Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01391

 

Металл энд Вүүд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04440 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1615 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Металл энд Вүүд ХХК

Хариуцагч :  Д.Нинжбадгар,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг цуцлах, 12.450.000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 19 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Д.Нинжбадгараас 1996 онд үйлдвэрлэгдсэн Daewoo PC57D10 маркийн ачааны автомашиныг 2014.7.03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 30 сая төгрөгөөр авсан. Төлбөрт нь Toyoto Pruis 20 маркийн автомашин оролцуулж, дээр нь 2 сая төгрөг бэлэн өгч үлдэгдэл мөнгийг 2 хувааж төлөхөөр тохирсон. Д.Нинжбадгар манайд Daewoo авто машиныг зарахдаа ямар нэгэн техникийн доголдол байхгүй гэж зарсан бөгөөд манайх тухайн үедээ Дархан руу туршлагатай жолооч аваад ачаа зөөсөн. Гэтэл Дархан руу 3 хоног явж очсон. Тухайн үед үзүүлэхэд “унасан” машин байна, баруун гар тал руугаа булаадаг гэсэн. 2014.7.05-ны өдрөөс барилгын суурийн шороо зөөж эхлэхэд  түлш нь тасалдаж хөдлөх араанд орохгүй гацаж, цахилгаан нь  гэмтэж хиншүү гарах зэргээр маш олон доголдол үүссэн.  240.000 төгрөгөөр стартер худалдан авч тавиад хот руу гарсан боловч 1 хоногийн дараа Улаанбаатар хотод ирсэн. Ингээд Д.Нинжбадгартай уулзаж гэрээг цуцлан автомашиныг буцаах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөхгүй, баталгаат хугацаа өгөөгүй гэх шалтгаанаар саналыг хүлээн авахгүй. Иймд  автомашиныг буцааж, өөрсдийн гаргасан зардал болох 1.450.000 төгрөг, бэлэн мөнгө 2 сая төрөг, төлбөрт тооцон өгсөн Toyoto Pruis 20 маркийн авто машины үнэ 9 сая төгрөг  нийт  12.450.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ машиныг 34 сая төгрөгөөр худалдан авсан боловч ангилал нь таарахгүй байсан тул 30 сая төгрөгөөр зарсан. Анх машиныг үзүүлж шалгуулахад тус компанийн захирал машинаа үзэж шалгаж гэрээгээ байгуулж, гарын үсэг зурж авсан. 9 сая төгрөгөнд Рruis маркийн автомашин, бэлнээр 2 сая төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг 14 хоногийн хугацаатай 2 хувааж төлөхөөр тохирсон. Ингээд 7 дугаар сарын 6-нд Металл энд вүүд ХХК-иас мөнгө авъя гэж ярихад наадмын дараа өгнө гэсэн, машины эвдрэл гэмтлийн талаар юу ч яриагүй. Машинаа хүлээлгэж өгөхөөс өмнө 4 дүгээр сард оношлуулж тэнцсэн байгаа. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэсэндээ ийм нэхэмжлэл гаргасан байна, би сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Автомашиныг 30 сая төгрөгөөр худалдсан. Металл энд Вүүд ХХК нь 30 сая төгрөгөөс үлдэх 19 сая төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сард энэ машин оношлогоонд ороогүй байсан. Энэ машин нь авто тээврийн аюулгүй байдлыг хангахаар байсан бол манайх мөнгийг бүрэн төлөх байсан. Харин энэ машин нь чанарын шаардлага хангаагүй. Тийм учраас манайх 19 сая төгрөг өгөхгүй, харин манайхаас авсан мөнгийг өгөөд Toyoto Pruis 20 маркийн автомашинаа буцаан авна. Daewoo маркийн автомашиныг нь буцааж өгмөөр байна. Ажил олгогч бидний  хувьд хүний амь нас маш чухал болохоор тэр машиныг байгууллагынхаа хашаанд тавьж, хөдөлгөөгүй байлгаж байгаа гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04440 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нинжбадгараас 12.450.000 төгрөг гаргуулахыг хүссэн Металл энд Вүүд ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Металл энд Вүүд ХХК-иас 19.000.000 төгрөг гаргуулж Д.Нинжбадгарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Металл энд Вүүд ХХК-иас төлсөн 243.950 төгрөг, Д.Нинжбадгараас төлсөн 252.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Металл энд Вүүд ХХК-иас 252.950 төгрөг гаргуулж Д.Нинжбадгарт олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1615 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04440дүгээр шийдвэр хэвээр үлджээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн дүгнэлтээс үзэхэд худалдсан автомашин нь насжилт ихтэй, учирсан гэмтлийн хугацааг ялган тогтоох бололцоогүй тухай хариу ирүүлсэн. Энэ нь шинжилгээнд илгээж буй хяналтын объект нь тухайн шинжилгээний асуултын шаардлагыг хангахгүй байх тохиолдолд хамаарч байна. Маргааны зүйл нь  шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох баримтаа гаргаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. “Мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан" гэдэгт худалдан авагч тухайн эд хөрөнгийг хүлээн авч байхдаа доголдлыг мэдээгүй боловч мэдэх боломжтой байсан тохиолдлыг хамааруулж ойлгоно. Цаашилбал, худалдагч нь үүнийг нотлох хэрэгтэй. Тус автомашин нь насжилт ихтэй тээврийн хэрэгсэл тул мэргэжлийн шинжээчийн тодорхойлоход хүндрэл үүсч буй техникийн нөхцөл байдлыг энгийн худалдан авагч анхнаасаа мэдэх боломжтой байсан гэж үзсэн нь хууль хэрэглээний алдаа болсон. Худалдагч нь доголдлын талаар өөрөө мэдээгүй байсан, түүнд гэм буруугүй байснаас үл шалтгаалан хариуцлага хүлээхээр зохицуулсан нь гомдлын шаардлага гаргах хугацааны үндсэн зохицуулалт мөн. Худалдан авагч тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ хүлээн авах үүргээ биелүүлсэн боловч өмчлөлдөө "хүлээн аваагүй" байсан. Худалдагч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээс өөрөө татгалзсан. Гэрээний 4-т заасны дагуу худалдагч автомашиныг шилжүүлэн өгөхдөө хүлээлгэн өгөх акт үйлдээгүй байна. Мөн хариуцагч “өөрсдөө шалгаж авсан, бид хүлээлцсэн” гэх нь доголдолгүй гэж үзэх баримт болохгүй ба зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой талаар хэрэгт ямар ч баримтгүй байхад автомашиныг шууд ашиглах боломжтой гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 40.2-т заасныг зөрчиж байна. Худалдах-худалдан авах гэрээ нь 2014.7.03-ны өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний зүйл болсон автомашин нь 2014.5.05-ны өдөр техникийн үзлэг, оношлогоонд тэнцсэн байна. Худалдагдахаас өмнөх энэ хугацаанд буюу үзлэг, оношлогоонд тэнцсэнээс хойшхи орчим сарын хугацаанд автомашин биет байдлын доголдолтой болсон байхыг үгүйсгэхгүй учир шүүх ИХШХШТХ-ийн 40.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Оношлогоонд орсноос  хойш 2 сар буюу нийт 59 хоногийн дараа тус автомашиныг худалдсан ба энэ хугацаанд автомашинд доголдол үүссэн байх бүрэн бололцоотой, 59 хоногийн өмнө зохих оношлогоонд тэнцсэн явдал нь эд хөрөнгө доголдолгүй гэж үзэх шууд үндэслэл огт болохгүй ба  энэ хугацаанд доголдол үүсээгүйг худалдагч нотлоогүй. Хариуцагч тус машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй. Автотээврийн тухай хууль тогтоомжийн хүрээнд, тухайлбал, Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам"-с үзвэл  тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь Засгийн газрын тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгслийг хагас жил тутамд, бусад тээврийн хэрэгсэл, өөрөө явагч механизм, мотоциклийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэг, оношлогоонд хамруулдаг. Иймд худалдан авагчийн эзэмшилд шилжүүлснээс хойшхи хугацаанд нэхэмжлэгч тус үзлэгт автомашиныг зохих журмаар хамруулах оношилгоо хийлгүүлэх эрх зүйн үндэслэл боломжгүй байсан. Худалдагч нь тээврийн хэрэгслийн холбогдох бичгүүдийг худалдагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, түүнээс өөрийн санаачилгаар татгалзсан явдал нь тухайн хөрөнгийг худалдагч шилжүүлэн авснаар үр шим болон эрсдэл шилжих нөхцлийг хаасан болохыг анхаарах шаардлагатай байна. Ашиглалтаас болж эвдрэл үүссэн тохиолдолд өөрсдөө хариуцах ёстой гэх тайлбараа худалдагч нотлох ёстой ч  ийм баримт гаргаж өгөөгүй байна.Өрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээ цуцлах тухай шаардлага гаргах эрхээ алдсан болохыг нотлох үүрэг нь хариуцагчид ногдож байхад шүүх  “...нэхэмжлэгч 255.1.1-т заасны дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан...” гэж хуулийг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагч хэрэгт авагдаагүй баримтын талаар ярьж байсан бөгөөд дарааллын дагуу асуулт асууж байхад шүүгч  хариулт авах бололцоо олгоогүй. Мөн нэхэмжлэгчийн талаас тооцооллын алдаа гаргаж илүү мөнгө төлсөн байсныг давж заалдах шатны шүүх бүхэлд нь улсын орлогод үлдээсэн нь буруу юм. Иймд нэхэмжлэлийг үндсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

Металл энд Вүүд ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Д.Нинжбадгартай 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 24-20 УБӨ дугаартай, DAEWOO PC 57D10 маркийн автомашиныг буцаан өгч, гэрээний дагуу төлсөн 2 сая төгрөг, төлбөрт тооцон өгсөн 74-12 УНБ дугаартай TOYOTA PRIUS 20 маркийн автомашины үнэ 9 сая төгрөг, гэрээнээс татгалзахад гарсан зардал 1.450.000 төгрөг нийт 12.450.000 төгрөг шаардсан. /хх 1, 26/ байна.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд /хх 16/ сөрөг нэхэмжлэл /хх 22-23/ гаргаж, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу 30 сая төгрөгийн үлдэгдэл 19 сая төгрөгийг нэхэмжлэгчээс шаарджээ. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах  үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Зохигчид 2014 оны 7-р сарын 03-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Д.Нинжбадгар нь 1996 онд үйлдвэрлэгдсэн Daewoo PC57D10 маркийн 24-20 УБӨ дугаартай ачааны автомашиныг худалдах, Металл энд Вүүд ХХК гэрээний зүйлийг хүлээн авах, 30 сая төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээн авсан бөгөөд төлөх ёстой 30 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг  бэлнээр, Toyoto Pruis 20 маркийн авто машиныг 9 сая төгрөгт тооцон өгсөн, 19 сая төгрөг төлөөгүй үлдсэн үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул талууд үүргээ биелүүлэх, гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл “...гэрээний зүйл бие байдлын доголдолтой байна...” гэсэн үндэслэлээр Металл энд Вүүд ХХК нь хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. 

Иргэний хуулийн 243, 251 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.

Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-с үзвэл зохигчид гэрээний зүйлийн чанарын талаар заагаагүй байна. Гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй учир эд хөрөнгийг   зориулалтаар нь ашиглах боломжгүй байгааг эсхүл эд хөрөнгөд илэрсэн доголдол нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээр байгааг нэхэмжлэгч нотолсон тохиолдолд худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл бий болох юм. 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл худалдан авагч нь Daewoo PC57D10 маркийн 24-20 УБӨ дугаартай ачааны автомашиныг 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан ч талууд гэрээний 4-т заасан актыг үйлдээгүй байна. Эд хөрөнгийг хүлээн авах, өгөх акт үйлдэгдээгүй тул гэрээний зүйлийг худалдагч шилжүүлэн өгөх үед автомашинд нэхэмжлэлд заасан эвдрэл, гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн, гэрээ байгуулах үед маргааны зүйл болсон автомашин нь техникийн үзлэгт орсон буюу ашиглах шаардлага хангасан байсан нь Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 34127 дугаартай дүгнэлтийн хуудсаар нотлогдсон байх бөгөөд  техникийн үзлэгт орсноос хойш нэхэмжлэгчид худалдах хүртэл хугацаанд эвдэрч гэмтсэн байж болох нөхцөл байдлыг нотлох баримт хэрэгт байхгүй тул Металл энд Вүүд ХХК-ийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нь Daewoo PC57D10 маркийн 24-20 УБӨ дугаартай ачааны автомашин доголдолтой байсан гэх боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул энэ тухай Металл энд Вүүд ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

2. Харин улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн   гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр шатны шүүх зохигчдын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1615 дугаар магадлалыг тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/04440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Металл энд Вүүд ХХК-иас 252.410 төгрөг гаргуулж Д.Нинжбадгарт олгож, улсын тэмдэгтийн хураамжид Д.Нинжбадгараас төлсөн 252.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 234.950 төгрөгөөс 213.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21.340 /хорин нэгэн мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Металл энд Вүүд ХХК-д олгосугай...” гэж,   магадлалын 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Металл энд Вүүд ХХК-ийн төлсөн 443.900 төгрөгөөс 213.610 төгрөгийг улсын орлогод үлдээж, 230.290 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Металл энд Вүүд ХХК-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 315.200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ