2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/05870

 


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** байрлах, ******* банк ХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй

Болд овогтой******* / рд:***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэгийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Хариуцагч Б.Бямба /рд:УП98041112/ нь тус банктай 2024 оны 06 сарын 22-ны өдөр MN650030003095019363 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 22,181,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Иргэн Б.Бямба нь цахим цалингийн зээлийн гэрээр хүлээсэн мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул тус банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 192/132025/17554 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдлын улмаас тус банк нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа тул*******ын******* эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-18-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Утсаар ярьсан тэмдэглэл 1 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК Б.Бямбыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт ******* банк болон Б.Бямба нарын хооронд байгуулагдсан цахим цалингийн зээлийн гэрээ, харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17554 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Б.Бямбыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Бямба **** тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан******* овогтой******* / рд:***/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Бямбыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Б.Бямбыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:*****/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ