Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 45

 

Б.*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Ц.Ариунжаргал

            Шүүгдэгч Б.*******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

            Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нарыг оролцуулан,

            Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн Б.*******эд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой Гурвантэс сумын Баясах багийн нутаг Цагаан дэрс гэх газарт өөрийн гэртээ Н.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулж улмаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.*******эд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгий хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.*******ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.*******ийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зэаснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арвай нэртэй архины шил 3 ширхэг, улаан шонхор нэртэй тамхины иш 8 ширхэг, металь шанага 1 ширхэг, металь хоолны том халбага 2 ширхэг, галын хайч 1 ширхэг, металь бариултай хусуур 1 ширхэг, хуванцар бариултай металь хусуур 1 ширхэг, металь хутгуур 1 ширхэг, металь эвхдэг ширээний хөл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, Б.*******ийн цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг хорих ял эдэйлсэн хугацаанд оруулж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн хувьд ногдох хөрөнгөөс 3681264 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан Ш.*******д олгож, 20000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн адуу 1 толгой, ямаа 75 толгой, ашиглах боломж муутай гэх 4 ханатай гэр 1 ширхэг, чулуун хороо, төмөр зүйж барьсан 2x2 харьцаатай эвдэрхий пин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.******* нь талийгаачийг нэг л удаа шанагаар цохисон талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүйлэгт тууштайгаар мэдүүлдэг бөгөөд үүнийг нь гэрч Т.*******ын: “...би нэг цохисон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг нь давхар нотолдог.

Мөн шинжээч эмч С.******* нь мэдүүлэхдээ: “...нилээн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой." гэсэн нь тус гэмтлийг Б.******* учруулсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн Б.*******ийн: “...******* мотоцикль сайн барьдаг болохоор унуулаад би өөрөө араар нь сундалаад айлд очих гэж яваад бид 2 замдаа мотоциклиос унасан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч С.*******ийн: “... зам тээврийн ослын үед дээрхи гэмтлүүд үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг зэрэг нь талийгаач *******ийг мотоциклиос унаж уг тархины эдийн няцрал гэмтлийг авсан байх бүрэн боломжтойг харуулж байна.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан байхад талийгаачийг 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр сумын төвд ирээд 13 цагийн үөд Янжин гэх айлд очоод тэндээсээ 14 цаг өнгөрөөгөөд явсан талаар гэрч Батдалай, Даваахүү, Сайнзаяа нар мэдүүлдэг боловч үүнээс хойш 19 цаг хүртэл хаагуур явсан энэ хугацаанд гэмтэл авахаар үйлдэл хийсэн эсэхийг нь нарийн тогтоох ажиллагаа хийгээгүй байж ******* шанагаар цохисон юм чинь тэгэхэд л талийгаач гэмтэл авсан гэх байдлаар хэргийг шийдсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

            Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 дахь хэсэгт ”мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн бол” нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар заасан байдаг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Б.*******ийн төрсөн дүүгийн хүүхэд болох Б.*******ыг гэрчээр асуухдаа ЭБШХуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхийг нь тайлбарлан өгөлгүй байцаалт авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хангалттай үндэслэл болж байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлахад хэргийн зүйлчлэл тохирсон эсэх нь мөн эргэлзээтэй бөгөөд үнэхээр л шанагаар нэг цохисоноос тус гэмтэл учирсан гэж үзэхээр бол *******ийн шанагаар цохисон шалтгаан нь Монголчуудын уламжлалт баяр ёслол болох сар шинийн өмнө өдөр талийгаач хойморт нь шээж, пиво асгаж, тавагтай идээг нь нураан өөрийг нь боож зодон хүндээр доромжилсонтой холбоотой учир /энэ нь гэрч *******гийн мэдүүлгээр /хх-ийн 114-115/ нотлогддог.

             Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир миний зүгээс Б.*******эд гомдол, санал байхгүйг харгалзан үзэн оногдуулсан ялаас хуульд заасан боломжоор нь хасч өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...энэхүү үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөн талийгаач бид хоёр манай дүү болох Баттулгынх руу мотоциклиор явж байгаад онхолдсон бөгөөд энэ үед *******ийг тархиндаа гэмтэл авсан байх гэж бодож байна.

Талийгаач миний мотоциклийг барьж яваад онхолдсон нь үнэн. Би дүүгийндээ хүргэж өгөөд шинийн нэгний орой гэр рүүгээ ганцаараа буцсан.

Иймд эрхэм шүүгчид та бүхэн үнэн зөвийг ялган шүүж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүгдэгчийн өмгөөлөгч талийгаачийн гэмтлийг олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж зөрүү гаргаж гомдол гаргаж байна. Хохирогчид зөвхөн тархины гэмтэл учраагүй. Энэ гэмтэл нь харилцан зодолдсоны улмаас үүссэн байдаг. Мотоциклиос унасан талаар ямар ч нотлох баримт байхгүй. Шүүгдэгч л мотоциклиос унасан гэж тайлбарладаг. Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа ЭБШХ 147.4-д заасныг тайлбарлаж өгөөгүй гэдэг нь хууль зөрчсөн асуудал биш юм. Талийгаач гэрийн хойморт шээсэн гэж сүүлд тайлбарладаг боловч *******ийг пиво асгахад нь ******* уурлан, харилцан зодоон үүсгэсэн байдаг нь илүүтэй харагддаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ээс гаргасан тайлбартаа: Санаатай алсан гэж үзээд байгаа юм. Би санаандгүй шанагаар цохисон юм. Би санаатай үйлдэл хийгээгүй. Би сумын төвд хүргэж өгсөн. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бол эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болдог. Насанд хүрээгүй хүнийг байцаахдаа эрх, үүргийг тайлбарлаж өгөлгүйгээр тайлбар авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна. Гэтэл мөрдөн байцаагч болон прокурор уг үүргээ биелүүлээгүй. Хэргийн хүрээнд эдгээр нөхцөл байдлыг тогтоолгүй, хэт яллах талын нотлох баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг болдог үед талийгаач Б.*******ийн биед гэмтэл учруулан, гэрт нь агсам тавьсан байдаг. Б.******* нь талийгаачийн толгойн тус газар шанагаар 1 удаа цохьсон байдаг. Талийгаачийн авсан гэмтэл нь ахуйн орчинд олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэт хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг шийдсэн. *******тэй сумын төвд 1 цагийн үед ирсэн ба 2 цаг хүртэл хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. ЭБШХ 317.1-д зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Хэрвээ давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзвэл ялаас хөнгөлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж зөвхөн гомдолд дурдсдан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал 80 дугаар зүйлийн 80.1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал”, 80.1.2-т “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”,  80.1.5.-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” , 80.1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” гэх нөхцөл байдлууд Б.*******эд холбогдох 201616000028 тоот хэрэгт бүрэн гүйцэд нотлогдон тогтоогдсон гэж дүгнэх хууль зүйн боломжгүй байна.

Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт болон нэмэлт дүгнэлтэнд ...*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины хоёр тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархин дахь тархины эдийн няцрал, хоёр нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, хоёр талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо /хх-157, 159-160/ гэсэн дүгнэлт, гэрч Б.ын ...******* гэх хүн архи уучихсан согтуу, нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Тэрийгээ мотоциклиос унасан юм гэж хэлсэн. Тэгээд архи уучихаад унтаад өгсөн /хх-95/ гэсэн мэдүүлэг, шинжээч эмч С.*******ийн ...зам тээврийн ослын үед дээрх гэмтлүүд үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-166/, шүүгдэгч Б.******* нь талийгаачийг нэг л удаа шанагаар цохисон гэсэн мэдүүлэг, гэрч О.ын ...Намайг харахад хэвтэж байсан. Тэгээд би ээждээ хэлсэн /хх-82/ гэх мэдүүлэг, гэрч Д.гийн ...Би өчигдөр 19 цаг өнгөрч байхад манай хүү гэртээ орж ирээд дээд хашааны үүдэнд хүн хэвтэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хашааныхаа хаалгаар шагайж харахад манай дээд хашааны хаалганы урд хүн хэвтэж байсан. /хх-84/ гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн ..уг мэдээллийн дагуу очиход үл танигдах 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүн цэнхэр өнгийн дээл, шар бүс, хар хөх жинсен өмд, түрийтэй хар өнгийн гуталтай байсан. /хх-86/ гэх мэдүүлэг, гэрч Л.*******ын ...уг хашааны урд ******* нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. /хх-88/ гэх мэдүүлэг, гэрч Д.*******ын ...хашааны урд талын том хаалгийг хаахад үүдэнд жижиг хаалгатай ойрхон дээшээ хараад нэг эрэгтэй хүн унтаж байсан. Тэгэхээр нь цагаан сар болж байгаа болохоор согтуу хүн унтаж байгаа юм байна гэж бодчихоод тоолгүй хашааны хаалга хаагаад гэрлүүгээ орсон /хх-147/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт авсан байхад талийгаачид учирсан бусад олон тооны гэмтлүүдийг хэн, хэдийд, хэрхэн, яаж учруулсныг бүрэн гүйцэд тогтоогоогүй.

Шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21 тоот дүгнэлтийн 2, 4, 6-д зааснаар “хохирогч Н.******* нь хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ” гэж түүний үхэлд хүргэсэн гэмтлийг дурджээ.

Дүгнэлтийн 4-т “...тухайн гэмтлийн үед ухаан алдах, хурхирах, толгой хүчтэй өвдөх, мөчдөд саа, саажилт үүсэх, хүүхэн харааны гэрлийн урвал, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, гэх мэт мэдрэлийн талын шинж тэмдгүүд илэрдэг” гэсэн хэдий ч хохирогч энэ гэмтлийн улмаас дээрхи шинжүүд хэдий хугацааны дараа илэрч, тэрээр биеэ авч явах чадвар хэдий хугацаанд үргэлжлэх, (гэрчүүдийн мэдүүлэгт дурьдсанчлан явах эсэх), гэх мэт нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, тодорхойгүй, бүрэн бус байх тул дурдсан нөхцөл байдлуудыг дахин тогтоолгох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу өмнөх дүгнэлтүүдийг гаргасан шинжээчийг оролцуулалгүй хэд хэдэн шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Хэргийн эд мөрийн баримт нь байцаан шийтгэх ажиллагааны журамд зааснаар уг үйлдэл холбогдол болон хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой эд зүйл байдаг ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд мөрийн баримтанд үзлэг хийх зэргээр тухай н гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой эсэх, хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл үүсэхэд нөлөөлсөн эсэхийг тогтооход шаардлагатай ажиллагааг хийх нь зүйтэй.

Мөн талийгаач нь Гурвантэс сумын төвд очоод хаагуур явсан маршрутыг нарийн тогтоогоогүй, сумын төвд байхдаа бусдад зодуулж дээрх гэмтлүүдийг авсан эсэхийг зайлшгүй шалган тогтоох ажиллагааг хийх шаардлагатай байна.

Иймд мөрдөн байцаалтыг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулж гүйцэд биш хийсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх гомдлын талаар давж заалдах шатны шүүх энэ удаа дүгнэлт хийж боломжгүй байна.

                  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлийн 325.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

                       2. Хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт очтол Б.*******эд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүэй.

           3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ДОЛГОРМАА

                                                     ШҮҮГЧИД                                           Т.БЯМБАЖАВ

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА