухайн шатны нам хариуцна” дүрмийн 3.4.4-д Намын гишүүн нь намаас гарах хүсэлтийнхээ хамт гишүүний үнэмлэхээ буцааж өгнө” гэж заасан байна.

       Гуравдагч этгээд Б.******* нь 1998-2014 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд сумын Засаг даргын Тамгын газарт Хяналт шинжилгээний мэргэжилтэн болон Тамгын газрын даргаар ажиллаж байгаад[2] Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд, гуравдагч этгээд Ц.*******, Б.******* нар нь   ******* намын гишүүн бус гэдгээ ийнхүү тайлбарлаж байна.  ...  2011 оноос намдаа итгэх итгэл алдагдсан. 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Х.*******ы сурталчилгаанд ажилласан гэх шалтгаанаар 2012 онд орон нутгийн сонгуульд ******* намаас нэр дэвших эрхээ хасуулж байсны улмаас ******* намын дарга  Б.*******д ******* намаас бүрмөсөн гарлаа гэж мэдэгдсэн. Үүнээс хойш  намаас зохион байгуулж буй ажлуудад оролцуулж байгаагүй, намын батлах байхгүй талаар,  Б.******* нь  1996 онд   Монголын Үндэсний ******* намд гишүүнээр элсэж  2000 он хүртэл  намын харьяалалтай үйл ажиллагаанд нь оролцож байсан бөгөөд  2000 оны 10 дугаар сард өөрийн харьяалалтай 4 дүгээр багт орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн байхад ******* намын дарга Б.******* нь тойрог солих хугацаагүй болсон үед тойргийг сольж ялагдал хүлээлгэсэн, ...цаашид хамтран ажиллах боломжгүй болсон, 2000 оноос хойш татвар хураамж төлж байгаагүй намын гишүүний батлах олгогдоогүй, жил бүрийн шинэчлэгдсэн бүртгэлээс хасагдсан, намдаа итгэх итгэлгүй болсон гэжээ.[3]

        Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д  “гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход үндэс, угсаа, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “намын болон гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” талаар хуульчилсан байна. Гэтэл дээр дурьдсан тайлбараас үзэхэд: Баян-уул сумын ******* нам нь  намын гишүүн Б.*******, Ц.******* нарыг  2000, 2012 онуудад  “орон нутгийн сонгуульд нэр дэвших, сонгох эрхээр нь хангаж, намын гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” хуулийн заалтыг тухайн үед хэрэгжүүлж чадаагүй байсан байна.  

      Түүнчлэн хавтаст хэрэгт /эхний удаа/ ******* намаас ирүүлсэн ******* намын гишүүдийн бүртгэлийн 56, 57-рт  Б.*******, Ц.******* нарын нэр байгаа боловч дэлгэрэнгүй бүртгэл болох регистр, нас, хүйс, намд элссэн он, гэрийн хаяг, тамга тэмдэг байхгүй Б.*******гийн нэрийг дарсан  байгаа[4]  ба татвар хураамж төлж байсан баримт болон намын батлах байхгүй байгаа бөгөөд ******* намын зүгээс гишүүний үнэмлэхийг намаас олгож байсан талаархи баримт  аймаг, сумын намын архивт байхгүй байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

         Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол улсын иргэдийн нэгдэл мөн” хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 “Намд албадан элсүүлэх болон намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно” гэжээ. Тэгэхээр Ц.*******, Б.******* нарын тухайд анх Монголын Үндэсний ******* намд элсэж үйл ажиллагаанд оролцож байсан хэдий ч дээр дурдсан  ...үндэслэлийн дагуу намын гишүүнээс түдгэлзэж, татгалзсан, чөлөөлөгдсөн гишүүн бус гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

        Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу  намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх  хянан шийдвэрлэхгүй бөгөөд, дээр дурьдсан намын дүрмийн 3 дугаар бүлгийн заалтыг зөрчсөн эсэх асуудлыг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх юм. Харин нэхэмжлэгч ******* нам нь Ц.*******, Б.******* нарыг өөрийн намын гишүүн гэдгийг баримтаар нотолж чадахгүй байна.

       Гуравдагч этгээд Ц.*******, Б.******* нар нь Монгол Ардын намын гишүүн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Баян-уул сумын  Монгол Ардын намын хорооны 04 тоот тодорхойлолт,[5] Монгол Ардын намын гишүүний 0271589, 0271590 тоот бат илэрхийлэх[6] зэргээр нотлогдож байх тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6  “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно”  заалтыг зөрчөөгүй.

        Иймд  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дүгээрт  “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4  дэх хэсэгт  “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсний дагуу Баян-уул сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоолоор баталсан Ц.*******, Б.******* нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь  хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

      1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 157 дугаар зүйлийн 157.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Баян-Уул сумын Сонгуулийн хороонд холбогдох, Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нэр дэвшигч ийн *******, *******ын ******* нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг, сумын Сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч сумын ******* намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баян-Уул сумын  ******* намын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 

 


[1] Хавтас хэргийн 1-2 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас

[5] Хавтас хэргийн 37 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 39, 43 дугаар хуудас